Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 827

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 2020        05         05                                   2020/ШЦТ/827  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Хохирогч З.Ганзориг,

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00700 0621 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 37-1877 тоотын үүдэнд иргэн З.Ганзоригийг зодож, нүүрэн тус газар нь цохин биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                           /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00700 0621 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Ө нь иргэн З.Ганзоригийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч З.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 01 сарын 21-ний өдөр төрсөн өдрөө тэмдэглээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо "Хэрлэн" караоке ороод шөнийн 1 цагт таксинд суугаад ахынх руугаа хүргүүлсэн. Тухайн үед мөнгөгүй байсан учир ах Ганжуураас мөнгө авахаар гэр лүү нь ороход ах хаалгаа тайлаагүй тул буцаж гараад такси руугаа очтол таксины жолооч гарч ирээд намайг учир зүггүй зодоод, чирж унагаагаад, дэвсээд, өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Гэрч З.Ганжуурын мөрдөн байцаалтад өгсөн:

... шөнө гэртээ амарч байхад төрсөн дүү З.Ганзориг шөнийн 01 цаг 45 минутын орчимд хаалга нүдээд байсан. Тэгэхээр нь би хаалга тайлж өгөх гэж байхад манай дүү хэн нэгэнтэй зодолдоод байх шиг байсан. Гэрийн хаалга онгойлгоод харахад хашааны хаалганы хажууд манай дүү газарт уначихсан хажууд нь үл таних малгайтай залуу зогсож байхаар нь "хөөш юу болж байна" гээд хашгираад гүйгээд очиход үл таних залуу хашаанаас гараад төв зам руу зугтсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Гэрч Ц.Данзангийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 48-10 УНЕ улсын дугаартай машинтай найз Өын хамт таксинд явсан. Шөнө 1 цагийн орчимд Сансрын тунелын нүхэн гарцны орчимд үл таних хүн гар өргөхөөр нь авахад Дарь эх орно гэж хэлэхээр нь суулгасан. ..би гэр рүүгээ ороод мөнгө аваад би буцаж явна гэхээр нь "мөнгө өгнө биз дээ ахаа" гэхэд" та 2-ын нэг нь надтай орчих" гэсэн. Тэгэхээр нь найз Ө үл таних ахтай хамт хашаа руу орсон. Би хашааныхан нь үүдэнд хүлээж байсан. Тэгтэл хашааны хаалга онгойгоод буцаад хаагдаад байхаар нь би машинаасаа буугаад хардаг юм билүү бодож байтал манай найз гарч ирээд миний цонхыг цохиод "зугтаарай" гэж орилоод доошоо гүйгээд явахаар нь би араас нь машинтайгаа явж хажууд нь очоод найзыгаа суулгаад "юу болсон бэ "гэж асуухад "тас" гээд хойд салхины шил хагарсан. Манай найзын биед ил харагдах гэмтэл байхгүй байсан. Харин үл таних хүн анх машинд суухдаа куртик нь урагдсан нүүрээ дарсан. Гар нь цус болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

камерийн бичлэгийг шүүх хуралдааны явцад үзэхэд:

нийт 3 минут 5 секундын бичлэг байв. Бичлэгийн 10 дахь секундэд хохирогч З.Ганзориг зүүн гараараа газар тулан унаад дээш харахад араас нь малгайтай хүн очиж дээрээс нь тонгох ба З.Ганзориг толгойгоо өндийлгөж хоорондоо ярьж байгаа мэт харагдана. З.Ганзориг баруун гараараа газарт тулаад босож ирэн дайваад хойш ухарч гишгихдээ нөгөө эрэгтэйн гадуур хувцасны зүүн энгэрээс зүүн гараараа татан хойш болж хамтдаа байшингийн цаагуур оров. 57 дахь секундэд малгай өмссөн эрэгтэй хүн З.Ганзоригийн гадуур хувцасны зүүн энгэрээс баруун гараараа барьсан байдалтайгаар чирж хурдтай алхах ба З.Ганзориг чирэгдсэн байдалтай том алхаж машины цаагуур оров. 2 машины дунд З.Ганзориг нь арагш чаргууцалдах бөгөөд малгай өмссөн эрэгтэй цааш үргэлжлүүлэн чирнэ. З.Ганзориг 2 гараараа нөгөө хүний гараас барьж гарыг нь тавиулахыг оролдож арагш чаргууцалдсаар хойш унах ба малгайтай эрэгтэй тагтан дээрээс нь унав. Малгайта эрэгтэй тонгойж байгаад дээш босоход З.Ганзориг босож ирэх бөгөөд малгайтай эрэгтэй баруун гараараа зүүн энгэрээс нь барьж хашааны хаалга руу чирэхэд нөгөөх нь гарыг нь тавиулахаар оролдож явсаар хашааны хаалганы наана очиж байшингийн цаагуур оров.

2 минут 16 дахь секундэд буцаж зууралдсан байдалтай  бичлэгт орж ирэх ба зууралдсан чигтээ малгайтай эрэгтэй дор нь орж газар унав. 2 минут 20 дахь секундэд малгайтай эрэгтэй гараараа барьсан байдалтай хөл дээрээ босож ирээд баруун гараараа газарт ойчсон байгаа хүнийг цохиж зүүн тийш тойрч толгой хэсэгт  нь гарч баруун хөлөөрөө газарт байгаа хүний толгой хэсэг рүү 1 удаа өшиглөж, дээрээс нь 1 удаа дэвсэж, дээр нь гишгиж байгаад зүүн гараанаас нь барьсан байсан З.Ганзоригийн гарыг тавиулж гараа дээш татаж авав. Газарт унасан байсан З.Ганзориг бичлэгт харагдахгүй байх ба малгайтай эрэгтэй ганцаараа зогсож байв. 2 минут 48 секундэд гэрийн халаад өмссөн хүн ханцуйгаа шумлан наанаас нь очиход малгайтай эрэгтэй ухас хийн хашааны хаалгаар гарах ба байшингийн цаанаас З.Ганзориг гарч ирэн хаалгаар чихэлдэж гарснаар бичлэг дуусав.

 Дараагийн бичлэгийг үзэхэд өнгөт бичлэг байв. 3 хаалгатай, хаалгануудын дунд угаалгын машинууд байршуулсан байрны кридор хэсэг байх бөгөөд цэнхэр өнгийн куртик өмссөн согтуу байдалтай, дайваж алхсан хохирогч З.Ганзориг орж ирэн наанаас 3 дахь хаалгыг тогшиж байгаад буцаж яван камераас гарах ба хар ноосон малгайг толгойнхоо орой дагз хэсэгт дутуу байдлаар өмссөн, үстэй захтай куртик өмссөн Б.Ө орж ирэн наанаасаа 3 дахь хаалгыг 1 удаа тогшчихоод буцаж яваад бичлэгээс гарч байх нь хяналтын камерт бичигдсэн байв.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 1871 дугаартай:

З.Ганзоригийн биед хамар ясны хугарал, зүүн чамархайд шарх, зүүн дээд зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,

 

Шүүгдэгч Б.Өын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой найз Данзантай хамт таксинд явсан. Сансарын нүхэн гарцны хавиас нэг хүн гар өргөхөөр нь авсан. Тэр хүн машинд суучихаад ахыг нь төрсөн өдрөө тэмдэглээд явж байхад хүүхдүүд зодчихдог юм байна гэж хэлсэн. Тэр хүн Дарь-Эх явна гээд 102 дугаар сургуулийн эсрэг талын авто угаалгатай гудамжинд гэрийнхээ үүдэнд хүргүүлсэн.

Машинаас буугаад дагаж ороод мөнгө авчих гэхээр нь би дагаж орсон. Надаас гар утас асуухаар нь утасгүй явж байна гэж хэлсэн. Хаанаас таксинд сууснаа асуусан. Хашаа руу ороход 2 давхар нийтийн байр байсан. Хамт нийтийн байр руу орж би үүдний хэсэгт нь зогссон. Тэр ах нэг хаалга тогшиссон боловч тайлж өгөөгүй. Эргэж наддээр ирээд хаалга тогшоод  өг гэхээр нь би нөгөө хаалган дээр очиж тогшиссон боловч хүн гарч ирээгүй. Гадаа гараад нөгөө ах дээр очоод хүн байхгүй бололтой тайлахгүй байна гэхэд дахиж гар утас байна уу гэж асуусан. Би тэр ахад хандаж мөнгөгүй байж яах гэж такси барьсан юм бэ, би явлаа гэхэд миний энгэрээс заамдаж аваад чи өөрөө ороод мөнгө авахгүй гээд байсан. Би болиоч гээд түлхсэн боловч гарнаас барьчихаад тавихгүй байсан. Гараа тавиулах санаатай тэр хүнтэй зууралдаж бид хамтдаа 2-3 удаа газарт унасан. Унасан байхад хөлөөрөө миний хөлийг хавчиад тавихгүй байсан. Босож зууралдсаар байгаад хашааны үүдэнд очсон. Тэр намайг тавихгүй байсан. Тухайн газар нь уруу газар байсан ба хамт газар унаад би түрүүлээд боссон чинь нийтийн байрнаас нэг эрэгтэй хүн гарч ирээд юу болоод байна гэж хэлээд ханцуйгаа шумлаад над руу хүрч ирэхээр нь намайг зодох гэж байна гэж бодоод хашаанаас гараад Данзанг машинтайгаа яваарай гэж хэлээд гүйгээд төв зам руу зугтаасан. 100 орчим метр газар гүйгээд машинд сууссан чинь нийтийн байрнаас сүүлд нь гарч ирсэн хүн чулуу шидээд машины арын шилийг хагалсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,  

-эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 4/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа,  байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 51-56/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт болох камерийн бичлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Өын иргэн З.Ганзоригийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдэж, хохирогчийг цохих, өшиглөх, дэвсэх зэргээр эрүүл мэндэд халдаж байгаа үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдсан байна.

 

Хохирогч нь шинжилгээ хийлгэсэн, төлбөр төлсөн баримт байгаа ч  хэрэгт хавсаргуулаагүй, авч ирээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд хавтас хэрэгт хохирлын талаарх баримт авагдаагүй байх учир шүүгдэгчийг нотлох баримтын хүрээнд хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Хохирогч З.Ганзориг нь хамар ясны хугарал гэмтлийг эмчлүүлэхэд шаардлагатай төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.

Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй юм.

 

Шүүгдэгч Б.Өт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдээгүй хэмээн маргах байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон.

Шүүх хуралдааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгийг шинжлэн судлахад шүүгдэгч нь хохирогчийн биед халдаж байгаа нь тодорхой бичигдсэн байна. Эд мөрийн баримтыг шинжлэн судласны дараагаар шүүгдэгчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзсан. Үүний дараагаар ч шүүгдэгчийн шүүх хуралдаанд оролцсон байр суурь хэвээр байсан болно.

Камерийн бичлэгт шүүгдэгч Б.Ө нь хохирогч З.Ганзориг нар нь ноцолдоогүй, З.Ганзориг нь Б.Өыг татаж чаргууцалдаж байгаа үйлдэл харагдахгүй байх ба харин Б.Ө нь З.Ганзоригийн хувцаснаас чирж байгаа нь эргэлзээгүйгээр, тодорхой харагдана.

Шүүгдэгч нь хохирогчтой хамт газар унаад босож ирээд хохирогчийн баруун хажуу талаас нь тойрч алхаад толгойн дээд хэсэгт очиж байгаа нь бичлэгт тод харагдаж байна. Тэрээр дээш харан хэвтэж байгаа хохирогчийн толгой, нүүр хэсэгт баруун хөлөөрөө өшиглөх, дэвсэх үйлдэл хийж байгаа дүрс бичлэгийг хохирогч миний хөлнөөс тэвэрчихсэн байсан гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдэхээс 12 хоногийн өмнө хагалгаанд орсон, биеийн байдал тэнхрээгүй байсан учир хүний биед халдах боломжгүй байсан гэх тайлбарыг гаргаж байгаа нь гэмт  хэргийг үгүйсгэх нөхцөл биш болно.

 

Гэмт хэрэг болж байгаа үйл явцыг бичсэн камерийн бичлэг нь өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг дүрсжүүлэн хадгалаж одоо цагт бодитоор харуулж байгаа огт өөрчлөгдөхгүй баримт юм. 

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь камерийн бичлэгээр эргэлзээгүйгээр нотлогдож байхад тэрээр гэм буруугийн талаар маргаж байх учир хуульд заасан хөнгөн ялыг оногдуулах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадаглаж, шүүгдэгч Б.Ө нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Бийн Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.

 

6. Хэргийн учир шүүгдэгч нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа талаарх бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ