Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0529

 

Д.Б-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр:

“...Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч Д.Б-ийн гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т-ын үйлдсэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0176473 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э давж заалдах гомдолдоо:

“...Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Д.Б нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшсэн бөгөөд санал хураалтын дүнгээр олонхийн санал авч, сонгогдож чадаагүй. Зөрчилд холбогдогч нь энэхүү үйл баримттай маргаагүй. Гагцхүү татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрчсөн гэх хэд хэдэн үндэслэлээр маргадаг.

Эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад гомдол гаргагч Д.Б нь Улаанбаатар хотод амьдардаг. Мөн Монгол Улсад Covid-19 цар тахал бүртгэгдэн, Улсын хэмжээнд хөл хорио тогтоогдож, ирж оролцох боломжгүй байсан тул түүний 91100392 дугаарын утас болон facebook чат, өөрийнх нь ирүүлсэн [email protected] мэйл хаягаар зөрчилтэй холбоотой баримт материал, эрх үүрэг танилцуулсан баримтыг хүргүүлэх, мэдэгдэх зэргээр бүхий л арга хэмжээг авсан боловч холбогдогч нь харсан /online/, танилцсан атлаа хариу өгдөггүй, утсаа авахгүй зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос санаатай зайлсхийж байсан эс үйлдэхгүй гаргаж байсан үйлдэл нь эрх бүхий албан тушаалтныг эрх үүрэг болон зөрчлийн материалтай танилцуулаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрх зөрчигдөх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд прокурор хяналт тавьж оролцдог бөгөөд энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц бүрийг, холбогдогч ирэх боломжгүй зэрэг дээрх нөхцөл байдлыг тухай бүр прокурорт танилцуулж явсан бөгөөд гомдолд дурдаж байгаачлан процесс ажиллагааг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд прокурор хүчингүй болгуулахаар дүгнэлт бичих үүрэгтэй. Гэтэл прокурор зөрчлийн материалыг бүхэлд нь хянаад хууль зөрчөөгүй гэж үзэж, баталгаажуулсан болно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 49.4-д “Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно” 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан нь УИХ сонгуульд нэр дэвшигч заавал банкинд зардлын данс нээлгэх, тухайн зардлын дансанд гүйлгээ /орлого (хандив), зарлага/ хийгдсэн эсэхээс үл хамааран зардлын дансны дугаар, банкны нэрийг болон холбогдох тайланг аудитаар баталгаажуулан төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэхийг үүрэг болгосон.

Нэр дэвшигч Д.Б нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй буюу зардлын данс ХААН Банкинд нээлгэсэн боловч дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан.

Энэхүү зөрчил буюу түүний үр дагавар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдээгүй болохыг шүүх анхаарч үзээгүй бөгөөд маргааны үйл баримтад Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл зардлын данс, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэх хэлбэр нь ямар ч байдлаар байж болох бөгөөд хуульд заавал төрийн аудитын дээд байгууллагад биечлэн ирж бүртгүүлэхийг шаардаагүй, ингэх ч боломжгүй бөгөөд нэр дэвшиж буй газар /орон нутгаас/-аас зардлын данс, банкны нэрийг хуульд заасан хугацаанаас өмнө цахимаар, шуудангаар мэдэгдэх боломжтой.

Нэр дэвшигч Д.Б-ийн хувьд дээрх үйлдлийг буюу зардлын данс, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад дээрхийн аль ч хэлбэрээр мэдэгдээгүй, бүртгүүлээгүй тул зөрчил Үндэсний аудитын газар байрлаж буй нутаг дэвсгэр /Чингэлтэй/-т үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн хувьд зардлын данс, банкны нэрийг хуульд заасан санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллага бүртгүүлээгүй үйлдэл /эс үйлдэхүй/ гаргаснаар төгсөх /эрүүгийн эрх зүй дэх гэмт хэрэг төгсөх тухай ойлголт/ бөгөөд зөрчлийн улмаас үр дагавар үүсэхийг шаардахгүй, бусад үр дагавар үүсэх зөрчлөөс ялгамжтай болохыг шүүх анхаараагүй.

Түүнчлэн Үндэсний аудитын газар нь нэр дэвшигч нар зардлын данс, банкны нэрийг бүртгүүлсэн эсэхийг хуульд заасан эрх хэмжээ /үүрэг/-ний хүрээнд хянаж, бүртгүүлээгүй нэр дэвшигч нарын асуудлыг харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан /татварын алба/-д мэдээлэл ирүүлснийг Үндэсний аудитын газарт зөрчлийн үр дагавар илэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий газрын зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр орон нутагт нэр дэвшигч нарын хувьд тухайн аймаг /тойрог/-т нэр дэвших явцдаа дээрх зөрчлийг гаргасан гэж үзэж, УИХ-н сонгуульд нэр дэвшсэн нутаг дэвсгэрийн харьяаллаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж Үндэсний аудитын газраас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээллийг харьяа албадад хүргүүлсэн бөгөөд Увс аймгийн татварын улсын байцаагч харьяалан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг шууд буруутгах, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүх маргааны үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, бодит нөхцөлд байдал, хэрэгт авагдсан баримтад бус, Үндэсний аудитын газрын байрлаж буй Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт зөрчил гарсан, үр дагавар илэрсэн тул нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн гэх хийсвэр дүгнэлт хийж, Д.Б-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.Б-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхий Аудитороос Татварын Ерөнхий газарт 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2879 дугаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй 91 нэр дэвшигч ... байх тул Зөрчлийн тухай хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэх тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

Улмаар Монгол Улсын Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаар Увс аймгийн Татварын хэлтэст Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 тоот албан бичгийн хавсралтад дурдсан нэр бүхий нэр дэвшигч нарт харьяа татварын албадаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж, явцын талаар тухай бүр, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн үр дүнг хариу мэдэгдэх тухай албан бичгийг ирүүлжээ.

Тиймээс хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Туул нь иргэн Д.Б-ийг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0176473 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Үүнийг Д.Б эс тус зөвшөөрч Зөрчлийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн, нэр дэвшигч болоогүй, нэр дэвшигчийн үнэмлэх гардаж аваагүй, сонгуулийн сурталчилгаа хийгээгүй байхад торгосон, эрх үүрэг танилцуулаагүй, мэдүүлэг аваагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, нөхцөл байдлыг тогтоож сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гарган маргасан байна.

Анхан шатны шүүх “...шийтгэлийн хуудсыг нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Д.Б-ийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй...” гэж дүгнэн маргааныг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар Увс аймагт нэр дэвшигчийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулах тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна.”, мөн зүйлийн 6.12 дахь хэсэгт “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил” гэж тус тус зааснаар Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч шалган шийдвэрлэх ажиллагааг хийж, шийдвэр гаргах эрх бүхий этгээд байна.

Өөрөөр хэлбэл хэдийгээр энэ нь нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Үндэсний Аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой харилцаа боловч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч тухайн тойрогт нэр дэвшиж байгаа ба сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах хуулийн зорилгын үүднээс үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд энэхүү зөрчлийг татварын байцаагч харьяалан шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан, тухайн данс, мөнгөн хөрөнгийн улмаас үүсэх үр дагавар гагцхүү тухайн нутаг дэвсэрт хамаарч байх тул Увс аймагт нэр дэвшигчийн сонгуулийн данс бүртгүүлэхтэй холбоотой зөрчил Үндэсний Аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн гэж үзэх боломжгүй.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу “...гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай байсан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан...” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг харьцуулан үнэлж, захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх талаар дүгнэн хэргийг шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий шийдвэр хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх учиртай.

Энэ тохиолдолд маргаан бүхий Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т-ын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0176473 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан байх ба шүүх гомдол гаргагчийг тус зөрчлийг гаргасан эсэхэд эрх зүйн бүрэн дүүрэн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоосон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн ба энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Тодруулбал гомдол гаргагчаас сонгуульд нэр дэвшээгүй, нэр дэшигчийн үнэмлэхээ ч гардаж аваагүй хэмээн тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан сонгуулийн зардлын данс “ХААН” банкинд нээлгэсэн талаарх баримтыг нэр дэвшсэн намаас бие төлөөлөгч нээсэн гэж тайлбарлаж байх боловч хяналт шалгалт хийх үндэслэл болсон Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/772 дугаар албан бичгээр арилжааны банкнуудаас ирүүлсэн дансны хуулгаар гомдол гаргагчийг сонгуулийн зардлын гүйлгээний хуулга ирүүлээгүй, зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан Үндэсний аудитын газарт ирүүлээгүй лавлагаа ирүүлсэн байна.

Энэ тохиодолд хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүднээс гомдол гаргагч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчээр бүртгүүлж, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч гэж үзнэ.” 29 дүгээр зүйлийн 29.13-д “Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороо тус тусын бүртгэсэн нэр дэвшигчид Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.” гэж зааснаар үнэхээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт “Зөв хүн Электорат” нам, эвслээс нэр дэвшсэн болон гомдол гаргагчийн нэр дээр нээгдсэн “Хаан” банкны дансыг хэний хүсэлтээр нээсэн, нэр дэвшигчийн үнэмлэх гарсан эсэх, гардаж авсан эсэх шаардлагын үндэслэлийг нотлох баримтыг цуглуулах шаардлагатай.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд маргааны талаарх нотлох баримтуудыг бүрэн цуглуулан нөхцөл байдлыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгон, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн  захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА