Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00629

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар магадлалтай,

Б.Д-гийн нэхэмжлэлтэй,

И.Д, Х ХХК-д холбогдох,

Б.Чинбатыг эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцуулах, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээнд оруулах өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 108 м.кв талбайтай брак байр, 760 м.кв талбай бүхий газрын хамт Б.Чинбатын өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Б.Чинбат нь 2004 оноос эхлэн сэтгэл, мэдрэлийн өвчин тусаж өөрийгөө хянах, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, бусдын асаргаанд орсон. Түүний нэр дээр Дархан сумын 15-р баг Мангирт 3-р хэсэг 22 тоот 108 м2 талбайтай брак байр бүхий хашаа байдаг ба 000130976 дугаартай, Ү-2003006118, газрын Ү-2003002233 улсын бүртгэлтэй байдаг. Хүү Чинбатын эхнэр И.Д нь ээж, ах, дүү нарт нь мэдэгдэлгүйгээр Чинбатын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалж зээлийн гэрээ байгуулсан байна. Б.Чинбат нь өвчтэй, өөрийн хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа дээрх гэрээнүүдийг байгуулсан гэж үзэж байгаа юм.

Иймд Б.Чинбат нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ болон 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулахдаа эрх зүйн чадамжгүй байсныг тогтоож, дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож, Б.Чинбатын эзэмшлийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 3 дугаар хэсэг 22 дугаар барк байрны 01 тоот 108 мкв талбай орон сууц, 760 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт үл хөдлөх хөрөнгийг Б.Чинбатын өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би нөхөр Б.Чинбаттай 1996 онд нэг гэрт орсон. Тэр үед эрүүл саруул байсан. 2000 оноос нойргүйдэж өвдөж эхэлсэн. Эмнэлгээр маш их явсан. Хавар, намар өвчин нь хөдөлдөг, улирлын чанартай сэтгэцийн өвчтэй нь үнэн. Би Хны байнгын харилцагч. Бид хоёр Дархан сумын 15-р баг Мангирт 3-р хэсэг 22 тоот 108 м2 талбайтай брак байрыг өрхийн хэрэглээнд Хинд 20.000.0000 төгрөгийн барьцаанд тавьсан. Манай хадам ээжийн бичиж өгсөн нэхэмжлэлд дурдсан зүйлүүд үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Бид Хны зээлийг төлөх нь үнэн. Банк зээлээ төлөөгүй үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үл хөдлөх эд хөрөнгө банкны өмчлөлд шилжсэн. Тухайн үед Б.Чинбат өвчтэй байсан тул зээлийн гэрээ болон ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хны нэхэмжлэлтэй И.Д, Б.Чинбат нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр албадан биелүүлэх захирамж гарсан. Бид төлбөрөө төлөхийг хугацаа олгож 2 сар хүлээсэн. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Дуудлага худалдаа явагдахад зарагдаагүй тул хуулийн дагуу Хны өмчлөлд шилжсэн. Үүнийг төлбөр төлөгч тал зөвшөөрсөн. Б.Чинбат өвчтэй байсан талаар одоо мэдэж байна. Одоо банкны өмчлөлд хөрөнгө шилжээд 8 сар болж байна. И.Д, Б.Чинбат нар нь манай банкнаас 8 удаа дээрх хөрөнгийг барьцаалж зээл авч байсан манай байнгын харилцагч. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 56.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143.1 заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-гийн гаргасан Б.Чинбатыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах, Х И.Д,Б.Чинбат нарын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 8-ний өдрийн Барьцаат зээлийн 1600000738-01 дугаартай ипотекийн гэрээнд оруулах өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан сумын 15-р баг, Мангиртын 3-р хэсэг, 22 дугаар бракны 01 тоот 108 м2 талбайтай брак байр, Ү-2003006118 улсын дугаарт бүртгэгдсэн, Г-2003002233 улсын дугаарт бүртгэгдсэн 760 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт Б.Чинбатын өмчлөлд буцаан олгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгөөс 47,350 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар магадлалаар: Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Б.Д- миний төрсөн хүү Б.Чинбат нь эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцлийг нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан. Миний хүү Б.Чинбатыг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэдгийг хариуцагч буюу бэр И.Д нь мэдсээр байж хууль бус үйлдэл хийсэн. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасны дагуу дээрх Хтай байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид төлөх төлбөрөөс огт зайлс хийгээгүй, одоо ч бага багаар төлж байгаа. Иймд миний гаргасан гомдлыг хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчийн хооронд үүссэн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Б.Д- нь Б.Чинбатыг эрх зүйн чадамжгүйд тооцох,  түүний Хтай байгуулсан зээлийн гэрээ болон барьцаат зээлийн ипотекийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 108 м.кв талбайтай брак байр, 760 м.кв талбай бүхий газрыг Б.Чинбатын өмчлөлд шилжүүлэх тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байх үедээ дээрх гэрээг байгуулсан гэжээ. Хариуцагч И.Д нэхэмжлэлийг зөвшөөрсөн бол Х ХХК эс зөвшөөрч, маргажээ.

Б.Чинбат, И.Д нар нь Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 3-22 тоотод байрлах хашаа байшинг барьцаалан Хнаас 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаагаар сарын 27.6 хувийн хүүтэй зээлжээ. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 742 тоот шийдвэрээр 18.069.805 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч нар төлбөрийг төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Х төлбөртөө тооцон авсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Түүнчлэн мөн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 881 дүгээр шийдвэрээр Б.Чинбатыг эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар эх Б.Д-г тогтоожээ.

Б.Чинбат нь дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Д-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ