| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 584
2020 03 31 2020/ШЦТ/584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Хохирогч Ч.Өсөхбаяр,
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Н холбогдох эрүүгийн 1906 03906 0301 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 17 дугаар тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , О.Н .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 18-595-а тоотод гэртээ байсан иргэн Ч.Өсөхбаярыг “миний хүүхдийн амьдралд гай болсон” гэх шалтгаанаар үснээс нь зулгайж орон дээр унагаагаад цээж рүү нь хөлөөрөө жийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ: “...2019 оны 9
дүгээр сарын 23-ны өдөр 11:00 цагийн үед тухайн үйл явдал болсон. Оройн 21:00 цагийн үед гэдэг худал зүйл юм. Техникийн зах дээр хүү, бэр 2 маань ажилладаг. Ч.Өсөхбаяр миний хүүгийн хуурай эгч гэдэг утгаараа хааяа хүүхдүүдийг нь харж өгөөд их тус болдог хүн. Тухайн өдөр 2 ачийг маань Ч.Өсөхбаярын гэрт авч ирсэнийг би мэдээгүй. Манай дэлгүүр Ч.Өсөхбаярын гэрийн урд талд байдаг. Дэлгүүрээс сүү авах гээд ортол миний 3 настай ач зогсож байсан. Эмээгээ хараад сүйд болохоор нь чихэр авч өгсөн. Тэгээд “эмээгийндээ очно” гэхээр нь дагуулаад явж байтал “6 дугаар ангийн эгчийгээ дагуулаад хамт явна” гээд дуудсан юм. Ч.Өсөхбаярын 8 дугаар ангийн хүү байдаг юм. Тэр хүүтэй миний ач байнга тоглодог юм. Тэгээд ачийгаа аваад явах гэтэл Ч.Ангирмаа “Номио эгчээс асуу, битгий оруул” гэсэн гэхээр нь “юу хуцаад байгаа юм, яахаараа асуудаг юм” гээд уцаарласан. Тухайн үед толгой өвдөөд байхаар нь 100 грамм архи уусан байсан. Тэгээд тэр 2 надаас зугтааж гүйгээд би Ч.Өсөхбаярын гэр рүү ороогүй. Баясгаланг гэртээ дагуулж орж ирээд байж байтал гаднаас бага хүү маань орж ирсэн. Тэгээд “та юу болгоод хэрүүл үүсгэсэн юм бэ” гэхээр нь “чи хүүхдүүдээ авчирсан юм бол хэлэхэд яадаг юм, гэртээ оруулж ирэх гэсэн чинь Номио эгчээс асуу” гээд байхаар нь л “юу хуцаад байгаа юм бэ” л гэж хэлсэн. Гэтэл гэрт байсан хүмүүс “танай хүү хутга аваад гараад явчихлаа” гэсэн. Би сандраад араас нь Ч.Өсөхбаярын гэр рүү ортол манай хүү тэнд байгаагүй. Тэгэхээр нь “дандаа хүүхдүүдийн амьдралд гай болж байдаг, би ач нарыгаа гэртээ авч орох дураа хүрвэл хэнээс ч асуухгүй” гээд уурласан. Би гурван жилийн өмнө тархиндаа цочрол авсан. Одоо хүртэл тэр оношоороо эмчлүүлээд явж байгаа. Тухайн үед үүдний амбаарт нь орсон шиг санаж байна. Түүнээс би орон дээрээ сууж байхад нь зодсон асуудал байхгүй. Би Ч.Өсөхбаярын ор аль өрөөндөө байдгийг ч мэдэхгүй. Тэгээд гэртээ ороод байж байтал манай хүү гаднаас орж ирээд “таныг Өсөхөө эгч цагдаад өгсөн байна, та бас адилхан зулгарсан биеэ үзүүлээд цагдаад өргөдөл бичээд өгөөч” гэхээр нь “айл саахалтын хүмүүс байж тэгж яах юм” гэсэн... Би ганцаараа амьдардаг, хүүхдүүдээ өөр дээрээ авах хүсэлтэй. Хүүхдүүдээ харах гэхээр ийм асуудал үүсгээд байдаг учраас түргэн аашилчихдаг. Миний хүүхдүүдийг ч мөн адил доромжилдог. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Өсөхбаяр мэдүүлэхдээ: “...Бид нар өмнө нь тийм ч муу харилцаатай хүмүүс байгаагүй. Гэмгүй хүмүүс байсан. Би 20 настай охинтой. Тэр охиныг маань “гичий” гээд баахан хараасан байсан. Би өөрөө ч хүүхдүүдээ тэгж хараадаггүй, хүн миний хүүхдийг янз бүрээр хараасан болохоор дотроо дургүйцээд явж байсан. Хэрэг гардаг өдөр миний 2 охин байгаагүй, би амарч байсан болохоор гэртээ байсан. Би гэртээ усанд орох гээд нүцгэн, үсээ задгай тавьсан сууж байсан. Гэтэл гаднаас О.Н гуай согтуу орж ирсэн. Би унтлагын өрөөнд тольны урд сууж байтал үснээс зулгаагаад татаад байсан. Хүн чинь үснээс зулгаагаад татахаар ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй гарын аясаар нь л явдаг юм байна лээ. Тэгээд гаднаас 2 хүүхэд маань орж ирээд, “Нараа эгчээ та болиоч ээ” гэсэн. Түүнээс биш би Нараа эгчийг ерөөсөө цохиогүй. Улиастайн цагдаагийн хэлтэс рүү явахдаа хажуу айлын машиндаа 20.000 төгрөгөөр бензин хийгээд явсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг тушаасан. Мэдүүлэг өгөх гээд 2 өдрийн хугацааг зарцуулсан буюу тухайн өдрүүдэд ажлаа хийж чадаагүй. Би нормын ажил хийдэг оёдолчин болохоор цаг маш чухал байдаг. Хохирлоо нэхэмжилнэ. О.Н хүүхдүүд нь хүртэл намайг доромжилсон. Дахиад битгий ийм үйлдэл гаргаасай гэж хүсэж байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Өсөхбаярын өгсөн мэдүүлэг /хх-21-22/, гэрч Ч.Ангирмаагийн өгсөн мэдүүлэг /хх-29-30/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7824 дугаартай дүгнэлт /хх-39/, О.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32/, шүүгдэгч О.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 18-595-а тоотод гэртээ байсан иргэн Ч.Өсөхбаярыг “миний хүүхдийн амьдралд гай болсон” гэх шалтгаанаар үснээс нь зулгайж орон дээр унагаагаад цээж рүү нь хөлөөрөө жийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ч.Өсөхбаярын өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21.00 цагийн үед гэртээ байж байтал манай гудамжинд байдаг О.Н гэдэг эмэгтэй манай гэрт согтуу орилоод ороод ирсэн. Тэгээд О.Н “чамайг би ална, чи миний хүүхдийн амьдралд гай болсон” гэж хэлээд миний үснээс зулгаагаад орон дээр унагаагаад цээж рүү хөлөөрөө жийсэн. Тэгтэл манай хүүхдүүд салгаад цагдаа дуудсан.” /хх-21-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Ангирмаагийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэртээ ээж, эгч хоёрын хамт байж байхад гаднаас О.Н гэдэг эмэгтэй согтуу орж ирээд “манай хүү Шижирээ намайг ална гэж хэлээд гараад явлаа” гэж хэлээд ээж рүү дайраад ээжийн үснэзс нь зулгайгаад хөл гараа савчуулаад салахгүй байхаар нь би арай гэж салгасан юм. Тэгээд хоёр цагдаа болон хоёр хүү нь орж ирж О.Н гэдэг эмэгтэйг аваад явсан. Маргааш нь ээжийнхээ биеийг харахад цээж болон гуя нь хөхөрч зулгарсан байсан. Өөр ил харагдах гэмтлийг анзаараагүй.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7824 дугаартай дүгнэлтэд:
1. Ч.Өсөхбаярын биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн
няцрал, цээжинд зулгаралт, баруун гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл.
З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” /хх-32/ гэх дүгнэлт,
Шүүгдэгч О.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-44/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс
суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 18-595-а тоотод гэртээ байсан иргэн Ч.Өсөхбаярыг “миний хүүхдийн амьдралд гай болсон” гэх шалтгаанаар үснээс нь зулгайж орон дээр унагаагаад цээж рүү нь хөлөөрөө жийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг бүхий л шинжийг агуулан тодорхойлж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Ч.Өсөхбаяр нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй ба хохирогч нь цаашид гарах гэм хорын болон эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч О.Н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Наранцэцэгийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Н нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Хохирогч Ч.Өсөхбаярын цаашид гарах гэм хорын болон эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС