Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0534

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, О.Б, хариуцагч Г.А-О нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор Б.С-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Б.С-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад нэхэмжлэгч Б.С урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа тул албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, адил чанарын албан тушаалд томилохыг даалгаж,

3 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаас нэхэмжлэгч Б.С-ын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойших хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3092666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Учир нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өрийн А/24 дүгээр захирамж гарахаас өмнө У.Снь “Усны асуудал хариуцсан мэргэжилтнээр” түр томилогдсон бөгөөд Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар У.С-ийн албан тушаалын нэр “Усны нөөц ашиглалт, хамгаалалт, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн” болж өөрчлөгдсөн түүний хэрэгжүүлэх чиг үүрэг нь нэмэгдсэн. Харин нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байр үгүй болсон буюу орон тоо нь хасагдсан.

Гэтэл анхан шатны шүүхээс үүнийг эсрэгээр нь тайлбарлан Б.С-ын хэрэгжүүлэх чиг үүрэг нь нэмэгдэж, урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна биелэгдэх боломжтой байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс Б.С-ын албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг адил чанарын албан тушаалд томилохыг даалгаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж дүгнэсэн атлаа адил чанарын албан тушаалд томилохыг даалгаж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нэхэмжлэлийн шаардлага ч бас тодорхой байх ёстой.

Ажил олгогч буюу Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа Б.Солоныг ажлаас чөлөөлнө үү гэхээс албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бусад ажилчдыг чөлөөлж, оронд нь Б.С-г томилон ажиллуулж тэдний эрхийг зөрчиж боломжгүй юм. Сул орон тоо байхгүй байхад заавал адил чанарын албан тушаалд томилох үүргийг ажил олгогч хүлээхгүй юм. Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар “байгууллагын бүтэц орон тоо, дүрэм, ажил үүргийн чиглэл шинэчлэн батлагдаж, бүтцийн өөрчлөлт хийгдсэн” гэсэн үндэслэлээр тус газрын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.С-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч анх “уг тушаалыг хүчингүй болгуулж, Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, миний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа адил чанарын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах гэж тодруулсан байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа адил чанарын албан тушаалд томилуулах” гэж тодорхойлсон нь яг ямар албан тушаалд томилуулахаар шаардсан нь тодорхойгүй, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч ямар албан тушаалыг адил чанарын гэж үзэж, томилох нь тодорхойгүй нөхцөл үүссэн байхад шүүх үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд хариуцагчийн “...нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж дүгнэсэн атлаа адил чанарын албан тушаалд томилохыг даалгаж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах нэмэгдэл баталгаанд адил чанарын албан тушаалд эгүүлэн томилуулах гэх баталгаа байхгүй, харин үргэлжлүүлэн ажиллуулах ... нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулах, цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...баталгаагаар хангагдахаар зохицуулсан.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн а/148 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог батлахдаа мэргэжилтэн-7 байхаар баталсан байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа мэргэжилтэн-6 байхаар тогтоосон байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.С-ын ажиллаж байсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний орон тоог Усны нөөц ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн болон Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэгт хуваан Усны нөөц ашиглалт хамгаалалт, төрийн бус байгууллагатай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн болгон баталсан байна.

Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсанаас хойш шинээр ямар, ямар албан тушаалд хэдэн хүн томилогдсон, ингэхдээ сонгон шалгаруулалт явуулсан эсэх, сул орон тоог ямар шалгуураар, хэрхэн нөхсөн болохыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулах нь нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах эсхүл өөр ажил, албан тушаалд шилжүүлж, түүнийг төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангах боломжтой байсан эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой юм.

Мөн нэхэмжлэгч нь дээрх 2 албан тушаалын алинд нь өөрийн ажлын чиг үүрэг шилжсэн, аль албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа гэж үзэж буйг бүрэн тодруулсны үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу тухайн албан тушаалд томилох эрх бүхий этгээдээс хэрхэн шалгаруулалт явуулсан талаарх холбогдох баримтыг цуглуулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, Усны асуудал хариуцсан мэргэжилтнээр У.С-г түр томилсон, Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтнээр Г.Л-г томилсон боловч түүний дараа Б.Е томилогдсон байх бөгөөд уг албан тушаалд сонгон шалгаруулалт ямар байдлаар явагдсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар авч, түүнд дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН