Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 280

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, хохирогч Д.С, шүүгдэгч У.П, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ү овогт У-гийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910019630206 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Их Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьдчилан цагдан хоригдсон хоногийг дүйцүүлэн тооцож, 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон, бие эрүүл, ухаан бүрэн, Ү овогт У-гийн П- /РД: ТЯ 93070111/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч У.П- нь 2019 оны 8 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж байгаа “Хуягт харш” ХХК-ийн барилгын талбайд амралтын байранд хамт ажиллаж байсан Д.С-ын гар утсыг ашиглан, түүний Хаан банкны данснаас 11 удаагийн гүйлгээгээр 630,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Д.С: “...У.П-г сайн танихгүй, Арцатын амны барилга дээр ажиллаж байхдаа танилцаад хамт ажиллаж байсан. Бид нар гар утсаараа тоглодог, хамт ажилладаг У.П- их тогдодог, би их тоглодоггүй, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр миний утасны цэнэг дуусах гээд байсан учир У.П- миний утсыг цэнэглэх гээд авч үлдсэн, тэгсэн миний утаснаас тоглож байхдаа 636,000 төгрөгийг шилжүүлж авсан, би түүнийг мөнгө ав гэж хэлээгүй, мөнгө авсан талаар маргааш нь өөрийнхөө гар утсаар интернэ банк руу орох гэсэн нууц үгийг өөрчилсөн байхад нь мэдсэн, 636,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Шүүгдэгч У.П-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, яллах дүгнэлтэд бичигдсэн зүйлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа, үнэн зөв, нэмж мэдүүлэг гаргахгүй. Мөнгө шилжүүлсэн тухай Д.С-т хэлээгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, одоо Амгаланд барилга дээр дотор засал хийж байгаа, ажлаа хийгээд хохирлыг барагдуулна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ...15 цагийн үед У.П- утсаар залгаж та 6,000 төгрөг шилжүүлээд өг гэж хэлсэн бөгөөд тухайн үед У.П- гар утсаараа покер тоглоод байсан. Би У.П-г дуудаад миний утасны цэнэг дуусах гээд байна гэрт аваачиж цэнэглэчих гэж хэлсэн. Би утсаа өгч явуулчихаад 18 цаг өнгөрч байхад ажил дуусаад гэртээ орж ирэхэд У.П- нь миний утсаар Фейсбүүкээр покер тоглоод сууж байсан. ...Шөнө 01 цагийн үед барилгын цутгалтын ажил дуусаад гэртээ ирэхэд У.П- миний утсаар орон дотроо орчихсон тоглоомоо тоглоод хэвтэж байсан. Би У.П-гээс миний утсыг өг гэхэд миний утас тоглож болохгүй байна, таны утас болоод байна гэхээр нь би У.П-гийн утсаар тоглож байгаад 02 цаг өнгөрөөгөөд унтчихсан. Өглөө 08 цагийн үед У.П- босож харагдсан. Тэгээд 08 цаг 40 минутын үед ажлын хашаанаас гараад алга болсолн. Би 09 цагийн үед нь өөрийн мобайл банкийг шалгах гэхэд нууц үг солигдсон орж болохгүй байхаар нь 1800-1917 дугаар руу залгахад данснаас “камаз” гэсэн утгатай нийт 636,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. ...Би мобайл банкны нууц үгээ У.П-гээр солиулж байсан учраас мэддэг болсон байх...” /хх-ийн 10-11, 68-70/ гэсэн,

 

Шүүгдэгч У.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...камаз гэх нэрээр 5916257225 дугаарын данс руу мөнгө хийгээд покер тоглож байгаад Д.С- ахын данснаас мөнгө шилжүүлээд шөнө 00 цагаас 03 цаг хүртэл тоглосон..." /хх-ийн 67/ гэсэн мэдүүлгүүд,

- Хаан банкны дансны хуулга /хх-25/,

- Гар утасны дуудлага хийсэн болон мэссэж бичсэн тухай дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 31-36/,

- Шүүгдэгч У.П-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Бямбаагийн мэдүүлэг /хх-ийн 17-18/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт /хх-ийн 21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, У.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч У.П- нь 2019 оны 8 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж байгаа “Хуягт харш” ХХК-ийн барилгын талбайд амралтын байранд хамт ажиллаж байсан Д.С-ын гар утсыг ашиглан, түүний Хаан банкны данснаас 11 удаагийн гүйлгээгээр 630,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.С-ын “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...У.П- нь миний утсаар фейсбүүкээр покер тоглоод сууж байсан. ...Шөнө 01 цагийн үед барилгын цутгалтын ажил дуусаад гэртээ ирэхэд У.П- миний утсаар орон дотроо орчихсон тоглоомоо тоглоод хэвтэж байсан. Би У.П-гээс миний утсыг өг гэхэд миний утас тоглож болохгүй байна, таны утас болоод байна гэхээр нь би У.П-гийн утсаар тоглож байгаад 02 цаг өнгөрөөгөөд унтчихсан. Өглөө 08 цагийн үед У.П- босож харагдсан. Би 09 цагийн үед нь өөрийн мобайл банкийг шалгах гэхэд нууц үг солигдсон орж болохгүй байхаар нь 1800-1917 дугаар руу залгахад данснаас “камаз” гэсэн утгатай нийт 636,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. ...Би мобайл банкны нууц үгээ У.П-гээр солиулж байсан учраас мэддэг болсон байх...” /хх-ийн 10-11, 68-70/ гэсэн, шүүгдэгч У.П-гийн “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...камаз гэх нэрээр 5916257225 дугаарын данс руу мөнгө хийгээд покер тоглож байгаад Д.С- ахын данснаас мөнгө шилжүүлээд шөнийн 00 цагаас 03 цаг хүртэл тоглосон..." /хх-ийн 67/ гэсэн мэдүүлгүүд, Хаан банкны дансны хуулга /хх-25/, гар утасны дуудлага хийсэн болон мэссэж бичсэн тухай дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 31-36/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч  У.П-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.С-т 636,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч У.П-гийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг гарахад хохирогч Д.С-ын гар утсаа шүүгдэгчид өгсөн, ингэхдээ өөрийн мобайл банкны нууц дугаарыг мэдэгдсэн зэрэг зүйл нөлөөлсөн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч У.П- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлыг харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910019630206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч У.П- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Ү овогт У-гийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-гийн П-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч У.П-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.П- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.П-ээс 636,000 /зургаан зуун гучин зургаан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.С-т олгосугай.

 

6. Эрүүгийн 1910019630206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч У.П энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

         

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Д.АЛТАНЖИГҮҮР