Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2017/00024

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 162 тоотод оршин суух, Багшийнхан овогт Жанаагийн Доржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 52 тоотод оршин суух, Боржигон овогт Гончигийн Эрдэнэ-Очирт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.Дорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин Баянбулаг овогтой Эрдэнэцэцэг нь 2016 оны 5 дугаар сард Г.Эрдэнэ-Очирт бэлэн болон бэлэн бусаар 3.000.000 төгрөг өгсөн. Уг мөнгийг эхлээд 2016.05.15-ны өдөр согтуу машин жолоодож яваад эрхээ хасуулаад торгууль машин ачилтын мөнгө, төлөх төлбөрийг нь өгч барагдуулсан. Мөн 2016.05.23-ны өдөр зээл нэхэгдээд байна гээд Хаан банкны 5750434629 данс руу 2.000.000 төгрөг шижлүүлж авсан. Үүнээс хойш зугатах болсон. Охин маань Ирландад амьдардаг бөгөөд явах хугацаа нь болсон учраас би итгэмэлжлэл хийлгэн үлдэж шүүхэд хандсан гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ж.Дорж нь 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 616.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Эрдэнэ-Очир нь үлдэх 2.384.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь

            Иргэн  Б.Эрдэнэцэцэг, хариуцагч Г.Эрдэнэ-Очир нарын хооронд зээлийн  гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч  Ж.Дорж нь  итгэмжлэлийн дагуу хариуцагч Г.Эрдэнэ-Очироос зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн үнийн дүн болон төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.   

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.384.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 53.094 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 26.547 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.Эрдэнэ-Очироос 26.547 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Багшийнхан овогт Жанаагийн Доржийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт Гончигийн Эрдэнэ-Очирт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.Дорж нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 616.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.384.000 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэ-Очир нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26.547 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.Эрдэнэ-Очироос 26.547 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                                           ШҮҮГЧ                                      П.ТУЯА