Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1194

 

 

 

 

 

 

 

 

     2019         11           11                                        2019/ШЦТ/1183         

 

-                                         

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа, 

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

хохирогч Д.Н,

хохирогчийн өмгөөлөгч Б.Мандхай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908043011499 дүгээр эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Марал Импекс” ХХК-д малчин ажилтай, ам бүл 1, урьд Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 360 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн, Долоод овогт Лувсандамбын Б /РД:/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.Б нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан тэмээт гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд “баруун гуя, баруун өгзөг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Удаа дараа ийм зүйл болж байгаагүй” гэв.

Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 8 дугаар сарын 05-нд зодуулсан. Одоо хүртэл толгой өвддөг. Нөхөр Б архи ууж ирэх болгондоо агсам тавьдаг. Тэр өдөр гэдэс чанаж байтал барилга дээр ажиллаж байсан хүмүүс идсэн. Б орж ирээд шүүрээр толгой руу 2-3 удаа цохисон. Найз нь орж ирээд салгаад аваад явсан. Үхрээ туугаад ирсэн чинь Б “чиний ходоод өгсөн хүнийг оллоо” гээд канистраар цохиод, өшиглөөд, модоор зүүн хавирга руу 2-3 удаа цохиж хатгасан. Орой нь мотоциклээр дайраад унагаасан. “2 хүүхдээ аваад зайл” гээд байсан. Тэгээд би зугтаад эгчийнх рүү явж эгчид хэлсэн. Эмчилгээ хийлгээгүй, толгойгоо бариулсан. Бид хоёр 14 жил хамт амьдарсан. Нэхэмжилж байгаа зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 1908043011499 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Нын: “2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан тэмээт гэх газар нөхөр Л.Бын хамт малаа маллаж байсан. Өдөр би гэдэс чанаж болгочихоод тогооноос гаргаж байтал манай фермерт ажил хийж байгаа хүмүүс орж ирж  идчихээд гарсан. Удалгүй нөхөр Л.Б ...нилээн согтуу орж ирээд “би ходоод идэх ёстой, надад ходоод тавьсангүй” гэж уурлаад байхаар нь “ажил хийж байгаа хүмүүс орж ирээд идчихсэн байна, би сайн анзаарсангүй” гэж хэлтэл “чи хэндээ өгдөг юм бэ, хэн идсэн юм бэ хэл” гээд толгой руу хогийн шүүрний ишээр 2-3 удаа цохитол урд айлын Өвгөнөө гэх залуу Быг “чи боль, эхнэрээ зодоод” гэж хэлээд салгаад аваад явсан. ...Үхрээ тууж ирээд саах гээд уяад зогсож байтал Б гэрээс гарч ирээд “чиний ходоод өгсөн хүнийг би олчихлоо, сая чамтай цуг ирдэг хүн байна” гэж хардаад, 2 хөл, 2 шилбэ, толгой хэсэг рүү 3 удаа 20 литрийн төмөр саваар цохисон. Тэгээд мод барьж байгаад зүүн талын хавирга орчим хутга дүрж байгаа юм шиг хатгасан. Би зодуулчихаад саагаагүй үхрээ оруулах гээд хашааны гадаа явж байтал мотоциклээр миний хөл рүү дайрчихаад “пизда минь 2 хүүхдээ хувцасла, эндээс зайл” гээд хөөгөөд байсан. Бид 2 гэрлэлтийн баталгаатай албан ёсны гэр бүл. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-18-20/,

Гэрч М.Мягмарсүрэн /Өвгөнөө гэх/-ийн: “...Урьд жил болон энэ жил Бынхтай ойр зусаж байгаа учир бие биенээ танидаг. 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ...гэрт нь очиход Б халамцуу түмпэн доторх хонины чанасан гэдсийг эхнэр лүүгээ шидээд байсан. Би Быг “боль” гээд мотоциклийг нь аваад гараад явсан. Тэгэхэд Б араас гарч ирж байгаа харагдсан. Хонь гаргаад гэдэс чанасан чинь ходоодыг нь өгөөгүй байна гээд уурлаад байсан. Намайг ороход цохиж зодсон зүйл байгаагүй, түмпэн дотроос чанасан гэдэс шидлээд байсан. Миний мэдэхээр Б урьд Ныг цохиж зодож байсан зүйлийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-35/,

Гэрч Д.Өлзийжаргалын: “...23 цагийн үед манай дүү Н 2 хүүхдээ дагуулаад манайд ирсэн. Би “юу болов” гэхэд “зүгээр” гээд унтаад өгсөн. Нөхөр Б миний толгой, хөл, шилбэ рүү цохиод байсан. Хүн байхаар больчихоод, гарт нь юм олдохгүй болохоор мод барьж байгаад хавирга руу цохисон” гэж надад ярьж байсан. Маргааш нь хувцсыг нь тайлж үзэхэд бие хаа нь нэлэнхүйдээ хөхөрч няцарсан байхаар нь хэн ийм болгочихов гэхэд Б зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.08.16-ны өдрийн 9781 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Н-н биед баруун гуя, баруун өгзөг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22/,

Шүүгдэгч Л.Бын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ...0,75 литрийн нэг шил архи Лувсан ах гаргаж өгөхөөр би ганцаараа ихэнхийг уусан. Гэртээ ирсэн чинь эхнэр гэдэс чанаад хуванцар түмпэнд гаргаад тавьсан байсан. Би идэх гэхэд хонины чанасан гэдэсний ходоод байхгүй болохоор нь эхнэр Наас “ходоодыг нь яасан юм бэ” гэж асуусан. Тэгэхэд “манай ферм дээр барилгын ажил хийж байгаад явсан хүмүүс идчихээд явчихсан байна” гэсэн. Би эхнэрт “ходоодны нугалмайг бурхандаа тавьдаг байхад хаа хамаагүй хүнд өгсөн байна” гэж уурласан. Эхнэр “би анзаарсангүй” гээд уурлахаар нь би “малынхаа буянг монгол хүн бурхандаа, галдаа өргөдөг байхад юу анзаараагүй гэж” гэж хэлээд хогийн шүүрний ишээр цохисон. Тэгээд хэрүүл хийгээд яахав гээд гэрээс гарсан. ...Хэсэг унтаж байгаад сэргэх үед эхнэр байгууллагын сүү зөөдөг амьжиргаа гэх цагаан машиныг хүнээр унуулаад үхэрт явсан байхаар нь “чи хүний машин хүнээр унуулаад явсан байх юм, удахгүй эвдрэх гэж байгаа машиныг авч яваад эвдчих юм бол өрөнд орно шүү дээ” гэж уурласан. ...Нын тууж ирсэн үхэр дандаа тугалгүй сувай үхэр байсан болохоор нь “чи тугалтай үхрээ тууж ирэхгүй ямар зорилготой сувай үхэр тууж ирсэн юм” гээд уурлаж бензин хийдэг хоосон төмөр саваар хэд хэдэн удаа цохисон. Би гараар болон богино гишүүний хугархай модоор цохисон. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг /хх-77-78/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Д.Нын өргөдөл /хх-5/, хохирогчийн гэрэл зураг /хх-8-9/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-10-11/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-11/, аюулын зэргийн үнэлгээний маягт, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-38-39, 40-41, 42-46/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-52/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-53/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-55/, “Марал импекс” ХХК-ийн тодорхойлолт /хх-56-58/, депозит дансны хуулга /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-66-68/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 8 дугаар сарын 05-нд эхнэр Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчийг байнга зодсон гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Хохирогчийн мэдүүлгээр “удаа дараа зодсон” гэж мэдүүлж байгаа. Зүйлчлэлийг анхаарч үзнэ үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хийсэн хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлж, хүлээж ирсэн. Харамсаж байгаагаа ч илэрхийлж хэлж ирсэн”  гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Б согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан тэмээт гэх газарт эхнэр Д.Ныг гараар болон төмөр сав, шүүрний ишээр цохиж, модоор хатгаж зодон, баруун гуя, баруун өгзөг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Нын “...Б согтуу орж ирээд “би гэдэсний ходоод идэх ёстой, надад ходоод тавьсангүй” гэж уурлаад ...толгой хэсэг рүү гэрт байсан хогийн шүүрний ишээр 2-3 удаа цохиж, ...гэрээсээ гарч ирээд “чиний ходоод өгсөн хүнийг би олчихлоо, сая чамтай цуг ирдэг хүн байна” гэж хардаад, 2 хөл, 2 шилбэ, толгой хэсэг рүү 3 удаа 20 литрийн төмөр саваар цохисон. Тэгээд мод барьж байгаад зүүн талын хавирга орчим хутга дүрж байгаа юм шиг хатгасан...” гэх мэдүүлэг /хх-18-20/, гэрч Д.Өлзийжаргалын “...Н “манай нөхөр Л.Б миний толгой руу хөл, шилбэ рүү цохиод байсан. ...гарт нь юм олдохгүй болохоор мод барьж байгаад хавирга руу цохисон” гэж надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/, гэрч М.Мягмарсүрэнгийн “...гэрт нь очиход Б халамцуу түмпэн доторх хонины чанасан гэдсийг эхнэр лүүгээ шидээд байсан. ...Хонь гаргаад гэдэс чанасан чинь ходоодыг нь өгөөгүй байна гээд уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-40-41/, шүүх эмнэлгийн 9781 дүгээр “1. Д.Н-н биед баруун гуя, баруун өгзөг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-22/, шүүгдэгч Л.Бын яллагдагчаар өгсөн “...Би эхнэрт уурлаж “ходоодны нугалмайг бурхандаа тавьдаг байхад хаа хамаагүй хүнд өгсөн байна” гэж ...хогийн шүүрний ишээр цохисон, ...бензин хийдэг хоосон төмөр саваар хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-77-78/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Д.Нын өргөдөл /хх-5/, хохирогчийн гэмтэл авсан хэсгийг харуулсан гэрэл зураг /хх-8-9/, аюулын зэргийн үнэлгээний маягт, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-38-39, 40-41, 42/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Бын согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Ныг цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогчийн өмгөөлөгчийн “Хохирогчийг удаа дараа зодсон тул харгалзан үзнэ үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хохирогч Д.Нын “...2018 оны 11 дүгээр сард Б лоом бариад хоолой шахсан. Чамайг унтчих юм бол хутгалчихаад ална гэж хэлж байсан. Согтуурсан үедээ хэл амаар доромжилж гарт нь дайралдсан эд зүйлээр цохих гэж далайдаг...” гэх мэдүүлэг /хх-19/ байгаа боловч тухайн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тухайлбал гэрч Д.Өлзийжаргалын “...Урьд өмнө нь Н нөхөртөө зодуулсан талаар хэлж ярьж, зурвас бичиж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-27/, гэрч М.Мягмарсүрэнгийн “...Миний мэдэхээр Б урьд Ныг цохиж зодож байсан зүйлийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-35/, хохирогч, шүүгдэгч нарын ажил олгогч болох “Марал импекс” ХХК-ийн захирлын тодорхойлолт /хх-56-58/ зэргээр шүүгдэгч Л.Б нь эхнэр Д.Ныг удаа дараа зодсон гэх үйл баримт тогтоогдохгүй төдийгүй хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байгааг тэмдэглэж байна.         

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байхгүй байхад яллах дүгнэлт үйлдсэн. Хохирогчид хөнгөн гэмтэл учирсан. Олон удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан, гэр бүлээ хүртэл цуцлуулсан, одоо толгой өвдөөд байна, цаашид яахаа мэдэхгүй байна гэсэн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харахад хэргийн зүйлчлэлийг зөв оноосон эсэх асуудал эргэлзээтэй байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хийсэн хэргээ анхнаасаа үнэн зөв мэдүүлж, хүлээж ирсэн. Харамсаж байгаагаа ч илэрхийлж хэлж ирсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул 600.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу гараар, шүүрний иш, төмөр саваар цохиж, модоор хатгаж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /“Марал Импекс” ХХК-д малчин ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /“Марал Импекс” ХХК-д малчин ажилтай, сарын дундаж цалин 400.000-440.000 төгрөг/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Л.Быг 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Долоод овогт Лувсандамбын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 1.200.000 төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР