Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 11

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- ******************* нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн ******************* холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***************, түүний өмгөөлөгч ***********, хариуцагч байгууллагын төлөөлөгч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *********** онд төрсөн, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эхнэр маань ажилгүй. Би дээд боловсролтой, Сондуулт багийн иргэдийн нийтийн хурлын даргын ажлыг 4 жил хийсэн. Сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 10 сар ажилласан. 2015 оны 01 сарын 08-ны өдрөөс Соёлын төвд номын санчаар ажилд ороод ажиллаж байгаад 2016 оны 11 сарын 02-ны өдөр хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Соёлын төвийн эрхлэгч надтай харилцан тохиролцсон гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар гарсан тушаал гээд байгаа боловч надтай тохиролцсон зүйл байхгүй. Би 2012-2016 он, 2016-2020 он хүртэлхх хугацаанд сумын иргэдийн төлөөлөгчөөр 2 удаа сонгогдон ажиллаж байна. 2016 оны сумын иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгуулийн ажиллагаа дуусаад түр үнэмлэх аваад 2 хонож байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Шарга сумын соёлын төвийн номын санчийн ажлын байр бол байнгын ажлын байр, энэ ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж хүн авахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах ёстой гэж үзэж байна. Туршилтын хугацаа 6 сар байдаг, энэ 6 сарын хугацаа өнгөрсний дараа надад ямар нэгэн байдлаар халагдах шаардлага ажил олгогчийн зүгээс тавиагүй тул би өөрийгөө үндсэн ажилтан болсон гэж ойлгоод ажиллаж байсан. Хариуцагч шүүхэд өгсөн тайлбараараа өмнө нь надад 2-3 удаа өргөдлөө өгөөд ажлаас гар гэдэг байдлаар хандаж байсан талаараа хүлээн зөвшөөрсөн байгаа. Тухайн үед би ажлаа өгөхгүй гээд хойшлуулаад байсан. Энэ хүн намайг ажлаас халаад оронд нь бэрээ ажилд авсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтаар өөрийнхөө бэрд давуу эрх олгосон гэж үзэж байна. Энэ байдлыг харгалзан үзэж намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын соёлын төвийн номын санчаар ажиллаж байсан ************ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ************ номын санчийн ажилд түр хугацаагаар томилсон. Манайд номын санчаар ажиллаж байсан ********** нь өөрийн буюу сургуулийн хүсэлтээр мэргэжлийнхээ дагуу ажиллах болсон тул ажлаас нь чөлөөлж номын санчийн орон тоо сул гарсан. Тухайн үед манай байгууллагад 4 хүний материал ирсэн, үүнээс би ********** ажилд сонгож авсан. ************ ажилд авсан гол шалтгаан нь энэ хүн нягтлан бодогч мэргэжилтэй, хүн нь төлөв даруу архи, тамхи хэрэглэдэггүй, 2-рт өөрийнх нь зан чанарыг үнэлсэн, номын санчийн ажил үйлчилгээний хажуугаар байгууллагын эд хөрөнгийн бүртгэл тооцоо нягтлан бодох бүртгэлийн тооцоог сайжруулаарай, манай нярав мэргэжлийн бус хүн байгаа тул тусалж зөвлөөрэй гэж үүрэг даалгавар өгөөд ажилд авсан. Мөн ******** ажилд орох өглөө нь хамт олонд танилцуулж энэ ажлын байранд түр тушаалаар орж байгааг хэлээд ажилд оруулсан. *********** ажиллах хугацаандаа номын санчийн ажил мөн мэргэжлийн хүний хувьд байгууллагын эд хөрөнгийн бүртгэлийг дахиж нягтлаад дугааржуулсан сайн ажиллаж, 2 жил ажилласан. Манайх үндсэн 5, гэрээт 3 нийтдээ 8 ажилтантай хамт олон. Гэтэл 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 210 дугаартай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын ************ гэдэг мэргэжлийн хүн ирсэн тул ажлын байраар хангаж ажиллуул гэсэн утгатай бичиг ирсэн. Аймгийн боловсрол соёлын газар нь сумдын соёлын төвийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, томилох, саналыг хүргүүлэх эрх бүхий байгууллага юм. Боловсрол соёлын газрын даргын албан бичигтэй танилцаж ********** мэдэгдэхэд ************* нь орон нутгийн сонгууль болтол түр хүлээж байгаач, орон нутгийн сонгуулийн дараа би ажилтай болж магадгүй гээд гуйгаад тухайн үед нь сонгогдоод гарах юм бол өөрийн гараар өргөдөл бичиж өгөөд ажлаасаа чөлөөлөгдөнө гэж тохиролцсон тул ********** саналыг хүлээн авсан. Ингээд сонгуулийн үйл ажиллагаа дуусах үед *********** төлөөлөгчөөр сонгогдож үнэмлэхээ гардаж авсан. ********* нь мэргэжлийн ажилдаа ормоор байна гээд аймгийн Боловсрол соёлын газрын даргын албан тоотыг үзүүлж удаа дараа шаардаад байсан, энэ хүнтэй тохиролцсон байсан тул ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тушаал гарахын өмнө ********** уулзаж тушаалыг чинь өнөөдөр гаргалаа, саналаа хэл гэхэд та тушаалаа гаргачих дүү нь өргөдөл өгч чадахгүй нь өргөдөл бичээд өгчих юм бол ажлаас халагдсан тэтгэлгийн мөнгө олдохгүй магадлалтай байна. Тэгэхээр та тушаалаа гаргачих гэж гуйсан учир тушаал гаргасан. Хуулийн үндэслэлээ харилцан тохиролцсон гэж заасан. ************ анх ажилд авах үедээ чамайг түр тушаалаар авч байгаа, ********* энэ мэргэжлээр суралцаж байгаа төгсөж ирэх үед нь чи ажлаа өгнө шүү гэхэд ойлгомжтой гэсэн. 2016 оны 6 сард дээрээс албан бичиг ирсэн би энэ хүний хүсэлтийн дагуу бүтэн 5 сар хүлээсэн. *********** тухайд надад гомдох сэтэл одоо байхгүй байх гэж бодож байна. ********* энэ ажлын байранд үлдэх үндэслэл байхгүй, учир нь мэргэжлийн бус, түр тушаалаар ажиллаж байсан. *********** намайг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүнийн удирлагын тухай хуулийг зөрчсөн гээд байгаа боловч энэ хууль нь мэргэжлийн болон үндсэн ажилтан хамаарагдахаар байгаа. Болдбаатарын тушаал түр тушаалаар гарсан байсан тул энэ заалтад хамрагдахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт буюу талууд харилцан тохиролцсон гэсэн заалтыг үндэслэсэн тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

   Нэхэмжлэл, зохигчдийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч ********** нь Говь-Алтай аймгийн ********** холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

        Говь-Алтай аймгийн Шарга сумын соёлын төвийн эрхлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн номын санч ********** 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /хх-4/.

Нэхэмжлэгч ********* Говь-Алтай аймгийн *********** холбогдуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна /хх-2/.

          Мөн ********* нь Говь-Алтай аймгийн ********* номын санчаар ажиллаж байсан болох нь ажилд томилсон 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 тоот тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, 000036393 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, номын санчийн 2016 оны үр дүнгийн гэрээ, цалингийн тодорхойлолт, хариуцагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдсон /хх-5, 7-10, 11-18, 6, 39-40/.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “талууд харилцан тохиролцсон” бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг Шарга сумын **********номын санчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө түүнтэй “харилцан тохиролцсон” гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдоогүй тул шүүх ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн ********** Говь-Алтай аймгийн ************* номын санчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

          Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцсон гэх тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлоогүй гэж шүүх дүгнэв.

          Мөн хариуцагч тайлбартаа “...номын санч нь төрийн үйлчилгээний ангилалд хамаардаг, байнгийн орон тоо учраас мэргэжлийн хүнийг ажлын байраар хангасан, ...************ түр тушаалаар ажилд орсон, түр хугацаагаар ажиллаж байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үр дүнгийн гэрээг 1 жилийн хугацаагаар дахин сунгагдахгүй нөхцөлөөр байгуулсан...” гэж маргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “...хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй...”, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно...”, мөн хуулийн 24.3-т “...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргийн гүйцэтгэлийг шаардаж болохгүй...” гэсэн хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна /хх-11-18/.

         Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар, туршилтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна...” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай туршилтын хугацаагаар 6 сар хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болохыг тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд уг заалтыг хэрэглэх боломжтой боловч ажил олгогчийн зүгээс байгууллагын дотоод журмыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “...байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна...”, мөн хуулийн 23.2.2-т “...талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай...” байгуулж болохыг заасан бөгөөд энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг хөдөлмөрийн гэрээндээ зайлшгүй тусгах ёстой.  

           Иймд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан зохицуулалтыг хариуцагч зөрчиж, улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлээр мөн хуулийн 37.1.1-д заасныг баримтлан ********** ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байх тул энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд нь ажилтан буруугүй болно.

          Маргааны зүйл ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал тул уг тушаалын үндэслэл болсон “харилцан тохирсон” гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.    

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно...” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо 000036393 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2016 оны 10, 9, 8 дугаар сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 495.246 + 495.246 + 495.246 = 1.485.738 : 3 сар = 495.246 : 22 = 22.511 төгрөг байна. Нэхэмжлэгч А.Болдбаатарын ажилгүй байсан хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс /ажлаас чөлөөлсөн тушаал 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гарсан боловч 03-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөх гэж заасан/ шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажлын 43 өдрөөр тооцож олговорт 967.973 /есөн зуун жаран долоон мянга есөн зуун далан гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна /хх-4, 7-10/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “...нийтэд илэрхий үйл баримт ...дахин нотлохгүй...” гэж заасан тул Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29-ний өдөр, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын 11 дүгээр сарын 26-ны өдрийг 11 дүгээр сарын 25-ны ажлын өдөр шилжүүлсэн, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 189 дүгээр тогтоолоор 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг 2017 оны 01 дүгээр сарйн 07-ны өдөр шилжүүлж дээрх ажлын өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

Харин нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцон гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “...ажил олгогч ...ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй...” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн  бичилт хийлгэх шаардлага гаргаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд ажил олгогчид үүрэг болгосон байх тул нэхэмжлэгч *********** ажилгүй байсан хугацааны дээрх олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн *********** даалгах нь зүйтэй.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27.781 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Шарга сумын Соёлын төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *********** Говь-Алтай аймгийн ************ номын санчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн ********** ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 43 /дөчин гурав/ хоногийн олговорт 967.973 /есөн зуун жаран долоон мянга есөн зуун далан гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ олгосугай.

  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нийгмийн даатгалын шимтгэл хураамж гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, * нийгмийн боло************н эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн ************* даалгасугай.

  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 27.781 /хорин долоон мянга долоон зуун наян нэгэн/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ************* гаргуулан улсын орлогод оруулсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                              Д.ЯНЖИНДУЛАМ