Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 291

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, хохирогч С.А-, шүүгдэгч Ж.Б-, Б.Б-, тэдний өмгөөлөгч Т.Баясгалан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ж-гийн Б-, Б овогт Б-гийн Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810021120617 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,1967 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Хутаг Өндөр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 55,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ж-гийн Б- /РД: 000000000/,

 

Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хишиг Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-гийн Б- /РД: 0000000000/.  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар хохирогч С.А-ийн эзэмшлийн G-500 маркийн автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч тээврийн хэрэгслийн үнийг хугацаанд нь төлөлгүй улсын дугаарыг өөрчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад зарж залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч С.А-: “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Д.Одончимэг, Ж.Б-, Б.Б- нар надтай уулзаж ярьсан, мөнгө зээлээч гэхээр нь зээлэх мөнгө байхгүй, зарах машин байна гэхэд үзье гээд Зайсанд манай гэрт очиж машин үзэж байгаад Б.Б-, Мөнх-Эрдэнэтэй авсан, миний машиныг 2 сарын дараа мөнгийг нь өгөхөөр тохиролцож, худалдаж авсан. Ингэхдээ надад “Хутаг цагаан эрэг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болооч гэдэг саналыг тавьж байсан. Машины мөнгийг хоёр сарын дараа өгнө гэхээр нь би хоёр сарын хугацаанд огт яриагүй, тэгээд 8 дугаар сарын 10-наас ярьж эхэлсэн, эхэндээ маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэдэг байсан, сүүлдээ Б.Б- намайг доромжилж эхэлсэн, чамайг би аав шигээ санаад байгаа шүү, гэтэл чи муу юу вэ гэж ярьсан. Одоо миний машиныг битүүмжилсэн байгаа, машинаа буцаагаад авчихвал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, машинаа авч чадахгүй байгаадаа гомдолтой байна...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Б-: “...2018 оны 6 сард С.А-аас 50 сая төгрөгөөр, 8 сарын дундуур өгнө гэж машин худалдаж авахаар тохирч, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, авсан. Тэгээд Таван толгойн ажилд явж байгаад “Жишир баялаг” компаниас мөнгө авах байсан, гэтэл мөнгө өгөөгүй, 8 сард бороо ороод Таван толгойн ажил зогссон, 9 сард мөнгийг өгсөн, 9 сард 98 сая төгрөгийн ажил хийсэн байхад 50 сая төгрөг өгсөн, тэр мөнгийг түлшинд болон өөр өрөнд өгсөн, С.А-т мөнгө өгөөгүй, Жи-500 маркийн машинаа авья гэхэд шүүхээр явж байгаа учир шүүхийн шийдвэр гартал өгөхгүй гээд машиныг нь өгөөгүй байгаа. “НИК” компанитай 6 сард гэрээ хийсэн, барьцаа болгож машинаа тавь гэхээр нь хоёр машин тавьсан, 25 тонн түлшин авсан, манай толгой компани мөнгө өгөөгүй, Ланд 200 маркийн машиныг 45 сая төгрөгөөр зарсан, Жи-500 маркийн машины зээлийг чөлөөлүүлсэн, 52,250,000 төгрөгийн өртэй байсан. Дээрх хоёр машины төлбөрийг Г.Баттөр “НИК” ХХК-д төлсөн. Тэгээд хороололд байх банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлэхээр болж барьцаанд тавих гэтэл ченжэд банк бус санхүүгийн байгууллага зээл өгөхгүй гэсэн учир Г.Баттөр та надаас мөнгө авчих, энд тавиад хэрэггүй, танд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гэхээр нь би дээр нь 8 сая төгрөг нэмж аваад нийтдээ 17 сая төгрөгийг Г.Баттөрөөс авсан. 9 сарын дундуур өгнө гэж тохирсон, гэтэл Г.Баттөр эргэж надтай яриа ч үгүй, хэлээ ч үгүй тухайн машины цаашаа найздаа зарсан байсан, машин зарагдаагүй байхад намайг цагдаа, шүүхээс дуудаж байсан гэж Г.Баттөрд хэлж байсан...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-: “...Анх аав намайг дуудаж С.А-тай таницсан, тэр үед С.А-, эхнэр Я.Долгорсүрэн, Д.Одончимэг, би, аав Ж.Б-, найз Мөнх-Эрдэнэ нарын хамт явж байсан, бид нар хоолонд орсон, ингэхдээ би найз Мөнх-Эрдэнийн хамт тусдаа өөр ширээнд суусан бөгөөд би тэнд болж байсан янз бүрийн яриа хөөрөөнд оролцоогүй. Энэ хэрэг дээр Ж.Б-гийн хүүхэд болохоор л ингээд яваад байна, энэ хэрэгт би оролцоогүй байхад намайг Баянбүрдээс баривчилсан, Баянзүрхийн мөрдөгч Чойжав дээр очиход шорон ямар байдгийг чамд үзүүлнэ ээ гээд цагдан хорьсон, намайг хэнтэй ч уулзуулаагүй, утсаар ч яриулаагүй. Машин худалдаж авахаар нотариат руу би хамт явсан, тэнд очоод би дотогш ороогүй, гадаа машинд сууж байсан. ...Аав Ж.Б-, би, Г.Баттөр бид гурав уулзсан, аав, Г.Баттөр хоёр уулзаад түлшний өртэй, Ланд 200 маркийн машиныг 45 сая төгрөгөөр зарсан, үлдэгдэл төлбөрөө Г.Баттөрөөс зээлж авсан, ууг нь Жи-500 маркийн машиныг барьцаанд тавьж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авья гэхэд банк бус санхүүгийн байгууллагын хүн Г.Баттөрийг ченж гэж таниад тухайн машиныг авахгүй байсан, тэгэхээр нь Г.Баттөр надаас зээлчих гээд зээлсэн. С.А-аас машиныг компанийн нэр дээр авсан, тухайн компанийг 2015 онд байгуулагдсан, 1 гишүүнтэй байсан, одоо 2 гишүүнтэй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...91-94 УНЭ улсын дугаартай Жи-500 маркын машинаа зарах гээд зар тавьчихсан байсан юм. Тэгсэн манай эхнэр Я.Долгорсүрэнгийн найз Д.Одончимэг зүс таних Ж.Б- гэх залууг дагуулж ирээд Таван толгойд тендер авчихсан байгаа, мөнгө зээлээч гэхээр нь зээлэх мөнгө байхгүй ээ, зарах машин байна гэхэд машинаа надад өгчих би энэ машинаар чинь ажлынхаа нүүр царай болгоё төлбөрийг нь хоёр сарын дараа өгье гэж хэлэхээр нь за гэж хэлээд зөвшөөрсөн юм. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн нотариатаар худалдах, худалдан авах гэрээ хийж машинаа Ж.Б-гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Ингээд би 2 сарын дараа мөнгөө авах гэхэд маргааш, нөгөөдөр гэж худлаа хэлээд хойшлуулсаар байгаад одоо болохоор утсаа авахгүй алга болсон...” /1-р хх-ийн 19, 3-р хх-ийн 197/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Ө.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...84-06 УНӨ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх байгаа юм. Би энэ автомашиныг Г.Баттөр гэх машины ченжээс 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 16,000,000 төгрөгийг бэлнээр өгч, харин үлдэгдэл 8,000,000 төгрөгөнд сэлбэг бартер хэлбэрээр өгч худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би уг машиныг барьцаанд байсныг мэдээгүй..” /1-р хх-ийн 21-22, 3-р хх-ийн 137, / гэсэн,

 

Гэрч Г.Баттөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таванбогд авто худалдааны төвийн гадаа ...аав, хүү хоёр Ланд-200 маркийн автомашин зарна гэж анх надтай уулзаж танилцсан. Тэгсэн дараа өдөр нь буюу 2018 оны 7 дугаар сарын 20-нд Спортын төв ордны дэргэд байх “Ник” компанийн автозогсоол дээр Ланд-200 болон Жи-500 маркийн хоёр автомашин зарна гэж хэлсэн. Тэгээд Ланд 200 маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр, Жи-500 маркийн автомашиныг 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Аав хүү хоёр эдгээр автомашинууд нь бид нарын өмч байгаа юм. Манай уул уурхай явуулдаг компани түлшний барьцаанд “Ник-Петровис” компанид байгаа гэж хэлсэн. Тэгээд би Ланд-200, Жи-500 маркийн хоёр автомашины гэрчилгээг харахад Ник-Петровис компанийн нэр дээр байсан тул Ник-Петровис компанийн данс руу 53,000,000 төгрөг шилжүүлсний дараа Ник-Петровис компанийн зүгээс албан бичиг ирээд дараа нь машины гэрчилгээг өөрийн нэр дээр болгож авсан. Ланд-200 маркийн автомашиныг тухайн үед дор нь хүнд зарчихсан, Жи-500 маркийн машинаа Ө.Баянмөнх гэх хүнд 16,000,000 төгрөгөөр зарчихсан.

...Аав хүү хоёр чи энэ машиныг авчих 8,000,000 төгрөг дээрээ нэмээд 9,000,000 төгрөг өгчих гэж гуйгаад 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 17,000,000 төгрөгийн барьцаандаа байлгаж бай, хэрэв 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мөнгийг чинь өгөхгүй бол энэ машиныг зараарай гэж хэлсэн. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 06 бил үү, 7-ны өдөр Б.Б-ы 95003764 дугаарын утас руу залгаж мөнгөө гаргаж авмаар байна гэхэд чи наад машинаа зараад мөнгөө гаргаж ав гэж хэлсэн...” /1-р хх-ийн 23, 176-177, 3-р хх-ийн 138/ гэсэн,

 

Гэрч Я.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Д.Одончимэг над руу залгаад уулзах хэрэгтэй байна гэхээр нь ...Одончимэг, Ж.Б-, Б.Б-, Амарзаяа, Мөнх-Эрдэнэ нартай уулзсан. Тэгэхэд Д.Одончимэг Таван толгойд хөрс хуулалт хийх гэрээ хийсэн гэж надад итгүүлж 1 гэрээ үзүүлж надаас мөнгө олж өгөөч гэж гуйж “Худагт цагаан эрэг” ХХК-д хөрөнгө оруулж хувь эзэмших санал тавьсан. Би тухайн үед мөнгө байхгүй манай нөхөр өөрийнхөө эзэмшлийн 91-94 УНЭ улсын дугаартай Жи-500  маркийн машинаа зарах гэж байгаа гэхэд Д.Одончимэг бид нар машиныг чинь 50,000,000 төгрөгт бодоод авчихья, манай компанийн нүүр царай болог гэхээр нь Одончимэгт итгээд нөхөр С.А-т машинаа өгчих гэж хэлээд Ж.Б-, Б.Б-, Мөнх-Эрдэнэ нарт машинаа өгөөд явуулсан...” /2-р хх-ийн 29-30/ гэсэн ,

 

Гэрч Д.Одончимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б- ах мөнгө хэрэгтэй байнаа гэхээр нь өөрийн найз Я.Долгорсүрэнтэй ярихад Я.Долгорсүрэн банкаар мөнгө хөөцөлдөж байна, мөнгө бол байхгүй машин зарна, түүнийг тэр компанидаа авч өгөх юм уу гэхээр нь би Ж.Б- ахад хэлэхэд Ж.Б- ах очиж уулзья гээд Ж.Б- ах, Б.Б-, Мөнх-Эрдэнэ бид дөрөв  Я.Долгорсүрэнтэй уулзаад тэдний машиныг Ж.Б- ах 50,000,000 төгрөгт бодож зээлээр худалдаж авахаар ярилцаж тохиролцсон...” /2-р хх-ийн 33-34/ гэсэн,

 

Гэрч Д.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 6 дугаар сард Ж.Б- Жи-500 болон Ланд-200 маркийн автомашинууд барьцаалан гэрээ байгуулж 25,000 литр түлж авсан бөгөөд үүний төлбөр нь 52,250,000 төгрөг болсон. Тэгээд 2018 оны 8 дугаар сард Ж.Б- нь төлбөрөө төлөөд машинуудаа буцааж нэрээ шилжүүлж авсан...” /3-р хх-ийн 140-141/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 6 дугаар сард ...С.А- гэх хүнтэй аавын хамт анх танилцсан. Тэгээд С.А-аас Жи-500 маркийн машин худалдан авна гэж ярьцгааж байсан. Маргааш өглөө нь аав намайг дагуулаад Зайсанд байрлах С.А-ийн гражаас 91-94 УБЯ улсын дугаартай хар өнгийн Жи-500 маркийн автомашиныг очиж авцгаасан. А- аав хоёр 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөнгийг нь өгөхөөр тохирсон гэж байсан. Тэгээд аав 2018 оны 07 дугаар сарын дундуур Баттөр гэх хүнд Ланд-200 маркийн машинаа зарна гэж байсан. Г.Баттөр гэх хүнд Жи-500 маркийн машинаа 20 хоногийн хугацаанд 17,000,000 төгрөгийн барьцаанд тавьж хүү 3,000,000 төгрөг нэмж 20,000,000 төгрөг өгч машинаа буцааж авах ёстой байсан. Тэгтэл Таван толгойн дахь дээд компаниаас мөнгө өгөөгүй учраас хугацаа хэтэрч Г.Баттөр цааш худалдан борлуулсан...” /1-р хх-ийн 179-181, 3-р хх-ийн 146-147/ гэсэн,

 

Шүүгдэгч Ж.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 6 дугаар сард С.А- Жи-500 маркийн автомашиныг худалдана гэдгийг эхнэр Я.Долгорсүрэнгээс нь мэдсэн. ...2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах нотариатын газар дээр ирээд С.А-тай автомашиныг нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг 2018 оны 8 дугаар сарын сүүлээр өгөхөөр тохиролцсон. Ингээд уг Жи-500 маркийн автомашиныг “Хутаг цагаан эрэг” ХХК-ийн нэр дээр авсан. ...2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дээд компаниас ажлын хөлсний эхний мөнгө орж ирэх ёстой байсан ч орж ирээгүй. ...Тэгээд 25 тонн түлшний үнэ болох 52,000,000 төгрөгийн барьцаанд Жи-500 маркийн автомашин, Ланд-200 маркийн автомашинуудыг Петровис ХХК-ийн нэр дээр шилжүүлж байж 25 тонн түлш зээлээр авсан. ...Тэгээд түлшний мөнгө төлөх хугацаа болоход Ланд-200 маркийн автомашинаа 40,000,000, Жи-500 маркийн автомашинаа 17,000,000 төгрөгийн барьцаанд Г.Баттөр гэх ченжид өгсөн...” /1-р хх-ийн 182-184, 3-р хх-ийн 145/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /1-р хх-ийн 12/,

- Худалдан авах гэрээ /1-р хх-ийн 14-15/,

- Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /1-р хх-ийн 16-17/,

- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 29-31, 37-39/,

- 84-06 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 47-48, 188-228/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан  /1-р хх-ийн 231-233, 3-р хх-ийн 188-192/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /3-р хх-ийн 98-100/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 134/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 136/,

- Шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нарын хувийн байдалтай холбоотой гэрч Ж.Сүхбаатар, Б.Бямбарагчаа нарын мэдүүлэг /1-р хх-ийн 25/, боловсролын гэрчилгээний хуулбарууд /1-р хх-ийн 56-60, 62-66, 95/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 61, 86/, шагнал урамшууллын хуулбарууд /1-р хх-ийн 67-68, 90-94/, төрөл садангийн лавлагаа /1-р хх-ийн 75-76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 77, 103/, ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /1-р хх-ийн 87-88/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 89/,  иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 102/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 106-108/, тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 115/, банкны дансны хуулга /1-р хх-ийн 117-150/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар хохирогч С.А-ийн эзэмшлийн Жи-500 маркийн автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч тээврийн хэрэгслийн үнийг хугацаанд нь төлөлгүй улсын дугаарыг өөрчилж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.А-ийн “...91-94 УНЭ улсын дугаартай Жи-500 маркын машинаа зарах гээд зар тавьчихсан байсан юм. Тэгсэн манай эхнэр Я.Долгорсүрэнгийн найз Д.Одончимэг зүс таних Ж.Б- гэх залууг дагуулж ирээд Таван толгойд тендер авчихсан байгаа, мөнгө зээлээч гэхээр нь зээлэх мөнгө байхгүй ээ, зарах машин байна гэхэд машинаа надаа өгчих, би энэ машинаар чинь ажлынхаа нүүр царай болгоё, төлбөрийг нь хоёр сарын дараа өгье гэж хэлэхээр нь за гэж хэлээд зөвшөөрсөн юм. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн нотариатаар худалдах, худалдан авах гэрээ хийж машинаа Ж.Б-гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Ингээд би 2 сарын дараа мөнгөө авах гэхэд маргааш, нөгөөдөр гэж худлаа хэлээд хойшлуулсаар байгаад одоо болохоор утсаа авахгүй алга болсон...” /1-р хх-ийн 19, 3-р хх-ийн 197/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Ө.Баянмөнхийн “...84-06 УНӨ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх байгаа юм. Би энэ автомашиныг Г.Баттөр гэх машины ченжээс 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 16,000,000 төгрөгийг бэлнээр өгч, харин үлдэгдэл 8,000,000 төгрөгөнд сэлбэг бартер хэлбэрээр өгч худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би уг машиныг барьцаанд байсныг мэдээгүй..” /1-р хх-ийн 21-22, 3-р хх-ийн 137/ гэсэн, гэрч Г.Баттөрийн “...2018 оны 7 дугаар сарын 19-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таванбогд авто худалдааны төвийн гадаа ...аав, хүү хоёр Ланд-200 маркийн автомашин зарна гэж анх надтай уулзаж танилцсан. Тэгсэн дараа өдөр нь буюу 2018 оны 7 дугаар сарын 20-нд Спортын төв ордны дэргэд байх “Ник” компанийн автозогсоол дээр Ланд-200 болон Жи-500 маркийн хоёр автомашин зарна гэж хэлсэн. Тэгээд Ланд 200 маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр, Жи-500 маркийн автомашиныг 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. ...Аав хүү хоёр эдгээр автомашинууд нь бид нарын өмч байгаа юм, манай уул уурхай явуулдаг компани түлшний барьцаанд Ник-Петровис компанид тавьсан гэж хэлсэн. Тэгээд би Ланд-200, Жи-500 маркийн хоёр автомашины гэрчилгээг харахад Ник-Петровис компанийн нэр дээр байсан тул Ник-Петровис компанийн данс руу 53,000,000 төгрөг шилжүүлсний дараа Ник-Петровис компанийн зүгээс албан бичиг ирсний дараа машины гэрчилгээг өөрийн нэр дээр болгож авсан. Ланд-200 маркийн автомашиныг тухайн үед дор нь хүнд зарчихсан, Жи-500 маркийн машинаа Ө.Баянмөнх гэх хүнд 16,000,000 төгрөгөөр зарчихсан...” /1-р хх-ийн 23, 176-177, 3-р хх-ийн 138/ гэсэн, гэрч Я.Долгорсүрэнгийн “...Манай нөхөр С.А- өөрийнхөө эзэмшлийн 91-94 УНЭ улсын дугаартай Жи-500  маркийн машинаа зарах гэж байгаа гэхэд Д.Одончимэг бид нар машиныг чинь 50,000,000 төгрөгт бодоод авчихья, манай компанийн нүүр царай болог гэхээр нь Д.Одончимэгт итгээд нөхөр С.А-т машинаа өгчих гэж  хэлээд Ж.Б-, Б.Б-, Мөнх-Эрдэнэ нарт машинаа өгөөд явуулсан...” /2-р хх-ийн 29-30/ гэсэн, гэрч Д.Одончимэгийн “...Ж.Б- ах мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрийн найз Я.Долгорсүрэнтэй ярихад Я.Долгорсүрэн банкаар мөнгө хөөцөлдөж байгаа, мөнгө байхгүй, машин зарна, түүнийг тэр компанидаа авч өгөх юм уу гэхээр нь би Ж.Б- ахад хэлэхэд Ж.Б- ах очиж уулзья гээд Ж.Б- ах, Б.Б-, Мөнх-Эрдэнэ бид дөрөв Я.Долгорсүрэнтэй уулзаад тэдний машиныг Ж.Б- ах 50,000,000 төгрөгт бодож зээлээр худалдаж авахаар ярилцаж тохиролцсон...” /2-р хх-ийн 33-34/ гэсэн, гэрч Д.Болдбаатарын: “...2018 оны 06 дугаар сард Ж.Б- Жи-500 болон Ланд-200 маркийн автомашинууд барьцаалан гэрээ байгуулж 25,000 литр түлж авсан бөгөөд үүний төлбөр нь 52,250,000 төгрөг болсон. Тэгээд 2018 оны 8 дугаар сард Ж.Б- нь төлбөрөө төлөөд машинуудаа буцааж нэрээ шилжүүлж авсан...” /3-р хх-ийн 140-141/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ы “...2018 оны 6 дугаар сард ...С.А- гэх хүнтэй аавын хамт анх танилцсан. Тэгээд С.А-аас Жи-500 маркийн машин худалдан авна гэж ярьцгааж байсан. Маргааш өглөө нь аав намайг дагуулаад Зайсанд байрлах С.А-ийн гражаас 91-94 УБЯ улсын дугаартай хар өнгийн Жи-500 маркийн автомашиныг очиж авцгаасан. С.А- аав хоёр 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр мөнгийг нь өгөхөөр тохирсон гэж байсан. Тэгээд аав 2018 оны 7 дугаар сарын дундуур Г.Баттөр гэх хүнд Ланд-200 маркийн машинаа зарна гэж байсан. Г.Баттөр гэх хүнд Жи-500 маркийн машинаа 20 хоногийн хугацаанд 17,000,000 төгрөгийн барьцаанд тавьж хүү 3,000,000 төгрөг нэмж 20,000,000 төгрөг өгч машинаа буцааж авах ёстой байсан. Тэгтэл Таван толгойн дахь дээд компаниаас мөнгө өгөөгүй учраас хугацаа хэтэрч Г.Баттөр цааш худалдан борлуулсан...” /1-р хх-ийн 179-181, 3-р хх-ийн 146-147/ гэсэн, шүүгдэгч Ж.Б-гийн: “...2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах нотариатын газар дээр ирээд С.А-тай автомашиныг нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг 2018 оны 8 дугаар сарын сүүлээр өгөхөөр тохиролцсон. Ингээд уг Жи-500 маркийн автомашиныг “Хутаг цагаан эрэг” ХХК-ийн нэр дээр авсан. ...2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дээд компаниас эхний ажлын хөлсний мөнгө орж ирэх ёстой байсан ч орж ирээгүй. ...Тэгээд 25 тонн түлшний үнэ болох 52,000,000 төгрөгийн барьцаанд Жи-500 маркийн автомашин, Ланд-200 маркийн автомашинуудыг Петровис ХХК-ийн нэр дээр шилжүүлж байж 25 тонн түлш зээлээр авсан. ...Тэгээд түлшний мөнгө төлөх хугацаа болоход Ланд-200 маркийн автомашинаа 40,000,000, Жи-500 маркийн автомашинаа 17,000,000 төгрөгийн барьцаанд Г.Баттөр гэх ченжид өгсөн...” /1-р хх-ийн 182-184, 3-р хх-ийн 145/ гэсэн мэдүүлгүүд, худалдан авах гэрээ /1-р хх-ийн 14-15/, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /1-р хх-ийн 16-17/, 84-06 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 47-48, 188-228/, хөрөнгийн үнэлгээний тайлан  /1-р хх-ийн 231-233, 3-р хх-ийн 188-192/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /3-р хх-ийн 98-100/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 136/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх бөгөөд шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нар нь С.А-аас тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа “Хутаг Цагаан Эрэг” ХХК-ийн нүүр царай болгон унана гэж худалдах, худалдан авах гэрээ байгуулж тээврийн хэрэгслийг “Хутаг Цагаан Эрэг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар “НИК” ХХК-ийн шатахууны төлбөрт барьцаанд тавьж, иргэн Г.Баттөрөөр тухайн зээлийг чөлөөлүүлэн цаашлаад түүнд худалдаж байгаа үйлдэл нь бусдыг хуурч, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байгаа залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нарыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэнийг шүүхээс бусдыг хуурч, баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилсан гэж өөрчлөх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нарын гэм буруутай үйлдлийг дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зарим шинжийг орхигдуулж бичснийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзсэн бөгөөд ингэж зөвтгөснөөр шүүгдэгч нар холбогдох хэргийн зүйлчлэл болон бусад үйл баримтууд өөрчлөгдөхгүй, үгүйсгэгдэхгүй гэж үзсэн болно.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нарт Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.А-ийн эд хөрөнгөд 50,000,000 төгрөгийн хохирол учирсан, шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоны дараа буюу шүүхийн шатанд хохирлоос 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан /шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт бий/ байх тул үлдэх хохирлыг гэм буруутай этгээдүүд болох Ж.Б-, Б.Б- нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч С.А-т олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-гийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл /1-р хх-ийн 28, 34, 171/ цагдан хоригдсон 28 хоног, шүүгдэгч Б.Б-ы 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон /1-р хх-ийн 36, 42, 164/ 29 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох, ингэхдээ тэдний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгуулийн ялаас хасаж, тэдний биечлэн эдлэх торгуулийн ялыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарын ажил эрхлэлтийн болон хувийн байдал, тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого, хохирогчид хохирол төлөх зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс Ж.Б-, Б.Б- нарт холбогдох хэрэг нь иргэний эрх зүйн харилцаа тул хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж өгнө үү гэсэн саналыг шүүх дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй, хохирогч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт машинаа авна гэсэн боловч шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нар нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, улмаар цааш нь бусдад худалдсан байх тул тухайн тээврийн хэрэгслийг хохирогчид олгох боломжгүй, тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 50 сая төгрөгөөс төлөгдсөн хэмжээнээс үлдэх хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж үзэн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн 1810021120617 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаар тогтоолоор битүүмжилсэн 84-06 УБЭ цагаан өнгийн Жи-500 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилснийг хүчингүй болгож, Б.Б-ы Е2517690 дугаартай гадаад паспортыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:            

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн “Ж.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар хохирогч С.А-ийн эзэмшлийн G-500 маркийн автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч тээврийн хэрэгслийн үнийг хугацаанд нь төлөлгүй улсын дугаарыг өөрчилж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад зарж залилсан...” гэснийг “Ж.Б-, Б.Б- нарыг бусдыг хуурч, баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б овогт Ж-гийн Б-, Б овогт Б-гийн Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, баримт бичиг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж-гийн Б-г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Б-гийн Б-ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-гийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг /28х15,000=420,000/ түүнд оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж, түүний бичлэн эдлэх ялыг 9,580,000 /есөн сая таван зуун наяан мянга/ төгрөгөөр /10,000,000-420,000=9,580,000/, шүүгдэгч Б.Б-ы цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 435,000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгийг /29х15,000=435,000/ түүнд оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж, түүний бичлэн эдлэх ялыг 9,565,000 /есөн сая таван зуун жаран таван мянга/ төгрөгөөр /10,000,000-435,000=9,565,000/ тус тус тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нарт оногдуулсан торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэх төлөхөөр хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 20,000,000 /хорин сая/ төгрөг, шүүгдэгч Б.Б-аас 20,000,000 /хорин сая/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч С.А-т олгосугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, эрүүгийн 1810021120617 дугаартай хэрэгт прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаар тогтоолоор 00000 цагаан өнгийн Жи-500 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож, Б.Б-ын 000000 дугаартай гадаад паспортыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөх болмогц тогтоолын хувийн Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нинжбадгарт даалгасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-, Б.Б- нарт авсан авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР