Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2021/0011/З |
Дугаар | 221/МА2021/0541 |
Огноо | 2021-10-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2021/0541
Б.Нийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Б.Н, гуравдагч этгээд Д.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 471 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Б.Нийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 471 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 31 дүгээр зүйлийн 31.1.4, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нийн “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгээс 56 м.кв давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ... Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамж нь Иргэний хуулийн 150, 151, 152 дугаар зүйлд “Бусдын газар дээр барилга байшин барих эрх” гэж заасныг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Хуулийн дагуу миний эрх, ашгийг хөндөхгүйгээр зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Н нь “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/495 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” 495 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны задгай 4 тоот хаягт 700 м.кв газрыг гуравдагч этгээд Д.О, түүний хүү Э.Б, охин Э.Ю нарт өмчлүүлж, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” 625 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны 4 тоот хаягт 693 м.кв газрыг Д.О-ы өмчлөлд шилжүүлжээ.
Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Д.О-д 693 м.кв газрыг өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний ашиглаж, эзэмшиж байсан газар, үл хөдлөх хөрөнгөтэй давхцуулан нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны 4 тоотод 56 м.кв газрыг иргэн Д.О-ы өмчлөлд шилжүүлсэн байна” гэж тайлбарлан маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Гэрчилгээ олгох тухай” 302 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны задгай 4 тоотод 56 м.кв газрыг ашиглуулахаар нэхэмжлэгч Б.Н-т газар ашиглах гэрчилгээ олгосон байх бөгөөд улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 49 дүгээр захирамжаар “иргэн Д.О-ы хашаанд иргэн Б.Н-т давхардуулан газар ашиглах гэрчилгээ бичиж олгосон” гэсэн үндэслэлээр дээрх 302 дугаар захирамж болон нэхэмжлэгч Б.Н-т 4 жилийн хугацаатай олгосон газар ашиглах гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 56 м.в газрын ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн давхцалгүй болсон байх бөгөөд энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан шиг “...газрын өмчлөх эрхийг олгохдоо үл хөдлөх эд хөрөнгийн эрхтэй, өмчлөлийн газартай давхцуулж газар олгосон” гэж үзэж, гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байх үед буюу 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны задгай 4 тоотод 56 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байх боловч цаг хугацааны хувьд маргаан бүхий газрын эзэмших эрх анх 1999 онд гуравдагч этгээд Д.Оы хүү Э.Б үүсч, нийслэлийн Засаг даргын 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 314 дүгээр захирамжийн дагуу гуравдагч этгээд Д.О, түүний хүү Э.Б нарт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдон, улмаар нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжуудаар гуравдагч этгээд Д.О-д өмчлүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн “үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа” гэх үндэслэл нь хууль ёсоор үүссэн гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхэд халдах үндэслэл болохгүй.
Анхан шатны шүүх “...Д.Оы хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлсэн шийдвэр, хамтран өмчлөгчийг хассан шийдвэр нэхэмжлэгч Б.Нийн үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийг хууль бусаар зөрчөөгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН