Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00568

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00292 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00036 дугаар магадлалтай,

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ч.Г-д холбогдох,

21.012.544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цагаан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Г- нь тус банкны Замын-Үүд салбарт жолоочоор ажиллаж байсан. Ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцож 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 388 дугаар ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ, Барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк нь ажилтанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75 дугаар байрны 1-р орц 50 тоотод байрлах 33 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж 42.900.000 төгрөгийн зээл олгосноос 14.850.000 төгрөгийг нь урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан нь тус банкинд 10 жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллах болзолтойгоор гэрээ байгуулсан. Хэрэв ажилтан банкинд 10 жил тогтвортой ажилласан тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 10 хувийг хөнгөлөх, дээрх хугацаагаар ажиллаагүй тохиолдолд ажилтан урьдчилгаа төлбөрийг банкинд хүүтэйгээр буцаан төлөхөөр талууд тохиролцсон. Мөн Ч.Г-той 2015 оны 01 сарын 16-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд 2015 оны 5 сарын 21-ний өдөр 005 дугаар нэмэлт өөрчлөлтийг оруулж дээрх нөхцөл болзлыг талууд дахин баталгаажуулсан. К 2012 оны 5 сарын 04-ний өдөр Катеринг деливери ХХК-ийн Кин дахь 2000004292 тоот дансанд 14.850.000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 42.900.000 төгрөгийн ипотекийн зээл олгосон. Гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 219 дүгээр тушаалаар Ч.Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Иймд Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээнд заасны дагуу банкнаас олгосон санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр 14.850.000 төгрөг, хүү 6.058.800 төгрөг, алданги 104.544 төгрөг, нийт 37.217.664 төгрөгийг  гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 16.205.120 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 21.012.544 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 оны 5 сарын 4-ний өдөр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 75 дугаар байрны 50 тоот 33 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж 2012 оны 5 сарын 4-ний өдөр Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Гэрээний 3.3-д зааснаар 42.900.000 төгрөгийн зээл авсан. Би 2009 оны 02 дугаар сарын 6-наас 7 жил гаруй хугацаанд Кны Замын-Үүдийн салбарт ажилласан. Нэхэмжлэлд дурдсан шиг санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа 14.850.000 төгрөг надад өгөөгүй байж, хүү, алданги нийт 37.217.664 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний 3.1-д орон сууцны 1 м.кв-ийн үнэ 1.350.000 төгрөг, мөн гэрээний 3.2-т ажилтныг төлөөлж 1 м.кв-ийн үнэ 150.000 төгрөгөөр тооцож 4.950.000 төгрөгийн урьдчилгаа хөнгөлөлт үзүүлэхээр тус тус тохирсон. 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нэг хувийг надад өгөөгүй, энэ гэрээг би мэдэхгүй байна. 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний 3.3-д заасан 42.900.000 төгрөгийн зээл яагаад 59.400.000 төгрөг болсныг ойлгохгүй байна. Энэ тушаалд заасан сүүлийн нэг сарын цалин, амралтын мөнгө, нэг сарын тэтгэмж, эрсдэлийн мөнгө зэргийн тооцоо хийхийг заасан боловч хэрхэн тооцож суутгал хийсэн нь мэдэгдэхгүй байгаа. Иймд Кны үндэслэлгүй нэхэмжилсэн 37.217.664 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00292 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Г-од холбогдох Санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 14.850.000 төгрөг, хүүгийн төлбөрт 6.058.000 төгрөг, алданги 104.544 төгрөг, нийт 21.012.544 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 16.205.120 төгрөгөөс татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344.039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00036 дугаар магадлалаар: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00292 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Кны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344.039 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00292 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны 202/МА2017/00036 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ажилтан “К” ХХК нарын хороонд байгуулсан “2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 005 тоот Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ /хх20-21 тал/ нь Иргэний хуулийн 189 дүгээр сарын 189.1-д заасан зохицуулалтад нийцсэн, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр өөрсдөө үйлдсэн байх бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хэргийн үйл баримт болон хариуцагч талаас гаргасан тайлбар, татгалзал зэргээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл, нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн холбогдох хэсгээс татгалзсан талаар гаргаж өгсөн бичгийн баримт байхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн холбогдох хэсгээс татгалзаж байгаа тохиолдолд тухайн хүсэлтийг бичгээр авч төлөөлөх эрх бүхий этгээдээр гарын үсэг зуруулахаар хуулиар зохицуулсан. Ийнхүү нэхэмжлэлийн холбогдох хэсгээс татгалзсан эсвэл нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан талаар нэхэмжлэгчийн хүсэл зориг нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг багасгаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байг болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу хэргийг бодиттой шийдвэрлэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 137/ШШ2017/00292 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00036 магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч К нь хариуцагч Ч.Г-од холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...орон сууцны урьдчилгаа 14.850.000 төгрөг, хүү 6.058.800 төгрөг, алданги 104.544 төгрөг нийт 37.217.664 төгрөг” гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч Ч.Г- нь Кны Замын-Үүд салбарт жолоочоор ажиллаж байсан ба тэрээр Катеринг Деливери ХХК-с Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 130 айлын орон сууцны, 1 дүгээр орцны 6 давхрын 50 тоотын 33 м.кв 1 өрөө орон сууцыг худалдан авах, К уг орон сууцыг худалдан авахад шаардагдах 42.900.000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Орон сууцны санхүүжилтийн гэрээ байгуулжээ.

Зохигч талууд дээрх гэрээ байгуулсан өдөр Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 42.900.000 төгрөгийг сарын 0.67 хувийн хүүтэй, 2037 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүртэл хугацаагаар зээлсэн ба Кны гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 219 тоот тушаалаар Ч.Г-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ /хэргийн 5-19 дүгээр тал/.

Ч.Г- дээрх орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгч дэмжлэг үзүүлсэн эсэх, талууд орон сууцны үнийг хэрхэн тохиролцсон нь маргааны зүйл болжээ.

К болон Катеринг деливери ХХК-ийн хооронд 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололд баригдаж буй 130 айлын орон сууцны 1 м.кв-ын үнэ банкны ажиллагсдад 1.800.000 төгрөг байна гэж заасан байх ба хариуцагч Ч.Г- уг гэрээнд оролцоогүй байна /хэргийн 112-113 дугаар тал/.

Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний 3.1-т “орон сууцны 1 мкв талбайн үнийг 1.350.000 төгрөг” гэсэн ба нэхэмжлэгч 42.900.000 төгрөгийн зээл олгожээ. Дээр дурдсанаас үзвэл талууд 1 м.кв талбайн үнийг 1.300.000 төгрөгөөр тохиролцсон гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

К нь Ч.Г-ыг тухайн байгууллагад тогтвортой ажиллуулах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 005 тоот хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж Катеринг Деливери ХХК-аас орон сууц худалдан авахад нь зориулж 14.850.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн, гэвч хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул уг мөнгийг буцаан гаргуулна гэж шаардлагаа тодорхойлжээ.

Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2 өөр огноотой 3 гэрээ хэрэгт авагдсан, үүний 2 гэрээнд хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй байна. Харин гарын үсэг зурагдсан 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 005 дугаар гэрээний 1 дэх хэсгийн 5-д “ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болгож ял оногдуулсан шүүхийн шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон буюу хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардсан, эрүүл мэндийн шалтгаанаар гэрээ дуусгавар болгосон тохиолдолд  банк ажилтанд олгосон санхүүгийн дэмжлэгийг  нэхэмжилж гаргуулах эрхтэй” гэж заасан боловч энэхүү нөхцөл байдал бий болсон нь хэргийн баримтаар  тогтоогдоогүй байна. Тодруулбал, ажил олгогч ажилтныг гэрээнд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэгч 16.205.120 төгрөгийн шаардлагаас татгалзсан гэж үзэж, татгалзлыг баталсан нь буруу. 

Нэхэмжлэлд дурдсан шаардлагуудын нийлбэр нэхэмжилсэн 37.217.664 төгрөгт хүрээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч шаардлагаа багасгасан гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

К нь Катеринг деливери ХХК-нд ажиллагсдын орон сууцны зээлийн зөрүүд нийт 330.150.000 төгрөгийг шилжүүлсэн тухай мемориалын баримт хэрэгт авагдсан боловч энэ нь хариуцагчийн өмнөөс Катеринг деливери ХХК-д орон сууцны урьдчилгаа төлбөр төлснийг нотлохгүй, мөн ТУЗ-ийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тогтоол, тооцоо нийлсэн акт зэрэг нь зохигчийн хооронд байгуулсан гэрээний дараа бий болсон тул гэрээний дагуу олгосон зээл дээр нэмж 14.850.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-г зөрчөөгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 202/МА2017/00036 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 335.358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ