Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 787

 

 

 

 

 

 

 

 

 2020        04          30                                      2020/ШЦТ/787

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогч О.Дашцэрэн,

Шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 03320 0530 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.З нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15-21:30 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 4-867 тоотод оршин суух О.Дашцэрэнгийн  монгол гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт 1 ширхэг, үлээдэг дун 1 ширхэг, 0,75 литрийн архи 4 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 896.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                     /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч М.З нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би ээж Энхжаргалын хамт 07 цагт өнгөрч байхад гэрээс гарсан. Манай ах Дашзэвэг 15 цагт гарсан гэсэн. Орой 21 цаг 50 минутад гэрт ирэхэд гэрийн болон хашааны хаалга онгорхой гэр рүү дотогш ороход гэрт хулгай орсон байсан. 32 инчийн брэнд мэдэхгүй хар өнгийн ЛСД зурагт, цагаан өнгийн цэнхэр хадгаар ороосон дун, нэрийг нь мэдэхгүй 0.7 литрийн архи 4 шил, 4 метрийн урттай дээлийн өнгө, монетон бөгж 1 ширхэг, 1 гаран граммтай алтан кольцо 1 ширхэг, болор талстан ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан байна гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн БЗД2-19-509 дугаартай:

32 инчийн брэнд тодорхойгүй зурагт 195.000 төгрөг, үе дамжиж ирсэн үлээдэг дун 300.000 төгрөг, 0,75 литрийн архи нэр тодорхойгүй тул тодорхойгүй нөхцлөөр тооцож 1 ширхэг нь 11.000 төгрөг, нийт 44.000 төгрөг, кольцоо алтан бөгж 1 ширхэг 125.000 төгрөг, эмэгтэй хүний монетон бөгж дундаж граммаар тооцож 232.200 төгрөг, нийт 896.200 төгрөгийн үнэлгээтэй гэх тайлан /хх-ийн 20-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/313 дугаартай:

... Шинжилгээнд тэнцсэн 6 дугаартай гарын мөр нь Мөнхчулуун овогтой Зын зүүн гарын ядам хурууны хээгээр үүсгэгдсэн байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-35/,

 

Эрүүгийн мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн илтгэх хуудаст:

Хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох зорилгоор ажиллахад хохирогч О.Дашцэрэнгийн төрсөн ах Дашзэвэг 15 цагийн орчим уг гэрт ирээд нөтбүүк аваад явахад гэр зүгээр байсан гэх, уг тоотийн эсрэг талын гудамжны айл Ганболдтой уулзахад манайх хашаанаас машин гаргахад гудам нарийн учир толинд энэ айлын хаалга харагддаг юм, өнөөдөр 18 цаг 30 минутын орчим гарахад жижиг хаалга нь онгорхой байсан гэх тайлбар /хх-ийн 38/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-10/,

 

Шүүгдэгч М.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 05 дугаар сарын сүүлээр Дарь-Эхийн шинэ эцсийн замын зүүн талд байрлах цэнхэр өнгийн хаалгатай, хашаан дотороо 1 монгол гэртэй айлын хашаа онгорхой байхаар нь орсон. Хашаан дотор үүдний амбаартай монгол гэр байсан. Гэрт хүнгүй цоож нь зүүлттэй байхаар нь хулгай хийх зорилгоор монгол гэрийн хаалганы өлгөөтэй байсан цоожийг авч дотогш орсон. Гэрээс зурагт, 3 шил архи, дун зэрэг эд зүйлсийг авч гарсан. Хулгайлсан зүйлүүдээ зарж архи уусан. Хохирол барагдуулаагүй байгаа гэх мэдүүлэг /хх 17-18, 87-88/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс М.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлын талаарх баримтууд /хх 47-59, 99/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/1724 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 100-107/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр, хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж, идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, хохирогчид хүч хэрэглэхгүйгээр шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч М.Зт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.З нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, криминалисткийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, зөвшөөрсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролыг шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 869.200 төгрөгийн хохиролыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Зыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.З нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/1724 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн 7 жилийн хугацаагаар хорих ял эдлэж байсан болно.

шүүгдэгч М.Зыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараагаар ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул өмнө оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/1724 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас М.З нь 8 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлсэн байх ба 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн энэ хэрэгт цагдан хоригдож, тухайн өдрийн байдлаар 6 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн учир нийт 20 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10 , 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч М.Зыг шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/1724 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг найман жил найман сар долоо хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зт оногдуулсан 8 жил 8 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зын энэ хэргийн учир цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Заас 896.200 төгрөгийг гаргуулан хохирогч О.Дашцэрэн /сл94012908/-д олгосугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ