Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 891

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б- холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1119 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Г.Ганхөлөгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Б- холбогдох 2016 2602 2693 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б нь согтуугаар 10 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороололын 42 дугаар байрны 35 тоот дахь өөрийн гэртээ танил болох иргэн С.Б-ийн толгой руу архины шилээр цохиж “тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн таславч, хоорондын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагзны ясны босоо шугаман хугарал, зүүн гар, хөлийн саа, саажил, баруун 7, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун уушигны авчийлт, зүүн уушигны дээд дэлбэнгийн ар дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч С.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасан өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлт гаргасан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хохирол нэхэмжлэхтэй холбоотой өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай талаар мэдүүлсэн.

Д.Бын өмгөөлөгч Д.Ганбат Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гомдол” гаргасан ба үүнээс үзэхэд 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж Д.Быг яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа /2хх-105-107/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчид хамаарах эрх үүргээс зөвхөн 7.4, 7.5-д заасан эрхийг танилцуулж, бусад эрхийг таницуулалгүй орхигдуулсан нь яллагдагчийн эрхийг бүрэн хэрэгжүүлэх боломж олгоогүй, үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна.

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн №1524 дугаартай дүгнэлтэд дурдсан “...7, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун уушигны дээд дэлбэнгийн ар дээд хэсгийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн, хуралдалт, цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх боловч хэн учруулсан болохыг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг хэн үйлдсэн...” болохыг нотлоогүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж шүүх үзлээ.

Иймд яллагдагч Д.Б- холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Д.Б- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасныг доорх үндэслэлээр эсэргүүцэж байна. Учир нь:

1. Хохирогч С.Б- нь шүүхийн хэлэлцүүлгийн үеэр цаашид шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгч авч оролцох тухай хүсэлт гаргасан бөгөөд хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрх, үүрэгтэй холбоотой заалтыг уншиж, танилцуулсан талаар гарын үсэг зуруулан авч, мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэж, байцаалт авахын өмнө өмгөөлөгч авах эсэх, мөн өмгөөлөгчгүй байцаалт авахад татгалзах зүйл байгаа эсэхийг нь асууж лавласны дараа байцаалт авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлэх боломжоор хангаж өгсөн байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... Улсын Ерөнхий прокуророос баталсан тэмдэглэлийн маягтад тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дахь заалт нь мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн эдлэх эрх, үүрэгтэй холбоотой заалт байх ба уг заалтуудыг танилцуулсан байна. Мөн яллагдагчаас мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэж, байцаалт авахын өмнө өмгөөлөгч авах эсэх, мөн өмгөөлөгчгүй байцаалт авахад татгалзах зүйл байгаа эсэхийг нь асууж, лавласны дараа байцаалтыг авсан нь хуульд нийцэж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7, 7.8 дахь заалтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцоход эдлэх, эрх үүрэгтэй холбоотой заалтууд тул үүнийг 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн ... №1524 дугаартай хохирогч С.Б-ийн биед үзлэг хийсэн дүгнэлтээр тогтоогдсон ... 7, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, ... зэрэг гэмтлийг хохирогч С.Б- нь Б.Х-ыг учруулсан гэж мэдүүлсэн учир түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгасан боловч Б.Х- нь хохирогчтой маргалдсан 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс хойш 12 өдрийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар байрны орчимоос Гэмтэл согог судлалын үндэсний төвд орчиндоо харьцаагүй, биедээ олон тооны няцрал, шархтай, хүнд гэмтэлтэй, хүргэгдэн ирж эмчлүүлсэн байх бөгөөд Б.Х- хохирогчийн биед учирсан ... хүнд зэргийн гэмтлийг учруулсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй учир ... прокурорын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогч С.Б-, яллагдагч Д.Б, Б.Х- нарт тогтоолыг танилцуулан гарын үсэг зуруулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “...энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхийг...” дурдаж өгсөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нар нь 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаагүй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1119 дүгээр шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Быг согтуу байхад нь түүнээс мэдүүлэг авсан. Өмгөөлөгчгүй байцаалт өгөхдөө “би цохьсон нь үнэн” гэдэг үгийг хэлснээрээ буруутсан. Яаж цохьсон, цохисны дараа ямар байдалтай байсан талаар огт шалгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар хамт явж байсан гэх Майнжаргал 20 орчим минут зодуулж, маргааш нь ухаан алдаж унаад явж чадахгүй байсан талаар мэдүүлдэг. Энэ зодсон асуудал нь 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр болсон. Миний үйлчлүүлэгч 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шилээр толгой руу нь цохьсон ба хохирогчтой үргэлжлүүлээд архи уугаад хамт явсан байдаг. Хавтаст хэргийн 157-158 дугаар хуудсанд шинжээч эмчийн мэдүүлэг авагдсан бөгөөд уг мэдүүлэгт “10 дугаар сарын 1-ний өдөр тархины хүнд гэмтэл авсан тохиолдолд энэ хүн ингэж олон хоног явахүй. Тархины гэмтэл улам хүндэрсэнээр цааш явах боломжгүй. Цусан хураа нь шинэ гэмтэл байсан. Сүүлд авсан гэмтлийн улмаас тархины хүнд гэмтэл үүссэн байна гэж хэлдэг. Уг шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг улсын яллагч хүлээж аваагүй буюу үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Гэрч нарын мэдүүлгээр “хохирогчийг гэмтэл авснаасаа хойш архи уугаад зүгээр явж байсан, толгой өвдөж байна гэмтэл авчихлаа” гэдэг асуудлыг мэдэгдээгүй талаар хэлдэг. Уг мэдүүлгүүдээр хохирогчид учирсан дээрх гэмтлийг шүүгдэгч учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүссэн. Гэтэл хэрэг хянан шалгагдсанаас хойш 9 сарын дараа Б.Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч нь Б.Х-тай 9 сарын хугацаанд харилцаж байгаад тохиролцсон талаар найзууд нь ярьдаг. Б.Х-тай харилцахаа больсоны дараа Д.Б руу чиглэсэн үйлдэл гаргасан ба “мөнгө өг тэгвэл чамайг татахгүй” гэсэн зүйл яриад байдаг. Илтгэгч шүүгчийн илтгэснээр бусад гэмтлүүдийг хэн үүсгэсэн эсэх талаар шалгаж өгөөгүй. Ийм нөхцөл байдалтай байхад хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй болсон гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс гаргасан шүүгчийн захирамжийг зөв гэж үзэж байна. Миний учруулсан гэмтэл духны дээд талд байгаа. Дагзанд учирсан гэмтлийг би учруулаагүй гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1119 дүгээр шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дэх заалтад Д.Быг яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дугаар зүйлүүдэд заасан яллагдагч “мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах”, “мэдээлэл авах” эрхийг танилцуулж, бусад эрхийг танилцуулалгүй орхигдуулсан нь яллагдагчийн эрхийг бүрэн хэрэгжүүлэх боломж олгоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Д. Д.Б-ыг анх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасан яллагдагчийн эрхийг танилцуулж, тогтоолд гарын үсэг зуруулсны /1хх-206-208/ зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална.” заасны дагуу Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар баталсан “Мөрдөгчөөс гаргах эрх зүйн актын хэлбэрийн жагсаалт МША/56”-д байгаа “Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийн маягтыг хэрэглэн хуульд заасан үндэслэл журмын дагуу яллагдагчаас мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн, мөн өмгөөлөгч авах эсэх, өмгөөлөгчгүй байцаалт авахад татгалзах зүйл байгаа эсэхийг асууж, лавласны дараа түүнээс байцаалт /2хх105-108/ авсан нь хууль болон яллагдагчийн эрхийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” гэх үндэслэлээр хэргийг буцаасан шүүгчийн захирамжийн 1 дэх заалт үндэслэлгүй болжээ.

Харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл /Нотолбол зохих байдал/-ийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн;” болохыг тогтоогоогүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн 2 дахь заалт хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:

гэрч С.Майнжаргалын “...орцны жижүүр гэх хромон гуталтай, өндөр биерхүү 50 гаран насны эрэгтэй хүн, ... хромон гутлаараа бид хоёрын нүүр толгой, хөл гар руу олон удаа өшиглөж, дэвсэж зодсон мөн С.Б-ийг хөлөөрөө тийрч шатны уруу өнхөрч унагасан. Тэгээд бид 2-ыг подвалын өрөөнд өшиглөж оруулж байгаад цагдаа нарыг ирэхэд бид хоёрыг гаргаж өгсөн ... Миний баруун талын хавирга гэмтсэн юм байна ерөөсөө ханиаж чадахгүй, амьсгаа авч чадахгүй, баруун, зүүн хөлний шилбэ хавдартай, нурууны зүүн талаар хөндүүртэй байна. Харин С.Б-ийн баруун дух нь зулгарсан, хоёр хөл нь өвдөөд явж чадахгүй, тархи толгой өвдөөд байна гэсэн.” /1хх-32/,

хохирогч С.Б-ийн “Би Буяа гэх залууд гэрт нь архи ууж байгаад архины шилээр толгой руугаа цохиулсан. Энэ үед Энхболд, Ганбаяр нар хамт байсан. Үүний дараа яаснаа сайн санахгүй байна. Орцны жижүүрт хэзээ, яаж зодуулсанаа сайн санахгүй байна. Майнжаргал бид хоёр орцонд унтаж байхад 50 гаруй насны хромон гутал өмссөн эрэгтэй орцонд газар унагааж өшиглөсөн, мөн 2 хөлийн шилбэ руу ээлжлэн өшиглөсөн. Орцны жижүүр газар унагаад дээрээс дэвсэлсэн, шилбэ рүү өшиглөсөн...” /1хх-29/,

яллагдагч Б.Х-ын “...Би 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр санаж байна цаг хугацааг нь тодорхой сайн мэдэхгүй ... 3 дугаар давхарт очоод тэр хоёрыг хөөе босоцгоо гээд хөөгөөд ... тэр хоёрыг өмсөж явсан хромон гутлаараа бөгс рүү нь гурван удаа шилбэ рүү нь хоёр, хоёр удаа өшиглөсөн. ... Бор царайтай залуугийн тархи нь хагарсан, нүүр ам нь хөхөрсөн, шар царайтай залуу ч нүүр ам нь хөхөрсөн байдалтай байсан. ... Бор царайтайг нь босгох гээд татахад өөрөө явж чадахгүй 2 давхрын шат руу өөрөө унасан.” /1хх-111/ гэсэн мэдүүлгүүдэд Б.Х-т хохирогч С.Б- зодуулсан нь үйл баримт авагдсан байхад энэ талаар нарийвчлан шалгалгүйгээр Б.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 6 дугаар тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн заалтад нийцээгүй байна.

Нөгөөтэйгүүр, Д. Д.Б- нь бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн эсэх, чухам хэдийд үйлдсэн нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...гэмт хэргийг хэзээ, ... үйлдсэн ...;” гэсэн заасан заалт, шаардлага хангагдаагүй, энэ талаар эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэжээ. Тухайлбал, яллах дүгнэлтэд “Яллагдагч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 10 дугаар сард ... иргэн С.Б-ийн толгой руу архины шилээр цохиж ... эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан... ” гэсэн нь хуулийн дээрхи шаардлагад нийцээгүй байна. Түүнчлэн гэрч Г.Ганболдын: “2016 оны 10 дугаар сарын эхээр ... Д.Б- С.Б-ийг хэвтэж байхад нь толгойны баруун хэсэгт архины шилээр 1 удаа цохисон, С.Б-ийн толгой хагараад цус гарсан тэгээд нөгөө шил нь газар унаад хагарсан. ... Би хагарсан архины шилийг цэвэрлээд С.Б-, Д.Б- хоёрын тайвшруулаад унтуулсан. Өглөө нь би босоод гэр лүүгээ харьсан.... /1хх-180/,

хохирогч С.Б-ийн “Орцны жижүүрт зодуулснаас хойш 2 хоногийн дараа Буяагийн гэрт толгой руугаа архины шилээр цохиулсан. Би анх мэдүүлэг өгөхдөө ухаан санаа орж гараад болсон асуудлаа андуу ташаа ярьсан байж магадгүй.” /1хх-176-177/,

шүүгдэгч Д.Бын: “2016 оны 10 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, юу ч гэсэн дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 35 тоотод ... С.Б- манай гэрээс юм хулгайлж гарч зараад тэр олсон мөнгөөрөө архи аваад орж ирсэн байсан тэгээд тэрнээс болж маргалдаад архины шилээр толгой руу нь цохиж зодсон.“ /1хх-208/,

шинжээч эмч Г.Энхбаатарын: “хохирогч уг гавал тархины гэмтлийг 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр авсан бол 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хэвийн байдалтай яваад байх боломжгүй. Тухайн гэмтлийг авсан тохиолдолд 1-2 хоногт уг гэмтэл нь шинэ байна, 4-7 хоногт хурцавтар, 7-10 хоногоос дээш архаг хэлбэрт шилждэг. Гэмтлийн эмнэлгийн хагалгааны тэмдэглэлээс үзэхэд “хажуу хальсан дор их хэмжээний бүлэн байсныг авав, үндсэн онош: -тархины баруун тал бөмбөлгийн хажуу хальсан доорх цусан хураа /хурц/” гэсэн байх тул уг тархины цус хуралт бүхий гэмтэл нь шинэ буюу 1-3 хоногт үүсгэгдсэн байж болохоор буюу боломжтой.” /1хх-157-158/ гэсэн мэдүүлгүүдийг харьцуулан үзвэл гэмт хэрэг хэдний өдөр үйлдэгдсэн, эсэх нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байна гэж үзэв.

 

Мөн прокуророос 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн холбогдох заалтыг огт журамлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль буцаан хэрэглэх заалт, шаардлагад нийцээгүй байна. 

 

Мөн Д.Б- “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдсон атал мөрдөгч, а/д Ж.Буянжаргал 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал /2хх-104/-д: “...Яллагдагч Д.Б- Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэж дүгнээд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр зүйлийн 17.2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах... саналыг гаргаж байна” гэж бичиж хайхрамжгүй алдаа гаргасныг прокурор залруулаагүй байна. 

 

Иймд шүүгчийн захирамжийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дахь заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.