Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 311

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Ж.Д-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Ж-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010004490258 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Орхон аймгийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 04 жил 06 сар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 2 хоногийг нэмж нэгтгэн 04 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байхдаа хорих ангиас оргож,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 05 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялын зарим болох 2 жилийг нэмж, нийт 7 жил 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж,

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 25 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацааны өмнө суллагдсан, 80 хувийн группэд байдаг, ухаан бүрэн, Т овогт Ж-гийн Д- /РД: 0000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Д- 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул голын далан дээр иргэн Ц.Б-ийн Самсунг А50 маркийн гар утас, бэлэн 50,000 төгрөг бүхий гар цүнхийг шүүрч, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 722,550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ж.Д-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тэр эгчийн цүнхийг булаая гэж бодоогүй, ийм зүйл болсонд харамсаж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед Хавай таун хотхоны 56б байрнаас гараад зээ хүү Мөнх-Эрдэнэ, Маргад-Эрдэнэ нарын хамт гэр рүүгээ харих гээд далан дээгүүр автобусны буудал орох гээд явж байхад араас нэг хүн ирээд миний баруун талдаа мөрлөсөн байсан цүнхнээс татахаар нь би өгөхгүй гээд оосорноосоо зуураад далан руу өнхөрөөд буусан чинь цүнхний оосор тасраад тэр залуу аваад зугтсан. ...Биед ямар нэг байдлаар халдаагүй, цүнхнээс шууд зуураад авах гэхээр нь би цүнхнийхээ оосорноос булаацалдаж байгаад далан руу унаж тохой зулгарч, өмдний өвдөг урагдсан. ...Цүнх дотор түрийвч, 20,000 төгрөг, дотроо 30,000 төгрөгтэй цэнхэр өнгийн түрийвч, цагаан өнгийн даавуу, Самсунг А50 хар өнгийн гадна гэр нь эмэгтэй хүний зурагтай, цайвар шар өнгийн гэртэй утас, хаан банкны карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хөнгөлөлтийн картууд байсан. ...Би гар утсаа цагдаагаас хүлээж авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 27-29, 30-31/ гэсэн,

 

Гэрч Х.Бум-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цаг өнгөрөөд гэр рүүгээ харих гээд Туул голын хойд далан дагуу явж байхад бага насны хүүхэд ахаа туслаарай, манай эмээгийн цүнхийг хүн дээрэмдээд аваад зугтчихлаа гэхээр нь доошоо буугаад нэг эгчтэй таарсан. Тэгээд юу болсон талаар асууж буцаж дээш гарч ирээд далан дээр явж байсан гурван хүүхдийн утаснаас дуудлага өгсөн...” /хх-ийн 32-34/ гэсэн,

 

Гэрч Ц.Батгуа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өгөөмөр барьцаалан зээлдүүлэх газарт Ж.Д- гэх хүн дээрх А/50 загварын гар утсыг барьцаанд тавьсан, уг утасны төлбөр 105,000 төгрөгийг түүний эхнэр барагдуулсан...” /хх-ийн 38-39/ гэсэн,

 

Шүүгдэгч Ж.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ хүүхдүүдээ харж байгаад орой 20 цагийн үед гарч Туул голын далан дагаад алхсан. Соёмботой уулын харалдаа Туул голын арын далан дээгүүр 2 хүүхэдтэй нэг эгч явж байхаар нь би цүнхийг нь шүүрээд зугтаасан. Би авсан цүнхнээс гар утсыг нь авчихаад цүнхийг  гол дээр хаячихаад зугтааж яваад шууд гэртээ орсон. Миний араас хоёр залуу гүйгээд байх шиг байсан. ...Гар утсыг 13 дугаар хороололд Өгөөмөр гэх ломбарданд 100,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” /хх-ийн 53-54, 59-61/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,

- Сэжигтний аман зураг /хх-ийн 12/,

- Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-18/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-23/,

- Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 25/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-47/,

- Скайтел ХХК-ийн албан бичиг /хх-ийн 65/,

- Шүүгдэгч Ж.Д-ын хувийн байдалтай холбоотой гэрч Ө.Нэргүйн мэдүүлэг /хх-ийн 40-41/, тэтгэмжийн дэвтрийн хуулбар /хх-ийн 75/, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 76/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 83-84, 90-91, 113-114/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 93/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 94-96/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ж.Д- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул голын далан дээр иргэн Ц.Б-ийн Самсунг А50 маркийн гар утас, бэлэн 50,000 төгрөг бүхий гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шүүрэн авч 722,550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Б-ийн “...2020 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед ...зээ хүү Мөнх-Эрдэнэ, Маргад-Эрдэнэ нарын хамт гэр рүүгээ харих гээд далан дээгүүр автобусны буудал орох гээд явж байхад араас нэг хүн ирээд миний баруун талдаа мөрлөсөн байсан цүнхнээс татахаар нь би өгөхгүй гээд оосорноосоо зуураад далан руу өнхөрөөд буусан чинь цүнхний оосор тасраад тэр залуу аваад зугтсан. ..Биед ямар нэгэн байдлаар халдаагүй, цүнхнээс шууд зуураад авах гэхээр нь би цүнхнийхээ оосорноос булаацалдаж байгаад далан руу унаж тохой зулгарч, өмдний өвдөг урагдсан...” /хх-ийн 27-29, 30-31/ гэсэн, гэрч Ц.Батгуагийн “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Өгөөмөр барьцаалан зээлдүүлэх газарт Ж.Д- гэх хүн дээрх А/50 загварын гар утсыг барьцаанд тавьсан...” /хх-ийн 38-39/ гэсэн, шүүгдэгч Ж.Д-ын “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ хүүхдүүдээ харж байгаад орой 20 цагийн үед гарч Туул голын далан дагаад алхсан. Соёмботой уулын харалдаа Туул голын арын далан дээгүүр 2 хүүхэдтэй нэг эгч явж байхаар нь би цүнхийг нь шүүрээд зугтаасан. Би авсан цүнхнээс гар утсыг нь авчихаад цүнхийг  гол дээр хаячихаад зугтааж яваад шууд гэртээ орсон...” /хх-ийн 53-54, 59-61/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-23/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 25/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-47/, Скайтел ХХК-ийн албан бичиг /хх-ийн 65/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс илээр авахыг хэлэх бөгөөд шүүгдэгч Ж.Д-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ийн эд хөрөнгөд 722,500 /хх-ийн 44-47/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь А50 маркийн утсаа биет байдлаар буцааж авсан /хх-ийн 19/, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 30/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.  

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд хуульд зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлий 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс /хх-ийн 52, 63, 99/ өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 2010004490258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ц.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Ж.Д- нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Т овогт Ж-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-гийн Д-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-т оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 2010004490258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ц.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Ж.Д- нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР