Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 113/ШШ2018/0004

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Гао Индэ /GAO, YINGDE/

Хариуцагч: ГСА-ийн МХ-ын газар

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 09-04-305/78 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хүдэрчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Гао Индэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ГСА-ийн МХ-ын газрын улсын байцаагч О.Д 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09-04-305/78 дугаар актаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу цагаан зээрийн экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 2 000 000 төгрөг төлүүлэхээр акт тавьсан.

            Миний хувьд анх энэ махыг худалдан авахдаа цагаан зээрийн мах гэж мэдээгүй бөгөөд хямдхан мах авах санал тавихад нь уг махыг худалдаж авсан. Зохих шалгалтаар цагаан зээрийн мах байна гэсний дагуу Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу 300 000 төгрөгийн торгууль ногдуулахад нь төлсөн.

            Гэтэл надад зээрийн мах худалдсан болон агнасан хүмүүсийг тогтоогоогүй байж цагаан зээрийн экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох акт тавьсаныг хууль бус гэж үзэж байгаа тул уг улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 40е /2054 албан бичгээр ирүүлсэн Монгол Улсад түр оршин суугч, гадаадын иргэн ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг Эрээн хотын иргэн Гао Индэд холбогдох зөрчлийг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52 дахь заалтыг үндэслэн Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Долгор 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Гао Индэ /Монгол улсад түр оршин суух, үнэмлэхний дугаар: 0194565, пасплотын дугаар: Е62358822/-г байлцуулан холбогдох бичиг баримттай танилцан, хяналт шалгалтыг хийсэн.

Шалгалтаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Г нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас үл таних 2 иргэнээс худалдан авсан гэх 2 тооны цагаан зээрийн махыг УБҮ 25-00 улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад Говьсүмбэр аймгийн цагдаагийн ажилтны шалгалтаар илэрч саатуулагдсан байх ба уг зээрийн махыг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авч Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус зөрчин, амьтны аймагт хохирол учруулсан нь Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн холбогдох баримтуудаар нотлогдож, холбогдогч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул зөрчлийг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж 300000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Ингээд ГСА-ийн МХ-ын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Д 2000000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоож, Мэргэжлийн хяналтын газрын торгууль шийтгэвэрийн орлогын 100220000982 тоот дансанд төвлөрүүлэхээр актаар хариуцуулсаныг холбогдогч Г танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Гэтэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Г нь тухай үед улсын байцаагчийн акттай танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан хэдий ч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргасныг хянаад улсын байцаагчийн актыг үндэслэлтэй тухай Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, бүсийн ахлах байцаагчийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 09-01-001/01 дугаар бүхий улсын ахлах байцаагчийн шийдвэр хүргүүлжээ.

Үүнээс хойш БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Г нь улсын ахлах байцаагчийн шийдвэрийг зөвшөөрсөн эсэх, эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй, актын төлбөрөө барагдуулаагүй тул 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар албан бичгээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд улсын байцаагчийн актыг баталгаажуулахаар хандсаны дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс манай байгууллагын хүсэлтийг ханган шийдвэрлэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2018/01891 дугаартай шүүгчийн захирамжаар улсын байцаагчийн актыг баталгаажуулсан ба захирамжийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Гао Индэ /Gao, Yingde/ нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Д-ын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09-04-305/78 дугаар “Нөхөн төлбөр тогтоох тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын иргэн Г нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас үл таних 2 иргэнээс худалдан авсан гэх хоёр тооны амьтны гаралтай махыг 25-00 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн ажилтны шалгалтаар илэрч саатуулагдсан байх ба уг махыг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авч Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасныг зөрчсөн гэж үзэж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” Шийтгэлийн хуудсаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Уг Шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг тухайн өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нь төлж барагдуулсан байх бөгөөд энэ акттай нэхэмжлэгч маргахгүй байна.

ГСА-ийн МХ-ын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Д 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09-04-305/78 дугаар “Нөхөн төлбөр тогтоох тухай” актаар БНХАУ-ын иргэн Гао-Индэгийн дээрх үйлдэлд холбогдуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3-т зааснаар Цагаан зээрийн экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 2000000 төгрөгийг төлүүлэхээр актаар хариуцуулжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 12-ын “Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийлэл” мөн зүйлийн 13-д “Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтныг” гэх заалтуудаас үзэхэд байгаль орчинд хохирол учруулсан этгээдээр учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нөхөн төлбөрийг төлүүлэх үндэслэл тогтоогддог байна.

Иймд БНХАУ-ын иргэн Г-г Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр тогтоосны дагуу 2000000 төгрөгийн нөхөн төлбөрийг тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр маргахдаа тухайн тээвэрлэж явсан мах нь цагаан зээрийн мах гэдгийг нотлоогүй гэх бөгөөд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол хүнсний хяналтын хэлтсийн дарга 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 389 дүгээр албан бичгээр тус аймгийн Засаг даргын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд хандаж хурааж авсан махыг устгуулахаар шилжүүлсэн байх тул одоо үүнийг нотлох боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ ямааны мах болон зээрийн махыг хүн хараад ялгаж болох бөгөөд махны ширхэг, өнгө, цусны бүлэгнэл зэргээр нь шууд таньж болно гэж,

мөн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гао-Индэгээс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Х.Эрдэнэбат, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Д нар уг зөрчилд мэдүүлэг авахдаа орчуулагчийг байлцуулан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах зэрэг хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь зөрчил хянан шалгах явцад уг махыг зээрийн мах мөн эсэх талаар лабраторын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрх байгааг мэдсэн боловч уг эрхээ эдлээгүй, зээрийн мах гэдгийг сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлгүүд дээрээ гарын үсэг зурсан байна.

Иймд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09-04-305/78 дугаар “Нөхөн төлбөр тогтоох тухай” актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, Амьтны хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3, 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Г-гийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан тус газрын Байгаль орчин хяналтын улсын байцаагч О.Д-ын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09-04-305/78 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй,

Мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ