Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2017/00035/И |
Дугаар | 38 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 38
2017 оны 01 дүгээр сарын 17 Дугаар156/ШШ2017/00038 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00035/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, шүүгчээр Ж.Болдбаатар, Л.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ”Капитал банк” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1991 оны 10 дугаар сарын 22 өдөр төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А28 дугаар байрны 15 тоотод оршин суух, Боржигон овогт Амгалангийн Ууганбаяр РД:/СЭ91102214/-д холбогдох,
"ухрах үйлдэл хийхдээ машиныг мөргөж, хойд гуперийг салгаж, унагаасан тул гуперийн үнэ 350 000 төгрөг, тогтоогч 50 000 төгрөг, их гэрэл 220 000 төгрөг, Улаанбаатар хот руу ирж, очих бинзены зардал 155 060 төгрөг, дуудлагаар компьютер оношилгоо хийлгэхэд гарах зардалд 20 000 төгрөг, нийт 795 060 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхтуул, хариуцагч А.Ууганбаяр, иргэдийн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк”-ны итгэмжлэгсэн төлөөлөгч Д.Энхтуулын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2016 оны 12 дугаар сарын 19 өдрийн 21 цаг 03 минутанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Капитал банк” ХХК-ны байрны гадна зогсоол дээр тавьсан хохирогч Даваа овогтой Энхтуул миний эзэмшлийн 2007 оны Тоёото Приус маркын 0460 УБР 20 маркийн автомашиныг буруутай этгээд болох А.ууганбаяр нь 2005 оны Тоёото Аллион маркын 1528 улсын дугаартай автомашинаар ухрах үедээ хүчтэй мөргөж, гадна талаас хойд гүпер болон зүүн хойд талын их гэрлийг хагалсан, дотор талаас зүүн гэрлэн дохиог ажиллагаагүй болгосон.
Нэхэмжилж байгаа үнийн дүн маань тухайн ослоос үүссэн хохирлын хэмжээ юм. Зах зээлийн үнэлгээгээр зүүн хойд талын их гэрэл нь он хуучин 2005 оных нь 220 000 төгрөг гэдэг. Миний машин нь 2007 оны он залуу машин тийм учраас 220 000 төгрөгөөс илүү үнэтэй. Гэхдээ би 220 000 төгрөгөөр үнэлгээ хийлгэхийг зөвшөөрч байгаа. Өглөө 9 цагт ирээд зогссон машин мэдээж хөрсөн байсан. Тэгэхэд хариуцагч А.Ууганбаяр нь ухрах үйлдэл хийхдээ мөргөж, миний машины хойд гуперийг салгаж, унагаасан байсан. Гэтэл маргааш нь намайг машиныхаа гуперийг нийлүүлээд угсарчихсан байхад зургыг нь аваад Улаанбаатар хот руу үнэлгээний компани руу явуулсан байсан. Үнэлгээний компани нь гуперийг засварлуулна гэсэн утгаар үнэлгээг гаргасан байсан. Би уг гуперийг засварлуулахгүй, оргиналь шинэ гуперыг 350 000 төгрөгөөр авч тавина. Мөн хойд гупер авч тавихтай холбоотой тогтоогч авах шаардлагатай. Үүнийг 50 000 төгрөгөөр авч тавина. Манай машины дотор талаасаа зүүн гэрлэн дохио ажиллахгүй байгаа. Үүнтэй холбоотой машиныг Улаанбаатар хотод очиж компьютер оношилгоонд оруулна. Улаанбаатар хот руу ирж, очих бинзены зардал 155 060 төгрөг, дуудлагаар компьютер оношилгоо хийхэд 20 000 төгрөг байдаг. Би энэ тооцоог вэб сайтаас лавлаж он хуучин машины үнэ ханшаар гаргасан. Машины он залуу болоод ирэхээр уг үнэ маань өссөнө. Тийм болохоор энэ нэхэмжилж байгаа үнэ маань харьцангуй бага байгаа. Ингээд хариуцагчаас нийт 795 060 төгрөгийг нэхэмжилж байна. Манай машины арын гуперыг өмнө нь будагтай замасктай байсан гэж ярьж байна. Би өмнө нь ар талаараа шонгийн мод мөргөөд засуулж байсан. Гэхдээ осол биш жоохон сэв суусан байхад нь вьетнам засвараар янзлуулж байсан. Ямар нэгэн сэв зураас байгаагүй. Хариуцагч нь миний машиныг мөргөөд ар талын гуперыг маань бүр унагаасан.Тухайн үнэлгээний компанийн тухайд Улаанбаатар хот руу зургийг нь авч явуулаад үнэлгээ гаргасан. Тэгэхдээ намайг машины ар талын гуперийг нь түр тогтоосон байсан үеийн зургийг явуулсан байсан. Яг осол гарсан байх үеийн зурагт дүгнэлт гаргаагүй. Тийм учраас би энэ үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Хариуцагч А.Ууганбаярын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэргэжлийн үнэлгээний байгууллагаас шинжилгээ хийлгээд 351 000 төгрөг гарсан. Би энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн нэхэмжлэгч нь шинэ гупер авна гэж байна. Нэхэмжлэгчийн машины ар талын гупер нь замасктай байсан. Урьд нь машиных нь ар талаас нь юм мөргөж байсан юм билээ. Тийм байхад надаар шинэ машины гупер авахуулна гэж байгаа нь зохисгүй байна. Мөн машины гэрэл нь ажиллахгүй байна гэж байна. Би мэргэжлийн хүн биш учраас энэ талаар мэдэхгүй байна. Үүнийг мэргэжлийн байгууллага нь тогтоох ёстой байсан. Нэхэмжлэгчийн машин prius маркны авто машин байгаа Улаанбаатар хот ороход талдаа 70 000 төгрөгөөр бинзен хийнэ гэж тооцсон байна. Тоёото Приус маркийн автомашин 70 000 төгрөгийн бинзен хэрэглэхгүй үндэслэлгүй их мөнгө нэхэмжилсэн байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 1, 3, 5-6, 15-17, 20/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн имтгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуул нь “ухрах үйлдэл хийхдээ машиныг мөргөж, хойд гуперийг салгаж, унагаасан тул гуперийн үнэ 350 000 төгрөг, тогтоогч 50 000 төгрөг, их гэрэл 220 000 төгрөг, Улаанбаатар хот руу ирж, очих бинзены зардал 155 060 төгрөг, дуудлагаар компьютер оношилгоо хийлгэхэд гарах зардалд 20 000 төгрөг, нийт 795 060 төгрөг”-ийг хариуцагч А.Ууганбаяраас нэхэмжилж байна.
Хариуцагч А.Ууганбаяр нь мэргэжлийн үнэлгээний байгууллагын үнэлгээ 351 000 төгрөгийг төлнө, үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй, хагарсан буфер /гупер/ нь хуучин эвдрэлтэй, замасктай, засвартай байсан тул буферийг шинээр солих зардлыг гаргаж өгөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Капитал банкны хойд талын автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн Тоёота Аллион маркын 1528 ХЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийхдээ хариуцагч А.Ууганбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасныг зөрчин Д.Энхтуулын эзэмшлийн, Капитал банк ХХК-ийн өмчлөлийн Тоёото Приус маркын 0460 УБР улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
Ослын улмаас Тоёото Приус маркын 0460 УБР улсын дугаартай автомашины хойд буфер зүүн талдаа хагарч, замаск будаг нь хуурсан, зүүн хойд гэрэл хагарсан зэрэг эвдрэл үүссэн нь зохигчдын хуралдаан дээр гаргаж буй тайлбар, ХЭА-ийн Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт /хх 15/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн авто машины технкийн үнэлгээний тайлан, авто машины технкийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх 16-17/ зэргээр нотлогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй болно.
Тоёото Приус маркын 0460 УБР улсын дугаартай автомашины хойд буфер өмнө нь зүүн талдаа хагарч, замаск будаг тавиулж байсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдсон тул “хуучин эвдрэлтэй, замасктай, засвартай байсан буферийг шинээр солих зардлыг гаргаж өгөх үндэслэлгүй” гэж маргаж буй хариуцагчийн татгалзлыг шүүх үндэслэлтэй гэж үзэж байна.
Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн авто машины технкийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан -/хх 17/-г үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас “хагарсан зүүн хойд гэрэл солих 220 000 төгрөг, дунд зэргийн эвдрэлтэй хойд буфер засварлах 56 000 төгрөг, эд анги солих зардал 5 000 төгрөг, буфер будах зардал 50 000 төгрөг, 100 гр будаг, тус.материал, лак 20 000 төгрөг” бүгд 351 000 /гурван зуун тавин нэгэн мянга/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хангаж, /795 000-351 000/ 444 060, /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга жар/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А.Ууганбаяраас 351 000 /гурван зуун тавин нэгэн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 444 060 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга жар/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 13 970 төгрөг, хариуцагчаас 11 180 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.АРИУНАА
ШҮҮГЧИД Ж.БОЛДБААТАР
Л.ЦЭРЭНДУЛАМ