| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2016/00439/и |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 15
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- ************** нэхэмжлэлтэй,
хариуцагч- ***************,
хариуцагч- *************** нарт холбогдох
үндсэн зээлийн үлдэгдэл 11.651.601,64 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүүд 443.873,89 төгрөг, нийт 12.095.475,53 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, *********, хариуцагч ********, ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Иргэн *********** нар нь 2013 оны 10 сарын 18-ны өдөр 50/178 тоот зээлийн гэрээгээр ********* Говь-Алтай аймаг дахь салбараас 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 1.9 хувийн хүүтэйгээр, зээл хүүг сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлийн барьцаанд 77.39м2 2 өрөө, 188 м2 3 өрөө орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, караокены тоног төхөөрөмж 2 ширхэг, Toyota Prius-20 суудлын автомашин 1 ширхэг, 32 инчийн телевизор 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, гал тогооны тавилга 1 ширхэг, босоо хөлдөөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, 3 хос буйдан 1 ширхэг гэх мэт хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2016 оны 10 дугаар сараас хойш зээл, хүүгээ төлөхгүй сар бүр 1-44 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2016 оны 11 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 88.348.398,36 төгрөг, хүүгийн төлбөр 46.435.305,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22.699,35 төгрөг, нийт 134.806.402,77 төгрөг төлсөн байна. Иймд тус иргэдээс 2016 оны 11 сарын 23-ны байдлаар төлөгдөөгүй зээлийн хүү болох 443.873,89 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 11.651.601,64 төгрөг, нийт 12.095.475,53 төгрөгийг төлүүлэх хүсэлттэй байна.
Төлөөлөгчөөр оролцож байгаа бидэнд эвлэрэх эрх олгогдоогүй. Манайх шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилнэ гэж нэхэмжлэлдээ тусгасан боловч өнөөдрийн байдлаар нэмэгдүүлсэн шаардлага гаргаагүй болно. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш хариуцагч нар 662.221,71 төгрөгийг төлж, одоо үлдэгдэл 11.433.253,82 төгрөг байгаа тул хариуцагч нарын төлсөн 662.221,71 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэх саналтай байна. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шийдвэрээ гаргуулж харилцагч нар зээлээ төлөхгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэх хүсэлттэй байна гэв.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгний зээл авсан ба зээлийг цаг хугацаандаа төлж явсаар 2016 оны 09 сард зээлийн үлдэгдэл 11.000.000 төгрөг үлдсэн ба банктай бага зэргийн үл ойлголцол үүссэн тул 10, 11 сарын зээлийг төлөөгүй юм. Ингээд төрийн банкны эдийн засагч болон бусад хүмүүстэй харилцан тохиролцсон тул үлдэгдэл зээлээ цаг тухай бүрт нь төлж явахаар болж хугацаа хэтэрсэн гэх төлбөрийг төлж барагдуулан хэвийн үйл ажиллагаанд нь эргэн оруулсан. Бид 2016 оны 09, 10, сарын зээлийн хугацаа хэтрүүлсэн 662.221,71 төгрөгийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 15-нд төлсөн. Нэгэнт ************ зээл авсан төлөх нь үнэн. Зээлийн хэтрэлт байхгүй болж, ямар нэгэн байдлаар төлөхгүй гэх хууль бус асуудал байхгүй. Манайд зарах 2-3 байр байгаа. Эдгээрийг зараад мөнгө ороод ирвэл бөөн төлөх боломжтой. Тиймээс зээл, хүүгийн үлдэгдэл 11.433.254 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бид зээлийн үлдэгдэл төлбөр болох 11.433.254 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүрийн 11-ний өдөр 260.000 төгрөгөөр тус тус төлж, үлдсэн 9.873.254 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 30-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах хүсэлттэй байгаа тул энэ хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбар, хүсэлт, бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** Говь-Алтай салбар нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 50/178 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 11.651.601,64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 443.873,89 төгрөг, нийт 12.095.475,53 төгрөгийг хариуцагч ************* нараас гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.
Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 662.221,71 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаасаа 662.221,71 төгрөгний хэсгээс нь татгалзаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 11.433.254 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүрийн 11-ний өдөр 260.000 төгрөгөөр тус тус төлж, үлдсэн 9.873.254 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 30-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна /хх-33, 58, 59/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд тэдгээрийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 197.882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *********** Говь-Алтай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүд нийт 12.095.475,53 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 662.221,71 /зургаан зуун жаран хоёр мянга хоёр зуун хорин нэгэн/ төгрөгний шаардлагаасаа татгалзаж, үлдэгдэл 11.433.254 /арван нэгэн сая дөрвөн зуун гучин гурван мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөгийг хариуцагч ***************, ****************нар 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүрийн 11-ний өдөр 260.000 /хоёр зуун жаран мянган/ төгрөгөөр тус тус төлж, үлдсэн 9.873.254 /есөн сая найман зуун далан гурван мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 30-ний өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.478 /хоёр зуун найман мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 197.882 /нэг зуун ерөн долоон мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ