| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0252/Э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 352
2020 05 01 2020/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Ууганбаатар,
хохирогч Б.Эрдэнэбилэг,
шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Харчид овгийн С.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911017440137 дугаар хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 24-7-88 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Харчид овогт С.Э /РД 0000000000 /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э гийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэбилэгийн өгсөн: “...Миний тээврийн хэрэгслийг зарж өгнө гэж хэлээд залилсан. Үүнээс хойш С.Э гийн араас нэхэл болж байж 34.000.000 төгрөгөөс зарим мөнгийг өгсөн. Одоо үлдсэн 11.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. С.Э энэ мөнгийг 1 сарын хугацаанд барагдуулна гэж хэлсэн...” гэв.
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их Дэлгүүрийн урд талд хохирогч Б.Эрдэнэбилэгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Хово” загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 34.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч С.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд анх гэрээ хийхдээ 55 сая төгрөгөөр зарна хэмээн гэрээ хийгээд, үүнээс хово машиныг ломбарданд анх тавьж сая төгрөгийг Эрдэнэбилэг ахад бэлнээр гарган өгсөн дараа нь 10 сая төгрөгийг дансаар 2019 оны 01 дүгээр сард шилжүүлсэн. Мөн 5 сая төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дансаар, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дансаар 1 сая төгрөг, хамгийн сүүлд 2019 оны 10-11 дүгээр сард санагдаж байна Намсрайжав гэх мөрдөгчийг уг хэргийг шалгаж байх үед 3 сая төгрөгийг бэлнээр Эрдэнэбилэг ахад тус тус өгсөн ба одоогоор байдлаар нийт 24.000.000 төгөргийг буцаан өгсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/,
- хохирогч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын хэдний өдрийг нь мартсан байна би хувиараа ажил хийх гээд Хово маркийн автомашин авч ажил хийх зорилгоор интернетээр авто машин зарах хүн байна уу? гэж сэтгэгдэл үлдээсэн байсан болохоор Энх-Амгалан гэх хүн над руу залгаад та Хово маркийн машин авна гэсэн үү надад Эрээн дээр нэг сайн машин байна та авах уу гэхээр нь би авья гээд Эрээн хот руу 2018 оны 09 дүгээр сарын дундуур байхаа Энх-Амгалан, эхнэр гэх Г.Амгалангийн хамт Эрээн хотод очоод уг Хово маркийн автомашиныг үзээд би авахаар болсон. Тэнд 7-8 хоног болоод БНХАУ-ын Ханги мандал нэртэй боомтоор уг тээврийн хэрэгслийг оруулж ирсэн. Тухайн үед Эрээнд байхад манай эхнэр болох Далайсүрэн өөрийнхөө данснаас 45.000.000 төгрөгийг Цэрэннадмид гэх хүний данс руу шилжүүлсэн. Энэ нь машины үнэ төлбөр байгаа юм. ...Уг машиныг нийт 52.000.000 төгрөгөөр худалдаж аваад би хувиараа уг тээврийн хэрэгслээр ажил хийж байгаад буцаад зарахаар болсон. Уг машин эвдрээд байсан, надад тохирохгүй байсан тэгээд би зарахаар болоод Энх-Амгалан над руу 2018 оны 11 дүгээр сард залгахаар би тухайн үед Энх-Амгаланд уг Хово машиныг зарах талаар дуулгасан. Гэтэл уг өдрөөс 2-3 хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн Орбитын нутаг дэвсгэрт байрлах айлын хашаанд ирээд би танд зараад өгнө гээд гуйгаад байхаар нь би эхнэртэй ярилцахад эхнэр урагшаа хамт яваад ирсэн хүн юм чинь гайгүй байлгүйдээ чи өөрөө мэд гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна би уг Хово маркийн машинаа бариад 4 дүгээр цахилгаан станцын урд талд олон машинтай том хашаанд аваачиж тавьсан. Тэгээд намайг Энх-Амгалан буцаад Орбитад хүргэж өгчихөөд маргааш нь надтай Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт их дэлгүүрийн урд талд уулзаад 5 сая төгрөгийг бэлэн өгөөд энэ өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ хийсэн. Тэгээд тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхээр болж 7574 ГАА улсын дугаартай тээврийг хэрэгслийн нэрийг Энх-Амгалангийн нэр дээр шилжүүлж 2129 УБХ улсын дугаарыг авч надаас зарж өгнө гээд аваад явсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сард миний Хаан банкны дансанд машины үнэ төлбөр гэж 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш 2019 оны 06 дугаар сард байхаа надтай гудамжинд таараад би Энх-Амгалангаас нэхэж байж миний хаан банкны данс руу 1.000.000 төгрөг, мөн 4.000.000 төгрөг буюу нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой миний Хаан банкны данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд одоо надад 34.000.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Уг тээврийн хэрэгслийг би анх худалдаж авахдаа 7574-ГАА улсын дугаартай худалдаж аваад Энх-Амгалангийн нэр дээр шилжүүлэхдээ 2129-УБХ гэх дугаартай болж шилжээд Энх-Амгалангаас Хөвсгөл аймаг руу шилжихдээ 6209-ХӨҮ гэсэн улсын дугаартайгаар Хөвсгөл аймагт байгаа. Уг Хөвсгөл аймгийн Амраа гэдэг хүн худалдаж авсан талаар 2019 оны 06 дугаар сард өргөдөлөө өгөх үед л мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
- гэрч М.Амарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Сайн нэртэй ломбарднаас худалдаж авсан. Тээврийн хэрэгслийг худалдаж авахад манай аав Мөнхбаяр очиж үзээд машины бичиг баримттай холбоотой асуудлыг аав зохицуулсан. Миний ойлгосноор Энх-Амгалан гэж хүн миний худалдаж авсан Хово маркийн машиныг Сайн нэртэй ломбарданд тавьчихсан байсан бөгөөд машинаа зарахаар болоод зарахдаа ломбарднаас машинаа чөлөөлж өгсөн юм билээ. ...Би машинаа худалдаж аваад тээвэр хийж яваад 2019 оны 08 дугаар сард Эрдэнэбилэг гэж хүнтэй Дарханы замд тааралдсан. Тэгэхэд Эрдэнэбилэг гэж хүн “энэ машин уг нь ахынх нь машин байгаа юм, Энх-Амгалан гэж хүн надаас зараад өгье гээд авсан юм тэгсэн чамд зарчихаж тэгээд тэрнээс хойш огт сураггүй алга болчихлоо” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41х/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 43х/, Хаан банкны зарлагын мэдүүлэг /хх-ийн 42х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 71х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.Э г шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Б.Эрдэнэбилэгийг өмнө нь таньдаг, БНХАУ-д хамт явж тээврийн хэрэгсэл худалдан авч байсан зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж өгнө гэж хуурч эд хөрөнгийн өөртөө шилжүүлэн авч төлбөрийн буцааж өгөглгүй залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Эрдэнэбилэг нь нийт 34.000.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч С.Э нь тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад 22.400.000 төгрөгийг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. үлдэх 11.600.000 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөө илэрхийлж баталгаа гарган, хохирогчтой харилцан тохирсон байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Бэлэгтийн Эрдэнэбилэг /ДЙ71021817/-д олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
шүүгдэгч С.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шудрага ёсны зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролын ихэнх хэсгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлж байталгаа гаргасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх, хохирогчийн хохиролыг барагдуулах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 1 сарын хугацаанд хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харчид овогт С.Э г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Э д 1 /нэг/ сарын хугацаанд хохирлоо төлж барагдуулах буюу гэмт хэргийн хор уршигийн арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э гаас 11.600.000 /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Бэлэгтийн Эрдэнэбилэг /ДЙ71021817/-д олгосугай.
5. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ