Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0270

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,

улсын яллагч Д.Нямбат,

хохирогч О.А,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Бын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаар, нэг хавтаст хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Б овогт Бын М, Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ресторанд зөөгчөөр ажилладаг, ам бүл хоёр, эхийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.М нь “Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө, ажилд оруулахад бичиг баримт бүрдүүлнэ” гэж иргэн О.Аг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон:

-2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг,

-2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 50.000 төгрөг,

-2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 төгрөг,

-2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.400.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа интернет банкны данс ашиглан шилжүүлснийг залилан авч, О.Ад 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч Б.Мас: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

            Хохирогч О.А мэдүүлэхдээ: Миний бие Б.Мтай их сургуульд хамт суралцаж байсан юм. Б.Мтай 2019 оны 8 дугаар сард уулзаж ярихад “манай эгч “Оюу толгой” ХХК-д ажилладаг, би чамайг “Оюу толгой” ХХК-д  ажилд оруулж өгье, ажилд орохын тулд 5.000.000 төгрөг шаардлагатай” гэсэн. Эхлээд түүнд 1.000.000 төгрөг, дараа нь бичиг баримт бүрдүүлэхэд хэрэгтэй гэхээр нь 50.000 төгрөгөөр хоёр удаа , нэг сарын дараа 2.400.000 төгрөг тус тус шилжүүлж өгсөн. Ээжийнх нь бие өвдөөд байна, надад мөнгө зээлээч гэхээр нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 100.000 төгрөг өгсөн. Энэ нь тусдаа надаас зээлж авсан мөнгө юм. Тэгээд сүүлдээ ажилд оруулах асуудал нь хойшлоод, Б.М утсаа авахаа больсон. Эгчтэй чинь уулзъя гэхэд намайг өөр айлд дагуулж очоод, сүүлдээ худлаа ярьсан гэдгээ надад хэлсэн. Ажилд оруулж өгнө гэж авсан 3.500.000 төгрөгөөс 2.195.000 төгрөг төлөгдөөгүйг нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад:

  1. Хохирогч О.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд:

-2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын дундуур, оюутны ангийнхаа найз Мтай уулзсан. Түүнээс хойш хоорондоо холбоотой байх болсон. Мөнгө шилжүүлэхээс хэд хоногийн өмнө Мтай уулзахад “найз нь Оюу толгойд ажилд орох гэж байгаа, манай эгч Анужин ажилд оруулж өгч чадна, чи оръё гэвэл 5.000.000 төгрөг өг” гэж ярихаар нь би оръё гэж хэлээд тохиролцсон. Ингээд намайг эхний ээлжинд 1.000.000 төгрөг шилжүүл гэхээр нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын ард нийтийн байранд байхдаа интернет банк ашиглан өөрийн Хаан банкны 5280063359 дугаарын данснаас 5085090830 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш ажил чинь бүтсэн, чамайг сургалтанд суулгана, сургалт чинь хойшилсон гэж худлаа ярьсаар байгаад 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.400.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын ард нийтийн байранд байхдаа интернет банк ашиглан Хаан банкны өөрийн 5280063359 дугаарын данснаас 5495449057 дугаарын данс руу 2.400.000 төгрөг шилжүүлж, нийтдээ 3.600.000 төгрөгийг ажилд оруулна гэж авсан. Тэгээд мөнгө авснаас хойш сургалтанд суулгана гэж хойшлуулж, худлаа яриад байх шиг байхаар нь уулзаж, юу болсон талаар асуухад надаас авсан мөнгийг хувьдаа зарцуулсан, надад анхнаасаа худлаа хэлж байсан гэдгээ хэлсэн. Тэгээд мөнгө буцааж өгнө гээд өгөхгүй, худал ярьсаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:

“...Мд би урьдчилгаа гэж 1.000.000 төгрөг өгсөний дараа 100.000 төгрөгийг ээж эмнэлэгт хэвтсэн, эм тарианы мөнгө дутаад байна гэж хэлээд хувиараа зээлсэн. Харин үлдэгдэл 100.000 төгрөгийг ажилд оруулахад бичиг баримтад ашиглана гэж хэлээд тус бүр 50.000 төгрөгийг дансаар авсан. Дансны хуулганд байгаа. Би ажилд орно гэж нийт 3.500.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

2. Гэрч Л.Мядаггүшээгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“...Миний хүү Б.М ХААИС /Хөдөө аж ахуйн их сургууль/-д хамт сурдаг байсан найзаасаа 3.500.00 төгрөг залилж авсан асуудлыг би мэдэж байгаа. Мөнгийг нь төлж барагдуулна гээд ажил хийж байгаа. Одоогийн байдлаар 1.000.000 төгрөг өгчихсөн байгаа гэсэн.

Б.М нь миний бага хүү юм. Завхан аймгийн 3 дугаар арван жилийн сургуулийг 2013 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Дараа нь ХААИС-ын газар зохион байгуулалтын ангид элсэн орж, 3 дугаар курсээсээ ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

3. Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“...Миний бие найз О.Аг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 3.500.000 төгрөг авсан нь үнэн, би хүлээн зөвшөөрч байна. Мөн Агээс 100.000 төгрөг зээлж аваад өгөөгүй байгаа. Нийт 3.600.000 төгрөг авсан.

2019 оны 8 дугаар сард би Атэй уулзаж юм ярьж байгаад “Оюу Толгой” ХХК-д хүмүүс хахуульд нь мөнгө өгөөд ажилд орж болдог юм байна гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа А “чи намайг “Оюу Толгой” ХХК-д ажилд оруулаад өгч чадах уу, би гарах зардлыг нь өгье” гэхээр нь би хэсэг бодож байгаад 14 хоногийн дараа Атэй утсаар холбогдож “1.000.000 төгрөгийн урьдчилгаа өгвөл ажилд орж болох юм байна, манай эгч Анужин “Оюу Толгой” ХХК-д ажилладаг, би эгчдээ өгөөд чамайг ажилд оруулж өгье” гээд Агээс 1.000.000 төгрөг авсан.

Нэг сарын дараа Атэй утсаар холбогдоод дахиж 2.400.000 төгрөгийг “чамайг ажилд оруулах гэж байгаа, эгчид өгөх хэрэгтэй байна” гээд Хаан банкны өөрийн 5495449057 дугаарын данс руу шилжүүлж авсан.

Дараа нь хоёр удаа 50.000 төгрөг, нэг удаа 100.000 төгрөг тус тус Агээс зээлж авсан. Би тухайн үед Аг хуурч, мөнгө авах зорилгоор санаанаасаа зохиож манай Анужин гэх эгч “Оюу Толгой” ХХК-д ажилладаг гэж худал хэлсэн. Би Анужин гэх хүн танихгүй. Тухайн үед би ямар ч зорилгогүй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын мөнгийг хуурч мэхлэн авсан. Гэхдээ би одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би Агээс нийт 3.600.000 төгрөг авсан. Эхлээд 1.000.000 төгрөг аваад өөртөө “Самсунг Эс-6” загварын хуучин гар утас 180.000 төгрөгөөр авсан. Мөн өмд, цамц, куртик зэрэг ойр зуурын хувцас 300.000 төгрөгөөр авсан. Үлдсэн мөнгийг нь ойр зуурын хэрэгцээнд зарцуулаад дууссан. Дараа нь авсан 2.400.000 төгрөгийн 420.000 төгрөгөөр гар утас авсан. 270.000 төгрөгөөр пүүз, 100.000 гаруй төгрөгөөр нүдний шил хийлгэсэн. Үлдсэн мөнгийг ойр зуурын хэрэглээ, хоол унд, зугаа цэнгээнд үрээд дууссан. Тухайн үед ажилгүй байсан болохоор ямар ч орлогогүй байсан. Ад 1.095.000 төгрөгийг буцааж өгсөн. Би тухайн үед “Хаан” банкны картгүй байсан болохоор танихгүй хүний дансаар 1.200.000 төгрөгийг шилжүүлж авсан. 2.400.000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн 5495449057 дугаарын дансаар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр авсан. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны 5085090830 дугаарын данс руу 1.000.000 төгрөг авахдаа танихгүй хүний дансаар авсан. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 50.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 төгрөгийг тус тус танихгүй хүний дансаар авсан, тухайн дансны дугаарыг мэдэхгүй байна. 100.000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байсан байх, мөн л Хаан банкны АТМ дээр очоод танихгүй хүнээс таны картаар мөнгө шилжүүлээд авч болох уу гэж гуйгаад Агээс мөнгө шилжүүлээд авдаг байсан. 1.000.000 төгрөг шилжүүлж авахдаа карт ашиглуулсны хөлс гэж картны эзэнд 10.000 төгрөг өгсөн. Надад тухайн үед Хаан банкны карт байхгүй байснаас гадна шүүхийн шийдвэрээс миний дансанд орсон мөнгийг татаад авчихдаг болохоор би өөр хүмүүсийн дансаар мөнгө авсан юм.

Би Завхан аймгийн шүүхээс 8.740.000 төгрөгийн төлбөртэй гарсан. “ДДЭШ” ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт ажиллаж байхдаа 8.740.000 төгрөгийн бараа материал дутаагаад төлбөрт орсон. Үүнээс 4.000.000 төгрөгийг төлсөн. Одоо 4.740.000 төгрөгийг төлөх дутуу байгаа.

...Би 10 жилийн найз Гантулгын гэрт амьдарч байна. Би эхээс тавуулаа.  Манай том эгч Б.Мөнхгэрэл Завхан аймгийн Улиастай хотод Хаан банкинд эдийн засагч, төрсөн ах Б.Мөнхбаяр Улаанбаатар хотод “Сансар кабел” ХХК-д инженер, төрсөн эгч Б.Мөнхтуяа Улаанбаатар хотод “Камера шоп”-д худалдагч, төрсөн эгч Б.Мөнхшүр Завхан аймгийн Улиастай хотын 2 дугаар сургуульд нийгмийн ухааны багшаар ажилладаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-77 дугаар тал),

 

4. Хохирогч О.Агийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай  түүний “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 60-61, 89-96 дугаар тал),

 

5. Шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар тал), Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 34-36 дугаар тал), сурагчийн хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн 44-54 дүгээр тал), Б.Мын “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 37-41 дүгээр тал), “Хан Имплант” ХХК-ийн “Cento-20” ресторанд “Б.М 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс зөөгчөөр ажиллаж байгаа” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар тал), Хөдөө аж ахуйн Их сургуулийн Агроэкологийн сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 64-65 дугаар тал),

-Б.Мын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 21 дүгээр тал), Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 83-86 дугаар тал), Завхан аймгийн прокурорын газрын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа дууссан эсэх тухай лавлагаанд “2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хорих ял оногдуулахгүйгээр нэг жил тэнссэн хугацаа дуусах” гэж тэмдэглэгдсэн хэсэг (хавтаст хэргийн 87 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь “Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө, ажилд оруулахад бичиг баримт бүрдүүлнэ” гэж иргэн О.Аг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс  2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогчийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа интернет банкны данс ашиглан шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг авч, О.Аг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Мд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.М, хохирогч О.А нар нь ХААИС-д хамт суралцаж байсан, урьдын найз нөхдийн харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч Б.М нь “Анужин гэдэг эгчээрээ дамжуулан чамайг “Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгье, ажилд оруулахад бичиг баримт бүрдүүлнэ” гэж иргэн О.Аг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон О.Агээс Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа банкны цахим интернет үйлчилгээ ашиглан Хаан банкинд эзэмшдэг өөрийн эзэмшлийн  данснаас:

-2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг,

-2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 50.000 төгрөг,

-2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 төгрөг,

-2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.400.000 төгрөгийг тус тус шилжүүлснийг Б.М өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан, иргэн О.Ад 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-хохирогч О.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...оюутны ангийн найз Мтай ...уулзахад “найз нь Оюу толгойд ажилд орох гэж байгаа, манай эгч Анужин ажилд оруулж өгч чадна, чи оръё гэвэл 5.000.000 төгрөг өг” гэж ярихаар нь би оръё гэж хэлээд тохиролцсон, ...намайг эхний ээлжинд 1.000.000 төгрөг шилжүүл гэхээр нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол дахь ...нийтийн байранд байхдаа интернет банк ашиглан Хаан банкны өөрийн 5280063359 дугаарын данснаас 5085090830 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш ажил чинь бүтсэн, чамайг сургалтанд суулгана, сургалт чинь хойшилсон гэж худлаа ярьсаар байгаад 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.400.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол дахь ...нийтийн байранд байхдаа интернет банк ашиглан Хаан банкны өөрийн 5280063359 дугаарын данснаас 5495449057 дугаарын данс руу 2.400.000 төгрөг шилжүүлсэн. ...ажилд оруулна гэж авсан. ...мөнгө авснаас хойш сургалтанд суулгана гэж хойшлуулж, худлаа яриад байх шиг байхаар нь уулзаж, юу болсон талаар асуухад надаас авсан мөнгийг хувьдаа зарцуулсан, надад анхнаасаа худлаа хэлж байсан гэдгээ хэлсэн. Тэгээд мөнгө буцааж өгнө гээд өгөхгүй, худал ярьсаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал), хохирогчийн дахин өгсөн (хавтаст хэргийн 11 дүгээр тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн :

“...найз О.Аг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 3.500.000 төгрөг авсан нь үнэн. ...А “чи намайг “Оюу Толгой” ХХК-д ажилд оруулаад өгч чадах уу, би гарах зардлыг нь өгье” гэхээр нь ...14 хоногийн дараа Атэй утсаар холбогдож “1.000.000 төгрөгийн урьдчилгаа өгвөл ажилд орж болох юм байна, манай эгч Анужин “Оюу Толгой” ХХК-д ажилладаг, би эгчдээ өгөөд чамайг ажилд оруулж өгье” гээд Агээс 1.000.000 төгрөг авсан. ...нэг сарын дараа Атэй утсаар холбогдоод дахиж 2.400.000 төгрөгийг “чамайг ажилд оруулах гэж байгаа, эгчид өгөх хэрэгтэй байна” гээд өөрийн Хаан банкны 5495449057 дугаарын данс руу шилжүүлж авсан. Дараа нь 2 удаа 50.000 төгрөгөөр ...авсан. Би тухайн үед Аг хуурч, мөнгө авах зорилгоор санаанаасаа зохиож манай Анужин гэх эгч “Оюу Толгой” ХХК-д ажилладаг гэж худал хэлсэн. Би Анужин гэх хүн танихгүй. Тухайн үед би ямар ч зорилгогүй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын мөнгийг хуурч мэхлэн авсан. ....мөнгийг нь хоол болон ойр зуурын хэрэгцээ ...зугаа цэнгээнд үрээд дууссан. Хаан банкны АТМ дээр очоод танихгүй хүнээс таны картаар мөнгө шилжүүүлээд авч болох уу гэж гуйгаад Агээс мөнгө шилжүүлээд авдаг байсан. ...шүүхийн шийдвэрээс миний дансанд орсон мөнгийг татаад авчихдаг болохоор би өөр хүмүүсийн дансаар мөнгө авсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-77 дугаар тал), хохирогч О.Агийн Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 60-61, 89-96 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохимол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Итгэл эвдэх арга нь хоёр талын итгэлцэлд үндэслэдэг ба, урьдын харилцаа, олж авсан итгэлийг ашиглах зэргийг ойлгох бөгөөд залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.М нь оюутан цагийн найз нөхдийн харилцаатай байсан иргэн О.Агийн итгэлийг ашиглаж, бодит байдлыг гуйвуулах, зохимол байдлыг зориуд бий болгох замаар буюу анхнаасаа биелэгдэх боломжгүй, тодруулбал  өөрт нь “Оюу толгой” ХХК-д ажилладаг Анужин гэх эгч байдаг мэтээр худал хэлж, “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хохирогчийн 3.500.000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан, мөн тодорхой эрхэлсэн ажилгүй, санхүүгийн эх үүсвэргүй  нөхцөл байдал нь амар хялбар аргаар мөнгө олж, өөрийн ахуйн амьдралын хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул  улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.Ад 3.500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад 950.000, 145.000 төгрөг, шүүхэд хэрэг хянагдах шатанд 210.000 төгрөг, нийт 1.305.000 төгрөг төлөгдсөн талаар хэргийн 79 дүгээр талд авагдсан баримтад тэмдэглэгдсэн, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нар дээрх мөнгө төлөгдсөн талаар харилцан мэдүүлсэн бөгөөд 2.195.000 төгрөг төлөгдөөгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Мыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч Б.М нь 2.195.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааны завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд шүүх түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан. Энэ хугацаанд шүүгдэгчийн ар гэрээс хохирогч О.Агийн Хаан банкинд эзэмшдэг данс руу  2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2.190.000 төгрөгийг шилжүүлсэн талаар хохирогч О.А мэдүүлж, орлогын баримтыг хэрэгт ирүүлсэн, үлдэх 5000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Мыг хохирогч О.Ад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг тэнссэн хугацааны 1 жилийн хорих ялыг дээрх оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.М нь өөрийн өмгөөлөлийн дүгнэлтдээ “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцэв.

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас  хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан байх ба шүүхийн шийдвэрт заасан тэнсэнгийн хугацаа дуусаагүй, тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”гэж заасан.

Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

3. Бусад асуудлаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 (тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэрээр хохирогч О.Ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Мд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА