Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 302

 

2020        04          15                                  2020/ШЦТ/302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овгийн Б.Э т холбогдох эрүүгийн 1711001840940 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Баатад овгийн Б.Э , 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг 1-137 тоотод оршин суух,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 875 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Э т энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 875 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосон, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 26-39 тоотод байрлах “Бетховен” амьтны дэлгүүр дотор “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, хохирогч Г.Солонгын Айфоне-5 загварын гар утас, повер банк зэргийг залилан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди төв дотор иргэн Э.Золбаярыг “гар утсыг чинь таньдаг хүндээ өгөөд өөр утсаар солиулаад ирье” гэж хуурч, Самсунг галакси жи-7 загварын гар утсыг залилан авч, 580.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 21, 76/,

Хохирогч Г.Солонго нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр туранхайдуу биетэй, хар өнгийн ханцуйгүй футболктой, 25 орчим насны залуу манай дэлгүүрт орж ирээд гөлөг худалдаж авна гээд байж байгаад гарч яваад буцаж орж ирсэн. Тэгээд буцаж орж ирэхдээ утсаа орхиод ирсэн чиний утсаар яриад өгье гээд миний утсыг аваад ярих утас руугаа дохисон чинь нөгөө дугаар нь үнэгүй ярьдаг гээд буцааж залгаад байсан. Тэгсэн цаанаас нь ярьж байсан хүн нь эрэгтэй хүний дуу сонсогдоод байсан. Тэгээд би утсаа алдчихаад энэ дугаар руу нь залгахад Энхтөр гэх хүн авахаар нь би Хишигээ гэж мөн үү гээд асуухад юун хүн яах гэж байгаа юм бэ гэхээр нь би болсон асуудлын талаар ярихад ах нь наад хүнийг чинь хайж байгаа юм, тийм бол би чам дээр яваад очъё гэж хэлээд надтай ирж уулзсан. Тэгээд би тэр залууд гар утсаа залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна... ...Би Бетховен нэртэй амьтны дэлгүүрт 2017 оны 5 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын дунд хүртэлх хугацаанд худалдагчийн ажил хийж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед манай дэлгүүрт туранхайдуу биетэй, фудволк билүү майк өмссөн 25 насны залуу гаднаас ганцаараа орж ирээд гөлөг сонирхож асууж байгаад 2 ширхэг гөлөг авахаар болсон. Авсан гөлөгнийхөө нэгийг эгчдээ бэлэглэнэ гэж ярьж байсан шиг санаж байна. Тэгээд тэр залуу хүн рүү утсаар ярих гэсэн юм гэхэд нь би надад нэгж байхгүй моби руу үнэгүй гэж хэлээд утсаа өгсөн. Тэгээд тэр залуу миний утсаар ярьж байгаад миний утсыг аваад зугтаасан. ...тэр залуу миний утсаар ярьж байгаад цэнэг чинь дуусчихлаа гээд надад өгөхөд нь би повер банкаа гаргаад утсандаа залгаж өгсөн. Тэгтэл тэр залуу миний утсыг повер банктай нь хамт аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх 29-30, 193-194/,

Гэрч Ц.Эрдэнэчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Б.Эрдэнэхишиг нь манай нөхөр бид хоёртой барилгын ажил хийгээд сар гаран болж байгаа юм. 100 айлд байдаг Мөөгий гэх залуу туслах ажилтан хэрэгтэй гэсэн чинь Эрдэнэхишиг, Далай гэх 2 хүүхдийг авчирч манайд ажиллуулж байсан юм...” гэх мэдүүлэг /хх 31/,

Хохирогч Э.Золбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Эрдэмхишигтэй 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэди” худалдааны төвийн 2 давхарт уулзаж, миний барьж байсан Самсунг галакси Жи-7 загварын гар утсыг “би таньдаг найздаа өгөөд Ай фоне-7 загварын гар утсаар солиулаад авчирч өгнө” гэж хэлээд тэр чигтээ алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх 92/,

Гэрч О.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...28-30 орчим насны 170-180 см өндөртэй, туранхайдуу биетэй, гонзгой бор царайтай, хар бараан өнгийн хувцастай залуу надад ирээд “ахаа надад ажил явдал гарчхаад мөнгөний хэрэг болоод шинээр саяхан лизингээр авсан гар утсаа зарах болчихлоо” гэж хэлээд утсан дотроосоо өөрийнхөө зураг болон утасны дугааруудыг хуулбарлан аваад, надаас бэлнээр 180.000 төгрөг авч Самсунг галакси Жи-7 загварын шинэвтэр, шаргал өнгийн корпустай гар утсыг өгчхөөд, ахаа ямар нэгэн асуудал байхгүй, надад итгэж болно гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх 97/

Шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Айфоне  маркийн гар утсыг нь цэнэглэж байсан повербанктай нь хамт авсан. ...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Тэди дотор явж байхдаа танихгүй хүнээс гар утсыг нь таньдаг хүнээрээ солиулаад ирье гэж хэлээд авсан юм...” гэх мэдүүлэг /хх 35-36, 129-130/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 20, 87/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ЧД1-20-147 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2016 оны 09 дүгээр сард БНХАУ-аас ирсэн, гар утасны /загвар брэнд тодорхойгүй тул тодорхойгүй нөхцөлөөр тооцов/ зөөврийн цэнэглэгч нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2017 оны 07 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 24.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 201-202/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37/, шүүгдэгч Б.Э т холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 142-155/, хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх 180/, эд мөрийн баримт хураан авч,  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 83-84/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 26-39 тоотод байрлах “Бетховен” амьтны дэлгүүр дотор “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, хохирогч Г.Солонгын Айфоне-5 загварын гар утас, повер банк зэргийг залилан авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди төв дотор иргэн Э.Золбаярыг “гар утсыг чинь таньдаг хүндээ өгөөд өөр утсаар солиулаад ирье” гэж хуурч, Самсунг галакси жи-7 загварын гар утсыг залилан авч, 580.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 21, 76/, хохирогч Г.Солонгын “...Тэгээд тэр залуу миний утсаар ярьж байгаад миний утсыг аваад зугтаасан. ...тэр залуу миний утсаар ярьж байгаад цэнэг чинь дуусчихлаа гээд надад өгөхөд нь би повер банкаа гаргаад утсандаа залгаж өгсөн. Тэгтэл тэр залуу миний утсыг повер банктай нь хамт аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх 29-30, 193-194/, гэрч Ц.Эрдэнэчимэгийн “...Б.Эрдэнэхишиг нь манай нөхөр бид хоёртой барилгын ажил хийгээд сар гаран болж байгаа юм. 100 айлд байдаг Мөөгий гэх залуу туслах ажилтан хэрэгтэй гэсэн чинь Эрдэнэхишиг, Далай гэх 2 хүүхдийг авчирч манайд ажиллуулж байсан юм...” гэх мэдүүлэг /хх 31/, хохирогч Э.Золбаярын “...би Эрдэмхишигтэй 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэди” худалдааны төвийн 2 давхарт уулзаж, миний барьж байсан Самсунг галакси Жи-7 загварын гар утсыг “би таньдаг найздаа өгөөд Ай фоне-7 загварын гар утсаар солиулаад авчирч өгнө” гэж хэлээд тэр чигтээ алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх 92/, гэрч О.Баттулгын “...надаас бэлнээр 180.000 төгрөг авч Самсунг галакси Жи-7 загварын шинэвтэр, шаргал өнгийн корпустай гар утсыг өгчхөөд, ахаа ямар нэгэн асуудал байхгүй, надад итгэж болно гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх 97/, шүүгдэгч Б.Э ийн “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Тэди дотор явж байхдаа танихгүй хүнээс гар утсыг нь таньдаг хүнээрээ солиулаад ирье гэж хэлээд авсан юм...” гэх мэдүүлэг /хх 35-36, 129-130/, эд зүйлийн үнэлгээ /хх 20, 87/, дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ЧД1-20-147 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 201-202/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э нь бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Э ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 875 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 сарын 25-ны өдрийн 745 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 22 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 22 хоногоор тогтоов.

Шүүх шүүгдэгч Б.Э ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э т оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э т ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Э.Золбаярт гар утсыг буцаан өгч хохирлыг барагдуулсан болохыг дурдаж, хохирогч Г.Солонгод 240.000 төгрөгийг хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 187 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баатад овгийн Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 875 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 сарын 25-ны өдрийн 745 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 22 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 22 /хорих хоёр/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ээс 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 11 дүгээр хороо БАА-ийн 5-93 тоотод оршин суух Ганболдын Солонго / УШ95060105/-д олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 187 /зуун наян долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э т авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН