Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1534

 

.

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00586/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, *** дугаар хороололд байрлах, “***” ХХК /регистрийн дугаар ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 22 дугаар хороолол, 6 дугаар байр, *** тоотод оршин суух, М*** овогт Ц*** М*** /регистрийн дугаар ***, утас ***/-д холбогдох,

“4,882,100 төгрөгийг гаргуулах, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М**, Б.Э**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч***, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай,  орчуулагч Ж.Г**, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж***, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай компани ОХУ-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хорооллын 6 дугаар байрыг өмчлөгч /ОХУ/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшдэг. Уг байрны ***тоотын орон сууцыг иргэн Ц.М***т сарын 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн хөлстэй, 1 жилийн хугацаатайгаар 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулан түүнд хөлслүүлсэн. Иргэн Ц.М*** нь орон сууцыг эзэмшиж байгаа боловч одоог хүртэл хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.

Иймд хариуцагчаас байрны хөлс 2,849,000 төгрөг, алданги 1,424,500 төгрөг нотлох баримтыг нотариатаар батлуулсан зардал болох 5,000 төгрөг нийт 4,278,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ

 

Хариуцагч Ц.М*** шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ц.М*** би ам бүл 6, нөхөр 3 хүүхэд аавынхаа хамт амьдардаг. Би 2009 онд *** ХХК-тай гэрээ хийж ОХУ-ын өмч болох 6 дугаар байрны ***тоотод орсон юм. Анх ороход бид түрээсийн төлбөрийг сард 60,000 төгрөг төлөхөөр 6 сарын хугацаатайгаар гэрээ хийсэн. Гэрээний хугацаанд би түрээсээ төлсөөр байхад 5 хоног, 1 хоног өнгөрсөн ч надаас алданги гэж тооцож авдаг байсан. Бидний цалин дараа сарын яг тэр өдрөө буудаггүй янз янзын л байдаг. Ингээд мөнгөө бариад оронгуут хугацаа хэтэрсэн алданги гэж тооцоод авчихдаг ингээд л түрээсийн мөнгөний өртэй үлддэг болсон. Ийм байдлаар намайг маш их дарамталж, нөхөр бид хоёрыг байхгүй байхад, 3 насанд хүрээгүй бага насны хүүхдүүд хараа муутай аавын маань орон гэрийн минь юмнуудыг коридорт гаргаж хаяад дараагийн айл өрийг чинь төлөөд оруулах гэж байна гээд түлхүүр авчихсан байсан. Тухайн үед цагдаа шүүхэд өгч байгаад дууссан билээ.

*** ХХК-ийн нягтлан бодогч М*** нь ард иргэдийг жинхэнэ шулж зүгээр мөнгө олох хэрэглүүр л болгож, хүний эрхийг онц ноцтой зөрчсөөр байсан тул би гэрээ хийхээ зогсоосон. Угаасаа энэ компани ОХУ-ын байрыг эзэмшиж бусдад дамжуулан түрээслүүлэх эрхтэй эсэх нь ч тодорхойгүй болсон. Бидны цахилгааныг 2013 оны 04 дүгээр сард тасалсан бүтэн 3 жил болж байна. Энэ бол арай дэндүү асуудал *** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013.06.01-ний өдрөөс 2016.07 сар хүртэл хугацааны түрээс цахилгаан гэж надаас алдангийн хамт 4,278,500 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэтэл би 2013-2014 онуудад мөнгө төлж байсан боловч үүнийг тооцоонд оруулаагүй байна. 2013.04 сараас хойш гэрэл цахилгаангүй байсан байхад юугаар хэмжиж надад цахилгааны өр төлбөр тавиад байгааг ойлгохгүй байна.

Манайхаас авдаг түрээсийн төлбөр, дотор ус, дулааны мөнгө ордог. Би чухам хэр хэмжээний ус ашиглаад байгаагаа ч мэддэггүй, цахилгааны тоолуураар хэмждэг гэх боловч тоолуурын заалтаа ч харах эрх байдаггүй байсан.

Ийм байдлаар биднийг албаар өртүүлж, өөрөөр хэлбэл төлсөн түрээсийн мөнгийг алдангид тооцож аваад, түрээсийн гэх үндсэн өрийг төлөөгүйгээр тооцож явсаар эцэст нь ийм байдалд оруулж байна. Ер нь дулаан, ус, цахилгааны мөнгийг хувийн компани авах ёсгүй атал *** ХХК биднээс авдаг авахдаа аж ахуй нэгжээр тооцож авдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгч “***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Тус шүүхээр манай компанийн нэхэмжлэлтэй, Ц.М***т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

“…Уг хэргийн хариуцагч Ц.М***т манай компаниас төлбөрийн таатай нөхцөлөөр орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг санал болгож байсан боловч тэрээр өнөөг хүртэл орон сууцны төлбөрийг төлөхгүй, орон сууцыг хууль бусаар эзэмшсээр байгаа тул нэхэмжлэгч талаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

  1. Хариуцагчийг Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг, 6 дугаар байрны ***тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх,
  2. 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл орон сууц эзэмшсэний төлбөр 600,000 төгрөг, цахилгааны төлбөр 3,600 төгрөг нийт 603,600 /зургаан зуун гурван мянга зургаан зуу/ төгрөгийг хариуцагчаас нэмэгдүүлэн гаргуулах,

Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дээрх байдлаар ихэсгэж байгааг хүлээн авна уу” гэжээ.

 

Хариуцагч Ц.М*** нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“…*** ХХК нь намайг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг нэмэгдүүлжээ үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. ОХУ, *** ХХК-ийн хооронд 2005 онд хийгдсэн 524 тоот гэрээ болон түүнийг сунгасан гэх хэлэлцээрт байрны оршин суугчдыг байрнаас албадан чөлөөлүүлэх талаар асуудал тусгагдаагүй *** ХХК нь иргэн Ц.М*** надтай хийсэн гэрээндээ өөртөө олгогдоогүй эрхийг эдэлж бусдын /ОХУ-ын/ өмчийг надаас бүхлээр нь шаардаж нүүлгэн гаргуулах талаар хууль бус заалт оруулсан нь үндэслэлгүй. Иймд албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

*** ХХК нь  2016 оны 05 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл орон сууц эзэмшсэний төлбөр 600,000 төгрөг, цахилгааны төлбөр 3,600 төгрөг нийт 603,600 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.

Би хэдийгээр энэ орон сууцыг эзэмшээд сууж байгаа нь үнэн боловч *** ХХК нь иргэн бидний эрхийг ноцтой зөрчиж, төлсөн төлбөр түрээсийн мөнгийг алдангид тооцож авч өртүүлдэг болсон учраас би энэ байгууллагын өмнө үүрэг хүлээхгүй гэж гэрээ хийгээгүй, би ОХУ-ын өмчид амьдарч байгаа *** ХХК надтай 2014 оноос хойш гэрээний харилцаа үүсээгүй тул төлөхгүй. Харин эзэн нь болох ОХУ-д байранд нь амьдарч байгаа хугацааны мөнгийг төлж болно. *** ХХК нь айл өрхүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг өөрсдөө тооцоог нь гаргаж өөрсдөө бичиж өөрсдөө авч байгаа нь үндсэндээ хууль бус үйлдэл гэж үзэж байна. Угаасаа ОХУ-тай хийсэн гэрээг зөрчин биднээс цахилгаан, ус, дулааны мөнгийг авч алданги тооцсоноос болж оршин суугчид ихээхэн өрөнд орсон. Мөн надтай хийсэн гэрээний 1.3-т хэрэглэсэн цахилгааны төлбөр тоолуураар тооцно гэжээ.

Гэтэл тоолуурыг өөр өрөөнд байрлуулж би хэдий хэр цахилгаан хэрэглэснээ харах боломжгүй болгосон. Дээрх гэрээний 2.4-т хангагч байгууллагуудаас /дулаан, ус, ОХУ-ын түрээсийн төлбөр зэрэг/ үнийн өөрчлөлт оруулахгүй гэсэн атлаа сар тутамд түрээс нэмэгдүүлж алданги тооцдог.

Ер нь *** ХХК нь Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх ашгийг хэтэрхий ноцтой зөрчсөөр ирсэн. Би бүтэн хоёр жил ямар ч гэрэлгүй, усгүй, байнга ус зөөж амьдарлаа. Хүнийг ийм байлгах эрх энэ компанид ямар хуулиар олгогдсон юм бол, түрээс нэрээр байнга нэмэгдүүлж мөнгө авдаг, цалингаа буунгуут аваад орохоор алдангид тооцно гээд үндсэн түрээсээс хасдаггүй, цахилгаан, усны мөнгийг хүртэл алданги тооцож авдаг.

Иймд хүний эрхийг дордуулсан гэрээ хийж үүнийгээ үндэслэн байрнаас чөлөөлүүлнэ гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ц.М***т холбогдуулан байрны хөлс 2,849,000 төгрөг, алданги 1,424,500 төгрөг, нотлох баримт гэрчлүүлсний зардал болох 5000 төгрөг, нийт 4,278,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал “хариуцагч Ц.М***ийг Дархан-Уул аймаг, Дархан сум *** дүгээр баг ***дугаар байрны ***тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл орон сууц эзэмшсэний төлбөр 600,000 төгрөг, цахилгааны төлбөр 3,600 төгрөг нийт 603,600 төгрөгийг гаргуулахаар” нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ц.М***ийг Дархан-Уул аймаг, Дархан сум *** дүгээр баг ***дугаар байрны ***тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хариуцагчаас байрны хөлс нийт 3,449,000 төгрөг, алданги 1,424,500 төгрөг, цахилгааны төлбөр 3,600 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг бүгд 4,882,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Хариуцагч Ц.М*** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж***нь нэхэмжлэгч *** ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцохоо илэрхийлсэн болно.

 

Нэхэмжлэгч *** ХХК нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дахь  Өмчийн газар” Холбооны Засгийн газрын Үйлдвэртэй 2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *** дугаартай Түрээсийн гэрээ байгуулан түрээсийн гэрээний хавсралт 1-д заасан Монгол Улс Дархан хот 22-р хороолол 4, 6-р байрыг 1 ам метр талбайг сарын 0,5 доллараар, жилийн 16 927,5 доллараар, 2008 оны 9 дүгээр сарын 30 хүртэл хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулж, хөрөнгө хүлээлцэх акт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ,  гэрээний 1, 2 дугаар хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 90-95/,

Талууд 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *** тоот түрээсийн гэрээний нэмэлт хэлцэл №3-ийг байгуулсан болох нь хэрэгт авагдсан Хэлцэл №3, гэрээний хавсралт 1, 2 зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 96-101/,

 

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Ц.М***тэй 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дархан сумын 4-р баг 22-р хороолол, 6-р байрны ***тоот 1 өрөөг, 12 сарын хугацаатай буюу 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 90,000 төгрөгөөр, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 100,000 төгрөгөөр хөлсөлсний төлбөрийг тооцох, хөлслөгч орон сууц хөлсөлсний төлбөрийг урьдчилж тухайн сарын 10-ны дотор төлөх, хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тоолуураар тооцон дараа сарын 10-ны дотор хөлслүүлэгч талд төлөх, дээрхи төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Орон сууц хөлслөх гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч *** ХХК нь орон сууц хөлслөх гэрээний хугацаа буюу 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 549,000 төгрөг, түүний алданги 1,424,500 төгрөг /гэрээний 1,4-т заасан/,  гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны буюу 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 2,900,000 төгрөг, цахилгааны төлбөр 3,600 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэрээний хугацаанд төлөх төлбөрийн үлдэгдэл 549,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болон гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан болно.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 295 дугаар зүйлийн 295.4-д “Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй”, 232 дугаар зүйлийн 232.6-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно”  гэж заасан байх тул хариуцагч Ц.М***ээс бичгээр гэрээ байгуулсан хугацааны буюу 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны байрны хөлсний төлбөрийн үлдэгдэл 549,000 төгрөг, түүний алданги 274,500 төгрөг, гэрээ дуусгавар болсноос хойших хугацаанд төлбөл зохих төлбөр 2,900,000 төгрөг, нотариатийн зардал 5000 төгрөг, нийт 3,728,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 Нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн алданги 1,150,000 төгрөг, цахилгааны төлбөрийн талаар хэрэгт нотлох баримт байхгүй байх тул цахилгааны төлбөр 3,600 төгрөг, нийт 1,153,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч *** ХХК нь “...Ц.М***тэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд компаниас орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг санал болгож байсан боловч тэрээр өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрийг зохих ёсоор төлөхгүй байгаа тул Ц.М***ийг дээрх байрнаас нүүлгэн гаргуулж өгнө үү” гэсэн шаардлагыг гаргасан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...уг байр нь Оросын холбооны улсын өмч, ирээдүйд байрыг тэргүүн ээлжинд өмчилж авах учир орон сууцнаас нүүлгэн гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан болно.

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө” гэж заасны дагуу хариуцагч Ц.М*** нь орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон учир хөлсөөр амьдарч байсан Дархан-Уул аймаг, Дархан сум *** дүгээр баг ***дугаар байрны ***тоот орон сууцыг хөлслөгч *** ХХК-нд буцаан өгөх үүрэгтэй болно.

Иймд нэхэмжлэгч *** ХХК-ний  Дархан-Уул аймаг, Дархан сум *** дүгээр баг ***дугаар байрны ***тоот орон сууцыг Ц.М***ийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.        

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 295 дугаар зүйлийн 295.1, 295.4-т зааснаар хариуцагч Ц.М***ийн эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум *** дүгээр баг ***дугаар байрны ***тоот орон сууцыг чөлөөлж, хариуцагчаас 3,728,500  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,153,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,166 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М***ээс 74,606 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА