Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 0255

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч С.Базарсад /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2338/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ш овогт Дын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт Дын Т, Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ... тоотод “цалин чинь орж ирээгүй байна” гэж хэлсний улмаас иргэн Н.Аыг хөлөөрөө хавирч унагаан, толгой хэсэг рүү нь цохиж зодон, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, хацрын арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.Хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим манай гэрт Т орж ирээд “би чамтай хамт ажил хийсэн, чи хоёр өдрийн цалин өг” гэж надаас нэхэхээр нь би “цалин орж ирээгүй байна” гэж хэлсэн чинь “хүнээр ажил хийлгэчихээд мөнгө өгөхгүй” гэж над руу уурлаад, миний нүүр, хамар руу гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад, хамар хавдсан. Мөн миний тархи доргиж, баруун нүд хөхөрч хавдсан. Би шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Толгойны зураг 120.000 төгрөгөөр авахуулсан. ...гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

 

2. Гэрч Ж.Гэндэнбазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...А, Т хоёр нийлж ажил хийгээд цалингаас болж маргалдаж, улмаар Аыг Т зодсон гэсэн. Т бүтэн өнчин ба нэг дүүтэйгээ хамт амьдардаг. Эхнэр, хүүхэд байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй боловч хувиараа барилгын ажил хийдэг. Сард дунджаар 1.000.000 төгрөг олдог. Боловсрол эзэмшээгүй. Ааш зангийн хувьд түргэн ууртай, бүрэг ичимхий, тэр болгон үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, их бухимдалтай байдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

3. Гэрч Ц.Өлзиймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэр рүүгээ явж байтал нөхөр Аын нүүр, ам нь цус болсон, хамаатны хүүхэд Төд зодуулчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Тийн гэрт очиж “чи яагаад манай нөхрийг зодож байгаа юм” гэж хэлэхэд Т “хүнээр ажил хийлгээд цалин өгөхгүй удаж байна” гэж хэлсэн. Аын хамар нь хавдсан, баруун нүднийх нь доод хэсэгт цус хурсан, баруун хацар нь зулгарсан, нүүр нь нилээн цус болсон, хамраас нь цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

4. Шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамаатны ах болох Ааас барилгын ажил хийсэн цалингаа нэхэж, “цалин хэзээ өгөх гэж байна” гэж асуухад А уурлаад, “цаад хүмүүс нь өгөхгүй байна, утсаа авахгүй байна” гэхээр нь би Аыг хавирч газар унагааж байгаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход Аын хамраас цус гарсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Эмчилгээний зардлыг барагдуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 606 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт 0.5х0.2 см, 0.8х0.2 см хүрэн өнгийн арьсны зулгаралттай. Баруун нүдний дотор буланд 1х1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Хамрын нуруу хавдартай, тэмтрэхэд эмзэглэлтэй.

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн КТГ-д: ... хамар ясны зүүн хажуу хана зөрүүтэй, баруун хажуу хана цөмөрсөн, бороолсон хуучин хугаралтай, хамрын таславч дунд 1/3-ээр хэсгээр баруун тийш бага зэргийн мурийлттай. ...зүүн талд хамар хацар орчмын зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай гэжээ.

Дүгнэлт: “...Н.Аын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, хацрын арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ж.Ганцэнгэл/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

 

6. Шинжээч Ж.Ганцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Зүүн талд хамар хацар орчмын зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартайг дүгнэлт хэсэгт хацрын арьсны зулгаралт гэсэн ойлголтод хамааруулж оруулсан. Энэ гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны зүүн хажуу хана зөрүүтэй, баруун хажуу хана цөмөрсөн, бороолсон хуучин хугаралтай, хамрын таславч дунд 1/3-ээр хэсгээр баруун тийш бага зэргийн мурийлттай гэх гэмтэл нь шинжээч томилсон тогтоол дээр дурдсан цаг хугацааны хувьд хуучин гэмтэл байх тул дүгнэлтэд тусгаагүй. Н.Аын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, хацрын арьсны зулгаралт нь шинэ гэмтэл, нэг ба хоёр удаагийн аль алинд үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

7. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 52-55 дугаар тал),

 

8. “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношилгоо, бэлэн мөнгөний орлогын баримт (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

 

9. Шүүгдэгч Д.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн  42 дугаар тал), 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дугаар тал), Д.Тийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 48 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Төд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын 13-38 тоотод “цалин чинь орж ирээгүй байна” гэж хэлсний улмаас иргэн Н.Аыг хөлөөрөө хавирч унагаан, толгой хэсэг рүү нь цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базарсад дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, шүүгдэгч Д.Т нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Төд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын 13-38 тоотод “ажил хийлгэчихээд цалин өгсөнгүй” гэх шалтгааны улмаас иргэн Н.Аыг хөлөөрөө хавирч унагаан, толгой хэсэг рүү нь цохиж зодон, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, хацрын арьсны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай гэрт Т орж ирээд “би чамтай хамт ажил хийсэн, чи хоёр өдрийн цалин өг” гэж надаас нэхэхээр нь би “цалин орж ирээгүй байна” гэж хэлсэн чинь “хүнээр ажил хийлгээд мөнгө өгөхгүй” гэж над руу уурлаад, миний нүүр, хамар руу гараараа нэг удаа цохисон. ...миний хамраас цус гараад, хамар хавдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

-гэрч Ж.Гэндэнбазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А, Т хоёр нийлж ажил хийгээд цалингаас болж маргалдаж, улмаар Аыг Т зодсон гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-гэрч Ц.Өлзиймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэр рүүгээ явж байтал нөхөр Аын нүүр, ам нь цус болсон, хамаатны хүүхэд Төд зодуулчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Тийн гэрт очиж “чи яагаад манай нөхрийг зодож байгаа юм” гэж хэлэхэд Т “хүнээр ажил хийлгэчихээд цалин өгөхгүй удаж байна” гэж хэлсэн. Аын хамар нь хавдсан, баруун нүднийх нь доод хэсэгт цус хурсан, баруун хацар нь зулгарсан, нүүр нь нилээн цус болсон, хамраас нь цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамаатны ах болох Ааас барилгын ажил хийсэн цалингаа нэхэж, “цалин хэзээ өгөх гэж байна” гэж асуухад А уурлаад, “цаад хүмүүс нь өгөхгүй байна, утсаа авахгүй байна” гэхээр нь би Аыг хавирч газар унагааж байгаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход Аын хамраас цус гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 606 дугаартай “...Н.Аын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, хацрын арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-шинжээч Ж.Ганцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зүүн талд хамар хацар орчмын зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартайг дүгнэлт хэсэгт хацрын арьсны зулгаралт гэсэн, ...гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Н.Аын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, хацрын арьсны зулгаралт нь шинэ гэмтэл, нэг ба хоёр удаагийн аль алинд үүсэх боломжтой. ...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 52-55 дугаар тал), “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношилгоо (хавтаст хэргийн 29 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Т нь хохирогч Н.Аын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Тийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” талаар заасан ба, дээрх хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт “санаатай” гэсэн нэмэлт орсон бөгөөд энэхүү хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.Т нь хохирогч Н.Аын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Н.А нь “Натур” эмнэлэгт компьютер томографийн оношилгоо хийлгэсэн гэх 120.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх 10.000 төгрөгийн баримтыг тус тус хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Төөс 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ат олгох  үндэстэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Тийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасан, шүүх түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ба, энэ хугацаанд шүүгдэгч нь хохирогч Н.Аын Хаан банкинд эзэмшдэг данс руу  2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хохирлын 130.000 төгрөгийг шилжүүлж, нөхөн төлсөн болох нь банкны орлогын баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Д.Т нь хохирогч Н.Ат төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа ажил хийдэг гэх боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй учир шүүгдэгч Д.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасан,

Өмгөөлөгч С.Базарсад дүгнэлтдээ “шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Д.Т нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Д.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

 

3. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Дын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Н.Ат төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА