Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 310

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, хохирогч Б.Ц-, шүүгдэгч Р.Г-, нарийн бичгийн даргаж Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Р-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010001500322 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Р-ийн Г- /РД: 000000000/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МЖ караокед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Ц-тэй маргалдан шилэн сав шидэх, гараар цохиж, үснээс зулгаан биед нь тархи доргилт, зүүн чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний омогны дээд хэсэгт шарх, баруун зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун сарвуунд зулгаралт цус хуралт, зүүн чамархайн урд хэсэгт үсний халцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Б.Ц-: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой МЖ караокед орсон, хамт явж байсан манай нэг багш доошоо орж дуулья гээд бид нар доошоо өрөө рүү орохоор явсан, миний куртик байхгүй, үйлчлэгч нь хураасан байхаар нь би куртикээ авахаар явсан, тэгээд 00 орчихоод эргээд ирэхэд Р.Г- багш тэнд байсан залуучуудтай маргалдчихсан байсан, яагаад маргалдаад байгаа юм бэ гэж хэлсэн. Би өмнө нь Солонгос яваад ирсэн байсан, гэтэл хамт байсан манай өөр нэг багш намайг “чи Солонгос явсан байж бид нарт архи авч өг, хоосон, гуйлгачин, чи тийм хүнтэй явалддаг, нөхөрт чинь хэлнэ, янхан” гэж намайг доромжилсон, тэгэхээр нь би яагаад танихгүй хүмүүсийн хажууд намайг доромжлоод байгаа юм бэ, би явлаа гээд куртикээ өмсөхөд араас юмаар цохисон, би ёооё, юугаар цохисон бэ гэхэд тэнд танилцсан залуучуудын нэг нь энүүгээр цохичихлоо гээд шилэн аяга үзүүлсэн, хохирол 400,000 төгрөг авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, биеэ хянах чадвартай байсан...” гэв.

 

Шүүгдэгч Р.Г-: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогчтой маргалдаагүй, хажууд нь байсан хоёр залуутай маргалдсан, тэр хоёр намайг бүдүүн авгай гээд доромжлоод байхаар нь яагаад намайг доромжлоод байгаа юм бэ гээд тэр залууг цохих гэсэн цаана нь Б.Ц- сууж байгаад цохиулаад бид хоёр маргалдаад зодолдсон, хохиролд 400,000 төгрөг төлсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэнд байсан залуучууд намайг бүдүүн, тарган гэхээр нь тэнд байсан хүмүүстэй маргалдсан, Б.Ц-гийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэв.  

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед МЖ гэх нэртэй караокед багш нартай ороод байж байхад Р.Г- над руу дайраад хэл амаар доромжилоод банзал, янхан, хоосон хүүхэн гэх зэргээр хэлсэн. Тэгэж байснаа тэр залуу руу хоёр усны сав шидсэн. Тэгэхээр нь би явлаа гээд босоход нэг зүйлээр намайг цохисон, юугаар цохьсон бэ гэхэд газраас жижиг хагарсан стакан бариад энүүгээр цохисон гэж хэлсэн. Тэгээд би Р.Г- дээр өөрөө очоод яагаад доромжилоод байгаа юм бэ гээд бид хоорондоо маргалдаж, үстэлцсэн...” /хх-ийн 18-19/ гэсэн,

                                                   

Гэрч А.Болормаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн сургуулийн багш нар тэмцээнд ороод цуг ажиллаж байсан Б.Ц-, Р.Г-, Ма.Баярмаа, О.Бат-Эрдэнэ нартай уулзаад Нисэх кафе гэдэг газар 0,75 граммийн архи хоёр шилийг ууцгаасан. Тэндээсээ гараад МЖ нэртэй бааранд орсны дараа Р.Г- нилээн халчихсан Б.Ц-д хандаж чи Солонгос явж ирчихээд юм авч өг гээд байсан. Р.Г- эхлээд гарч яваад гаднаас орж ирээд Б.Ц- рүү хэл амаар доромжилоод байсан. Тэгж байсан Р.Г- ширээн дээр байсан шилэн стакан аваад Б.Ц- рүү шидсэн чинь толгой руу нь оносон. Тэгсэн чинь Б.Ц- очоод үстээд авсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Гэрч О.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...Б.Ц-, Р.Г-, А.Болормаа, Ма.Баярмаа нартай уулзаад Нисэхийн МЖ гэдэг бааранд 21 цагийн үед орсон. Тэгээд намайг түр гарчихаад эргээд ороод ирэхэд Р.Г- уурлаад усны сав авч шидсэн, хэнийг оносныг нь хараагүй. Тэгээд би ширээ дээр байсан юмыг аваад хурааж байхад газар шил хагарсан байсан. ...Манай нөхөр гадаа ирсэн гэхээр нь хувцсаа өмсөөд байж байхад Р.Г-, Б.Ц-г зуураад байсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Ц-н биед тархи доргилт, зүүн чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн чихний омогны дээ хэсгийн шарх зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 33-34/ гэсэн,

 

Шүүгдэгч Р.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 03-нд дүүргийн сургуулийн багш нар тэмцээнд ороод орой 19 цагийн үед тараад ойрд уулзаагүй гээд нэг газар орье гэж МЖ бааранд орцгоосон. Тэгээд байж байхад тэр өөр ширээ дээр сууж байсан залуу намайг хэл амаар доромжилоод байсан. Тэгэхээр нь би чи юу гээд байгаа юм гээд ширээн дээр байсан архины хундагыг аваад шидсэн чинь Ц-н толгойн зүүн талын шанаанд оносон...” /хх-ийн 54-55/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №1088 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Ц-н биед тархи доргилт, зүүн чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний омогны дээд хэсэгт шарх, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн чамархайн урд хэсэгт үсний халцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 8/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43/,

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 45/,

- Шүүгдэгч Р.Г-ы хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 40/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-42/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Р.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Р.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МЖ караокед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Ц-тэй маргалдан шилэн аяга шидэх, гараар цохиж, үснээс зулгаах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний омогны дээд хэсэгт шарх, баруун зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун сарвуунд зулгаралт цус хуралт, зүүн чамархайн урд хэсэгт үсний халцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ц-гийн “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн үед МЖ гэх нэртэй караокед багш нартай ороод байж байхад Р.Г- над руу дайраад хэл амаар доромжилоод банзал, янхан, хоосон хүүхэн гэх зэргээр хэлсэн. Тэгэж байснаа тэр залуу руу хоёр усны сав шидсэн. Тэгэхээр нь би явлаа гээд босоход нэг зүйлээр намайг цохисон, юугаар цохьсон бэ гэхэд газраас жижиг хагарсан стакан бариад энүүгээр цохисон гэж хэлсэн. Тэгээд би Р.Г- дээр өөрөө очоод яагаад доромжилоод байгаа юм бэ гээд бид хоорондоо маргалдаж, үстэлцсэн...” /хх-ийн 18-19/ гэсэн, гэрч А.Болормаагийн “...Р.Г- эхлээд гарч яваад гаднаас орж ирээд Б.Ц- рүү хэл амаар доромжлоод байсан. Тэгж байсан Р.Г- ширээн дээр байсан шилэн стакан аваад Б.Ц- рүү шидсэн чинь толгойнд нь оносон. Тэгсэн чинь Б.Ц- очоод үстээд авсан...” /хх-ийн 20-21/ гэсэн, гэрч О.Бат-Эрдэнийн “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...Р.Г- уурлаад усны сав авч шидсэн, хэнийг оносныг нь хараагүй. Тэгээд би ширээ дээр нь байсан юмыг аваад хурааж байхад газар шил хагарсан байсан. ...Манай нөхөр гадаа ирсэн гэхээр нь хувцсаа өмсөөд байж байхад Р.Г-, Б.Ц-г зуураад байсан...” /хх-ийн 23-24/ гэсэн, шинжээч Ч.Эрдэмболорын “...Б.Ц-н биед тархи доргилт, зүүн чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн чихний омогны дээ хэсгийн шарх зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 33-34/ гэсэн, шүүгдэгч Р.Г-ы “...Чи юу гээд байгаа юм гээд би ширээн дээр байсан архины хундагыг аваад шидсэн чинь Б.Ц-н толгойн зүүн талын шанаанд оносон...” /хх-ийн 54-55/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №1088 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Ц-н биед тархи доргилт, зүүн чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний омогны дээд хэсэгт шарх, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн чамархайн урд хэсэгт үсний халцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Б.Ц-н биед учирсан “...тархи доргилт, зүүн чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний омогны дээд хэсэгт шарх, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн чамархайн урд хэсэгт үсний халцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Р.Г-ы түүнийг үсдэх, юм шидэх зэргээс үүсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Р.Г-ы хохирогч Б.Ц-н биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Р.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-н эрүүл мэндэд тархи доргилт, зүүн чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний омогны дээд хэсэгт шарх, баруун, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн чамархайн урд хэсэгт үсний халцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 400,000 төгрөг төлсөн, хохирогч Б.Ц- нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 45, шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Р.Г- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэхдээ шилэн аяга хэрэглэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Р.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, уг ялыг ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзаж зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010001500322 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Р.Г- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Ц- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.  

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Р-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р-ийн Г-ыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Р.Г-д оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г- 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгуулын ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010001500322 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Р.Г- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Ц- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР