Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 14

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- ************** нэхэмжлэлтэй,

хариуцагч- Говь-Алтай аймгийн *************** холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, гэрч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ардын дуу бүжгийн Алтай чуулгад гэрлийн техникч-цахилгаанчинаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл шинээр ирсэн ********** дарга намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орон нутгийн сонгууль болж бүх нийтээрээ амарч байсан боловч Алтай чуулгын 50 жилийн ой болох гээд бүх уран бүтээлчдийг цуглуулсан байсан. Дарга намайг өрөөндөө дуудах үед нь би хотоос ирсэн гэрлийг тайзан дээр угсрах гээд цахилгааны тоноглолын ажил хийж байсан. Нярав ********** над руу явуулсан байсан тул цахилгаан тоноглолын ажил хийж байна түр хүлээж байгаач гэж хэлүүлсэн. Гэтэл дахин дахин дуудаад байхаар нь найруулагч *********** хийж байсан ажлаа захиж үлдээгээд даргын өрөөнд ороход өөдөөс янз бүрээр хэлж, уурлахад нь би ажил хийж байсан талаар болон цахилгааны ажил хамаагүй хаяж явж болохгүй, надтай холбоотой асуудал гэдгийг тайлбарлахад намайг элдэв янзаар хэлээд байхаар нь хэдэрлэж нэг үг хэлчихээд гарч ирсэн. Тэгээд тайзан дээр байсан гэрлээ бүгдийг нь хурааж нярав Батаад хүлээлгэж өгөөд явахад араас хүнээр дуудуулаад байхаар нь Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлээд амарч байна. Өнөөдөр амралтын өдөр гэдгийг хэлсэн. Гэхдээ ажил дээр буцаад очиход дарга өрөөндөө нэг хүнийг чанга дуугаар загнаад өрөөнд нь байгаа хүн гарахгүй болохоор нь гэр лүүгээ буцаад явсан. Би энэ байгууллагад ажилд орсноос хойш хөдөлмөрийн гэрээгээ байгуулья гэж удаа дараа хэлсэн боловч түр байж бай гээд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй байсан. Өмнөх дарга ******* болохоор ********** найруулагч чамайг оруулсан би чамтай хөдөлмөрийн гэрээ хийхгүй гэдэг байсан. Намайг ажилд авсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг дурдсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулж, байгууллагын дотоод журмыг танилцуулдаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг ажил олгогчид ногдуулсан байхад Алтай чуулгын дарга нар хөдөлмөрийн гэрээ огт байгуулахгүй, гэрээ байгуулах санал хэлэхэд ямар нэгэн шалтгаан хэлж байгуулахгүй явсаар өдийг хүрч миний хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Өөрийн эрх ашгийн төлөө хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардахад согтууруулах ундаа хэрэглэж хэл амаар доромжилсон гэж ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна.

    Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 2.4-д ...ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй гэж заасан тул ажлаас халсан тушаал үндэслэлгүйгээр гарсан болох нь харагдаж байна. Мөн намайг архи согтууруулах ундаа хэрэглэж байгууллагын даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан гэж тодорхойлсон боловч уг тушаалыг надад танилцуулаагүй, гарын үсэг зураагүй, огт мэдээгүй тушаал байгаа. Тухайн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулья гэж даргын өрөөнд ороход дараа больё гэснээс болж ажлын цаг дууссаны дараа айлд байхдаа даргатай утсаар маргалдсаны төлөө сануулах арга хэмжээ авсан талаар би огт мэдээгүй. Мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3 шүд авахуулж, 19 ширхэг хиймэл шүд хийлгэсний улмаас байнга маск зүүдэг байсныг архи уугаад түүнийгээ нуудаг гэж ойлгосон байна лээ. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Харин ээлжийн амралтын олговрыг 11 дүгээр сарын цалин дээр нөхөж олгосон тул энэ шаардлагаасаа татгалзаж байна гэв.

          Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** нь тус чуулгад 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрлийн техник, цахилгаанчнаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 тоот тушаалаар ажлын хариуцлага алдаж ажлын цагаар ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэж сахилгын шийтгэл авсан. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дахин ажлын цагаар ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэн байгууллагын дарга Энхбатыг хэл амаар доромжилж сахилгын ноцтой зөрчил гарган ажлаас чөлөөлөгдсөн. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ардын дуу бүжгийн Алтай чуулгын байгууллагын дотоод журмын 4.14 дэх заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ********** *2016 оны 08 сарын 08-ны өдөр ажлын цагаар ажлын байранд архи согтуурлах ундаа хэрэглэж сахилгын сануулах арга хэмжээ авагдсан байдлыг Ардын дуу бүжгийн Алтай чуулгын уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл, гэрч *********** давхар нотолж байгаа. Түүнээс хойш 09 сарын 27-ны өдөр дахин архи ууж зөрчил гаргасан тул 10 сарын 20-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Хурлын тэмдэглэл дээр байгаа, ажлын байран дээр байнга хар маск зүүж явдаг, ажлын цагаар архи уудаг гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Тиймээс ажлын цагаар хар маск зүүдэг, ажлын цагаар ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэв.

           Нэхэмжлэл, зохигчдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч *********** нь Говь-Алтай аймгийн ************ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээжлийн амралтын олговор гаргуулахаар шаарджээ /хх-1-3/.

           Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 2016 оны 11 дүгээр сард ээлжийн амралтын олговрыг нөхөн олгосон үндэслэлээр ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно /хх-96, шүүх хуралдааны тэмдэглэл/

    Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/77 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 4.14 гэсэн заалтуудыг үндэслэн гэрлийн техникч ажилтай ************ ажлаас нь чөлөөлсөн байна /хх-6, 27/.

          Нэхэмжлэгч ************* нь Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгад холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна /хх-3 арын хуудас/.

          Мөн ************ нь Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгад гэрлийн техникч, цахилгаанчинаар ажиллаж байсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаартай гэрлийн техникч, цахилгаанчинаар ажилд томилсон тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрлийн техникчийн ажлаас чөлөөлсөн Б/77 дугаартай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Хаан банкинд гаргасан цалингийн тодорхойлолт, 1125529 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн уран сайханы зөвлөлийн хурлын тэмдэглэл болон хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдсон /хх-5, 6, 27, 7, 11-12, 45-46, 70/.

          Хариуцагч Говь-Алтай аймгийн ************ даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/77 тоот тушаалд нэхэмжлэгч ******

          - ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэж, байгууллагын даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан,

          - 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэн байгууллагын даргыг хэл амаар доромжилж сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 4.14-т заасныг үндэслэсэн байна /хх-6, 27/.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор байна.

          Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч ************ хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг удаа дараа тавьсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж мэдүүлж байгаа нь хариуцагч буюу ажил олгогч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “...хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг ажилтанд өгнө”, мөн хуулийн 24.3-т “...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргийн гүйцэтгэлийг шаардаж болохгүй” гэсэн хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

          Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар, туршилтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна...” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай туршилтын хугацаагаар 6 сар хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болохыг тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд уг заалтыг хэрэглэх бөгөөд байгууллагын даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 тоот тушаалаар баталсан дотоод журмын 4.7-д “...шинээр ажилд орсон хүнийг ...6 сар хүртэлх дагалдан болон туршилтын хугацаагаар ажилтнаар авч тодорхой хугацааны дараа уг ажилтны талаарх дүгнэлтээ уран сайханы зөвлөл нь удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж дараагийн шийдвэрийг гарган даргын тушаалаар баталгаажуулна...” гэж заасан байна.

           Иймд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан зохицуулалтыг хариуцагч зөрчиж, улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлээр мөн хуулийн 40.1.4-т заасныг баримтлан А.Төмөрбаатарыг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байх тул энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд нь ажилтан буруугүй болно.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн талаар тайлбарлаж байх бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан болох нь, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

          Учир нь хариуцагч нэхэмжлэгчийг ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэн байгууллагын даргыг хэл амаар доромжилж сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэж хэрэгт нотлох баримтаар байгууллагын даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн буюу нэг өдрийн огноотой гурван өөр буюу А/12, 1, 13 тоот тушаалуудаар баталсан 3 өөр дотоод журам, ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Алтай чуулгын уран сайхны зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч дээрх нотлох баримтуудаар ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/51 тоот сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч ямар хэлбэрийн шийтгэл ногдуулснаа ажилтанд мэдэгдэж, энэ тухай шийдвэрээ түүнд өгөх, ингэснээр ажилтан оногдуулсан шийтгэлийг хууль бус гэж үзсэн тохиолдолд шүүхэд энэ тухай гомдол гаргах эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлээгүй байна.

          Түүнчлэн нотлох баримтаар ирүүлсэн А/12, 01 дүгээр тушаалуудаар баталсан дотоод журамууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно /хх-28-44, 53-68/.

          Мөн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн уран сайханы зөвлөлийн хурлын тэмдэглэлд “...хурал 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болсон талаар болон уг тэмдэглэлийн дээрээс 10 дахь мөрөнд “...мөн 2016 оны 09 дүгээр сарын ...өдөр ажлын байран дээр архи уусан байсан” ...” гэж бичигдсэн байна. Үүнээс харахад нэхэмжлэгч 9 дүгээр сарын хэдний өдөр, хаана архи уусан болох нь, даргыгаа хэл амаар хэрхэн яаж доромжилсон гэх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар тус тус тогтоогдоогүй болно.

          Хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан жижүүр ********* гэсэн гарын үсэгтэй бичвэрийг сүүлд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөний дараа нөхөн бичүүлж авсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, гэрч “...************ Бямбаагийн хамт гэрлийн өрөөнд архи уусан гэж хүмүүс ярьж байсныг сонссон, би жижүүр дээрээ сууж байсан. Дарга над руу утсаар залгаж хэлэхдээ өрөөнд архи үнэртүүлж орж ирээд урдаас хэл амаар доромжилж байгаад гарлаа гэж хэлсэн. Энэ хүнээс яагаад хар маск зүүгээд байдаг талаар асуухад тоосны харшилтай гэж байсан...” гэж мэдүүлж, нэхэмжлэгч “...би архи уугаагүй шүд авахуулсан байсан тул маск зүүсэн, байгууллагын даргатай хэрэлдэж доромжлоогүй, намайг ажлаа хийж байхад өрөөндөө дуудаж ирээд загнаад хэл амаар доромжлоод байхаар нь өмнөөс нь хэдэрлэж нэг үг хэлээд гарсан...” гэж тайлбарлаж, хариуцагч тал нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтаныг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлоогүй гэж шүүх дүгнэв.

          Маргааны зүйл ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал тул уг тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

          Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй тул ажилтаныг анх ажилд томилсон тушаалд бичигдсэн гэрлийн техникч-цахилгаанчин гэсэн ажлын байранд эгүүлэн тогтоосон болно.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно...” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо 1125529 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2016 оны 9, 8, 7 дугаар сарууд байх бөгөөд /10 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн/ эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 414.437 + 418.853 + 444.075 = 1.277.365 : 3 сар = 425.788 : 20 = 21.289 төгрөг байна. Нэхэмжлэгч ********* ажилгүй байсан хугацааг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх ажлын 54 өдрөөр тооцож олговорт 1.149.606 /нэг сая нэг зуун дөчин есөн мянга зургаан зуун зургаан/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна /хх-11-12/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “...нийтэд илэрхий үйл баримт ...дахин нотлохгүй...” гэж заасан тул Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29-ний өдөр, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын 11 дүгээр сарын 26-ны өдрийг 11 дүгээр сарын 25-ны ажлын өдөр шилжүүлсэн, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 189 дүгээр тогтоолоор 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг 2017оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шилжүүлж дээрх ажлын өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч ************ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгад даалгах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдав. 

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32.140  төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *********** гаргуулан улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *********** Говь-Алтай аймгийн ************* гэрлийн техникч, цахилгаанчины ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 54 хоногийн олговорт 1.149.606 /нэг сая нэг зуун дөчин есөн мянга зургаан зуун зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, А.Төмөрбаатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн ******** даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32.140 /гучин хоёр мянга нэг зуун дөчин/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн **************** гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                              Д.ЯНЖИНДУЛАМ