Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 20

 


                                    

Д.Сгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1556 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ОА ЗДд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016-06-04-ний өдөр Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга М.Эрдэнэчимэгт БНСУ руу нөхрөө эмнэлэгт эмчилгээнд явахад нь хамт явах тухай хүсэлтээ танилцуулж, 3 сарын цалингүй чөлөө авах өргөдлийг бичиж, чөлөөг авч цохуулсан. 2016-06-10-нд ажлаа бүтэн хийж, хагас жилийн тайлангаа бичиж, ажлаа цэгцлэн Засаг дарга Давааням болон бусад ажилчиддаа мэдэгдсэн.Тэр үед ээж маань хэвтэрт, бие нь тааруу байсан учир багийн Засаг дарга Н.Давааням ээжтэйгээ уулзаад яв гэж 4 сарын 13, 14-ний өдрийн чөлөөг өгсөн. 2016-09-14-нд дарга М.Эрдэнэчимэгтэй уулзаж, ажилд орох өргөдлөө бичиж өгөхөд “Хүлээж бай, яринаа” гэсэн. Тэр үед надад ажлаас халсан тухай огт яриагүй, сайхнаар хүлээж авч уулзсан. Энэхүү хүлээлтээр дөрвөн 7хоног явуулж, сонгуулийн дараа шийднэ гэсэн. Би өөрөө ажлаас халагдсан гэж сонсоод, тушаалаа авъя, ажлаас халагдах ямар ч үндэслэл байхгүй гэхэд бичиг хавтсыг өгч, тушаалтай танилцахад хүндэтгэн үзэх шалтгаангүйн улмаас 3-с дээш хоног ажил тасалсан гэсэн утга бүхий байсан.3 сарын цалингүй чөлөө хүссэн өргөдлийг цохсон өргөдөл баримттай тул тушаалын үндсэлэл буруу гэж үзэж байна. 2016 сарын 06-10,13, 14, 15-ны өдрүүдийн ажил тасалсан гэсэн нь ажилласан өдрийг ажлаагүйгээр тушаал гаргасан байсан. Хагас жилийн тайлангуудаа бичиж, ажлаа цэгцэлж засаг дарга Даваанямд мэдэгдээд 6-13, 14-ний өдрийн чөлөөг өгснийг өөрөөр нь бичүүлэн баталгаажуулсан...Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар цалингүй 3 сарын чөлөө аваад ирж байхад ажлын байрыг ашиг сонирхлын үүднээс үгүй болгож хохироосон тул энэ хугацаанд хохирч буй цалин хөлсийг гаргуулах хүсэлтэй ба эргэн ажилдаа орж ажиллах хүсэлтийг үзэж шалган, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Уурхайчин багийн Нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Д.С 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өргөдөлдөө 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 3 сарын чөлөө хүссэн. Манай байгууллагын  хөдөлмөрийн дотоод журмын 9.3.1-д “ажилтанд, тэдний гэр бүлд хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон үед түүний хүсэлтээр 21 хүртэл өдрийн цалингүй чөлөө олгоно” гэсэн заалтын дагуу Д.Сд захиргааны урт хугацааны чөлөө олгохоор ажлын байранд нь очиход 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт ажлын байрандаа байхгүй, хэсгийн ахлагч нараас асуухад тухайн өдөр ажилдаа ирээгүй, өмнөх өдөр нь Улаанбаатар явсан гэсэн тайлбар өгсөн. Багийн Засаг дарга Даваанямаас асуухад мөн хариултыг өгсөн. Уурхайчин багийн Засаг дарга Даваанямд Д.Сгийн цагийг буруу бүртгэсэн учир сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Солонгос улс руу явахаар хил нэвтэрсэн нь нь тодорхой болсон тул уг үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.5, хөдөлмөрийн гэрээний 4.4.3 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн  заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж Д.Сг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан болно.Д.С нь албан ёсны чөлөө авснаа эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажуулаагүй,өөрийн хийж гүйцэтгэж байсан ажил үүргээ бусдад албан ёсоор хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, ажлын байраа чөлөө олгосон шийдвэр гарахаас өмнө дур мэдэн орхиж явсан. Иймд Д.Сг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ. 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1556 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.15-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Баян өндөр сумын Уурхайчин багийн Нийгмийн ажилтан Д.Сг 4 хоногийн ажил тасалсан буюу 2016.06.10,13,14,15 ны өдөр ажил тасалсан гэж үзэж Хөдөлмөрийн хуулийн 37 р зүйлийн 37.1 дэх заалт, 38 р зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 р зүйлийн 40.1.4 заалт, Байгууллагын дотоод журмын 10.3, Хөдөлмөрийн гэрээний 4.4.3 заалтыг баримтлан ажлаас халсан. Дээрх хуулийн заалт, дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэхдээ хуульзүйн үндэслэлгүй хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэлээ гэж үзэж байна.

а/. Хөдөлмөрийн хуулийн 37 р зүйлийн 37.1 дэх заалтыг хэрэглэсэн нь хуульзүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэж хариуцагч тайлбар гаргадаг атлаа дээрх заалтыг ямар үндэслэлээр хэрэглэсэн нь тодорхойгүй.

б/. “4 хоног тасалсан” гэж үзсэн нь үндэслэлгүй болох талаар нэхэмжлэгч нотолсон. 2016.06.10 ны өдөр ажлаа хийсэн талаар жижүүрийн бүртгэл, хамт олны тодорхойлолт , гэрч Ц.Энх-оюуны тайлбар зэргээр нотлогдсон. Энэ нотлох баримтыг анхан шатны шүүх дүгнэж үзээд уг өдөр ажил таслаагүй байна гэж дүгнэсэн.Эндээс 4 хоног ажил тасалсан гэж халсан нь хуульзүйн үндэслэлгүй болохыг нотолсон байхад шүүх “3-аас дээш” хоног тасалжээ гэж үзсэн нь үндэслэлгүй болсон. Ажил олгогч буюу хариуцагч 4 хоног ажил тасалсан гэж үзсэн үндэслэлээ 2016.06.10,13,14,15 гэж үзсэн . Дээрх 4 хоногийн нэг хоногийг нь таслаагүй болохоо нотолсон бөгөөд “ 3 хоног ” ажил тасалбал хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм. Учир нь Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ нь “3-аас дээш” хоног гэж тодорхой заасан байдаг. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Баян өндөр сумын Засаг Даргын тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.1 дэх заалтаас 3 аас дээш хоногийн чөлөөг Засаг дарга олгоно гэсэн заалтыг Баян өндөр сумын Засаг дарга олгох байжээ гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл уг дотоод журмын дээрх заалтад Баян өндөр сумын засаг дарга гэж тодорхойлоогүй бөгөөд зөвхөн Засаг дарга гэж л тодорхойлсон. Энэ нь Багийн эсвэл Баян өндөр сумын Засаг дарга нарын алин болох тодорхойгүй бөгөөд шүүх захирамж гаргаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч чөлөө олгоход захирамж гаргадаг талаар нотлоогүй бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульзүйн үндэслэлгүй дүгнэлт болсон

2016.06.07 ны өдөр өөрийн ажил олгогч болох Тамгын газрын даргад 3 сарын чөлөө олгохыг хүссэн өргөдөл гаргахад “ чөлөөлөх 6/15 “ гэснийг 2016.06.15 наас чөлөөлөх цохолт гэж тайлбарладаг ба энэ талаар хариуцагч болон нэхэмжлэгч талууд маргадаггүй. Харин уг өдрөөр чөлөө олгохоор очтол ажилдаа байгаагүй гэж хариуцагч тайлбарладаг. Уг өдрөөр чөлөө олгох цохолт хэрэгжээгүй байдлыг хариуцагч Тайлбарлахдаа 4 өдөр ажил тасалсан учир чөлөө олгох тухай биш халах тушаал гаргасан гэж тайлбарладаг.Дээрх чөлөө олгох цохолтыг нэхэмжлэгчид танилцуулсан байсан учир уг өдрөөр чөлөө олгогдсон гэж үзэж 13,14 өдрийн чөлөөг өөрийн удирдах албан тушаалтанг болох Багийн Засаг даргаас 2 өдрийн чөлөөг авсан болох нь нотлогдсон.

Багийн засаг дарга 2 өдрийн чөлөө олгосон нь чөлөө олгох эрхгүй этгээд байсан тухай хариуцагч маргадаг. Үүнийг анхан шатны шүүх хүлээн авсан. Дээрх Багийн Засаг дарга буюу чөлөө олгох эрхгүй этгээд чөлөө олгосон нь “ хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэж үзэж ажил тасалсанд тооцох тухай хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа заагаагүй . Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлыг дур мэдэн ажлаа орхисон байна гэж үзсэн нь хуульзүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал 2016.06.15 ны өдөр гарсан атлаа 2016.06.15-ны өдөр ажил тасалсан гэж үзсэн нь ойлгомжгүй .Өөрөөр хэлбэл 2016.06.15-ны өдөр ажил тасалсан гэж үзэхдээ хэдэн цаг хэдэн минут тасалсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй .Тушаалаа мөн өдрөөр гаргаж мөн өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдал тогтоогдож байхад 15 ны өдөр ажил тасалсан гэж үзсэн нь хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Иймд Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.14 ны өдрийн 142/ШШ2016/01556 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.С нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-т холбогдуулан Уурхайчин багийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.С нь Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад Баян-Өндөр сумын ЗДТГ-ын даргын 2016.06.15-ны өдрийн Б/45 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38.1, 40.1.4 дэхь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 10.5, хөдөлмөрийн гэрээний 4.4.3 дахь заалтуудыг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 06 дугаар сарын 10, 13, 14, 15-ны өдрүүдийн ажил тасалсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Д.Сг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн Б/45 тоот тушаал хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд харшлахгүй байх тул Д.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын14-ний өдрийн 1556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.С нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, Орхон аймаг Баян өндөр сумын ЗДТГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ