Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 0474

 

   2020          05           01                                          2020/ШЦТ/474

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.Ч.............г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Харнууд овогт Б.............нгийн Ч.............гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0162 50637 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харнууд овогт Б.............нгийн Ч.............г, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 1986 оны 6 дугаар саырн 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “.........................” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .......................... тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ......................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Б.Ч.............г нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны орой 21-22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болох 13 нас 3 сартай Г.М....................лын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд “Зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Насанд хүрээгүй хохирогч Г.М....................лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ............ нутаг дэвсгэр Тахилтад эмээ, өвөөгийндөө хичээл хийгээд сууж байсан чинь манай ээжийн ах Ч.............г 18 цагийн үед согтуу орж ирсэн. Тэгээд манай найз Санчир бид хоёрыг номхон зогсоож байгаад чихнээс зулгаагаад, мөр рүү алгадаад байхаар би гарыг нь түлхчхээд сууж байсан чинь ширээ цохиж аваад “танай гэр бүл тэр чигээрээ гуйлгачин” гээд орилоод байхаар нь би мөр рүү нь цохисон тэгтэл зөрүүлээд миний нүд рүү гараараа цохихоор нь би уйлаад өөр өрөө рүү ороод би ээж рүү залгаж дуудаад ээж ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),

2. Гэрч Т.Б............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр М....................лд хандаж “чи ээжийгээ хайрлаж яваарай, харин чиний эцэг муу хүн шүү” гэж хэлэхэд М....................л уурлаж “чи муу миний аавыг доромжилдог хэн бэ” гэж хэлээд Ч.............гийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд манай нөхөр Ч.............г баруун гараараа М....................лын нүүрэн тус газар нэг удаа цохисон...Манай нөхөр М....................лын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Өөр бол зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4424 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн нүдний дээд зовхинд 4х1см, доод зовхинд 3.5х2см захаараа шаргал хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс бага зэрэг овойж хавдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. Г.М....................лын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19),

 

4. Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэлд “...Г.М....................л 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн...2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 13 нас 2 сар 25 хоногтой...” гэх баримт (хавтаст хэргийн 82-83),

 

5. Шүүгдэгч Б.Ч.............гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 8 дугаар гудамжны 01 тоотод оршин суудаг охин дүү Чинтулгын гэрт орчиход манай дүүгийн хүүхдүүд байсан. Би өөрийн төрсөн дүү Чинтуяагийн хүү М....................лд хандаж ээжийгээ хайрлаарай аав чинь их новшийн хүн байгаа юм гэж хэлээд М....................лын нүүрэн тус газар нэг удаа баруун гараараа цохисон...Би М....................лын чихнээс зулгааж, мөрөн тус газар нь цохисон зүйл эсэхийг санахгүй байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93),

 

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 102), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 103), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 104),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25, 24), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 87), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 31, 59-61), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 29, 30), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 27, 28, 32-55, 58) нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 26) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ч.............гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Ч.............г нь Сонгинохайрхан дүүргийн .................... тоотод, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны орой 21-22 цагийн орчимд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, бага насны хүүхэд болох 13 нас 2 сар 25 хоногтой Г.М....................лын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд “Зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Г.М....................лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ............ нутаг дэвсгэр Тахилтад эмээ, өвөөгийндөө хичээл хийгээд сууж байсан чинь манай ээжийн ах Ч.............г 18 цагийн үед согтуу орж ирсэн. Тэгээд манай найз Санчир бид хоёрыг номхон зогсоож байгаад чихнээс зулгаагаад, мөр рүү алгадаад байхаар би гарыг нь түлхчхээд сууж байсан чинь ширээ цохиж аваад “танай гэр бүл тэр чигээрээ гуйлгачин” гээд орилоод байхаар нь би мөр рүү нь цохисон тэгтэл зөрүүлээд миний нүд рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),

- Гэрч Т.Б............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр Ч.............г М....................лд хандаж “чи ээжийгээ хайрлаж яваарай, харин чиний эцэг муу хүн шүү” гэж хэлэхэд М....................л уурлаж “чи муу миний аавыг доромжилдог хэн бэ” гэж хэлээд Ч.............гийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд манай нөхөр Ч.............г баруун гараараа М....................лын нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4424 дугаар дүгнэлт “...1. Г.М....................лын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19),

- Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэлд “...Г.М....................л 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн...2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 13 нас 2 сар 25 хоногтой...” гэх баримт (хавтаст хэргийн 82-83) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Ч.............г нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, насанд хүрээгүй хохирогч Г.М....................лыг өөрийг нь цохилоо гэж, 13 нас 2 сар 25 хоногтой түүний эрүүл мэндэд халдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ч.............г нь насанд хүрээгүй хохирогч Г.М....................лын нүүрэн тус газар цохисон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Б.Ч.............гийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Ч.............гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ч.............гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ч.............г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ч.............г нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Ч.............г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Ч.............гт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2008 0162 50637 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.