Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 308

 

 

 

 

 

 

 

 

    2020       04          15                                   2020/ШЦТ/308

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч П.Итгэл,

хохирогч И.Цэрэнхүү, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, А.Өлзийсайхан,

гэрч Ч.Батсүрэн,

шинжээч С.Одончимэг,

шүүгдэгч Ч.П, түүний өмгөөлөгч А.Ганзоригт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бух овогт Ч.П-д холбогдох эрүүгийн 2011 00135 0017 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,                       Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Автоплаза” төвд харуул ажилтай, ам бүл 1, ганцаараа Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 4 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух хягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Бух овогт Ч.П, регистрийн дугаар //.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.П нь 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 317 тоотод өндөр настай буюу 70 настай хохирогч И.Цэрэнхүүгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндсэн, уг гэмт хэргийг үйлдэх үедээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогч И.Цэрэнхүүгийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь 4, 5 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би хавирганд нь тос түрхэж өгөх гэж гэрт нь орсон. Нуруу, даланд тос түрхүүлнэ гэсэн. Би архи уусан байсан учраас нилээн согтуу байсан. Тухайн үед болсон асуудлыг муу санаж байна. Би хохирогчийн хавиргыг нь бол хугалаагүй, энэ явдлаас өмнө хугарсан байх, би дээрээс нь дараагүй, хүчиндсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би баримтаар гаргаж өгсөн хохирлыг төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэв.

Хохирогч И.Цэрэнхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гарсан шөнө охиныг нуруунд адууны тос түрхээд өг гэж хэлэхэд манай охин гэрт хүн ирчихсэн байна гэж хэлсэн. Ч.П “би эмээд тос түрхээд хамт хань болоод хоноё” гэж хэлээд манайх руу орсон. Тос түрхээд даавуугаар боогоод хугарсан хэсэгт даавууныхаа үзүүрийг зангидсан. Намайг хүчиндэх үед дээрээс дарж зангидаж боосон хэсэгт дарснаас болж миний хавирга хугарсан. Миний хавирга өмнө нь зүгээр байсан. Хавирга хугарснаас болж олон хоног хэвтэрт байсан. Хохирол төлбөр гэж 329.000 төгрөг надад төлсөн. Би одоо өмгөөллийн хөлс болох 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг би бэлнээр төлж, өмгөөллийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Ч.П нь манай нутгийн залуу, анхнаасаа хүчиндсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Шинжээч эмч С.Одончимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...4, 5 дугаар хавирга хугарсан, юунд үндэслэж гаргасан бэ гэвэл компьютер томографик хийлгэсэн бас нэг СиДи байсан. Баруун талын 4, 5 хугарсан байсан. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмтэл болно. Хавирга хугарсан гээд өөрсдөө хэлэхээр нь хяналтын зураг дахин авахуулсан. Энэ хэрэг 01 дүгээр сарын 3-ний өдөр болсон. Би 01 дүгээр сарын 11-ний өдөр үзсэн. Хавирга хугарсан нь маш тодорхой. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж байгаа гэмтэлд заавал хүч үйлчилсэн байдаг. Хэрэг гарсан өдөр, үзүүлсэн өдрийн хооронд 8 өдөр болсон учраас хохирогчид учирсан гэмтлийн хугацааг яг тогтоох боломжгүй, хуучин хугарал биш шинэ хугарал байсан. Хавирганы хугаралыг өмнө нь үүссэн, хойно үүссэн гэж хэлж мэдэхгүй байна. Энэ өндөр настай хүн дээр бороо их удаан явагдана. Ямар нэг зовиур байсан учраас л адууны тос түрхэж байсан байх. Ардын эмчилгээг хэлж мэдэхгүй байна. Ер нь бол хавирга цохих, өшиглөхөд үүснэ эсхүл их хүчтэй дарвал хугарахгүй гэх баталгаа байхгүй. Түүнээс биш хэр барагтай хугарахгүй. Насны хувьд л тэгж хэлж байна. Хугарсан газар л их хүчтэй хүч үйлчилнэ гэсэн үг. Яг 4, 5 хавирга яагаад хугарсныг мэдэхгүй байна. Хавирга хугарсан хүн их л зовиуртай, өвдөлттэй байдаг...” гэв.

Гэрч Ч.Батсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ээжийн хавирга гэмтсэн. Урьд нь ханиад хүрээд нуруундаа адууны тос түрхсэн. Шөнө ханиалгаад унтахгүй байна гэхээр нь Чингэлтэй дүүргийн эмнэлэгт үзүүлээд 4, 5 хавирга гэмтэлтэй хугарсан байна гэж хэлсэн. Манай ээж уушгиндаа бронкидтой учир адууны тос түрхсэн. Тос түрхээд эм уусан. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн эмнэлэгт зураг авахуулж мэдсэн. Боосон боолт нь дарагдаад хавирга хугарсан юм шиг байна өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлсэн. Байнга тавьж боодог юм. Тэгээд шууд цагдаад өгсөн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч И.Цэрэнхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны охиныхоо гэрлүү орох гэж яваад хашааны үүдэн дээр манай баруун талын айлд хөдөөнөөс түр ирж амьдардаг Ч.П гэдэг залуу тааралдаад гэр лүү нь хамт орсон. Тэгээд би охиндоо ээжийнхээ нуруун дээр адууны тос түрхээд тавиад өг гэж хэлтэл хажуу талаас Ч.П миний байгаа айлд хөдөөнөөс хүмүүс ирээд унтах зай алга, би эмээгийн гэрт ороод нуруунд нь тосыг нь түрхэж өгөөд ханьтай хоноё гэж хэлэхэд манай охин тэг тэг гээд Ч.П манай гэр лүү хамт орсон. Тэр үед оройн 22:00 цаг болж байсан байх. Тэгсэн Ч.П миний нуруун дээр тос түрхээд давуугаар цээж ороож өгөөд одоо таны биеийг сайхан бариад өгье, би угаасаа бариа хийдэг юм гэж хэлээд гар, хөл, гуя бариад эхлэхээр нь юу болж байнаа гэтэл шууд орон дээр намайг дээш харж хэвтүүлээд миний дээр гараад өмд тайлаад хүчээр надтай бэлгийн харьцаанд орсон. Би чи яаж байгаа юм бэ, ямар бузрын юм хийгээд байгаа юм гэтэл амаа ангайж бай, ам руу чинь юм хийх гэж байна гэхээр нь би ханилсан ханиа тэгэж үзээгүй чи битгий хүн элэг бариад бай, цаашаа бай гэж хэлээд загнатал өмдөндөө хамаг юмаа арчаад хувцасаа өмсөөд гараад яваад тэр шөнө манай гэрт буцаж орж ирээгүй. Энэ үед манай гэрт өөр хүн байгаагүй бид хоёр л байсан. Маргааш өглөө нь манай гэрт орж ирсэн би айгаад юм хэлэхгүй нүүр өгөөгүй гарч явсан тэрнээс хойш дахиж манай гэрт орж ирээгүй. Би хөгшин настай хүн болохоор хэрэг болдог үеэр миний 2 хавирга хугарсан байсан. Одоо бие өвдөөд хэцүү байгаа учир цагдаагийн байгууллагад болсон зүйлийг мэдэгдэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Ч.Батсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай ээж 70 настай И.Цэрэнхүү нь бусдад хүчиндүүлсэн гэдгийг мэдээд өнөөдөр 102 дугаарын утсанд дуудлага өгсөн юм. Манай ээж манай 10-14 настай манай хоёр хүүхдийн хамтаар манай гэрийн хажуухан талд амьдардаг юм. Би болсон зүйлийг ээжээсээ асуутал 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай гэрт ээж И.Цэрэнхүү нь манай нутгийн Ч.Птэй цуг манай гэрт орж ирсэн. Би тэр үед хоол хийж байсан юм. Манай хүүхдүүд надтай цуг манай гэрт байсан юм. Тэгсэн ээж надад нуруун дээр тос түрхээд өг гэхэд Ч.П гэдэг залуу миний байгаа айлд хөдөөнөөс хүмүүс ирчихсэн хонох газар байхгүй байна, би эмээгийн нуруун дээр тосыг тавьж өгөөд цуг хань болоод хоноё гэж хэлээд манай гэрээс гараад явсан юм. Тэгсэн ийм зүйл болсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Одончимэгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1386 дугаартай “...И.Цэрэнхүүгийн биед баруун 4,5-р хавирга хугарсан гэх гэмтэл тоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарнтиулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.П нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...И.Цэрэнхүү эгч хавирга өвдөөд байна, хавирга дээр адууны тос түрхээд боогоод өгөөч гэхээр нь өвдөж байгаа газар болох хоёр далны гол хэсгийг гэж зааж хэлэхээр нь адууны тосыг нь тэр хэсэгт нь түрхэж өгөөд давуугаар цээжийг нь ороож, урд талд нь буюу цээжний хэсэг орчимд нь зангидаж боосон санагдаж байна. Тэгээд улмаар И.Цэрэнхүүгийн толгой, хүзүүг нь барьж өгч байгаад дараа нь И.Цэрэнхүү эгчийн дээш харуулж хэвтүүлээд хавирга орчмыг нь барьж өгч байхад И.Цэрэнхүү нь дээгүүрээ /бүсэлхийгээс дээш толгой хүртлээ/ ямар нэгэн хувцасгүй нүцгэн байсан санагдаж байна. Тэгээд гэнэт миний сэрэл хөдлөөд улмаар И.Цэрэнхүү эгчийг алцайлгаж байгаад өөрийнхөө бэлэг эрхтэнийг түүний бэлэг эрхтэн рүү хийсэн. Ингээд 2-3 минут орчим болж байгаад гадна талд дур ханасан ба үрийн шингэнээ өөрийнхөө өмдөндөө арчаад буруу зүйл хийснээ мэдээд гэрээс нь шууд гараад явсан. Би тухайн үед согтуу байсан ба бэлгэвч огт хэрэглээгүй. Надад бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчин байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 125/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 74/, нийгмийн даатгал төлсөн хуулбар /хх 93/, оршин суугаа газрын тодорхойлолт, Увс аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй,

-мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бух овогт Чилхаагын Ч.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтэндээ: ШүүгдэгчЧ.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж, шүүхээс шүүгдэгчЧ.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасны дараа Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан болно.

Харин шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Ч.П, түүний өмгөөлөгч нь шүүгдэгч Ч.П-г Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Харин хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ үйлдэлд эргэлзээ төрж байна. Цаг хугацааны асуудал байгаа, сиди хаана байна үзмээр байна. Хохирогч боолт зангидсан гээд эргэлзээ төрөөд байна. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь зөрүүтэй байгаа учраас бодитой нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгоно гэж заасан байдаг. Бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчид 520.000 төлсөн. Харин өмгөөлөгчийн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан байгаа тул зардлыг Засгийн газрын журмаар баталдаг, хохирогч өмгөөлөгчид мөнгө төлсөн баримт байхгүй байна гэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.П-г 2020 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын Г-317 тоотод өндөр настай буюу 70 настай хохирогч И.Цэрэнхүүгийн эрүүл мэндэд /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/ хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчЧ.П-г 2020 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын Г-317 тоотод өндөр настай буюу 70 настай хохирогч И.Цэрэнхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үндэслэл дараахь нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж, тогтоогдохгүй байна гэж үзэв. Үүнд:

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1386 дугаартай дүгнэлтэд

“...И.Цэрэнхүүгийн биед баруун 4,5-р хавирга хугарсан гэх гэмтэл тоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарнтиулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”,

Шүүх эмнэлгийн шинжээч эмчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /1хх-52/ хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шинжээч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл Ч.П-гийн үйлдсэн гэх гэмт хэрэг 2020 оны 01 дүгээр сарын 03-04-ны шилжих шөнө үйлдэгдсэн ч хохирогч И.Цэрэнхүү нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэсэн нь хэрэг болсон тухайн цаг хугацаанаас хойш 7 хоногийн дараа шинжилгээ өгч, шинжээчийн дүгнэлт гарсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1386 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-н 39/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байхыг шаарддаг, энэ нь шууд санаатай үйлдэл байх бөгөөд хэрхэн яаж, юугаар хүндэвтэр хохирол учруулсан, гэмт этгээдийн санаа зорилго, үйлдэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...”  гэж зааснаар шүүгдэгч Ч.П-г 2020 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын Г-317 тоотод өндөр настай буюу 70 настай хохирогч И.Цэрэнхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хохирогч И.Цэрэнхүүгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үедээ хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоохгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.П-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Ч.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч И.Цэрэнхүү нь шүүгдэгч Ч.П-гээс 500.000 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч Ч.П нь 520.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож  байна.

Харин өмгөөлөгчийн хөлс төлсөн 5.000.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс хохирогч И.Цэрэнхүүд гаргуулахаар шийдвэрлэв.

Учир нь хохирогч И.Цэрэнхүү нь өндөр настай, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эрх зүйн туслалцаа заавал авах шаардлагатай учраас шүүх гэм буруутай этгээдээс өмгөөлөгчийн зардлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон комиссын шийдвэр/ зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-д хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.П нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Ч.П нь нийт 33 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бух овогт Ч.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Бух овогт Ч.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-д хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Пгээс 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч И.Цэрэнхүү /РД: ОС50060602/-д олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

7. Шүүгдэгч Ч.П нь нийт 33 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ