| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0158/э |
| Дугаар | 227 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 227
2020 03 17 2020/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Мөнгөншагай,
Нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
Шүүгдэгч: Б.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Баасанжавын Ат холбогдох эрүүгийн 1909040330002 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хоёр хүүхэд, хадам эцэг нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 12 дугаар гудамж, 227в тоотод оршин суух, урьд 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмтхэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Баасанжавын Аптанхуяг, /РД: ХЙ86021075 /;
Холбогдсон хэргийн талаар /2020 оны 01 сарын 22-ны өдрийн 07 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Яллагдагч Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн 95-68 УНУ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг жолоодож яваад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс такси үйлчилгээ авахаар гар өргөж суусан иргэн Ө.Төрбаярын тухайн тээврийн хэрэгсэлд гээсэн “Айфоне Икс” маркийн гар утсыг олж, бусдад зарж борлуулан завшиж 1.665.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн үед өөрийн 95-68 УНУ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашинтайгаа харих гээд явж байгаад Хүүхдийн 100 төв орчимд явж байх үед нэлээн согтуу нэг залуу гар өргөөд 5 дугаар сургуулийн тэнд бууна гээд тэнд очоод буусан. Автомашинаа угааж байгаад ар талын суудал доороос гар утас олсон юм. Тэгээд нэг казак хүн 500.000 төгрөгөөр авъя гээд би тухайн гар утсыг 2019 оны 08 дугаар сарын 10-ны орчим тэр хүнд зараад мөнгөө автомашиныхаа зээлэнд өгчихсөн...” гэв.
Хохирогч Ө.Төрбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...пабаас ганцаараа гараад явсан. Тэгээд миний санаж байгаагаар би гэртээ ирээд гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. ...Пабаас гарах үедээ халаасаа тэмтрэх үед гар утас байгаа нь мэдэгдэж байсан. ...Хар өнгөтэй Айфоне Икс загварын, 64 гегабайтын багтаамжтай, сэв зураас байхгүй шинээрээ байсан. 2019 оны 2 сард Теди төвөөс 2.000.000 төгрөгөөр авч байсан. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр найзуудаараа пабд сууж байгаад тэндээс гараад такси бариад гэр рүүгээ харьсан. Тэгээд гэртээ ороод гар утсаа байхгүй байгааг мэдсэн. Хүүхдийн 100 төвийн урдаас такси бариад 5 дугаар сургуулийн орчим гэр рүүгээ хүргүүлсэн” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч Л.Түмэнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би фэйсбүүкийн айфоне гэдэг групп дотроос зар харж байгаад Айфоне Икс зарна гэсэн зар харсан. Тэгээд тухайн зар дээр байсан 86031391 94111314 гэсэн дугаар руу холбогдож өөрийн ажил буюу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн гудамж 31 А байранд дуудаж тухайн хүнтэй уулзсан ба зарах гэж байгаа утсыг нь сонирхож үзээд Хаан банкны 5925274895 гэсэн данс руу нь 1.350.000 төгрөгийг интернет банк ашиглаж шилжүүлсэн. Тэгээд тэр хүн надад цэнэглэгч, гэр хоёр өгсөн. ...Тэр хүн Казак хүн байсан байх…” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч К.Максад мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний зүс таних Гантөр гэдэг хүн залгаад Айфоне Икс байна та худалдаж авах уу гэж хэлсэн. Тэгээд Гантөр нь манай гэрт ирсэн. Би утсыг нь үзээд 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд охин М.Оюунбуугийн данснаас тухайн хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд би өөрийн Мобикомын сим картыг хийгээд 2-3 хоног ашигласан. Тэгээд би фэйсбүүкийн группт зар харж байгаад нэг хүнтэй холбоо барьсан. Тэгээд би тэр залуугийн ажил дээр буюу 32-ийн шинэ замын ойролцоо барилга дээр аваачиж 1.300.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 17 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч К.Максад мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Түмэнбаяр гэж хүн миний Хаан банкны 5925274895 дугаарын данс руу Хаан банкны 5926202965 дугаарын данснаас 1.350.000 төгрөг шилжүүлж гар утсыг худалдаж авсан” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 1”-14 дүгээр хуудас/,
Гэрч О.Гантөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай хүргэн ах А нь над руу гар утсаар залгаад гар утас зарна гэж хэлсэн. Тэгээд би ажлынхаа газрын Максад гэж хүнтэй холбоо бариад Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд хүргэн ахтайгаа цуг очиж Максадтай уулзсан. Тэгээд тэр хоёр хоорондоо тохиролцоод манай хүргэн ах А нь Максадад гар утсаа зарсан” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас гаргасан “ Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх 21-22 дугаар хуудас/
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-5-6 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн 95-68 УНУ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг жолоодож яваад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс такси үйлчилгээ авахаар гар өргөж суусан иргэн Ө.Төрбаярын тухайн тээврийн хэрэгсэлд гээсэн “Айфоне Икс” маркийн гар утсыг олж, бусдад зарж борлуулан завшиж 1.665.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Аийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Төрбаярын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Түмэнбаяр, гэрч К.Максад, О.Гантөр нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авч, улмаар хүнд зарж завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Аийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 320 / гурван зуун хорин цаг/ - ийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ат Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сараар тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоон шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан тэнссэн хугацаа дуусаагүй байхад санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор /320:8=40/ тооцож 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоов.
Шүүгдэгч Б.Аийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баасанжавын Аийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 320 / гурван зуун хорин / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б. Ат ял оногдуулахгүйгээр тэнссэн Хан –уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Ат Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 / нэг / жил 1 / нэг / сар 10 / арав / хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Б. А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э. Төрбаярт ” I phone X” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б. Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8 . Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН