Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1532 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Ганзоригт холбогдох

“8.004.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б.Оюун-Эрдэнэ миний бие хариуцагч М.Ганзоригт 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Мөн дахин 600 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болно. Зээлдэгч Ганзориг нь 3 000 000 төгрөгний 1 сарын хүү 240 000 төгрөгийг 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Мөн 600 000 төгрөгний 1 сарын хүү 48 000 төгрөгийг 1 удаа өгсөн болно. Үүнээс хойш элдэв шалтаг шалтгаан тоочсоор өнөөдрийн хүрсэн. Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн хашаа байшин болох Баян-Өндөр сумын Наран багийн 63-01 тоот дахь 48.75 м2  газартай байшинг тавьсан болно. Зээлээ төлөхийг удаа дараа шаардахад удахгүй зээл аваад бүгдийг нь төлж дуусгана гээд нэг мөсөн 1 жил буюу 360 хоногоор сунгуулсан. Сунгалтын хугацаа дуусахад мөн л зээлээ төлөөгүй бүр утасаа ч авахгүй болсон. Бидний хооронд хийсэн зээлийн гэрээнд зээлээ төлөөгүй тохиолдолд хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалт байгаа. Үүний дагуу хариуцагч Ганзориг зээлээ төлөөгүй 64 хоног хэтэрч байна. Сүүлд авсан 600 000 төгрөний хэтэрсэн хугацаа 28 хоногоор хэтэрсэн болно. Үүний дагуу эхний авсан 3 000 000 төгрөгний 64 хоног хэтэрсэн алдангийн хэмжээ 960 000 төгрөг болж байна. Дараагийн авсан 600 000 төгрөгний хэтэрсэн 28 хоногийн алдангийн хэмжээ 84 000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ганзоригоос үндсэн зээл 3 600 000 төгрөг зээлийн хүү 3 360 000 төгрөг, 600 000 төгрөгний 360 хоногийн хүү 480 000 төгрөг, 3 000 000 төгрөгний 360 хоногийн хүү 2 880 000 төгрөг, алданги 1 044 000 төгрөг, 3 000 000 төгрөгний алданги 960 000 төгрөг, 600 000 төгрөгний алданги нийт 8 004 000 төгрөгийг барьцаанд тавьсан Ганзоригийн хувийн хашаа байшингаас хангуулж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б.Оюун-Эрдэний нэхэмжлэлтэй танилцлаа. Би энэ хүнээс мөнгө авсан нь үнэн юм. 3 000 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сард авсан. 2 сарын хугацаатай аваад 1 сарын хүү гэж 240 000 төгрөг төлөөд 5 сард хүү өгч чадаагүй юм. Тэгсэн чинь Б.Оюун-Эрдэнэ нь уурлаад харааж загнаад 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ хийсэн юм. Тэгээд зээл хүүгээ төлж чадаагүй явж байгаад 2015 оны 08 дугаар сард албан байгууллагынхаа хэрэгцээнд зориулж 600 000 төгрөг дахиад 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд 1 сарын хүү болох 48 000 төгрөгийг төлсөн. Ломбардны бичиг дээр гарын үсэг зуруулж өгсөн. Одоо би 600 000 төгрөгийг ажлын газрын хүмүүсээсээ цуглуулж авч өгнө. Алданги болон хүү төлөхгүй. Б.Оюун-Эрдэнэ нь уурлаж, харааж, загнаж байгаад надад уншуулахгүйгээр олон юман дээр гарын үсэг зуруулж байсан. Анх 3 000 000 төгрөг өгөхдөө мөнгө өгсөн баримт үйлдээгүй мөртлөө бүр хожим ломбардны бичгэн дээр гарын үсэг зуруулсан. Ингэж шүүхэд өгөх гээд баримт цуглуулсан юм байна. Би анх тохирсон ёсоор 3 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй авсан учраас 3 480 000 төгрөг төлөх ёстой. Тиймээс төлсөн 240 000 төгрөгийг хасаад 3 240 000 төгрөг, үүн дээр 600 000 төгрөг бүгд 3 840 000 төгрөгийг төлнө. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бүр хожим албан шахалт дарамтан дор хийсэн учраас хашаа байшингийн үнээс төлүүлэх ёсгүй гэж бодож байна. Хэдийгээр миний нэр дээр байдаг боловч хашаа байшин бол манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Отгончимэг шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие М.Ганзоригтой 2002 онд гэр бүл болоод 10 гаран жилийн дараа орох оронтой болсон. Гэтэл нөхөр Ганзориг 2015 оны хавар хүүхэд хагалгаанд ороход 3 000 000 төгрөг ломбарднаас авсан гэсэн мөртлөө өөрсдийн газар хашаа байшингаа тэр ломбардны хүнд барьцаалсан байна. Надад энэ тухай огт хэлээгүй. Газар хашаа байшинг 10 000 000 төгрөгөөр 2015 оны 6 дугаар сарын эхээр худалдан авсан юм. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр барьцаанд тавьсан байна. Уг хашаа байшин манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч учраас Ганзориг ганцаараа дур мэдэн барьцаанд тавих эрхгүй. Иймд Ганзориг, Оюун-Эрдэнэ нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

М.Ганзориг нь 3 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр авсан. Би түүнийг танихгүй тул мөнгө авсан өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зохих газарт бүртгүүлэх зэргээр гэрээгээ хуулийн дагуу байгуулсан. Түүнээс биш түүний өмгөөлөгч Д.Оюунчимэгийн бичээд байгаачлан гэрээг нөхөж, харааж загнаж гарын үсэг зуруулсан удаа ер байхгүй. Миний таньдаг Алтангэрэл дагуулан ирж гуйж байгаад 3 000 000 төгрөг зээлж авсан. Би Ганзоригийг танихгүй тул барьцаа авахгүйгээр мөнгө өгөх ямар ч үндэслэлгүй. Гэрээнд заасан хугацаа өнгөрсөн тул шаардах нь зүй ёсны хэрэг, хэзээ яаж төлөх талаар асуухад 2016 оны 08 дугаар сард цалингийн зээл аваад бүх өрөө төлнө гэсэн тул түүний гуйж хүссэний дагуу 2016 оны 08 дугаар сар хүртэл сунгасан. Сунгасан хугацаа дуусаад мөнгөө нэхэхэд та шүүхэд ханд гомдолгүй гэсэн гэжээ.

Хариуцагч М.Ганзориг бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлээд барьцаанд тавьсан тухайгаа эхнэртээ хэлээгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1532 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасныг баримтлан хариуцагч М.Ганзоригоос 7 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс 804 000 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Б.Оюун-Эрдэнэ, М.Ганзориг нарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн барьцаалан зээлдүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нотлох баримтаар ирүүлсэн Ү-2101008746, Г-2101005521 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээнүүдийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143 050 төгрөг, М.Отгончимэгийн төлсөн 62 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ганзоригоос 130 150 төгрөг гаруулан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд, 31 475 төгрөг гаргуулан М.Отгончимэгт олгож, Б.Оюун-Эрдэнээс 31 475 төгрөг гаргуулан М.Отгончимэгт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Миний бие М.Ганзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8.004.000 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Баян-Өндөр сум Нарангийн 63-01 тоот дахь 48.75 м2 газартай хашаа байшингаас гаргуулах шаардлага гаргасан.Шүүхээс уг нэхэмжлэлийн хэргийг шийдвэрлэхдээ М.Ганзоригийн надтай байгуулсан барьцааны гэрээг гуравдагч этгээд М.Отгончимэгийн шаардлагын дагуу хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. 2015 оны 06 сарын 24-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлээ “гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах” шаардлагатай тул дээрхи шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.Отгончимэгт барьцаанд эд хөрөнгөө тависнаа хэлээгүй, мэдээгүй байсан байх боломжтой гэж үзлээ гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна.

ИХ-ийн 126-р зүйлийн 126.1, 126.2.4 нь “гэр бүлийн гишүүдийн хоорондох эд хөрөнгийн харилцааг зохицуулсан заалт юм.ИХ-ийн 128.3-т заасан 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хэлцэл гэдэг нь зөвхөн тухайн гэр бүлийн гишүүн өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиололд тухайн өмчлөчийн зөвшөөөрөл зайлшгүй байх тухай ойлголт юм. Хэрэв өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол нотариатч, улсын бүртгэлийн албаны бүртгэгч уг гэрээг баталх, хүлээн авч бүртгэх ёсгүй байсан. Иймд уг заалтыг буруу хэрэглэлээ. Улсын бүртгэлд Нарангийн 63-01 тоот хашаа байшингийн өмчлөгчөөр М.Ганзориг бүртгэгдсэн. Уг бүртгэлийг үнэн зөв гэж тооцон, гэрээг батлах, бүртгэх ажиллагаа хийгдсэн бөгөөд энэ нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь өөрөө онцлог бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр барьцаа хүчин төгөлдөр болдог.

М.Отгончимэг нь уг барьцааны талаар мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй.Тэрээр шүүх хуралд энэ талаар 2015 оны 07 сард мэдсэн тухайгаа уг мөнгийг урьд нь авсан /гэр бүлийн хэрэгцээний/ зээлээ хаах зэрэгт зарцуулснаа шүүхэд тайлбарладаг юм.Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг гуравдагч этгээд надаас шаардах эрхийг ИХ-ийн 128.3-т зааснаар зохицуулаагүй юм.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Талуудын хооронд анх мөнгө зээлэхдээ 2015 оны 4 дүгээр сард 3 000 000 төгрөг 2 сарын хугацаатай зээлсэн гэдгийг хариуцагчийн эхнэр М.Отгончимэг гэрчилж байгаа бөгөөд хүүхдээ эмчлүүлэх гэж авсан тул гэрчлэх баримтууд нь хүүхдүүдийн эмнэлэгийн картууд. Тухайн үед Оюун-Эрдэнэ нь нотариатын бичиг дээр гарын үсэг зуруулж өгсөн бөгөөд эхний 1 сарын хүүг төлөөд дараагийн сарынхыг нь төлж чадаагүй учраас гэрээ хийнэ, барьцаа өг гээд 6 сарын 24-нд бичгээр гэрээ хийсэн гэж хариуцагч Ганзориг тайлбар өгдөг. Энэ өдөр мөнгө аваагүй бөгөөд үүнийг түүнд байгаа гэрээний хувь дээр мөнгө хүлээж авсан тухай бичилт байхгүй байгаа нь нотолно. Мөнгө авсанаас хойш 1 жил 1 сарын дараа буюу 2016 оны 7 сард манай гэрт нь ирээд олон цаасан дээр загнаж байгаад гэрээгээ сунгасан гэж гарын үсэг зур гэж зуруулсан гэдэг.Тэр үед л Оюун-Эрдэнэ мөнгө хүлээж авсан гэж гарын үсэг зуруулсан байна.Хариуцагчид байгаа гэрээний хувь дээр гэрээ сунгасан тухай бичилт болон мөнгө авсан тухай гарын үсэг байхгүй байгаа нь үүнийг нотолно. Хэрэв яг 6 сарын 24-нд гэрээ хийгээд мөнгө хүлээлцсэн бол хоёр гэрээн дээр хоёулан дээр нь адилхан гарын үсэг зурна биз дээ. Хэрэв гэрээг талууд харилцан тохиролцож сунгасан бол 2 гэрээн дээр адилхан сунгалт хийсэн бичилт байна биз дээ. Тэгэхээр талууд гэрээг сунгасан асуудал дээр чөлөөт байдлаар биш нэг талын хүсэл зоригоор хийгдсэн гэдэг нь тодорхой байгаа юм. Гэрээ сунгасан бичилт бол Оюун-Эрдэний гараар бичигдсэн байгаа бөгөөд жил гарангийн өмнө хугацаа нь дууссан гэрээний хүүг нөхөж төлнө гэж зураагүй, намайг загнаж байгаад л баахан цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж хариуцагч тайлбарладаг. Энэ нь үнэний ортой. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээний ард байгаа “сунгалт гэсэн бичилтүүд хариуцагчийн гаргаж өгсөн гэрээний ард байхгүй байгаа явдал нь нэхэмжлэгч өөртөө байгаа гэрээн дээр хожим тааруулж хийснийг нотолно.

Харин хариуцагч Ганзориг нь анх авсан мөнгө буюу 3 600 000 төгрөгийг амаар тохирсон ч гэсэн хүүгийн хамт өгье гэж шүүх хурал дээр хэлсэн.Хоёрын хоёр хүүхэд нь өвдөөд эмчилгээнд мөнгө хэрэг болоод Оюун-Эрдэнээс мөнгө авсан нь үнэн.Харин сүүлийн сарын хүүгээ төлж чадахгүй болоод эхнэртээ хэлэлгүй хашаа байшингийнхаа гэрчилгээг дан ганц өөр дээрээ гаргуулаад барьцаанд тавьсан, тийм учраас энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг хариуцагч хийж байна. Шүүх харин энэ асуудлыг зөв шийдсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт үндсэн мөнгө 3 600 000 төгрөг болон түүний нэг сарын хүү 288 000 төгрөг бүгд 3 888 000 төгрөгийг Ганзоригоос гаргуулж Оюун-Эрдэнэд олгохоор өөрчлөлт оруулна уу гэжээ.

                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй ч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ хариуцагч М.Ганзоригоос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.004.000 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Отгончимэг нь Б.Оюун-Эрдэнэ, М.Ганзориг нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.Ганзориг нь 2015.06.24-ний өдөр нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэтэй зээлийн гэрээ хийж 3.000.000 төгрөгийг 2015.06.24-нөөс 2015.08.24-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. 2015.07.24-ний өдөр уг 3.000.000 төгрөгийг 2016.07.24-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгуулж хүүнд 2.880.000 төгрөг төлөхөөр, 2015.08.01-ний өдөр 600.000 төгрөгийг 2015.08.31-нийг хүртэл сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ хийсэн байх ба энэхүү гэрээгээр 2015.08.31-ний өдрөөс 2016.08.30-ны өдөр хүртэл 1 жилээр сунгаж жилийн хүүд 480.000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь тогтоогдсон байна.

2016.06.24-ний өдөр 3 сая төгрөгний зээлийн барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум 10-р баг Наран 63 гудамж 01 тоотод байрлалтай 48,75 м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 838 м2 газар барьцаалж барьцааны гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /зээлийн гэрээ хх-4,5 барьцааны гэрээ хх- 6, Y-2101008746 дугаар гэрчилгээ, Г-2101005521 дугаар газрын гэрчилгээ хх-7-8/ тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Зохигчид зээлийн үндсэн гэрээнүүдэд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байгаа боловч гэрээг сунгахдаа алдангийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч М.Ганзоригоос алданги шаардах эрхгүй юм.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба алдангийг гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхгүй болно.

Хариуцагч М.Ганзориг нь 3 сая төгрөгийн зээлийн үндсэн гэрээний 2 сарын хүүнээс нэг сарын хүү болох 240.000 төгрөг, 600.000 төгрөгний хүүнээс 1 сарын хүү 48000 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй байна.

Харин анхан шатны шүүх хариуцагчийн төлөх үндсэн зээл хүүг тооцохдоо тооцооны алдаа гаргасныг зөвтгөж залруулах нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч 3 сая төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай хүү төлөхөөр гэрээнд заасан байгаа боловч /2015.06.24-08.24 хооронд/ сунгалтаа 2015.07.24-нөөс 2016.07.24 хүртэл хийсэн байгаа. Үүнээс үзэхэд 07.24-нөөс 08.24 хүртэл хугацааны хүү 240.000 төгрөг давхардаж тооцогдсон байгааг анхаараагүй байна.

Мөн шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 126, 128 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Шүүхийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжтой тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид гэр бүлийн гишүүд иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шаардах эрхтэй боловч ийнхүү эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй байхаар зохицуулжээ.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд барьцаалагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10-р баг Наран 63 гудамж 01 тоотод байрлалтай 48,75 м2 талбайтай хувийн сууц, 838 м2 газар нь барьцааны гэрээ байгуулагдахын өмнө М.Ганзоригийн өмчлөлд байсан, тэрээр зээлийн барьцаанд барьцаалахыг зөвшөөрсөн, гуравдагч этгээд М.Отгончимэг нь тухайн барьцааны гэрээ хийгдэх үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан тул энэ хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй байхад шүүх М.Ганзориг нь хамтран өмчлөх дундын өмч үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах шаардлагатай тул дээрх шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж 2015.06.24-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд гуравдагч этгээд Отгончимэгийн бие даасан шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул барьцааны хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний 1532 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд “...7.200.000 төгрөг” гэснийг “...7.056.000 төгрөг” гэж “...нэхэмжлэгчээс 804.000 төгрөг гэснийг 948.000 төгрөг гэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум 10-р баг Наран 63 гудамж 01 тоотод байрлалтай 48,75 метр квадрат талбай бүхий хувийн сууц, 838 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж өөрчлөн

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Отгончимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн

4 дэхь заалтанд “...М.Ганзоригоос 130.150 төгрөг” гэснийг “..127.846 төгрөг” гэж Ганзоригоос 31.475 төгрөг гаргуулж М.Отгончимэгт, Б.Оюун-Эрдэнээс 31.175 төгрөг гаргуулж М.Отгончимэгт гэснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг, хариуцагч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.942 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ