Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00627

 

Т.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02924 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар магадлалтай,

Т.П-гийн нэхэмжлэлтэй,

С.О, Г.А д холбогдох,

40.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Оийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, хариуцагч С.О нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Т.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.О, Г.А  нар өрөнд ороод хүнд байна туслаач гэж гуйгаад байхаар нь Худалдаа хөгжлийн банк дах хадгаламжид байсан Япон улсад ажиллаж, амьдардаг эгч Т.Золзаяагийн хадгалуулсан 30.000.000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлж, Баянгол  дүүргийн Богд-Ар хороолол 21-А байрны 33 тоот сууцыг барьцаалсан. Гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцохоор тохирсон ба  зээлдэгч тал үүргээ биелүүлээгүй.  Нийт 47.700.000 төгрөг төлөхөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 40.700.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.О, Г.А  шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ хийж 30.000.000 төгрөг авсан нь үнэн. Би Т.Пгээс мөнгийг нь 1 хувийн хүүтэй авч түр хэрэглэж байгаад буцааж өгөхөөр тохирсон. Т.П зөвшөөрч 30.000.000 төгрөгийг надад авчирч өгөхдөө баримттай байя гээд зээлийн гэрээг бичсэн, 6 сарын дараа цааш нь 1 жил, 2 жил зээлсэн ч болно, энэ мөнгийг би ойрын хугацаанд хэрэглэхгүй гэж хэлж байсан. Зээлийн гэрээний 6 сарын хугацаа 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр дууссан боловч 2 тал гэрээг цааш үргэлжилж байгаа гэсэн ойлголттой байсан. Энэ хугацаанд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 12.000.0000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл мөнгийг яаралтай олж өгнө, алданги  15.900.000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02924 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Содном-Ишийн Оюунчимэг, Гэрэлтбаатарын Амарсанаа нараас 37.200.000 төгрөгийг гаргуулан Т.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 343 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Пд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.О давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.02-ны өдрийн 102/ШШ2017/02924 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.03-ны 85 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Пд төлөх зээлийн төлбөрөөс өөрийнх нь өгсөн даалгаврын дагуу түүний эгч Бямбасүрэн 5 сая төгрөгийг авсан бөгөөд тэрээр Т.Птэй ярилцаж тохирсон байсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 сая төгрөг, түүнд ногдох алданги 2,5 сая төгрөг нийт 7,5 сая төгрөгийг хасаж шийдвэрлэх ёстой байсан.

Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.02-ны өдрийн 102/ШШ2017/02924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Шүүхийн 2018.01.03-ны өдрийн 85 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ. 

Нэхэмжлэгч Т.П нь хариуцагч С.О, Г.А  нараас зээл, хүү, алдангид нийт 40.700.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээ гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, маргасан байна.  

Зохигчийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 30.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 5 дугаар тал/.

Талууд хүү, алданги тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т нийцжээ.

Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.  

Гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дууссан байх ба хариуцагч  2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээлийн төлбөрөөс хасч тооцжээ. Харин хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Бямбасүрэнд өгсөн 5.000.000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасах гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, маргажээ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцох”оор заасан ба Т.П нь зээлийн төлбөрийг Бямбасүрэнд өгөхийг зөвшөөрсөн нь тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд зээл, хүүд 31.800.000 төгрөг төлөхөөс төлсөн 7.000.000 төгрөгийг хасч, гүйцэтгээгүй үүргийг 24.800.000 төгрөгөөр тодорхойлж, үүнээс алдангийг 50 хувиар хязгаарлаж нэхэмжлэлээс 37.200.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа хийсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т нийцжээ.  

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул “...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 7.500.000 төгрөгийг хасуулах” талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч С.Оийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ