| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 574 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Ч холбогдох эрүүгийн 2006 01189 0725 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Э.Ч .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Турван баян" ХХК-д нягтлан бодогч ажилтай иргэн Г.Эрдэнэчимэгийн хоол захиалгын алдаатай хийсэн гүйлгээ болох 585.000 төгрөгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял
шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-6-7/, гэрч Г.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-8/, Э.Ч яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-15-16/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Э.Ч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-19/, хохирогч Г.Эрдэнэчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-24/, Э.Ч хохирол төлсөн баримт /хх-28-34/, яллагдагч Э.Ч гаргасан "хохирлоо төлж барагдуулсан хохирогчийг гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-34-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Турван баян" ХХК-д нягтлан бодогч ажилтай иргэн Г.Эрдэнэчимэгийн хоол захиалгын алдаатай хийсэн гүйлгээ болох 585.000 төгрөгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Эрдэнэчимэгийн өгсөн: “Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах “Гурван баян" ХХК-д нягтлан бодогч ажилтай. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүргэлтийн хоол дээрээ захиалж идсэн. Миний захиалсан хоолны үнэ 65.000 төгрөг болсон. Ингээд би хоолны тооцоо хийхдээ Хаан банкны 5166457064 дугаартай Э.Ч гэсэн эзэмшигчтэй дансруу өөрөө андуурч 650.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд уг дансны эзэшигчийн утасны дугаарыг олоод “андуурч гүйлгээ хийсэн өдрөөс хойш өөрийн буруугаас мөнгөн дүнгээ буруу харж хийсэн байна та миний мөнгийг буцааж өгөөч” гэсэн өнөөдрийг хүртэл хэлж ярьсан боловч миний мөнгийг өгөөгүй. Түүнээс хойш гуйсаар байгаад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Э.Ч нь 430.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдсэн 155.000 төгрөгийг авах хэрэгтэй байна. Манай нөхөр Чимгээтэй утсаар ярихад “уучлаарай би таны мөнгийг нэг, хоёр хоногийн дараа хүүтэй нь өгнө” гэж хэлж байсан. Сүүлдээ манай нөхөр 430.000 төгрөг авсан, би дахиад араас нь гүйж чадахгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Түүнээс хойш Э.Ч ажлын хаягыг хайж үзээд олоогүй. Э.Чимгээтэй сүүлд яриахад “би мөнгийг чинь өгнө шүү дээ” гэх мэтээр загнаж байсан.”/хх-6-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэнэчимэгийн өгсөн: “Баянзүрх дүүрэгт байрлах “Гурван баян гал” ХХК-д нягтлан бодогч ажилтай. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүргэлтийн хоол ажил дээрээ захиалж идсэн. Миний захиалсан хоолны үнэ 65.000 төгрөг болсон. Ингээд би тооцоогоо хийхдээ Хаан банкны 5166457064 дугаартай Э.Ч гэх эзэмшигчийн утасны дугаарыг олоод андуурч гүйлгээ хийсэн өдрөөс хойш “би өөрийн буугаас мөнгөн дүнгээ буруу харж хийсэн байна. Та миний мөнгийг буцааж өгөөч” гэж өнөөдрийг хүртэл хэлж ярьсан, маш их гуййлгасны дараа надад 430.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо хоолны мөнгөө хасаад надад 155.000 төгрөг өгөх ёстой. Дээрх Чимгээ гэгчтэй утсаар ярихад “одоо хийлгээ” гээд таг алга болоод байна.”/хх-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ч яллагдагчаар өгсөн: “Би “Ашит Монгол” хүргэлтийн хоолны газрыг ажиллуулаад 2 жил болж байна. Манайх 4 ажилтантай 2 хүргэлтийн, 1 угаагч, 1 бэлтгэгч, би өөрөө хоолоо хийж дансаа барьдаг. Энэ 4 ажилтнаа би өөрөө цалинжуулдаг. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай хоолны захиалга авдаг 77400234 дугаарын утсаар 65.000 төгрөгний үнэтэй 4-6 хүний чанасан мах захиалсан. Би уг хоолны захиалга өгсөн хүнд өөрийнхөө Хаан банкны 5166457064 дансыг өгөөд захиалгыг хүлээж аваад хоолыг Доржготов гэх хүргэгчээр хүргүүлсэн. Хоол хүргэж өгсөний дараа хоолны захиалгыг мөнгө гэж 650.000 төгрөг орж ирсэн. Энэ мэдээлэл нь миний гар утсанд ирсэн. Тэгээд тэр үед би илүү мөнгө хийчихлээ гэдгийг мэдсэн боловч тухайн үед ажлын барны түрээсийн мөнгө болох 700.000 төгрөг нэхэгдээд байсан учир ажлын байрныхаа түрээсийн мөнгийг өгчихсөн. Тэр өдрөө мөнгө дүнгээ андуурч хийсэн Г.Эрдэнэчимэг над руу яриагүй, нилээд хэд хоносны дараа нөгөө хоолны захиалга өгсөн Г.Эрдэнэчимэг над руу залгаад “илүү мөнгө явуулсан байна. Илүү мөнгийг маань буцаагаад явуулчих гэхээр нь маргааш нь 430.000 төгрөгийг нь буцаагаад данс руу хийсэн. Одоо 155.000 төгрөг өгөх ёстой байгаа. Энэ мөнгөө өгөх гээд мөнгөний боломж байхгүй өнөөдрийг хүрээд байна.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Э.Ч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-19/,
Хохирогч Г.Эрдэнэчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-24/,
Э.Ч хохирол төлсөн баримт /хх-28-34/,
Яллагдагч Э.Ч гаргасан "хохирлоо төлж барагдуулсан хохирогчийг гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-36/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсан болох нь хохирогчийн мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Э.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах Турван баян" ХХК-д нягтлан бодогч ажилтай иргэн Г.Эрдэнэчимэгийн хоол захиалгын алдаатай хийсэн гүйлгээ болох 585.000 төгрөгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Э.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч Г.Эрдэнэчимэг нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Э.Ч холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Ч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Ч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Ч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС