Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 669

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч, хохирогч А.А , Д.Т нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.А , Д.Т  нарт холбогдох яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00788 0610 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

         

          1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 1998 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , А.А .

 

          2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 2000 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй,   засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.Т .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч А.А , Д.Т нар нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэмбий" нэртэй авто угаалгын газарт таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож А.А  нь иргэн Д.Т эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Д.Т нь иргэн А.А ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах

ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хохирогчийн хохирлыг төлж барагдуулна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хохирогчийн хохирлыг төлж барагдуулна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А  мэдүүлэхдээ: “...Гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т мэдүүлэхдээ: “...Гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.А , Д.Т нарын өгсөн мэдүүлэг /хх-7-15/, гэрч М.Мөнхнасаны өгсөн мэдүүлэг /хх-53-55/, гэрч Д.Билгүүнтамирын өгсөн мэдүүлэг /хх-56-58/, гэрч П.Хатанбүүвэйн өгсөн мэдүүлэг /хх-59-61/, гэрч Г.Бямбацэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-62-64/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1895 дугаартай дүгнэлт /хх-26-27/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2868 дугаартай дүгнэлт /хх-28-29/, А.А  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-47/, Д.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-51-52/, Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухайн тэмдэглэл, шуурхай удирдлагын тасагт дуудлагын лавлагааны хуудас /хх-3-4/, хохирлын баримтын /хх-69-75/, шүүгдэгч А.А , Д.Т нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40-41/, шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан өгсөн А.А , Д.Т нарын гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-104-106/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч А.А , Д.Т нар нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэмбий" нэртэй авто угаалгын газарт таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож А.А  нь иргэн Д.Т эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Д.Т нь иргэн А.А ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Т өгсөн: “2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэмбий" авто угаалгад ажиллаж байхад өдөр 15 цагийн орчим байх нэг машин угаах гэсэн чинь А.А  миний ээлж гээд байсан тэгээд би миний ээлж гээд жаахан маргалдсан, тэгээд зохион байгуулагч ирээд ээлж ээлжээрээ угаагаарай гэсэн тэгээд би Алтынбекд машинаа өгөөд өөр машинд сууж байсан чинь хаалга онгойлгоод Алтынбекийн ах ирээд хаалга онгойлгоод “чи намайг доромжлоод байна уу пикда минь гэсэн тэгсэн арын хаалгаар Алтынбек наашаа буугаад ир” гээд байсан тэгээд буусан чинь бид хоёр заамдалцаад зогсож байтэл Алтынбекийн ах нь хажуугаас ирж цохисон. Гэхдээ гэмтэл учруулаагүй. Тэгээд бид хэд хэрүүл зодоон болж байхад зохион байгуулагч ирж салгасан. Тэр үед хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисоноо санахгүй байна. Дараа нь хэсэг хугацааны дараа Алтынбек гэнэт намайг миний толгойн тус газар чихний ар хэсэгт цохисон. Тэгээд ноцолдоод би зөрүүлээд нүүрэн тус газар нь 2 удаа баруун гараараа цохисон.”  /хх-10-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А ийн өгсөн: “2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэмбий” авто угаалгад ажиллаж байхад тэнд ажиллаж байсан Т  намайг зодсон. Миний хамар хугарсан. 2 шүд суларсан. Өөр бас бус жижиг гэмтэл гараад би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Зодоон болсноос хойш 385.000 төгрөгийн хохирол учирсан байна.” /хх-7-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхнасаны өгсөн: “А нь даруухан, хүнтэй ч нээх юм яриад байдаггүй. Төлөв томоотой хүн байгаа юм. Би таньдаг болоод 6-7 жил болж байна. Миний мэдэх хэрэг төвөгт орооцолдож байгаагүй.”/хх-53-55/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Билгүүнтамирын өгсөн: “2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр А  эхэлж цохиод зөрүүлээд Төгстөгөлдөр цохисон байх. Яг сайн санахгүй байна. Хатанбүүвэй бид 2 салгасан. Аль аль нь 2 биенээ зодсон.”/хх-56-58/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Хатанбүүвэйн өгсөн: “Тухайн өдөр А , Т  нар аль алинаа л цохисон, зодсон. Яг хэн нь хэнийгээ хаана, хаана нь цохиж зодсон талаар би  сайн мэдэхгүй байна. Сандраад тэр 2-ыг салгахаа бодсон.” /хх-59-61/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бямбацэцэгийн өгсөн: “Т зан байдлын хувьд зөөлөн хүний үгээр хүнд тусахруу, хүний үгэнд их оромтгой хүн.” /хх-62-64/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1895 дугаартай дүгнэлтэд:

 

1. А.А ийн биед тархи доригилт, хамар ясны хугарал, хамарт шарх, 2 нүдний зовхи, дух, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь тус тусдаа болон нийтдээ хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2868 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Т биед дээд зүүн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба уг гэмтлийн хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.А  яллагдагчаар өгсөн: “2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сэмбий” авто угаалгад ажиллаж байгаад хамт ажилладаг Төгстөгөлдөр гэдэг залуутай муудалцаж зодолдсон. Эхлээд Т  намайг заамдаад нүүрэн тус  газар хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон. Харин миний хамрын яс хугарсан. Үүдэн 2 шүд суларсан. Сүүлд нь сулаад байхаар нь аваад хаячихсан. Мөн миний тархи доргиж, 2 нүдний орчим мөн хамрын орчим хөхөрч хавдсан байсан. Намайг цохихоор нь зөрүүлээд нүүрэн тус газар нь би цохисон. Би учруулсан буруугаа хүлээж байгаа. Үүндээ гэмшиж байна.”/хх-47/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Т яллагдагчаар өгсөн: “2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Сэмбий” авто угаалга дотор Алтыбек гэдэг залуутай муудалцаж би нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. А  ч бас намайг зөрүүлээд нүүрэн тус газар цохисон.”/хх-51-52/ гэх мэдүүлэг,

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухайн тэмдэглэл, шуурхай удирдлагын тасагт дуудлагын лавлагааны хуудас /хх-3-4/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримтын /хх-69-75/,

 

Шүүгдэгч А.А , Д.Т нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40-41/,

 

Шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан өгсөн хохирогч А.А , Д.Т нарын гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-104-106/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.А , Д.Т нар нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэмбий" нэртэй авто угаалгын газарт таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож А.А  нь иргэн Д.Т эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Д.Т нь иргэн А.А ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл

мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.А , Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч А.А , Д.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч А.А , Д.Т нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.А , Д.Т нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч А.А , Д.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.А , Д.Т  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.А , Д.Т нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.А , Д.Т нарнь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.А , Д.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, А.А , Д.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.А , Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.А , Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС