Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч: Иргэн А.Э-ын  нэхэмжлэлтэй 

       Хариуцагч: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б-д холбогдох тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  35 дугаар  тогтоолыг хянан үзэж хүчингүй болгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаартай аймгийн төрийн албаны зөвлөлийн А.Э-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох тухай захиргааны актыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын  16-ны   өдөр хүлээн авч,  захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, гуравдагч этгээд Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч А.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Миний бие 2012 оноос иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар ажиллаж ирсэн. Тус ажлаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б өмнө нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Г-д тавигдсан актыг намайг барагдуулсангүй гэж удаа дараа сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан.  Улмаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан. Үүнийг би хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн эхний удаад аймгийн төрийн албаны зөвлөлд хандсан. Хугацаа дуусахаас өмнө гээд Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаартай тоотоор ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тухай тоот ирүүлэхэд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б захирамжаа хүчингүй болгон өөрчилж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 тоот тогтоолоор намайг ажлаас халсан шийдвэр гаргасан байсан.  Яагаад ажлаас халсан талаар би мэдээгүй Төрийн албаны салбар зөвлөл дээр очиж уулзахад өөрийг чинь ажлаас халсан тогтоол гаргаад ирүүлсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тухайн мэдээг Төрийн албаны салбар зөвлөлөөс авсан боловч одоог хүртэл намайг ажлаас халсан шийдвэр миний гар дээр ирээгүй. Намайг анхнаасаа хохироох зорилгыг агуулж байна гэж үзээд би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тогтоосон журмыг зөрчиж хуралдсан. Мөн тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй. Нэгдүгээрт ажлаас халсны дараа зөрчлийг нь тогтоож тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулсан нь тэргүүлэгчдийн хурал хүчин төгөлдөр биш явагдаж ирсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 11 дүгээр сараас хойш үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийг бус өмнөх онуудын хүмүүсийн хүлээсэн үүргийг надад хамааруулж үзэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Яг ямар үүргийг хүлээлгээд тухайн үүргийг биелүүлээгүй нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учир энэ нь хууль бус гэж үзэж байна. Мөн Б.Г-д хамаатай төлбөр барагдуулах актыг надад хамааруулсан нь хууль бус гэж үзэж байна. Аудит гэж одоо л ярьж байна. Аудитын асуудлаар сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг нь худал зүйл. Өмнөх дарга Б.Гүнмэргэний асуудлаар надад 2 удаа сахилгын шийтгэл оногдуулсан. Гүнмэргэн даргын ажлыг хууль бусаар булаан авч 3 шатны шүүхээр ажилгүй байсан хугацааны цалин 10 сая төгрөг төлөхөөр болсон. Нэгжний асуудал аймаг даяар яригдсан асуудал байгаа. Нэгж хэдэн төгрөг байсан талаар мэдээгүй. 

        Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх ажлыг ажлын захиалагч нь хуулиараа Засаг даргын Тамгын газар байдаг. Тухайн гэрээ нь надад хамааралгүй гэтэл энэ гэрээг надад хууль бусаар хамааруулсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 24.6 дугаар зүйлд зааснаар мөн хугацаа дууссан байхад зөрчилд тооцох боломжгүй худалдан авалтын гүйлгээ хийсэн гэж гүтгэсэн. Дээрх зөрчлүүдийн талаар нотлох баримтыг бүрдүүлж хавтаст хэрэгт хийсэн. Энэ бүгдээс харахад хууль бус ажлаас халалт нь харагдаж байна. Төрийн албан хаагчийн эрхийг хөндөж байж ямар ч сонсох ажиллагаа хийгдээгүй. 11 дүгээр сарын 20-нд ажлаас халсан. Гэхдээ ажлаас халсан тушаалыг 01 дүгээр сарын 26-нд надад өгсөн. Би иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж хүсэлт гаргасан. Намайг ажлаас гаргасан гэж үзэж байгаа. Тухайн өдөр санхүүгийн албаны даргаар ахалсан комиссоор эд хөрөнгийн тооллого хийлгэсэн. Миний тухайд төсвийн болон эд хөрөнгийн ямарч зөрчил гаргаж байгаагүй. Манай байгууллагын жилийн төсвийн бусад үйл ажиллагаанд 2 сая төгрөг дотор эргэлддэг тухайн төсвийг хэтрүүлсэн зүйл байхгүй. иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирсэн бичгийг бүгдийг хуулийн дагуу хүлээж аваад явсан. Ийм учраас дээрх шийдвэрийг хүчингүй болгож намайг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, Засгийн газрын 67 дугаар тогтоолоор олгох урамшуулал 270.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.      

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч А.Э-ыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаартай ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл нь  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь аудитын төлбөр барагдуулаагүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд хандсан Төрийн албаны зөвлөл нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 108 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн ав гэсэн албан бичиг ирүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хууль зүйн үндэслэлгүйгээр зохион байгуулж нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй. Төрийн албаны тухай хуулийн 15.1.7 дугаар зүйл, 25.1.1 заасан заалтыг зөрчиж Тэргүүлэгчдийн хурал нь хууль бус болсон. Э-ыг удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж байгаа боловч энэ талаар нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн Улсын байцаагчийн актыг биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэлийг 2 удаа оногдуулсан. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 25.6-д зааснаар нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхар оногдуулсан. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас сумын иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн даргад өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн  нотолгооны зүйл хэрэгт байхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24.3 дахь заалтыг зөрчсөн энэ нь шийдвэрийн төсөл хавсаргаагүй, үүний талаар хуралдааны бэлтгэл хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн заалтыг зөрчсөн. Үүнтэй холбоотой хууль зүйн үндэслэлгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Говь-Алтай аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлгүйгээр гарсан тул дээрх тогтоолыг хүчингүй болгож А.Э-ыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Төрийн албаны зөвлөлөөс гаргасан эрх зүйн актыг хэрэгжүүлээгүй дур мэдэн хууль зүйн үндэслэлгүйгээр тогтоол үйлдсэн тул тухайн актыг хэрэгжүүлэхийг ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгаж мөн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгож А.Э-ыг ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин болох 4.874.445 төгрөгийг ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас гаргуулж мөн нийгмийн даатгал эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

       Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар нэр дэвшиж 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсон. Ажил хүлээж авахад өмнө хурлын даргаар ажиллаж байсан Б.Г-д олгох 1.430.000 өглөгтэй аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2016 оны Иргэдийн хурлын санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар илэрсэн хурлын дарга Б.Г-д холбогдох санхүүгийн зөрчилтэй байсан. Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн төлбөрийг төлж барагдуулах талаар албан шаардлага ирж байсан. Энхжаргал нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажилладаг бүх санхүүгийн баримтад гарын үсэг зурж олгодог эрх бүхий албан тушаалтан. Хуулиараа энэ хүнд төсвийн менежерийн бүрэн эрхийг олгож, хууль бус санхүүгийн зарцуулалтыг таслан зогсоох эрх үүрэг олгогдсон байдаг. Ийм учраас би энэ хүнд өр төлбөрийг барагдуул гэдэг шаардлага тавьж ирсэн. Намайг ажлаа аваад 10 хонож байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирж уулзсан. Мөн аймгийн аудитын газраас ирж жилийн эцэс дуусах гэж байгаа учир өр төлбөрөө барагдуул гэдэг зүйлийг хэлж байсан. Би А.Э-ыг хуучин даргатай байгуулсан гэрээг дүгнэхгүй би шинэ гэрээ байгуулж тэрийгээ дүгнэж ажиллана гэдэг зүйлийг хэлж байсан. Тэгээд би Э-тай үр дүнгийн гэрээ байгуулж ажилласан. Үр дүнгийн гэрээний талаар Энхжаргалтай нэг ч удаа арга хэмжээ авч байгаагүй. Хугацаатай ирсэн аудитын төлбөр барагдуулаагүй гэдэг мэдэгдэл ирсэн. Тухайн бичиг тоотыг надад танилцуулаагүй. Г дарга буруу шийдвэр гаргасан байж болно төсвийн менежер түүнийг таслан зогсоох ёстой байсан.  А.Э-тай бүтэн жил хамтарч ажилласан гэтэл 2017 оны 5 сараас өр төлбөр барагдуул гэсэн шаардлага тавьсан. Мөн Аймгийн төрийн аудитын газраас иргэдийн хурлын санхүүгийн баримтад хяналт шалгалт хийхэд мөн зөрчлүүд илэрсэн. Амралтын мөнгө, цалинг давхардуулж олгосон. Засгийн газрын тогтоолыг зөрчиж хоёр газар нэгжний үнэ төлсөн 172000 төгрөгийн аудитын төлбөр тавигдсан. Тухайн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй. Мөн аудитын газраас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Шилэн дансанд мэдээлэл байршуулаагүй талаар албан бичиг ирсэн. 2017 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Цэвэг гэдэг хүн нилээд хатуу шаардлага тавьсан. Тэгээд 11 дүгээр сарын 18-нд хурал хуралдуулах гээд тухайн хурлаар 2 асуудал хэлэлцэх байсан. Хурал зарлах гээд Э руу утсаар ярихад Э аймаг явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш хуралтай гэдэг талаар хэлэхэд утсаа тасдаад аймаг явсан байсан. Би тэргүүлэгчдэд хурлын зар хүргээд 10 дугаар сарын 19-ний өдөр хурал хуралдуулсан.  Ирэх ёстой тэргүүлэгчдээс Б.Г тэргүүлэгч утсаа аваагүй. Хуралдаан эхлэхэд хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа би танилцуулсан. Тухайн хурал дээр шилэн дансанд мэдээлэл оруулаагүй талаар яригдсан. Би өөрт олгогдсон эрхийн дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан гэтэл А.Э ирээд хууль бусаар ажлаас халсан гэдэг гомдлыг төрийн албаны салбар зөвлөлд гаргасан байсан. Төрийн албаны зөвлөлөөс ажлаас халсан захирамжийг хүчингүй болгож ажилд нь эргүүлэн ав гэсэн тоотыг ирүүлсэн. Би өөрийн гаргасан шийдвэрт итгэлтэй байсан учир дараагийн шатны арга хэмжээг авч тэргүүлэгчдийн хуралдааныг хуралдуулж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Э нь удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй мөн хууль бусаар шийдвэр гаргасан гэж шүүхэд гомдол гаргасан учир цаашид энэ хүнтэй хамтарч ажиллах эрх байхгүй гэдэг үндэслэлээ танилцуулж Сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 35 тоот ажлаас халсан тогтоол гарсан. Тэргүүлэгчдийн хурал хууль бус болсон гэж байна. Тухайн хуралдаанд оролцсон хүмүүс өнөөдөр шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа учир тухайн хүмүүс хэлэх байх. Мөн Э нь төрийн албан хаагчид хамгийн хориотой гүйлгээг хийсэн. 2017 оны 10 дугаар сард аймгийн Төрийн аудитын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн сүүлийн 3 жилийн үйл ажиллагаа санхүүгийн баримтад хяналт хийж дүгнэлт өгөх гэж байгаа учир сүүлийн 3 жилийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зарцуулсан тайланг ирүүл гэсэн албан бичиг ирсэний дагуу би сүүлийн 3 жилийн баримттай танилцах явцад санхүүгийн зөрчилтэй гүйлгээ хийсэн баримт гарч ирсэн. Цонж хоршооны эзэмшигч Э гэдэг хүн нь Э-ын гэр бүлийн хүн. Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 212 тоот албан бичгээр хууль сахиулах байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгжүүлэх гүйцэтгэлийн аудит хийж байгаа болно гэсэн тус аудиттай холбоотой баримт судалгааг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирүүлнэ гэж заасан. Энэ Аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон. Жижигхэн асуудлаар энэ хүнд хариуцлага тооцоод байна гэж хэллээ. Төрийн албан хаагчийн зарчимд жижигхэн зөрчлийг зөрчил гэж үзэх үндэслэл мөн үү. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны үндсэн зарчмыг зааж өгсөн. Ямар ч зөрчил гаргаагүй хүнийг сахилгын шийтгэл оногдуулсан зүйлийг яриад байна. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөөд гомдол гаргах хугацаа өнгөрсөн. Дараа дахин сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр арга хэмжээ авагдсан Тэгээд Э-тай уулзаж ярилцаад үүн дээр арга хэмжээ авна гэж хэлэхэд арга хэмжээ аваад хэрэггүй би өөрөө өргөдлөө өгөөд гарна гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа ирээд би шүүхээр явна гэж хэлээд тогтоолоо аваад гарсан. Би өөрийн гаргасан шийдвэрийг зөв гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

          Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.7 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасан байгаа. Тухайн өдрийн хурлыг хүчингүйд тооцох үндэслэл байхгүй. Тухайн хурал хуралдахад 4 төлөөлөгч ирсэн учир төлөөлөгчийн олонх ирсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн хуулийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасан байна. Ж.Д гэрч хэлэхдээ би гараа өргөөгүй иймээс 75 хувийн саналтай баталсан гэж хэлсэн. Тэгэхээр энэ хурал дээр Э-ын талаар яригдсан.Иймээс хурал хүчингүй болсон гэж үзэх үндэслэл байхгүй. Хуралдааны журамд шаардлагатай тохиолдолд хурлыг олонх ирээд хуралдсан учир тухайн хурал хууль зүйн дагуу явагдсан. Иймээс хүчингүй болгох үндэслэл байхгүй. Мөн Э-ын авагдсан алдаа дутагдал нь энэ хүн зөрчил гаргаад сахилгын арга хэмжээ авагдсан. 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн сахилгын арга хэмжээ авагдаад гомдол гаргаагүй тухайн сахилгын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 10 сарын 06-ны өдрийн Төрийн аудитын газрын шалгалтаар алдаа дутагдал гарсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар аж ахуй нэгж байгууллагад шалгалт хийгдсэн. 2017 оны 10 дугаар сард хийгдсэн хяналт шалгалтаар тухайн зөрчлүүд илэрсэн байгаа. Э нь өөрийн компани руу мөнгө шилжүүлсэн  зөрчил нь шалгалтаар илэрсэн. Сахилгын шийтгэл оногдуулсан нь давхардуулж оногдуулсан зөрчил биш юм. Нэгжний зөрүү мөнгө гэдэг нь аудитын газрын шалгалтаар тогтоогдсон зөрчил.  Тухайн үед санал зөрж байсан бол тухайн үеийн актад гомдол гаргах боломжтой байсан. Гэтэл та тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөөд төлсөн байгаа. Энэ зөрчил нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн сахилгын зөрчил дээр давхардаагүй зөрчил. Шилэн дансны мэдээллийг дутуу оруулсан нь бас зөрчил. Хавтаст хэрэгт байсан 9 сарын байдлаар авч үзэхэд шилэн дансны мэдээлэл дутуу орсон байсан гэдэг. Нэгдүгээр гарын үсэг зурдаг хүн нь Э  учир та хариуцах ёстой байсан. Мөн та төрийн албан хаагчийн тангараг өргөсөн хүний хувьд өөрийн гаргасан зөрчлийг зөвшөөрөөд явбал зүгээр байх. Иймээс Говь-Алтай аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан зүйл байхгүй. Мөн энэ ажлыг би хариуцан хийх ёсгүй байсан гэдэг зүйлийг яриад байна. Гэтэл тухайн акт таны нэрээр гарсан. Хэрэв та энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25.4 Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэсний дагуу та тухайн хуралд гомдол гаргаагүй. Иймээс тухайн хурлаа бүрэн ирцээр нь хуралдуулаад энэ асуудлаа шийдэх боломжтой байсан.  Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

          Гуравдагч этгээд Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2005 оноос 2010 он хүртэл ******* сумын Хаан банкны эдийн засагчаар ажиллаж байсан. 2014-2016 оны хооронд нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байсан. Одоо ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч хийгээд явж байна. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хурлын дарга Г.Б ярьсан. Түр ажлын орон тоо байна гэж ярьсан манай гэр бүлийн хүн ажилгүй, би өөрөө ажилгүй байсан учир ажиллах хүсэлтээ өгсөн. Хурлын нарийн бичгийн ажлыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан. Ажлаа хүлээж аваад ажлын компьютер болон архивын талаар баримт мэдээлэл байхгүй бүгдийг устгасан байсан. Миний хувийн бодол бол төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой гэж боддог. Би өөрийн хэмжээнд хурлын үйл ажиллагааг үргэлжлүүлээд явж байгаа. Шилэн дансны мэдээллийг оруулаагүй байсан. 11 дүгээр сард мэдээллийг нөхөж оруулсан. Тухайн гарын үсэг зурах эрх бүхий этгээд мэдээллээ оруулна гэж заасан байгаа учир би өөрийн биеэр мэдээллээ оруулж байна. 2017 оны 12 дугаар сарын 20-нд Г-тэй холбоотой 503000 төгрөг мөн нэгжний асуудлыг Б.Г-ий тэтгэмжээс суутгаж барагдуулсан. А.Э-тай холбоотой нэгжний  30000 төгрөг төлөгдөөгүй. Ажлаас халсан тогтоолыг гардаж аваагүй гэж хэллээ. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би гэрт нь орж гардуулж өгсөн. Мөн өөрөө хурлын ажлын албанд хүсэлт гаргасан байсан учир тухайн үед тэргүүлэгчдийн хурал хийгээд тоотыг ажлаас халсан тогтоолын хамт гэрт нь хүргэж өгсөн. Бүх албан бичгийн хурлын нарийн бичиг хүлээж аваад холбогдох хүмүүст хүргүүлдэг. Актын төлбөр гараад ирээд  удсан байхад би тэр бичгийг мэдээгүй гэдгийг хэлж байсан. Ирсэн бичгийг мэдээгүй байна гэдэг нь байж боломгүй асуудал байх гэв. Нутгийн өөрөө  удирдах ёсны байгууллага хууль журмын дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлыг хийсвэр хурал болсон гэж хэллээ. Тэгэхээр тухайн хурал нь хүчин төгөлдөр болсон. 2017 оны 11 дүгээр сарын 19-нд тэргүүлэгчдэд мэдэгдээд өөрөө очиж уулзаад хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг бүгдэд нь өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар хурлаар 3 асуудлыг хэлэлцсэн нэгдүгээрт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан байгуулах, хоёрдугаарт иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тогтоох тухай, гуравдугаарт Говь-Алтай аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийн тухай гэсэн асуудлуудыг хэлэлцээд хэлэлцсэн асуудал бүр дээр тогтоол гаргасан. Төрийн албан хаагч төсвийн шууд захирагч гэдэг нь хариуцлагатай албан тушаал байдаг. Төрийн албан хаагчид зөрчил дээр жижиг, том, их, бага гэсэн зүйл байхгүй. Зөрчил гаргасан зөрчилтэй үйлдлийг таслан зогсоох ёстой байдаг. Шилэн дансны мэдээллийг тухайд бүтэц орон тооны мэдээллийг 1, 2 дугаар сарыг оруулсан байсан учир оруулаагүй сарын мэдээллийг гүйцээж оруулсан гэв.

          Гэрч Б.Г шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтэй: 2016 оны орон нутгийн сонгуулиар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр сонгогдоод анхдугаар хуралдаанаараа тэргүүлэгчдийн ажиллах журмыг баталж өгсөн. Тэргүүлэгчдэд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хоёроос доошгүй хоногийн өмнө утсаар буюу бичгээр мэдэгдсэн байх гэсэн заалт байдаг. Гэтэл тухайн зарыг надад мэдэгдээгүй, тухайн заалтыг зөрчсөн. Сүүлийн үеийн тэргүүлэгчдийн хуралдаан хэлэлцэх асуудал нь тодорхойгүй байж байгаад хуралддаг болсон. Өмнөх хурлын үеэр би Улаанбаатар хотод явж байсан утсаар мэдэгдэх боломж байсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд 3 хоногийн өмнө хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг тэргүүлэгчдэд мэдэгдэх ёстой гэсэн хуулийн заалт байгаа. Анхдугаар хуралдаанаар баталсан журам дээр 2 хоногийн дараа гэж заасан байгаа. Энхжаргалыг ажлаас халах хурал дээр ямар ч хэлэлцэх асуудлын төлөвлөгөө тараагдаагүй. Тодорхой хэлэлцэх ажлаар нэг хоногийн өмнө хурлын товыг хэлэлцэх ажлын төлөвлөгөөний хамт хүргүүлдэг. 2014 онд бусад гэдэг асуудлыг оруулахаа больсон хэлэлцэх асуудал заавал тодорхой байхаар зөвлөлдсөн. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Цонж хоршоогоор дамжуулан бичиг цаас авах явдал гарч байсан. Компьютер авсан  явдал гарч байгаагүй. Ажлаас халсан үйлдэл нь улс төрийн агуулгатай байсан. Б дарга байнга хууль бус зүйл хийдэг. Би өөртөө захирамж гаргаад авсан байсан тэр нь аудитын шалгалтаар илрээд тухайн үед би ажилгүй байсан учир төлж чадалгүй байж байгаад он гарахаас өмнө төлж барагдуулсан. Тухайн 500.000 төгрөг нь Э-тай ямар ч хамааралгүй гэв. 

         Гэрч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын даргыг Б дарга маргааш хуралтай гэж утсаар ярьж мэдэгдсэн. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  хурлын зарыг урд өдөр нь хуралтай гэж ярьсан. Тухайн хурал дээр Төрийн албаны салбар  зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийг танилцуулаад захирамжаар биш тогтоолоор халах асуудал яригдсан гэв. 

       Гэрч Ж.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Г.Б  дарга 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө над руу яриад өчигдөр хэлэх гэсэн боловч мартсан байна. Өнөөдөр хуралтай гэж хэлсэн. Би өглөө хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг авсан. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн албан бичгийн талаар хэлэлцэнэ гэж бичигдсэн байсан. Э-ын тухай гэж мэдээгүй. Төрийн албаны зөвлөлөөс бичиг тоот ирсэн.  энэ нь Энхжаргалын талд гарсан байна. Тухайн хуралд 4 тэргүүлэгч оролцсон. 75 хувийн саналтай шийдэгдсэн. Э-ыг ажлаас халсан тогтоол уншаагүй. 

       Гэрч Б.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б дарга өөрөө маргааш тэргүүлэгчдийн хуралтай гэж мэдэгдсэн. Тэргүүлэгчдийн хурал дээр төсвийн асуудал хэлэлцэнэ гэсэн боловч хурал болох гэж байхад аймаг явсан гэдэг зүйл яригдаж маргаан үүсээд чамтай хамтарч ажиллах боломжгүй байна ажлаа хүлээлгэж өг гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн хурал дээр Э байсан. Дараагийн хурал дээр 4 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан. Тухайн хурал дээр Төрийн албаны зөвлөлөөс бичиг ирсэн гээд Э нь удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг зүйлийг яриад ажлаас халсан тогтоол гаргасан хурал дээр Э байхгүй байсан. Ажлаас халах тогтоол гарлаа гээд тухайн тогтоолыг уншаад 3 хүн хүлээн зөвшөөрч 75 хувиар батлагдлаа гэдэг зүйлийг хэлсэн. Өмнө хурлын зарыг мэдэгддэг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хүргэдэггүй байсан. Харин сүүлийн үед хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гэж бичгээр хүргүүлдэг болсон гэв.                                            

ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралд хэргийн оролцогч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд, гэрч  нарын  мэдүүлэг, тайлбар  зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн А.Э-ын  нэхэмжлэлтэй,  тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б-д  холбогдох 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 35 дугаар бүхий тогтоолыг хүчингүй болгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  Нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  дарга Г.Б нь 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн 35 дугаар бүхий тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.7,  25 дугаар зүйлийн 25.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, 16.5.8 зэрэг заалтуудыг  үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн байсан А.Э-ыг үүрэгт ажлаас нь халжээ.  

         Нэхэмжлэгч нь анх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  2017 оны 10 дүгээр сарын 20-ний өдрийн 05 дугаар бүхий тогтоолыг хүчингүй болгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргаж байсан ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 35 дугаар бүхий тогтоолыг хүчингүй болгуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан,  нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх мөн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаартай аймгийн төрийн албаны зөвлөлийн А.Э- ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох тухай захиргааны актыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах тухай  болгон өөрчилсөн. 

         Нэхэмжлэгч А.Э нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  даргын 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан байна.  2014 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхдээ 92.5 оноотойгоор “А”буюу “Маш сайн”  үнэлгээтэйгээр, 2015 оны гэрээгээ 88.6 оноотойгоор “В” буюу “ Сайн” үнэлгээгээр дүгнүүлж байжээ.

        2017 оны 06-р сард ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар санхүүгийн хяналт, аудитын актын төлбөрийг барагдуулах талаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж сарын цалинг бууруулах сахилгын шийтгэл ноогдуулж байсан нь өөрийн нь мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа боловч энэ талаараа ямар нэгэн санал, гомдол гаргаж байгаагүй байна.  Мөн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус хурлын даргын 05 дугаартай захирамжаар аудитын актын төлбөрийг барагдуулах талаар удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

        2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн Сангийн яамны улсын байцаагчийн нэр бүхий төлөөлөгчидөд урамшуулал олгохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь өөртөө 503.000 төгрөг олгосон байгаа нь Төсвийн тухай хууль зөрчиж батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах заалтыг зөрчсөн гэх 

         2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн аймгийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай 02/94 дугаартай ажилчдын амралтын цалинг үндсэн цалинтай давхардуулан олгосон, ажилчдын цалингаас ХХОАТатварыг дутуу суутгаж  цалин илүү олгосон, албан тушаалтны гар утасны төлбөрийг төсвөөс санхүүжүүлсэн гэх зөрчил

         2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн аймгийн аудитын газрын мэдэгдэл хүргүүлэх тухай 1/6  дугаартай аудитын шалгалтаар илэрсэн дутагдлын биелэлтийг тодорхой хугацаа өнгөрсөн байхад хариу ирүүлээгүй гэх 

         2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 212 дугаартай аймгийн аудитын газрын “Хууль сахиулах байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-ийн материалыг ирүүлэх

         2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18  дугаартай аймгийн санхүүгийн хяналт, аудитын газрын “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилт, мэдээллээ байршуулсан байдал хангалтгүй зөв байршуулж тайлагнах тухай зэрэг зөрчлийг удаа дараа  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн дарга А.Э-д  амаар болон цохолтоор үүрэг болгож шаардаж байсныг биелүүлж байгаагүй нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хурлын мэтгэлцээнээр болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдаж байна. Эдгээр зөрчлүүдийг арилгуулах талаарх  өгсөн үүрэг даалгаврыг  биелүүлээгүй гэх үндэслэлээр А.Э-ыг иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2017 оны 10 дугаар сары20-ны өдрийн  05 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас нь халсан бөгөөд сумын уг захирамжаа Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж,Түүний Удирдлагын Тухай Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1ж-д зааснаар “тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж … нийцээгүй бол хүчингүй болгох” гэсэн заалтын дагуу хүчингүй болгож 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 35 дугаартай иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны  тогтоолоор баталж энэ тухайгаа аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байна. 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дахь хэсэгт зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна. Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14 дэхь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч байхаар хуульчилсан байна. 

       Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

      Үүнд: 16.5.Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

       16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;

16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулахаар хуульчлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргад дээрх бүрэн эрхийг олгосон байна. 

Энэ байдлаас харахад ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга ажилтай байсан А.Э нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулж, хяналт тавих, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь талуудын мэдүүлэг аудитын акт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын албан бичиг зэргээр нотлогдож байна. Иймд А.Э-ыг ажлаас халсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  Нэхэмжлэгч нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар  А.Э-ыг ажлаас халах тухай тогтоолыг одоог хүртэл аваагүй гэх боловч гуравдагч этгээд болон нэхэмжлэгчийн өөрийнх тайлбараар 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан болох нь нотлогдож байна.  Мөн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг надад явуулаагүй гэх боловч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А.Э-д Сахилгын шийтгэл ногдуулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанд өөрийн биеэр оролцсон болох нь тухайн өдрийн хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл болон өөрийнх нь мэдүүлэгээр нотлогдож байна. 

Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. мөн хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч А.Э нь шилэн дансны мэдээллээ цаг тухайд нь оруулдаггүй байсан нь гуравдагч этгээдийн тайлбар болон аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаартай Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллах, цахим системд мэдээлэл байршуулах үүрэг бүхий албан тушаалтны ажлыг идэвхижүүлэх, хуульд заасан хугацаанд мэдээллээ үнэн зөв бодитой байршуулан  тайлагнах шаардлагатайг анхааруулан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад албан бичиг хүргүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна. 

Мөн бичиг хэргийн зардал 2015 онд 6ш бичгийн цаас, цэнэглэгч хорны үнэ  42900, 28000,  2016 онд 2ш бичгийн цаас , хорны үнэ 147000 төгрөгийг зэргийг Цонж хоршооны дансанд шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаж  нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа мөн дурдсан байна. Тухайн Цонж хоршоо нь нэхэмжлэгч А.Э-ын нөхрийн  нь  хоршоо бөгөөд дээрх байдал нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийг зөрчиж байна.

 ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаан хууль бус болсон гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байгаа боловч  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж зааснаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаанд 7 тэргүүлэгч оролцохоос Ардчилсан намын 3, Монгол ардын намын 1 нийт 4 тэргүүлэгч ирж олонхи хүрэлцэн ирсэн тул уг хурлыг хүчинтэйд тооцохоор байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдааны тэмдэглэлээс харахад 7 тэргүүлэгчээс 4 тэргүүлэгч хуралдаанд оролцсон ба 3 тэргүүлэгч чөлөөтай гэсэн тэмдэглэл мөн гэрч нарын мэдүүлэг зэргээс харахад тухайн хуралдааныг хууль бус гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй байна. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, хуулийн 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,  25 дугаар зүйлийн 25.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5 дахь хэсэгт  заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн А.Э-ын  нэхэмжлэлтэй,  ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б-д холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  35 дугаар  тогтоолыг хянан үзэж хүчингүй болгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 108 дугаартай аймгийн төрийн албаны зөвлөлийн А.Э-ыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох тухай захиргааны актыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх  шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.САРАНЧИМЭГ