Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2021/0546

 

 

 

 

 

 

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд М.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр: “...Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн гаргасан”Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15Б тоот 9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг бүртгэсэн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ү-2204026921 дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15А тоот 9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч-ыг бүртгэсэн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ү-2204012337 дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл,  мөн 6 дугаар байрны 15В тоот 9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.Э-г бүртгэсэн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ү-2204026920 дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч талаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо ... зөрчсөн гэж маргажээ. Хариуцагч ... гэж заасны дагуу бүртгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна. ... тус тус бэлэглэх гэрээг үндэслэн бүртгэсэн /14 дүгээр хуудас/” гэжээ.

Бүртгэл хийхдээ дараах байдлаар хууль зөрчсөн хэмээн нэхэмжлэлдээ бичиж, шүүх хуралдааны явцад түүнийгээ тайлбарласан: Г.Б, Ч.Э нарын 2009 оны 09 дүгээр сарын 18-нд гаргасан мэдүүлэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар ч баримтыг хавсаргаагүй байна. Ч нь өмчлөгч солигдох үндэслэлийг 2013 оны 09 дүгээр сарын 23-нд “гэрээслэл болон өв залгамжлал” гэсэн ч баримт нь байхгүй байна. Харин гэрчилгээг хавсаргасан ч талбайн хэмжээ илт зөрүүтэй байгаа. Бүртгэлийн мэдүүлэгт байгаа “Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн дугаар” гэснийг Г.Б, Ч, Ч.Э нарын хэн нь ч бөглөөгүй байна. Тэгэхээр бүрдэл дутуу байна. Үл хөдлөх эд хөрөнгийг дугаарлах буюу хаяг олгох эрхийг хувийн эрх зүйн хуулийн этгээд болох “А” ХХК-д хууль тогтоомжоор болон захиргааны хэм хэмжээний актаар олгоогүй байна.

Тэгэхээр захиргааны байгууллагаас зөвшөөрөгдөөгүй буюу олгогдоогүй дугаарлалт болох 15А, 15Б, 15В тоотыг бүртгэсэн захиргааны байгууллагын үйлдэл нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна.

Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “үнэн зөв, бодитой байх”, 3.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэснийг болон мөн тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1-т заасан “эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх” үүргээ тус тус зөрчсөн буюу холбогдох баримтууд илт дутуу байхад бүртгэл хийсэн нь хууль бус юм.

Мэдүүлэг гаргагч нь тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан “мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэг”-ээ биелүүлээгүй буюу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар ч мэдээллийг бөглөөгүй ба баримтыг нь хавсаргаж өгөөгүй.

Бэлэглэлийн гэрээг үндэслэн бүртгэл хийсэн нь зөв хэмээн шүүх бүртгэлийг зөвтгөж байх боловч 32 м.кв талбайтай Ү-2204012337 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг бие биедээ тойруулж бэлэглээд түүнийг нь улсын бүртгэгч салгаж 3 бүртгэл болгож бүртгэсэн.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... гаргасан тайлбараас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэг хамаарахгүй гэж үзэхээр байна /14 хуудас/” гэжээ.

Бодит байдал дээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхон Төмөр замын гудамж дахь 7 дугаар байранд 15 тоот хаягтай Ү-2204012337 дугаартай нэг л үл хөдлөх эд хөрөнгө 2009 оны 09 дүгээр сарын 15-ны байдлаар байсан.

7 дугаар байр 2009 онд шатсан ба байрыг сэргээн засахдаа 15 тоотын өрөө тус бүрийг 15А, 15Б, 15В хаягтай болгож 3 хоногийн дараа буюу 2009 оны 09 дүгээр сарын 18-нд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Б, Ч.Э нар бичүүлэн авсан.

Хэрэв 7 дугаар байрны 15А, 15Б, 15В тоотууд үнэхээр 2009 онд шинээр бий болсон юм бол 5 жилийн дараа “ашиглалтын шаардлага хангахгүй” тухай мэргэжлийн хяналтын байгууллагын 2014 оны 07 дугаар сарын 14-ний 01-01/05, 2015 оны 02 дугаар сарын 04-ний 02-07-089/137 дугаар шийдвэр гарах ёсгүй.

Уг шийдвэрийг үндэслэн “дахин төлөвлөж барилгуужуулах” тухай А/151 дүгээр захирамжийг Нийслэлийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 24-нд гаргахгүй байсан ба мөн оны намар тухайн орон сууц буулгагдахгүй.

Үнэхээр шинээр үл хөдлөх эд хөрөнгө бий болсон юм бол түүнийгээ нотолсон баримт мэдүүлэг гаргагч нь бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх ёстой ч энэ тухай баримтыг огт өгөөгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгө гэсэн хэсгийг бөглөхөөс зайлсхийсэн байна.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Хуулийн дээрх зохицуулалт болон талуудын тайлбар ... зэргээс үзвэл ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. /15 дугаар хуудас/ гэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий өмчлөгч нартай компанийн ажилтнууд гэрээ байгуулсан. Сүүлд барилга хүлээлгэн өгөх гэтэл зарим хүмүүс нь ирээгүй, заримынх нь өмнөөс санхүүгийн байгууллага байр нэхэж ирснээр холбогдох баримтыг судлан үзэхэд хүн амьдрах боломжгүй буюу 9 м.кв талбайд хууль бус гэрчилгээ гаргуулан авсан болохыг мэдсэн. Ингээд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх зөрчигдөж байна хэмээн үзэж, түүнийгээ сэргээлгэхээр шүүхэд хандсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ш” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шар хад дахь Төмөр замын 6 дугаар байрны 15Б тоот 9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг бүртгэсэн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ү-2204026921 дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, мөн 6 дугаар байрны 15А тоот 9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч-ыг бүртгэсэн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ү-2204012337 дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл,  мөн 6 дугаар байрны 15В тоот 9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.Э-ийг бүртгэсэн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ү-2204026920 дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ч.У нь 32 м.кв талбай бүхий 15 тоот орон сууцыг Ч.Э-т бэлэглэсэн гэрээг 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн атлаа Ч.Э-ийн зөвшөөрөлгүйгээр Г.Б-од орон сууцыг бэлэглэсэн, нэгэнт Г.Б-д бэлэглэсэн бол тухайн орон сууцыг Ч, Ч.Э нарт бэлэглэх боломжгүй, улсын бүртгэгч хууль зөрчиж бүрдүүлбэр дутуу байхад бүртгэл хийсэн бөгөөд улсын бүртгэлийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс дээрх бүртгэлүүд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус болсон” гэж тайлбарлан маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны актыг илт хууль бусад тооцох урьдчилсан нөхцөлийг нэрлэн заасан бөгөөд эдгээрийн аль нэг шинжийг агуулсан бол тухайн актыг илт хууль бус захиргааны актад тооцохоор байна. Гэтэл энэ тохиолдолд Ч.У-с Г.Б, Ч.Э, Ч нарт шилжүүлсэн бүртгэлүүд нь хуулийн дээрх заалтад хамааралгүй, хэн ч харсан ойлгогдох, илэрхий алдаатай захиргааны актууд биш байна. Тухайлбал, тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгтээ тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт болон өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус хавсаргахаар заасан бөгөөд дээрх баримтуудыг хавсаргасан болох нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд дан ганц үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг мэдүүлэгт хавсаргаагүй гэх үндэслэлээр бүртгэлүүдийг илт хууль бус гэж үзэх боломжгүй юм.

 Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх зарчмын дагуу нэхэмжлэл үндэслэлгүй буюу илт хууль бус захиргааны актууд биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

Нэхэмжлэгчийн “Үнэхээр шинээр үл хөдлөх эд хөрөнгө бий болсон юм бол түүнийгээ нотолсон баримт мэдүүлэг гаргагч нь бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх ёстой ч энэ тухай баримтыг огт өгөөгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгө гэсэн хэсгийг бөглөхөөс зайлсхийсэн байна” гэсэн гомдлын хувьд: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Орон сууцны 6 дугаар байрны их засварын дараах төлөв байдлын тухай” 09-279/594 дүгээр дүгнэлтэд “...6 дугаар байрны галд өртсөн өрөөнүүдэд дээврийн даацаас хамааран өөрчлөлт орсон байгаа” гэж, хавсралтад 6 дугаар байрны 15 тоот өрөөний план зургийг 3 тусдаа хаалгатай 3 өрөө болгон өөрчилсөн байгаагаас  үзэхэд тухайн тохиолдолд бүртгэлээс татгалзах хуулийн үндэслэл үүсээгүй, холбогдох баримт бүрэн байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул маргаан бүхий улсын бүртгэлийг бодит байдалд нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Бүртгэлийн улмаас үүссэн хохирлын маргаан байгаа бол энэ нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал байна.

Тухайн үед үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “үнэн зөв,бодитой байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1-д “эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх” гэсэн энэ үндэслэлээр мэдүүлэг гаргагчийн баримт бичиг дутуу бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах байсан гэж хариуцагчийг буруутгасан гомдол гаргаж байгаа боловч тухайн тохиолдолд Ч.У-ийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан өргөдөл, 2009 оны Засаг даргын тодорхойлолт, “Ха” СӨХ-ны 2009 оны 11/499 дүгээр тодорхойлолт, фото зураг, план зураг, 57 дугаартай нотариатчийн гэрчилсэн 15Б тоот 9 м.кв талбай бүхий нэг өрөө байрыг Г.Б-од, 15В тоот 9 м.кв талбай бүхий нэг өрөө байрыг Ч.Э-т тус тус бэлэглэх гэрээг үндэслэн бүртгэсэн байх бөгөөд 15А тоот 14 м.кв талбай бүхий нэг өрөө байрыг Ч.У-ийн нэр дээр бүртгэж, 182 дугаартай нотариатчийн 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрчилсэн орон сууц бэлэглэлийн гэрээ, бүртгэлийн мэдүүлэг зэргийг үндэслэн Чын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн, нөгөө талаар эдгээр бүртгэл нь холбогдох хууль зөрчөөгүй, бүрдүүлэх баримт бичиг бүрэн байсан тул захиргааны байгууллагыг хууль зөрчиж бүртгэл хийсэн гэж үзэхгүй.

Иймээс улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                А.САРАНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ