Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 18-158 тоотод оршин суух хаягтай, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Гашуун сухайт ХХК-ийн шалган нэвтрүүлэх цэгийн ахлах ажилтай Хатагин овогт Наранцэцэгийн Туяацэцэг /РД:УД83062501/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цэций хороолол 4-3 тоотод оршин суух Бэсүд овогт Доржсүрэнгийн Мөнхбат /РД:ДЮ81121910/-т холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Туяацэцэг, хариуцагч Д.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“ Н.Туяацэцэг миний бие нь 2010 онд Д.Мөнхбаттай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 08 сарын 01-нд охин М.Цэлмэг төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. 2013 оноос Д.Мөнхбат нь архи уух үедээ ааш зан нь хувирч архийг 7-14 хоног дараалан ууснаар бидний дунд хэрүүл тэмцэл гарч зан байдал таарч тохирохгүй болсон.

Д.Мөнхбат нь 2015 оны 11 сард 1971 онд төрсөн Гэрэлцэцэг гэх эмэгтэйтэй танилцаж охин бид хоёрыг 1 ширхэг халбага, сэрээ хөнжил гудас ч үлдээлгүй бүгдийг нь хамж аваад Гэрэлцэцэгтэй амьдрахаар явсан учир бид тусдаа амьдрах болсон.

Д.Мөнхбатын одоо хамт амьдарч байгаа Гэрэлцэцэг гэх эмэгтэй нь надад охин чинь царай муутай учир Мөнхбатын хүүхэд биш, Мөнхбат өөрөө ч эргэлздэг тухайгаа хэлсэн, охиноороо түрий барьж чи юм горьдолтгүй охиныг чинь тоохгүй гэсэн утгатай зүйлсийг утсаар болон мессежээр удаа дараа хэлж дарамталдаг.

Иймд Д.Мөнхбатыг охин М.Цэлмэгийн эцэг мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Мөнхбат миний бие нэхэмжлэгч Н.Туяацэцэгтэй 2010 оноос эхлэн хамтран хамтран амьдарч ирсэн ба 2012 онд охин М.Цэлмэг төрсөн. Хамтран амьдарч байх хугацаандаа гэр бүлээ сайн сайхан амьдруулахын төлөө л ажиллаж амьдарч ирсэн. Гэсэн хэдий ч харилцан ойлголцоогүйн улмаас 2014 оноос эхлэн хоёр тусдаа амьдрах болсон ба одоог хүртэл энэ байдал хэвээрээ үргэлжилж байгаа болно.

Олон удаа хүүхдээ өнчрүүлэхгүй байя гэдэг утгаар буцаж нийлж амьдарсан боловч зан характерийн хувьд үнэхээр таараагүй тул салахаар шийдсэн. Эцэг тогтоолт хийлгэнэ гэдэг дээр санал нийлэхгүй байгаа. М.Цэлмэг бол миний охин мөн. Тийм ч утгаараа өөрийн хүүхдээ цаашид тэжээн тэтгэх үүргээ биелүүлнэ гэж миний зүгээс үзэж байна.

Харин заавал шүүхийн шийдвэрээр бус хувь хүмүүсийн хоорондын харилцаагаар тохиролцож хүүхдээ хэн нь дэргэдээ байлгаж асрах вэ ?, аав ээж хоёрынхоо дунд явж байгаад өсгөх боломж байгаа юу ?, үгүй юу ?, гэдэг тал дээр нэхэмжлэгчтэй харилцан ойлголцож, шийдэлд хүрч чадна гэж үзэж байна.

Нэхэмжлэлд дурдсан Гэрэлцэцэг гэх хүний хувьд 6 сарын өмнө танилцаж үерхэж байгаа хүн ба тухайн хүний зүгээс Н.Туяацэцэгийг доромжилсон утгатай зүйл огт хийгээгүй гэдгийг би гэрчилнэ. Тиймээс энэхүү иргэний хэргийг шүүхийн оролцоогүйгээр шийдвэрлэх боломжийг бидэнд олгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Туяацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн байгуулгаар шийдүүлэхээс өмнө хоорондоо ярилцаад шийдвэрлэхийг хүссэн боловч Д.Мөнхбат нь өөрийнхөөрөө шийд гэж хэлсэн. Тусдаа амьдраад  1 жил болж байхад охин дээрээ нэг ч удаа ирээгүй, мөн утсаар ч яриагүй. Эцэг тогтоолгох шаардлага байгаагүй. Гэхдээ Д.Мөнхбатын хамт амьдарч байгаа эмэгтэй нь царай муутай учир Д.Мөнхбатын хүүхэд биш гэж манай хамаатан садан найз нөхдийн дунд хэлж тараасан байсан учир нэр төрөө хамгаалж, хамгийн гол нь миний охин муу зүйл бодох байх гэсэн үндсэн дээр  шинжилгээ хийлгэсэн. Д.Мөнхбат нь охинтойгоо уулздаггүй. Охиноо гэсэн сэтгэл байдаггүй. Энэ хугацаанд миний охин бэтэг өвчин тусаад гэдэс нь томорсон. Мөн гараа хугалаад сэхээний тасагт байна хүрээд ир гэж гуйхад ирээгүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний охин маш их зовсон учир Д.Мөнхбатыг эцэг хүнийхээ үүргийг биелүүлэх болсон гэж бодож байна” гэв.

Хариуцагч Д.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охинтойгоо уулзаж, утсаар ярих  боломж байгаагүй. Учир нь Н.Туяацэцэгийн ар гэрийнхэн над руу элдвээр утсаар ярьж мессеж бичиж дарамталдаг байсан учир холбоо барьж болоогүй. Манай охинд өөрт нь гар утас байгаагүй бөгөөд ээжтэй нь учир зүйгээ олоогүй учир дамжуулж ярихад хэцүү байдаг. Түүнээс охиноо хайрлахгүй болсон зүйл байхгүй. Охиноо эмнэлэгт хөлөө хугалчихаад эмнэлэгт хэвтэж байхад нь би хөдөө явж байсан учир очиж чадаагүй. Энэ нь миний буруу байсан. Анхнаасаа миний охин гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Охиноо тэжээн тэтгэх үүргийг биелүүлнэ” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Туяацэцэг нь хариуцагч Д.Мөнхбатад холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Туяацэцэг нь эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх тухай шаардлага гаргаж, шүүхэд хүсэлт гаргасаны дагуу шүүхээс шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8535 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04/4741 тоот албан бичгээр тус шүүхэд ирүүлсэнийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8535 тоот шинжээчийн дүгнэлтээр “…Д.Мөнхбат нь М.Цэлмэгийн биологийн эцэг байх боломжийг тооцоолж үзэхэд 99.99 %-ийн магадлалтай байна” гэсэн дүгнэлт гарсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсоноор эцэг Д.Мөнхбат нь охин М.Цэлмэгийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

2012 оны 08 дугаар сарын 01-нд төрсөн охин М.Цэлмэгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгүүдэд зааснаар түүнийг 11 нас хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Д.Мөнхбатаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 08 дугаар сарын 01-нд төрсөн охин М.Цэлмэгийг 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Д.Мөнхбатаар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхбатаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Туяацэцэгт олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Мөнхбат нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Н.Туяацэцэг нь Д.Мөнхбатыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.СОЛОНГО