Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 113/ШШ2018/0005

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян богд овогт М- Ж (РД:ЕВ66090911), Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 20 тоотод оршин суух;

Хариуцагч: ГСА-н БОАЖ Г-ын дарга;

 Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон төрийн албан хаагчдад нэг удаа олгогдох буцалтгүй тусламж болох 300000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ж миний бие аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Шивээговь сум хариуцсан байгаль хамгаалагчаар 2013 оны 4 дүгээр сард ажилд орсон. Харин намайг ажлын цагаар архи ууж ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие ажлын цагаар архидан согтуурч төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гомдлыг тус Салбар зөвлөл хянан хэлэлцээд шалгаж дүгнэлт гаргах шаардлагагүй, шүүхийн байгууллагад гомдол гаргах эрхтэй гэсэн хариу өгсөн болно. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаас үүдэн төрийн жинхэнэ албан хаагч миний Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудад заасан эрх, эрх чөлөөг хязгаарласан гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Нэхэмжлэлийн гол шаардлага нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй учраас сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй гэж маргаж байгаа юм. Цагдаагийн хэлтсээс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 43 тоот албан мэдэгдлийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.М-д 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн ба тэрээр гарын үсэг зурж хүлээж авсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байгаа. Хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн гэдэг нь дээрх мэдэгдэлд гарын үсэг зурснаар нотлогдож байгаа. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 11 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг тайлбарласан. Үүнд “1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлээд тоолно” гэсэн тул 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олж мэдсэн гэж үзнэ. 2017 оны 08 дугаар сарын 27-ны дотор сахилгын шийтгэл оногдуулах, үүнээс хойш сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж хуулийн энэ зохицуулалтыг ойлгоно. Хуульд заасан хугацаа өнгөрсний дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан байна. Үүнээс гадна ажилтны цагийн бүртгэл байгаа. Үүнээс харахад зохих байдлаар ажилласан, өвчтэй байсан, дараа нь ээлжийн амралт эдэлсэн байсан. Энэ үйл явдлыг хариуцагч мэдсэнээс хойш ажилдаа ирсэн, ажилласан тохиолдол байдаг. Үүнээс үзэхэд тухайн цаг хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй гэдэг нь харагдаж байна. Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.О нь М.Ж-ыг осолд орсон гэдгийг 7 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэр өдөр мэдсэн мөртлөө 09 дүгээр сарын 04-ний өдөр Ёс зүйн хороонд өргөдөл гаргасан байдаг. Ажил хариуцаж байгаа Тамгын газрын дарга зохих дээд шатны байгууллагад хандах ёстой байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Ёс зүйн хороо өргөдөл гомдлыг хүлээн авсан.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг баримтлаагүй, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээгүй нь Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгох нэг үндэслэл юм. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20 дугаар тушаал дээр Хөдөлмөрийн дотоод журмыг бас барьсан байдаг. “Ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн” гэсэн зүйл ярьсан байна. Аймгийн Цагдаагийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар мэдэгдлийг хариуцагч 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авснаас үзэхэд Б/20 тушаалд дурдсан “хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн” гэх зөрчлийг 07 дугаар сарын 27-нд илрүүлсэн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуульд согтууруулах ундаа хэрэглэсэн нь ёс зүйн зөрчил гэж явдаг. Зөрчил үйлдсэн цаг хугацааг илрүүлсэн байсан хэдий ч шийдвэрлэх цаг хугацаа байсаар байхад шийдвэрлээгүй нь хуулийн хугацааг алдсан” гэсэн агуулга бүхий тайлбар гаргана.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Ж-ын хувьд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяа, Шивээговь суманд байрлах байгаль хамгаалагчийн ажил албан тушаалыг 2014 оноос эхлэн эрхэлж байсан. Өдөр тутмын ажил үүрэг нь тухайн сум дээр гүйцэтгэгддэг. Манайхаас сарын цагийн бүртгэл, ажлын тайланг авч танилцан мэргэжлийн зүгээс арга зүйн зөвлөгөө өгч ажил үүргийг нь чиглүүлдэг байсан. Ажлын шаардлагаар М.Ж-тай 2-3 хоноод холбогдох, зарим үед 7-10 хоноод холбоо барьдаг. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ж-тай холбоо барих боломжгүй байсан. Сум руу нь асуухаар “Ж яасан нь тодорхойгүй байна, осолд орсон сурагтай байна” гэж хэлсэн. Ажил олгогчийн хувьд ажилтандаа санаа зовоод гэр бүлийн хүн рүү холбоо барьсан. 7 дугаар сарын 31-ний өдөр М.Ж өөрийн биеэр ирж уулзсан. Осол аваарын тухайд “би эрүүл явж байсан, осолд орсны дараа цочирдоод цус харваж магадгүй гэсэн үүднээс архи балгасан” гэж хэлсэн. Тэгээд амралтаа аваад хэл сураггүй болсон. Энэ үед Шивээговь сумын Засаг даргын Тамгын газраас М.Ж-ыг захиргааны зөрчлийн арга хэмжээ авахуулсан гэдгийг мэдээд Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан байсан. Төрийн албаны салбар зөвлөл энэ асуудлыг тодруулж Ёс зүйн хороогоор шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сард Ёс зүйн хороо хуралдахдаа М.Ж-тай холбоотой дараагийн шатны шийдвэр гаргах субъект учраас Д.М-ийг оролцуулахгүй гэж шийдээд надад мэдэгдээгүй байдаг. Шивээговь сум энэ асуудлаар тухайн байгууллагад хандахгүй, шууд Төрийн албаны зөвлөлд хандсан байдаг. “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол журмыг батлах тухай” Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоол байна. Энэ нь Төрийн албаны тухай хуульд зааасан хэм хэмжээг дордуулаагүй, нарийвчлан заасан хүчин төгөлдөр эрх зүйн акт байна. Журмын 7-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар ба өвчтэй, ээлжийн амралттай, чөлөөтай байсан, зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй гэж зааж өгсөн байна. Энэ утгаараа хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ёстой.

Миний хувьд ямар нэгэн хуулийн үндэслэлгүй шийтгэл ногдуулах эрх байхгүй. Төрийн албаны салбар зөвлөлийн 44 дүгээр тогтоол, Ёс зүйн хорооны дүгнэлт, М.Жаргалын бичиж өгсөн тайлбарыг үндэслэл болгосон. Төрийн албаны салбар зөвлөл нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтыг хангуулах, тэдгээрийг шинжлэн судлуулсны дараа дүгнэлт хийж буруутай этгээдэд танилцуулж, тайлбар авах гэдэг ажиллагаа явуулсны үндсэн дээр М.Ж-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг нь тогтоосон байсан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Хэлбэрийн хувьд хяналтын дагалдах хуудас хөтлөөгүй, хувийн хэрэг үйлдээгүй нь дутагдалтай байж болох ч агуулгын хувьд сонсох ажиллагаа явуулж тайлбарыг нь бичгээр авсан.

Цагдаагийн албан хаагчийн гаргасан шийтгэлийн хуудас нь тухайн үйл явдал замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг зөрчиж осол аваар гаргасан гэдгийг дүгнэж тогтоосон. Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн байна гэдэг байдлыг тухайн хүн маань мэдсэн учраас дунд нь амралт авч хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэх зорилготой үйлдэл хийсэн. Энэ үйлдэл 10 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь тогтоосон гэж миний хувьд үзэж байна. Энэ зүйлийг хэвээр нь үлдээх юм бол цаашид асар их буруу жишиг тогтоно. Ажил тасалж, архи ууж байгаад хөөн хэлэлцэх хугацааны ард нуугдаж болдог юм байна гэсэн буруу жишгийг төрийн албанд оруулж ирэх юм. Тийм учраас шүүх энэ зүйл дээр шударга ёсны зарчмыг хэрэгжүүлж үнэлэлт дүгнэлт гаргах байх гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

ГСА-н БОАЖ Г-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.4.5, 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2.5.а, 2.6, Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр тогтоол, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1, 8.2.1 дэх заалтыг тус тус баримтлан “ажлын цагаар архидан согтуурч, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн” гэх үндэслэлээр Шивээговь сумын байгаль хамгаалагч М.Ж-д төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Шивээговь сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан М.Ж нь “2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хаялга нууранд эргүүл хийгээд 7 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Шивээговь сум руу буцаж явахдаа зам тээврийн осол гаргасан” болох нь Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгаас хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн материал, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар албан мэдэгдэл, гэрч Т.Энхсаруул, Д.Өнөржаргал нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс дээрх үйл баримттай маргаагүй болно.

М.Ж нь тухайн үед байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж явсан нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “7 дугаар сарын 23-ны бүтэн сайн өдөр Хаялга нуур орчмоор эргүүл хийсэн, 7 дугаар сарын 24-ний өдөр ажил руугаа явах замдаа осолдсон, ажил үүргээ гүйцэтгэж явсан”, хариуцагчийн “7 дугаар сарын 24 бол даваа гараг, ажлын өдөр байсан. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэх ёстой. Захиргааны журмаар урьдчилан мэдэгдэж чөлөө зөвшөөрөл авсан зүйл байхгүй” гэх тайлбар, гэрч Т.Нямдоржийн “М.Ж 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хаялга нууранд очсон, хүмүүс загас жараахай барьж байна гэж дуулаад эргэж явна гэсэн, шөнө гэрэл харж байна гээд гэр машины хооронд байсан” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоно.

Дээрх маргааны үйл баримт, захиргааны актад дурдсан зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “М.Ж-д сахилгын шийтгэл ногдуулахдаа хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй” гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлж, маргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дараах дүгнэлтийг хийсэн болно.  

I. “Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлийн тухайд

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг Засгийн газар тогтоохоор, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн тохиолдолд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь төрийн албаны тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч болох хувьдааЗасгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баримтлах, түүнийг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг шалган тогтоохдоо Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх журам”-ыг баримтлах учиртай байна.

Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан дээрх журмын 1.2, 2.1, 2.4, 4.1, 4.3, 5.1-д төрийн захиргааны албан хаагчид ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулахдаа “Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь ирсэн өргөдөл гомдлын дагуу Ёс зүйн хороогоор дүгнэлт гаргуулах, Ёс зүйн хороо нь гаргасан дүгнэлтээ Салбар зөвлөлд танилцуулах, Салбар зөвлөл нь уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл хэлэлцсэн шийдвэрээ холбогдох баримтын хамт уг төрийн захиргааны албан хаагчийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх, эрх бүхий албан тушаалтан нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэр, ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах” дарааллыг журамлан тогтоожээ.

М.Ж-ыг ёс зүйн зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт гаргуулахаар Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.О-аас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 3/491 дүгээр албан бичгээр Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсаны дагуу Ёс зүйн хороо шалгаж, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт гаргасан, Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Ёс зүйн хорооны дээрх дүгнэлтийг баталгаажуулан аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын даргад санал хүргүүлсэн, түүнийг үндэслэл болгож маргаан бүхий захиргааны актыг гаргасан болох нь Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20 тушаал, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 05/125 дугаар албан бичгээр ирүүлсэн баримт бичгүүд, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 3/135 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар албан бичиг, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр албан бичиг, гэрч Д.М-ын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаагаас дүгнэхэд М.Ж-ыг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэдгийг шалган тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх журмын дагуу шийдвэрлэсэн байна.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх журмын 1.2-т “Төрийн байгууллага нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон энэхүү журмыг баримтлана” гэж заасан бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн зохицуулалтаас үзэхэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан “Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Отгонжаргал нь М.Ж-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд орсныг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг мөртлөө 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад хандах ёстой байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн асуудлаар Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргахад өмнө дурдсанчлан хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан “... зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн ...” гэх буюу хариуцлага ногдуулах ерөнхий хугацаагаар тодорхойлогдоно гэж үзвээс М.Ж-ын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан зөрчилд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцлага хүлээлгэсэн байх тул Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан этгээд нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн зохицуулалтын хувьд “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн” гэдгийг сахилгын зөрчил гаргасныг илрүүлсэн өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй, “зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн” гэдгийг сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол хэзээ илрүүлснээс үл хамааран сахилгын шийтгэл ногдуулахгүй гэсэн агуулгаар, хамтад нь уялдуулан тайлбарлахаар байна.

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Өнөржаргалаас “тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож зам тээврийн осол гаргасан” гэх үндэслэлээр М.Жаргалд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулсан.

Дээрх үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан “хариуцагч нь Б/20 дугаар тушаалд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.1, 8.2.1 дэх заалтыг баримталсан, хөдөлмөрийн дотоод журамд заасан уг зөрчлийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шалган тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад мэдэгдсэн тул 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг зөрчил илрүүлсэн хугацаа гэж үзнэ. Иймд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор гэдэг хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг дараах үндэслэлээр хүлээн аваагүй болно:

(а) “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар тогтоох, тус хуулиар зохицуулаагүй бусад хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах”-ыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6-д тус тус тодорхойлсон байна. Эрх зүйн байдал гэдэг нь төрийн албан хаагчид тавигдах болзол шаардлага, эрх үүрэг үүсэх, дуусгавар болох үндэслэл, төрийн албан хаагчийн баталгаа, хариуцлага зэргийг илэрхийлсэн ойлголт бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн хүлээх үүрэг, дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, тэдгээрийг зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулах харилцаа нь Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмаар тодорхойлогдоно. 

(б) Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1-д “... ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн” гэдгийг ноцтой зөрчилд тооцохоор зохицуулсан боловч 8.1-д заасан “төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 26, төрийн үйлчилгээний ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр зохицуулсантай буюу (а)-д дурдсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох хэм хэмжээтэй нийцүүлэн хэрэглэх учиртай.

 (в) М.Ж нь Б/20 дугаар тушаалын үндэслэл болсон “ажлын цагаар архидан согтуурсан” зөрчлийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан /үйлдсэн/ боловч төрийн захиргааны албан хаагчийнх нь хувиар, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэдэг үндэслэлээр, Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон дүрэм журамд заасны дагуу Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс шалган тогтоож 44 дүгээр тогтоолыг гаргасан байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан “зөрчлийг илрүүлсэн хугацаа”-г 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан,  нэхэмжлэлийн өргөдөлд “Б/20 дугаар тушаал нь хуульд заасан хүний эрх, эрх чөлөө хязгаарласан” гэж тодорхойлсон зэрэг нь угтаа маргаан бүхий захиргааны актын “төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн” гэх үндэслэлтэй шууд хамааралтай байна. 

Төрийн захиргааны албан хаагч нь жолоочийн хувиар замын хөдөлгөөнд оролцохдоо хориглосон хэм хэмжээг зөрчиж, улмаар Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн нөхцөл байдлыг үндэслэл болгож, зөвхөн тухайн зөрчлөөр шалтаглаж Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “хууль дээдлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцэхгүй тул  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Б/20 дугаар тушаалд дурдсан зөрчлийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр илрүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авч, шийдвэрийн үндэслэл болгох нөхцөл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлоход Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан журам, 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн аль нь илүү нарийвчлан зохицуулсан, аль эх сурвалжийг хэрэглэх” талаар маргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид “хууль тогтоомж” гэх .../, 48 дугаар зүйлийн 48.2-т “Хуульд нийцээгүй, эсхүл хуулиар олгосон эрхийг хэтрүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг дагаж мөрдөхгүй” гэж заасан бөгөөд Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам” нь 1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль (хүчингүй болсонд тооцсон)-д нийцүүлэн гаргасан ба 2002 онд шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан журам батлагдаагүй тул уг харилцааг тус хууль болон Захиргааны ерөнхий хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хэм хэмжээний актаар зохицуулна.

2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойших хугацааны харилцааг зохицуулах, ингэхдээ төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тус хуульд заасан, Засгийн газрын тогтоол нь хуульд нийцсэн байх үндсэн шаардлагатай /хүчин чадлын хувьд хуулиас доогуур/  зэргийг “шүүх хууль хэрэглэх” зарчимтай хамтатган дүгнэвэл 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан уг харилцаанд Засгийн газрын 1995 оны 97 дугаар тушаалаар баталсан журам нь хүчин төгөлдөр байгаагаас үл хамааран нөхөн тохируулж хэрэглэгдэхгүй тул “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн зохицуулалтыг Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор нарийвчлан зохицуулсан” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Өмнө дурдсанчлан анхан шатны шүүх зөрчил илрүүлсэн хугацааг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр тооцсон тул хариуцагчийн гаргасан “Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан журмын 6-д заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэх тайлбарт шийдвэрлэх дүгнэлт өгөөгүй болно.

“Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх сонсох ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлийн тухайд

Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20 дугаар тушаал нь нэхэмжлэгч М.Ж-ын хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хязгаарлалт тогтоосон шинжтэй сөрөг захиргааны акт болох ба энэ тохиолдолд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зарчим, зохицуулалт үйлчилнэ.

Б/20 дугаар тушаалд дурдсанаар М.Ж-ын зөрчлийг шалгаж тогтоосон Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэл болгосон, сонсох ажиллагааны талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн, холбогдсон зөрчлийн талаар бичгээр тайлбар авсан зэргээс үзэхэд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны зарим зохицуулалтыг хэрэгжүүлсэн байна.

Харин сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй, захиргааны актын хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас хөтлөөгүй, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй гэхчлэн бичгээр гаргах захиргааны актад тавих зарим шаардлагыг хангаагүй ч маргаан бүхий Б/20 дугаар тушаалд дурдсан зөрчлийг хууль журмын дагуу шалгаж, М.Ж-ыг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн болох нь дээрх байдлаар баримтаар тогтоогдсон, тайлбар авах зэргээр нэхэмжлэгчийн оролцоог хангасан учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, сонсох ажиллагааны мэдэгдлийг хуулийн дагуу хүргүүлээгүй” гэх тайлбар нь дангаараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй үндэслэл болохгүй юм. Тийм боловч хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмыг зохих хэмжээнд буюу бүрэн хэрэгжүүлээгүйг шүүх зөвтгөхгүй гэдгийг дурдав.

Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20 дугаар тушаалд дурдсан зөрчил баримтаар тогтоогдсон, зөрчлийг хууль журмын дагуу шалгаж илрүүлсэн, маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч М.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул “түүнийг хүчингүй болгох, М.Ж-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон төрийн албан хаагчдад олгосон нэг удаагийн тэтгэмж болох 300000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүлийн мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх” хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4-д заасныг баримтлан М.Ж-ын гаргасан “Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон төрийн албан хаагчдад нэг удаа олгох буцалтгүй тусламж болох 300000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ


 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа дээрх байдлаар тодорхойлсон бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ” гэж тайлбарласан болно /хэргийн I хавтасны 173-174, 232 дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд/ 

Эдгээр нотлох баримтууд нь хэргийн I хавтасны 32-63, 169-170, 213-214  дэх талд бий.

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэргийн I хавтасны 235 дахь талд

 Дурдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь хэргийн I хавтасны 45-46, 181-182, 221-222 дахь талуудад авагдсан. 

 Хариуцагчийн тайлбарт дурдсан нэхэмжлэгчийн хувийн байдал болон Б/20 дугаар тушаалд үндэслэл болгоогүй бусад асуудалд шүүх дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

Хэргийн I хавтасны 92-95 дахь талд байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолт, 99 дэх талд М.Жаргалыг Шивээговь сумын байгаль хамгаалагчаар томилсон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаал, 100 дахь талд 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр өргөсөн төрийн захиргааны албан хаагчийн тангарагийн хуудас авагдсан.

Дурдсан нотлох баримтууд нь хэргийн I хавтасны 3, 64-69, 72-76, 128-129, 152-154, 195, 197-199, 211-212 дахь талуудад авагдсан.

Хэргийн I хавтасны 240-241 дэх талд

Хэргийн I хавтасны 90 дэх талд М.Жаргалын гаргасан 2017.11.02-ны өдрийн тайлбар, 196 дахь талд сонсох ажиллагааны мэдэгдэл авагдсан.