Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2017/00014

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүгч Г.Ариунаа, Д.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо ......а байрны ....... тоотод оршин суух Буурал хайрхан овогт Г.Ч

         Хариуцагч: Б............ хэлтэс,

         Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, .......... дугаар байрны .......... тоотод оршин суух У.д овогт Ө-н М нарт холбогдох, тэтгэвэр нөхөн тогтоолгох, 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын  27-ны өдрийг хүртэл хугацаанд өндөр насны тэтгэвэрт авах байсан 11.031.266 төгрөг гаргуулах, хууль бус зөвлөгөө өгсөн болон нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон болохыг тогтоолгож нэр төр, алдар хүнд сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Г.Б-д, хариуцагч Ө.М.в, хариуцагч Багануур дүүргийн Н хүсэлтээр прокурор Ж.Б, иргэдийн төлөөлөгч Н.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: Би улсад 20 жил ажилласан. Үүнээс 17 жил нь Холбооны газар залгагч, бичээчээр үлдсэн 3 жил нь барилгын байгууллагад ажилласан. Хүнд нөхцлөөр ажилласан жил 11 жил 8 сар болсон байсан учир хамт олон зөвлөгөө өгсний үндсэн дээр 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиход үүдний жижүүр нь 102 номерын өрөөнд албаны даргатай орж уулз гэсэн. Уг өрөөнд ороход Ө.М............ гэж хүн байсан. Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөрийн дэвтрээ үзүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр засвартай байна, энэ  тушаалаа олж ир гэсэн. Энэ нь цахилгааны бичээчээс залгагчаар шилжүүлж ажиллуулах тухай тушаал байсан. Би тэндээсээ гараад тухайн үед манай боловсон хүчин, эдийн засагч хийж байсан Должинсүрэн гэж хүнтэй 27 дугаар байрны 27 тоотод гэрт нь очиж уулзсан. Хөдөлмөрийн дэвтэр засвартай байгаа тул ийм тушаал авчир гэж байна гээд  хаанаас авах тухай зөвлөгөө авсан. Тэр үед манай хамт олон тэднийд байцгааж байсан. Должинсүрэн гуай байгууллага дээр очоод архиваас тушаалаа гаргуулж ав гэсэн. Холбооны газар очоод Энхээ гэж хүнтэй уулзахад би ажил ихтэй байна, хүний оронд ажиллаж байгаа учраас сайн мэдэхгүй байна, надтай хамт өөрийнхөө материалыг хайгаадах гэсэн. Хайж байгаад 1991 оны тушаал олоод хуулбарлаж өгсөн. Тэр өдөртөө Ө.Мягмаржав дээр уг тушаалаа аваад орсон. Уг тушаалыг үзээд М........... залгагчаар 8 жил 8 сар ажилласан байна, тийм болохоор хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах ажилласан жил чинь хүрэхгүй, өргөдөл өгөх шаардлагагүй, 55 нас хүрэхээрээ тэтгэвэртээ гараарай, харин энэ тушаалаа хадгалж байгаарай, маш их хэрэгтэй тушаал байна шүү гэж хэлсэн. 2015 оны 9 дүгээр сард тэтгэвэрт гарах дөхөж байсан учраас Нийгмийн даатгалын хэлтсийн албаны дарга Д.Батсүрэн гэж хүнтэй дахин уулзахад бичиг баримтаа авч ирээд зөвлөгөө аваарай гэж хэлсэн. Үүнээс хойш сар гаруйн дараа 10 дугаар сард бичиг баримтаа аваад очиход хөдөлмөрийн дэвтрийг маань үзэж байгаад та шавар будагчингаар 3 жил шахуу ажиллаж байсан юм байна, энэ хүнд нөхцөлд хамрагддаг эсэхийг шалгая гээд хуулиа үзсэн. Үзэж байгаад та хүнд нөхцлөөр хангалттай тэтгэвэрт гарах юм байна гэсэн. Би итгээгүй үнэн үү гэхэд үнэн гэж хэлсэн. Тэтгэврийн байцаагч О..............г гэж хүнтэй уулзаад бүрдүүлэх материалын жагсаалт аваад бүрдүүлээд өргөдлөө өг гэсэн. Үүний дагуу материалаа бүрдүүлж өгөөд 14 хоногийн дараа 257.000 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон. 3 жилийн тэтгэвэр алдсан учраас Нийгмийн даатгалын хэлтсийн даргад гомдол бичиж өгсөн. Дарга нь энэ асуудлыг би шийдэж чадахгүй байна, Ерөнхий газраар шийдүүлье гэсэн. Ерөнхий газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Б..........р гэж хүнээс энэ хүний асуудлыг наанаа шийдвэрлэ гэсэн хариу ирсэн. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын комисст өргөдлөө бичиж өг гэсний дагуу дахин өргөдөл бичиж өгсөн. Гомдлын шаардлагын комиссын хурал хуралдахад Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, мөн бусад холбогдох хүмүүс хариуцагч Ө.Мягмаржав нар оролцсон. Ө.Мягмаржав миний тэтгэвэрт гарсан материалыг үзэж  байгаад “энэ тушаалын огноо байхгүй байна, үүнийг хаана л бол хаана  хэвлээд гаргаад ирэх боломжтой, хуурамч бичиг баримт бүрдүүлж ирдэг зальтай авгай байна” гэж хэлсэн. Надад үнэндээ хэлэх үг олдоогүй. Тэнд байсан хүмүүс тэр үгийн дагуу тийм байна, дахин хянах хэрэгтэй юм байна гэх мэтчилэнгээр ярьцгааж байсан. Тэгээд намайг гараад байж бай гээд гаргасан. Гарах гээд явж байхад Нийгмийн даатгалын хэлтсийн дарга “тэтгэвэр тэтгэмжийг нь хааж байгаад шалгах хэрэгтэй юм байна, зөвлөгөө өгсөн Мягмаржав гуайд баярлалаа” гэж байсан. Гадаа гарч салхи амьсгалчихаад ороод иртэл хурал тарсан байсан. Нарийн бичгийн дарга нь шийдвэр гарсан, та маргааш ирж шийдвэрээ аваарай гэсэн. Маргааш нь ирээд даргатай нь уулзаад Мягмаржавын хэлсний дагуу тэтгэвэр хааж байгаад шалгах тухай шийдвэр гарсан юм уу гэхэд тийм гэж хэлж байсан. Хэрвээ Ө.М..........гэдэг хүн 2012 оны 4 дүгээр сард намайг тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ илэрхийлэн бичиг баримтаа үзүүлж, уулзахад хайхрамжгүй хандаж, ажилласан байдлыг минь буруу үнэлж, дахин нийгмийн даатгалын байгууллагаар ирэх шаардлагагүй хэмээн намайг буцаагаагүй бол би тэр үеэс тэтгэврээ тогтоолгох байсан. Иргэн хүнийг 3 жил гаруй тэтгэврийг нь өгөхгүй хохироочихоод, худал хэлж залилдаг хэмээн доромжилж болдог юм уу. Би 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 42 сар 26 хоногийн тэтгэвэр /би сард 257.339 төгрөгийн тэтгэвэр авдаг/ 11.031.266 төгрөг авах байсан. Төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч буруу зөвлөгөө өгсөн учраас би авах ёстой байсан тэтгэврээ авч чадаагүй. Иймд 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл авах байсан өндөр насны тэтгэврийн 11.031.266 төгрөг нөхөн гаргуулах, Ө.М..........в хууль бус зөвөлгөө өгсөн болохыг тогтоолгох, залилан хийдэг зальтай авгай гэж доромжлуулсан тул нэр төр алдар хүндээ гутаан доромжилсон болохыг тогтоолгож нэр төр алдар хүндээ сэргээлгэх, уучлалт гуйхыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Б............ шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Иргэн Г.Ч.......... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдөл гаргаж өргөдлийг хүлээж авсан өдрөөс тогтооно гэсэн байгаа. Энэ хуулийн дагуу Г.Ч............ тухайн үед албан ёсоор өргөдөл гаргаагүй байна. Энэ нь Г.Ч.............. тайлбар, манай архивын бичиг баримтанд энэ хүний өргөдөл хадгалагдаагүй зэргээр тогтоогдож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэрт гарахдаа дор дурдсан баримт материалыг бүрдүүлнэ гэж байгаа. Эхний ээлжинд бүх материалаа бүрдүүлсэн байх ёстой байдаг. 2012 оны үед манай байцаагчид хөдөлмөрийн дэвтрээ шалгуулж байх үед хөдөлмөрийн дэвтэр нь хүчин төгөлдөр бус байсан. Ийм дэвтэр бариад ирэхэд ямар ч байцаагч байлаа гэсэн зөвлөгөө өгөх эрх байхгүй. Ганцхан засвартай бичиг баримтаа давхар нотлох бичиг баримт авч ирэх ёстой байдаг. Ийм л үг хэлсэн гэж ойлгож байгаа. Иймд тэтгэврийг тэр үеэс нь нөхөн тогтоож олгоно гэж байхгүй. Мөн энэ хоёрыг ярилцаад сууж байсныг яг дэргэдээс нь сонссон гэрч байхгүй, хэрэгт асуугдсан гэрчүүд  дандаа нэг талын, дам яриа сонссон тухай хэлсэн хүмүүс байдаг. Мөн лавлагаагаа аваад буцаж хэзээ ирсэн нь тогтоогдохгүй байгаа. Үүнийг нотлох зорилгоор Холбооны газрын хүний нөөцийн мэргэжилтэн П.Энхээ гэж хүнийг асуусан байдаг. Энэ хүн хэлэхдээ 2013 оны 4 дүгээр сард хүний оронд ажиллаж байхдаа энэ тушаалын хуулбарыг гаргаж өгсөн гэж ярьдаг. П.Э..............  2012 оны 12 дугаар сараас 2014 оныг дуустал хүний оронд ажиллаж байсан болох нь Холбооны газрын албан тоотоор нотлогддог. Үүгээр энэ хүн 2012 онд биш 2013 онд тушаалын хуулбар авч ирсэн гэдэг нь харагдаад байна. Ө.М...........  2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэртээ гарсан, 2012 онд тэтгэвэрээ аваад ажиллаж байсан. Тэгэхээр Ө.Мягмаржав энэ хүнд зөвлөгөө өгөөгүй болж таарч байна. Г.Ч...........анайд хандаж хэд хэдэн удаа гомдол гаргасан. Ганцхан Ө.Мягмаржавт хандчихаад өөр хүнд хандаагүй, өөр ажилтанд хандаж асуудлаа шийдвэрлүүлж болох байсан шүү дээ. Өргөдлөө бичгээр гаргаад бүртгүүлж байсан бол асуудал өөр байх байсан. Хамгийн сүүлд гомдлын шаардлагын комиссын хурлаар авч хэлэлцсэн. Энэ хурал дээр Ө.М.......... “над дээр ирж зөвлөгөө авсан эсэхийг хэн нотлоод байгаа юм, би зөвлөгөө өгсөн үгүйгээ мэдэхгүй байна хэрвээ өгсөн байхад засвартай дэвтрийг нотлох зүйлээ авч ир гэж л явуулсан байгаа” гэж хэлсэн. Одоо орчин үед бичиг баримтыг яаж л бол яаж засдаг болсон, сайн шалгаж байх хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Ер нь энэ хүний тэтгэврийг түр зогсоогоод материалыг нь шалгуулъя гэдэг асуудлыг ярьсан. Үүнийг Г.Ч............. хүндээр хүлээж авсан байх. Тэр хурал дээр болсон талууд хоорондын маргаан энэ хүнд хүндээр тусаж буруу зөрүү ойлгосон бол үнэхээр уучлаарай гэж манай дарга өмнөх шүүх хурал дээр албан ёсоор уучлалт гуйсан шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Б.............д шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Өмнөх шүүх хуралд байгууллагын дарга уучлалт гуйсан байдаг. Гэхдээ нэр төрийг нь гутаан доромжилсондоо биш иргэн хүнд хайхрамжгүй хандсан зүйл байгаа бол гэдэг талаас уучлалт гуйсан. Нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон гээд байгаа нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй. Тухайн танхимд болсон үйл явдлыг буруу зөрүү ойлгож түүнийгээ мушгин гуйвуулсан зүйл харагдаад байгаа. Хуульд заасан ямар нэгэн хэм хэмжээг зөрчөөд доромжилсон зүйл байхгүй. Гэрч  Д................нар ам дамжсан яриаг ярьсан байдаг болохоос хэн нэг нь яг нүдээр харсан зүйл огт байдаггүй. Энэ нь ИХШХШТ хуулийн нотлох баримт үнэлэх заалттай зөрчилдөж байна. Энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд манай байгууллагаас явуулсан 13 зүйл бүхий тайлбар дээр нэг бүрчлэн тусгаж өгсөн байгаа. 2015 онд Батсүрэн дарга дээр ирэхдээ мөн  баримтын бүрдэл дутуу байсан гэх бодохоор тэр хүртэл материалын бүрдэл хангагдаагүй байсан байна гэж үзэх үндэстэй байна. Энхээ гэж хүний түр орлон гүйцэтгэж байсан ажлын хугацааны талаар Холбооны газрын албан бичигт тодорхой тусгагдсан байгаа. Хуульд зааснаар бичиг баримтын бүрдлийг бүрдүүлж өгсөн өдрөөс эхлэн хугацааг тооцдог байтал энэ хүний бичиг баримтын бүрдэл хангагдсан зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагч Ө.М...........шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Миний бие тус хэлтсийн үйлчилгээний албаны дарга хийж байгаад 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэвэрт гарсан. Ажиллаж байх хугацаанд би олон хүнтэй харьцаж, олон хүнд заавар зөвлөгөө өгдөг байсан, энэ хүнд зөвлөгөө өгсөн эсэхээ санахгүй байна, өгсөн байхыг ч үгүйсгэхгүй. Жижүүр иргэдийг шууд албаны дарга луу оруулах ёсгүй, хүлээж авч үйлчилдэг байцаагч нар байдаг. Тус шүүхэд Чимгээгийн гаргасан нэхэмжлэлд би үнэн зөвөөр хариу тайлбар гаргаж ирүүлсэн. Нэр төр, алдар хүнд гутаасан гээд байгаа нь Гомдлын шаардлагын зөвлөлийн хурал дээр болсон үйл явдлыг хэлээд байна. Энэ хуралд хэлтсийн дарга, тамгын газрын хуулийн зөвлөх, ерөнхий нягтлан, албаны дарга зэрэг хүмүүс орсон. Тантай холбоотой гомдол ирсэн гэхээр нь би энэ хуралд оролцсон. Хурал дээр энэ хүний материалтай танилцахад хөдөлмөрийн дэвтэр засвартай, архиваас авсан тушаалын хуулбар нь огноо байхгүй байсан. Ийм болохоор нь техник технологи хөгжсөн үед хэн ч ийм тушаал гаргаад өгөх боломжтой, манайхаас хуурамч материалаар тэтгэвэр авсан тохиолдол гарсан гэсэн үүднээс ярьсан. Хуурамч материал бүрдүүлсэн, зальтай авгай гэж хэлсэн зүйл огт болоогүй. Энэ тухай тэнд байсан бүх хүмүүс мэдэж байгаа байх. Би Чимгээ гэж хүнийг танихгүй, гэхдээ энэ хүн над дээр ирсэн байхыг үгүйсгэхгүй гэсэн маань эргээд энэ хүнд буруу зөвлөгөө өгсөн болгоод байна. Ч..............йн гэрч гэж байгаа хоёр хүн Ч.............. над дээр ирээд надаас ямар зөвлөгөө авч байсан, Чимгээ өөрөө ямар бичиг баримттай явсан зэргийг огт хараагүй байж гэрчээр асуугдсан нь хэрэгт ач холбогдолгүй. Чимгээ над дээр ирж зөвлөгөө авсан эсэхийг хэн юугаар нотлоод байгаа юм бэ? Би энэ хэрэгт огт хамааралгүй гэж өөрийгөө үзэж байна. Тухайн үед Холбооны ажил хариуцаж байсан П.Энхээ гэж хүн 2013 онд энэ лавлагааг гаргаж өгсөн гэдгийг хангалттай нотлоод байгаа. Мөн Холбооны газрын албан тоотоор давхар нотлогдож байна. Намайг тэтгэвэрт гарснаас хойш лавлагаагаа авсан нь нотлогдоод байна. Тэтгэврээ тогтоолгоод 5 жил болж байгаа миний нэр төр алдар хүндэд санаатайгаар халдаж байгаа бусармаг үйлдэл гэж бодож байна. Г.Ч............ өөрийн эрхээ эдэлж бичиг баримтын бүрдэл хангаагүй, хайхрамжгүй хандаж явсныгаа хэн нэг албан байгууллага, иргэнд нялзааж байгаа нь хуульд нийцэхгүй. Ингээд байвал дахиад цаана нь олон ийм Чимгээ гарч ирээд ийм аргаар төрөөс мөнгө нэхэх болно. Би Г.Ч.............д хэзээ ч хууль бус зөвлөгөө өгөөгүй, хүний нэр төр, алдар хүндэд халдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Прокурор Ж.Б............ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Прокурорын байгууллагын тухай хуулийн 16, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Г.Ч............. нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төрийг төлөөлж оролцож байна. Хэргийн материалтай танилцаад Г.Чимгээгийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

1. “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч нь өргөдөл гаргаж, өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхэлж тогтооно“ гэснийг нэхэмжлэгч Г.Ч............. зөрчиж өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг тухайн үед нийгмийн даатгалын хэлтэст гаргаж байгаагүй.

Мөн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 63 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх” журамд заасны дагуу “Нийгмийн даатгалын байцаагч нь даатгуулагчийн бүрдүүлсэн баримт бичгийн баталгаажилтыг урьдчилан хангуулж зөрчил дутагдлыг арилгуулсны үндсэн дээр даатгуулагчийн тэтгэврийг тогтоон олгоно” гэснээр нэхэмжлэгч Г.Ч........йн хөдөлмөрийн дэвтрийн 13 дугаар хуудас дахь засвартай тушаалыг  тодруулахаар буцаасан байна.

2. Тухайн үед ажилтан нэхэмжлэгч Ө.Ч-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай баримттай танилцаад 1991 оны 2 сарын 15-наас 1999 оны 11 сарын 25-ны хооронд залгагчаар ажилласан тухай тушаалын лавлагааг авчрах шаардлагатайг хэлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Г.Чимгээгийн авчирсан тушаалын лавлагаа нь огноогүй, хэзээ авсан нь тодорхойгүй, лавлагаа олгосон Холбооны газрын ажилтан П.Э. мэдүүлэгт “Г.Ч............. нь 2013 оны 4 дүгээр сард тушаалын лавлагаа авсан” гэж мэдүүлсэн байна. Гэтэл Ө.М.............в нь 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэвэрт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Ө.М-ыг өндөр насны тэтгэвэрт гарсны дараа буюу 1 жилийн дараа авсан болох нь  нотлогдож байна.

Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгчийн нэр төр алдар хүндийг гутаасан үйлдэл хийгээгүй байх тул уучлалт гуйлгах, нэр төрийг сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч............. нь хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан тэтгэвэр нөхөн тогтоолгож 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны өндөр насны тэтгэвэрт авах байсан 11.031.266 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. / хх-ийн 1-2 дугаар хуудас/

Улмаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “хуурамчаар бичиг баримт үйлдэж ирдэг залилан хийдэг зальтай авгай” хэмээн доромжилсон болохыг тогтоолгож нэр төр, алдар хүнд сэргээлгэх, уучлалт гуйлгах,  хамтран хариуцагчаар Ө.М............ыг татаж хууль бус зөвлөгөө өгсөн болох, “ бичиг баримт үйлдэж ирдэг залилан хийдэг зальтай авгай” хэмээн доромжилсон болохыг тогтоолгож нэр төр, алдар хүнд сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  нэмэгдүүлэн гаргажээ. /хх-ийн 56-57 дугаар хуудас/    

Дахин 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ө.М.............., нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд “ бичиг баримт үйлдэж ирдэг залилан хийдэг зальтай авгай хэмээн” нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон болохыг тогтоолгохоор  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. /хх-ийн 182 дугаар хуудас/

Хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдөл гаргаж өргөдлийг хүлээж авсан өдрөөс тогтооно” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч Г.Ч.............. 2015 оноос өмнө хуульд заасны дагуу өргөдлөө гаргаагүй бөгөөд Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын хурал дээр нэхэмжлэгч Г.Ч............... залилан хийдэг зальтай авгай гэж хэн ч хэлээгүй учраас нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон зүйл болоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй,

Хариуцагч Ө.М.............2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлаа хийгээгүй, ажиллаж байхдаа олон хүнтэй харьцаж, олон хүнд заавар зөвлөгөө өгдөг байсан, нэхэмжлэгч Г.Ч............... зөвлөгөө өгсөн эсэхээ санахгүй байна, өгсөн байхыг ч үгүйсгэхгүй гээд баримтын бүрдэл дутуу талаар нь хэлж өгсөн бол баримтаа хэзээ бүрдүүлж ирсэн нь тодорхойгүй, тус хэлтсийн гомдол хэлэлцсэн хурал дээр материалыг нь үзэхэд хөдөлмөрийн дэвтэр засвартай, архиваас авсан тушаалын хуулбар нь огноо байхгүй байсан болохоор нь техник технологи хөгжсөн үед хэн ч гаргаад өгөх боломжтой, манайхаас хуурамч материалаар тэтгэвэр авсан тохиолдол гарсан гэсэн үүднээс ярьсан. Хуурамч материал бүрдүүлсэн, зальтай авгай гэж хэлсэн зүйл огт болоогүй тул нэр төр алдар хүндийг гутаан доромжлоогүй  гэж  тус тус маргаж байна.

Нэхэмжлэлийг шаардлага бүрээр, хэрэгт цугларсан баримтууд, талуудын тайлбар мэтгэлцээний дагуу авч үзвэл;

     1. Нэхэмжлэгч Г.Ч..............нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон шаардлагаа бүрэн дэмжиж, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус нийгмийн даатгалын хэлтэс дээр ирээд жижүүр зааж өгснөөр албаны дарга Ө.М............... уулзан хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлсэн, нэг тушаал олж ир гэснээр нь архиваас аваад ирж үзүүлэхэд хүнд нөхцлөөр ажилласан жил 11 жил 8 сар  байхад 8 жил 8 сар болж байна, 50 настай тэтгэвэрт орох боломжгүй, 55 нас хүрэхээр ирээрэй гэж хууль бус зөвлөгөө өгснөөс 2015 онд тэтгэвэр тогтоогдох хүртэл 42 сар 26 хоногийн хугацааны 11.031.266 төгрөгийн тэтгэврээ авч чадалгүй хохирсон гэж шаарджээ.

Ө.М-тай уулзаж зөвлөгөө авснаа нотлуулахаар Ц.С П.Э. Д.Д........ Д.Ч.......... нарыг гэрчээр асуулгасан ба гэрч нарын мэдүүлэг /хх 36, 85, 89-90 дүгээр хуудас/ Г.Ч нь Ө.М........тай уулзсан эсэх, Ө.М.....аас зөвлөгөө авсан гэх үйл баримтыг шууд гэрчлэхгүй, Г.Ч хариуцагч Ө.М-тай 2012 оны 3 дугаар сард уулзахад хамт байгаагүй, ямар нотлох баримт үзүүлж ямар зөвлөгөө өгсөн талаар сонсоогүй,  55 нас хүрээрэй гэж хэлсэн тухайг нэхэмжлэгчээс өөрөөс нь сонссон  талаар мэдүүлсэн байна./ гэрч Ц.Сүрэнгийн мэдүүлэг/ хх-ийн 34 дүгээр хуудас/. 

Нэхэмжлэгчээс ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр, архиваас гаргуулж авсан тушаал, түүний тайлбар зэргээр Г.Ч............ тэтгэврийн асуудлыг асууж лавлах зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн  ажилтантай уулзаж хөдөлмөрийн дэвтрээ шалгуулсан, уг дэвтрийн хуудас засвартай байснаас  1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Багануурын холбооны газарт залгагчаар ажиллаж байсан тухай тушаалаа ажиллаж байсан байгууллагаасаа авах шаардлагатай гэдэг үндэслэлээр буцсан байж болох үйл баримт үсүйсгэгдэхгүй байна.

Харин хариуцагч Ө.М биечлэн уулзсан, зөвлөгөө авсан талаар ямар нэг баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Мс зөвлөгөө авсан өдрөө буюу 2012 оны 3 сарын 6-ны өдөр Холбооны газраас очиж гэрч П.Э 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/25 тоот орон тоо цалин батлах тухай тушаал хуулбарлуулж авсан гэж хуулбар үнэн ХНМ /хүний нөөцийн мэргэжилтэн /П.Э... Монголын Цахилгаан холбоо Компанийн .......................газар гэсэн тамга дарагдсан баримт ирүүлсэн ч уг  хуулбарт  тушаалыг хуулбарласан огноо бичигдээгүй байх ба түүний уг хуулбарыг 2012 оны 3 сарын 6-7-ны өдөр гаргуулж авсан, тэр өдрөө Ө.М......... дээр авч очиж үзүүлсэн гэх тайлбар нь, хууль сануулж авсан хөндлөнгийн гэрч П.Э-йн шүүхэд өгсөн “Би 2012 оны 12 сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сар хүртэл жирэмсний амралттай хүний оронд хүний нөөцийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Тэр үед 2013 оны 03, 04 дүгээр сарын үед Г.Ч нь залгагчаар ажиллаж байсан тухайгаа тушаалаа авч байсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. /хх-ийн 37 дугаар хуудас/

Мөн гэрч П.Э............ асуух ажиллагааны явцад таны тушаал хуулбарлаж авсан гэх он сар гэрчийн мэдүүлэгтэй зөрж байна гэж шүүгч тодруулж асуухад би он сараа сайн санахгүй байна гэж нэхэмжлэгч хариулж байжээ.  /хх-ийн 37 дугаар хуудас/

Гэрч П.Э...........н хүний оронд ажиллаж байсан хугацааны талаархи мэдүүлэг, хэрэгт авагдсан “П овогтой Э.......... нь жирэмсний амралттай маркетинг үйлчилгээний ажилтны оронд 2012 оны 12 сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан” гэж тодорхойлсон Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Х...............н 2016 оны 05 сарын 09-ний өдрийн 34 дугаартай албан тоот/ хх-226/, “Ажлын байр шилжүүлэн ажиллуулах тухай” Багануур холбооны газрын 2012 оны 12 сарын 03-ны өдрийн 51 дугаартай тушаал/хх-ийн 92 дугаар хуудас/ гэсэн баримтуудаар давхар нотлогдож байна.

Хариуцагч Ө.М..........в нь 2013 оны 01 сарын 02-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болох нь хариуцагч нарын тайлбар, шүүх хуралдаанд эх хувиар нь шинжлэн судалсан Ө.М...............н өндөр насны тэтгэвэрийн хувийн хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Г.Ч............э нь хариуцагч Ө.М-тай уулзаж зөвлөгөө авсан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь Холбооны газраас  тушаалын лавлагаа аваад 2012 оны 3 сарын 6-ны өдөр буцаж очиж Ө.М.............й уулзсан, энэ үед хууль бус зөвлөгөө өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар дээрх баримтуудаар үгүйсгэгдэж, нэхэмжлэгч хэзээ Нийгмийн даатгалын хэлтэст хандсан, тушаалын хуулбар авсан, мөн хуулбараа аваад дахин очсон болон Ө.М.............. зөвлөгөө авсныг эргэлзээгүй шууд тогтоох нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 Эндээс үзэхэд, хариуцагч Ө.М.............. холбогдуулан хууль бус зөвлөгөө өгсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна.

Хууль бус зөвлөгөө өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаагаас нэхэмжлэлийн төрийн  албан хаагч албан үүргээ зөрчсөн, хууль бус зөвлөгөө өгсний улмаас авах ёстой байсан тэтгэвэр 11.031.266 төгрөгийн гэм хор учирч хохирсон гэдэг үндэслэлээр 11.031.266 төгрөгийг шаардах эрхийн үндэслэлгүй.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус  зааснаар төрийн албан тушаал эрхэлж байсан үедээ хариуцагч Ө.М............в нь албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж байх явцад албан үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч Г.Ч............хууль бус зөвлөгөө өгч хохироосон үйлдэл, эс үйлдэхүй .үйлдсэн, үүний улмаас нэхэмжлэгчид гэм хор учруулсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны улмаас 11.031.266 төгрөгийн хохирол хариуцан арилгах үүрэггүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн хуралдаанд хариуцагч Ө.М............. болон нийгмийн даатгалын ажилтнууд “хуурамчаар бичиг баримт үйлдэж ирдэг, залилан хийдэг зальтай авгай” гэж нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон болохыг тогтоолгох, нэр төр алдар хүндийг сэргээлгэх,уучлалт гуйлгуулах тухай шаардлагыг Нийгмийн даатгалын хэлтэс болон хариуцагч Ө.Мягмаржавт холбогдуулан гаргасан хэдий ч тухайн зөвлөлийн хурал дээр “залилан хийдэг зальтай авгай” гэж хэлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ж.Т..............., санхүү бүртгэл, орлого бүрдүүлэлт, хяналтын албаны дарга М.Б............., үйлчилгээний албаны дарга Д.Б............, Багануур дүүргийн засаг даргын тамгын хуулийн зөвлөх Ч.О.......,  Ө.М............, Г.Ч  гэсэн хүмүүс оролцож, тэмдэглэл хөтөлсөн бичиг хэрэг, дотоод хяналтын ажилтан Э.У............, байгуулагын дарга  Ж.Т нар гарын үсгээ зурж, тамга дарагдсан дээрх хурлын тэмдэглэл хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан боловч нэхэмжлэгчийн хэлж байгаа үйл баримт тусгагдаагүй, хурлын тэмдэглэлийг дарга Ж.Т нь тэмдэглэл хөтөлсөн ажилтнаар засуулж авч байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч энэ тайлбараа нотлох ямар нэг баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан ”шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь барилгын байгууллагад ажилласан хугацаа хүнд нөхцөлд ордог эсэх талаар эргэлзэж байсан тухай гэрч Д.Д мэдүүлэгт тусгагдсан бөгөөд  тэрээр өөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаа болон тэтгэвэрт гарах хугацааны  талаар эргэлзэж байсан бол тухайн үедээ  энэ талаар дахин тодруулах, зөвлөгөө авах, Нийгмийн даатгалын байгууллагад бичгээр  гомдол  хүсэлт гаргах зэрэг байдлаар хандах эрх боломж олгогдсон байсан боловч энэ эрхээ ямар нэг шалтгаангүй хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэстэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, харин нэмэгдүүлэн гаргасан хууль бус зөвлөгөө өгсөн болохыг тогтоолгох шаардлагад төлөх 70.200 төгрөг, нэр төр алдар хүндийг гутаан доромжилсон болохыг тогтоолгож, нэр төр алдар хүндийг сэргээж уучлалт гуйлгуулах тухай шаардлагад төлөх 70.200 төгрөг нийт 140.400 төгрөг төлөхийг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар хойшлуулсан байх тул хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж  улсын ологод оруулах нь хуульд нийцнэ.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн зардал төлсөн 100.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлт тавьсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул хариуцагч нарт хариуцуулах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар ........................ Ч, Багануур дүүргийн ......................н хэлтэс, Урианхад овогт Ө..........М........... нарт холбогдуулан гаргасан .тэтгэвэр нөхөн тогтоолгох, 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны өндөр насны тэтгэвэрт авах байсан 11.031.266 төгрөг гаргуулах, хууль бус зөвлөгөө өгсөн болон “хуурамчаар бичиг баримт үйлдэж ирдэг, залилан хийдэг зальтай авгай ” хэмээн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон болохыг тогтоолгож нэр төр, алдар хүнд сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгчийн тэтгэвэр нөхөн тогтоолгох, гэм хор учруулсны хохиролд 11.031.266 төгрөг гаргуулах шаардлага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан улсын тэмтэгтийн хураамж 140.400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.ТУЯА

               ШҮҮГЧ                                                              Г.АРИУНАА

                                                                                         Д.УРАНЧИМЭГ