Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 314

 

 2020        04         16                                   2020/ШЦТ/314

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Хулан,

өсвөр насны шүүгдэгч С.Ө , түүний хууль ёсны төлөөлөгч С.Чулуунцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овгийн С.Ө т холбогдох эрүүгийн 1911027960186 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хатиган овгийн С.Ө , 2002 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 51-589 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Өсвөр насны шүүгдэгч С.Ө  нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16 дугаар гудамжинд иргэн Н.Мэдэхийн эзэмшлийн Б.Даваадэлгэрээс итгэмжлэн хариуцуулж өгсөн 499.900 /дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-10 загварын гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч С.Ө  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тэр өдөр 2 найзтайгаа явж байсан. Бид 3 утсаа барьцаалан зээлдүүлэх газар тавьчихсан байсан. Би тэр охиноос утсыг нь гуйж тавиад өөрсдийн ломбардад байсан утсаа авсан. Маргааш нь би утсаа зараад тэр охинд 80.000 төгрөг өгсөн. Манай 2 найз мөнгөө өгөх дутуу байсан. Бид компьютер тоглоом тоглож өрөнд ороод утсыг нь аваад зарсан. Миний буруу, дахин гэмт хэрэг хийхгүй...” гэв.    

Өсвөр насны шүүгдэгч С.Ө ын хууль ёсны төлөөлөгч С.Чулуунцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хүүхдийн эцэг эх салж олон жил болсон. Харах хүн байхгүй байсан тул би харж байгаа. Одоо амьдрах газар байхгүй байгаа тул манайд байгаа. Би санаа зовсондоо хажуудаа авчирсан. Миний хүүгийн хүүхэд. Эмээ дээрээ байж байхад эмээ нь охин дээрээ амьдардаг болсон. Амьдрах газар байхгүй манайд байгаа. Сая хагалгаанд ороход би мөн эмчилгээний зардлыг төлсөн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх 11-12/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД2-19-657 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Samsung galaxy A10 маркийн 2019.08 сард Сайн компьютерс ХХК-аас худалдаж авч байсан хэрэглээний сэвтэй гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 499.900 /дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 40-41/,

Хохирогч Н.Мэдэх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...охиндоо өөрийн Самсунг А-10 загварын гар утсаа өгч явуулсан чинь найз Өсөхбаяр гэх хүүхэд аваад ломбардад тавьчихсан байсан. ...сүүлд нь очиж уулзахад авчихсан утас байна гэж хэлж байсан. ...манай охин Даваадэлгэр 2019 оны 09 дүгээр сарын эхээр л Өсөхбаяр гэдэг хүүхдэд миний гар утсыг өгсөн гэсэн. Өдрийг нь би яг сайн мэдэхгүй байна. ...охин маань 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл барьсан гэж буруу хэлчихсэн байна. Сүүлд ломбардад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тавьсан байсан. Тэр өдөр л болж таараад байгаа юм. Өсөхбаяр тухайн үедээ манай охинд 80.000 төгрөг өгсөн байсан. Тэрний дараа аав нь гэх хүн надад 220.000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Үүний дараа эмээ нь 200.000 төгрөг нийт 500.000 төгрөгийг авч хохирлоо барагдуулсан болно. Надад одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 18-21/,

Насанд хүрээгүй гэрч Б.Даваадэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай ээж Мэдэх нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр утас лизингээр авсан юм. Би тэр гар утсыг нь 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл барьсан юм. Тэгээд тэр өдөр хичээлээ тараад харих замдаа Өсөхбаяртай таарсан юм. Тэгээд Өсөхбаяр намайг “найз нь маргааш гар утсаа алдах гээд байна, чи утсаа тавиад өгчхөөч” гэсэн юм. Би үгүй гэж хэлсэн аваад өгчихье гэсээр байгаад миний гар утсыг гуйгаад авчихсан юм. Тэгээд Өсөхбаяр миний гар утсыг аваад ломбардад тавьчхаад ирсэн юм. Маргааш орой нь Өсөхбаяр надаа 80.000 төгрөг өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх 24-28/,  

Гэрч Н.Саруул-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...би өөрийн хүү болох Өсөхбаярын талаар сайн мэдэхгүй байна. ...сүүлд сураг сонсоход гар утасны хэргээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр цагдаад шалгагдаж байгаа гээд утсаар яриад надаас 200.000 төгрөг нөгөө утсыг нь авсан гэх хүний данс руу шилжүүлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 34/,

Гэрч Б.Сандуйжав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...урд нүүрний шил нь хагарчихсан Самсунг А-10 загварын гар утсыг Саруул-Эрдэнэ овогтой Өсөхбаяр нь 100.000 төгрөгөөр тавьсан юм. ...би авсан өдрийг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 35-36/,

Өсвөр насны шүүгдэгч С.Ө  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би болон манай найз Анхбаяр, Бат-Оргил бид гурав өөрсдийн утсаа нийлүүлээд 2019 оны 08 дугаар сард 100.000 төгрөгт ломбардад тавьсан байсан юм. Тэгтэл ломбардын хугацаа дуусах гээд байхаар нь тухайн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 16 дугаар гудамжинд найз Даваадэлгэртэй 2019 оны 09 дүгээр сарын эхээр тааралдаад тухайн үед барьж байсан Самсунг А-10 загварын гар утсыг нь гуйж аваад ломбардад 100.000 төгрөгөөр тавьж бид гурав утсаа авсан. Тэгээд хоёр хоногийн дараа байх би 60.000 төгрөг, Бат-Оргил 20.000 төгрөг нийт 80.000 төгрөг Даваадэлгэрт өгсөн ба Анхбаяр мөнгө олдохгүй байна гээд байсан. Тэгээд дараа нь надад мөнгө хэрэгтэй байхаар нь би Даваадэлгэрийн гар утсыг 100.000 төгрөгөөр ломбардаас аваад Теди төвийн гадаа байдаг ченж нарт үзүүлсэн чинь 120.000 төгрөгөөр авна гэхээр нь өгөөд тэр мөнгөөрөө компьютер тогтоол тоглоод дуусгасан...” гэх мэдүүлэг /хх 47-49/,  

Өсвөр насны шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх 50/, өсвөр насны шүүгдэгч С.Ө т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 52-57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 59/, барьцаат зээлийн гэрээ /хх 62/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх 69/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч С.Ө  нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16 дугаар гудамжинд иргэн Н.Мэдэхийн эзэмшлийн Б.Даваадэлгэрээс итгэмжлэн хариуцуулж өгсөн 499.900 /дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-10 загварын гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нас тоолсон тухай тэмдэглэл /хх 11-12/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД2-19-657 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 40-41/, хохирогч Н.Мэдэхийн “...охиндоо өөрийн Самсунг А-10 загварын гар утсаа өгч явуулсан чинь найз Өсөхбаяр гэх хүүхэд аваад ломбардад тавьчихсан байсан. ...сүүлд нь очиж уулзахад авчихсан утас байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 18-21/, насанд хүрээгүй гэрч Б.Даваадэлгэрийн “...Өсөхбаяр намайг “найз нь маргааш гар утсаа алдах гээд байна, чи утсаа тавиад өгчхөөч” гэсэн юм. Би үгүй гэж хэлсэн чинь гуйж байна шүү дээ, маргааш яг аваад өгчихье гэсээр байгаад миний гар утсыг гуйгаад авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх 24-28/, гэрч Н.Саруул-Эрдэнийн “...сүүлд сураг сонсоход гар утасны хэргээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр цагдаад шалгагдаж байгаа гээд утсаар яриад надаас 200.000 төгрөг нөгөө утсыг нь авсан гэх хүний данс руу шилжүүлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 34/, гэрч Б.Сандуйжавын “...урд нүүрний шил нь хагарчихсан Самсунг А-10 загварын гар утсыг Саруул-Эрдэнэ овогтой Өсөхбаяр нь 100.000 төгрөгөөр тавьсан юм. ...би авсан өдрийг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 35-36/, өсвөр насны шүүгдэгч С.Ө ын “...Би болон манай найз Анхбаяр, Бат-Оргил бид гурав өөрсдийн утсаа нийлүүлээд 2019 оны 08 дугаар сард 100.000 төгрөгт ломбардад тавьсан байсан юм. ...Тэгээд дараа нь надад мөнгө хэрэгтэй байхаар нь би Даваадэлгэрийн гар утсыг 100.000 төгрөгөөр ломбардаас аваад Теди төвийн гадаа байдаг ченж нарт үзүүлсэн чинь 120.000 төгрөгөөр авна гэхээр нь өгөөд тэр мөнгөөрөө компьютер тогтоол тоглоод дуусгасан...” гэх мэдүүлэг /хх 47-49/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч С.Ө ын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

            Өсвөр насны шүүгдэгч С.Ө  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хуцаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ө т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт дүйцүүлэн /240:8=30 хоног/ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хуцаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын 1 жил 3 сарын хугацаагаар тогтоов.

Өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сар 15 /арван тав/ хоногоор тогтоож шийдвэрлэв. 

Өсвөр насны шүүгдэгч С.Ө т ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч Н.Мэдэх нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул өсвөр насны шүүгдэгч С.Ө ыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт болон өмнө шийтгүүлсэн   .... дугаар хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Өсвөр насны шүүгдэгч С.Ө т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Хатиган овгийн С.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч С.Ө т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ө т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт дүйцүүлэн 30 хоногийн хорих ялаар тооцож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хуцаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ө т оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сар 15 /арван тав/ хоногоор тогтоосугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч С.Ө т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Ө т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН