| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0143/Э |
| Дугаар | 0161 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 0161
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Ө.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ч овогт Өын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч овогт Өын Ж нь Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ө.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “...” төвд байрлах “...” пабад иргэн Ц.Мтай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ж мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Ц.Мы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найз Эрдэнэбатын хамт ажлаасаа 21 цагийн үед гарч яваад хамт ажиллаж байсан Энхжаргал, Эрка хоёртой таарсан. Бид Баянзүрх дүүргийн Сансарт байрлах пабад орж 0.75 литрийн архи хувааж уучихаад тэндээс гараад Энхжаргал, Эрка хоёр өөр тийшээ явсан. Би Эрдэнэбатын хамт такси бариад “Драгон” дээр ирээд ... гэдэг нэртэй газар 23 цаг өнгөрч байхад хоол идэхээр орж 0.75 литрийн архи, хоол захиалаад, Эрдэнбат пабын эзэн эмэгтэйтэй юм яриад нэг ширээн дээр сууж байхад хажуу ширээний залуу бид хоёр руу хараад “юугаа хараад байгаа юм бэ” гэж хэлсэн. Эрдэнэбат босоод Атарсайхан гэж залуугийн хажууд очиж юм яриад суугаад байхаар нь би очиж Эрдэнэбатыг босгоод буцаад ширээн дээрээ хамт суухад Атарсайхан гэх залуу босож ирээд Эрдэнэбатыг “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд заамдсан. Би боль гэж хэлээд голоор нь салгах үед Ж гэх залуу гаднаас нэг залуугийн хамт орж ирээд Ж миний нүд рүү нэг удаа цохихоор нь би “яаж байгаа юм бэ” гэж хэлээд өөрөөсөө холдуулаад түлхэх үед намайг сандал руу түлхэж унагаасан. Тэр үед пабын эзэн ирж салгахаар нь “та нар яагаад байгаа юм бэ” гэж асуухад “манай дүү нар согтуу байна, уучлаарай” гэж хэлсэн. Би Ж гэж залууд хандаж “чи надаас уучлалт гуйчих, би зүгээр явъя” гэж хэлэхэд Атарсайхан гэх залуу надаас уучлалт гуйхад Ж цаанаас ирээд миний нүүр рүү 1-2 удаа цохисон. ...Миний биед учирсан гэмтлийг Ж гэх залуу учруулсан. Би хэрэг болдог өдөр такси барьж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэс ороод тэндээсээ буцаж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирсэн. Мөн гэр рүүгээ такси барьж харьсан. Нийт 23.500 төгрөг болсон. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Хоёр өдөр ажилдаа яваагүй. Нэг өдрийн цалин 70.000 төгрөг тул хоёр өдрийн цалин 140.000 төгрөг болсон. Нийт 171.500 төгрөг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),
2. Гэрч Г.Атарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Драгон”-ы ард байрлах нийтийн байранд найз Баагийгийн гэрт 0.5 литр архи уусан. Тэндээс ганцаараа гарч яваад Сүлжмэлийн ард байрлах ... нэртэй пабад ганцаараа орж хоол захиалаад сууж байсан. Тэр үед гаднаас хоёр согтуу залуу орж ирээд архи, хоол захиалж байсан. Би тэр хоёр залууд хандаж “та хоёр хөгшин настай хүнтэй юу ярих гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр үед саарал малгайтай залуу босож ирээд “чи юу гэнээ, хаанаас ирсэн нинжа вэ” гэж хэлээд миний шилэн хүзүүнээс гараараа базахаар нь би тэр залууд “ширээ рүүгээ зайл” гэж хэлсэн. Хамт байсан залуу нь ирээд тэр залууг аваад ширээ рүү явсан. Тэр үед Жамбаа, зүс таних залуугийн хамт орж ирээд намайг өмөөрөөд тэр хоёр залуу руу дайрсан. Би голоор нь орж салгасан. Жамбаа миний хажуугаар орж ирээд М гэх залууг хоёр удаа нүүр рүү нь цохисон. Мөөгий эгч биднийг салгахад тэр хоёр залуу гарч яваад, бид гурав тэндээ жаахан сууж байгаад гарч явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),
3. Гэрч Г.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:
“... Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найз Мы хамт ажлаасаа 18 цагийн үед гарч яваад Мы найз гэх хоёр залуутай таараад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, Сансарт байрлах пабад 0.5 литрийн архи хувааж уугаад салсан. М бид хоёр такси бариад Драгон дээр ирж ... гэдэг нэртэй газар хоол идэхээр орж, архиа захиалаад сууж байхад зүүн талын ширээний залуу босож ирээд бид хоёртой юм ярьж байгаад буцаад ширээн дээрээ сууж байхад нь гаднаас хоёр залуу орж ирээд тэр залуугийн ширээн дээр суусан. Удалгүй бид хоёр дээр ирсэн өндөр залуу босож ирээд миний хоолойг нэг гараараа боогоод, нөгөө гараараа цохих гээд далайхад М голоор ороход нэг залуу нь Мыг сандал руу түлхэж унагаагаад, босоход нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэр үед пабын эзэн эмэгтэй Мыг цохисон залууг салгаж байсан. ...Мыг цохисон гэх залуу улаан өнгийн куртиктэй, 170 см орчим өндөртэй, долгионтой үстэй залуу байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
4. Гэрч С.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:
“... Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bronge” нэртэй пабыг түрээслүүлэн ажиллуулдаг. 2019 оны 12 дугаар сарын 10-ны орой ажил дээрээ байж байхад 23 цагийн үед манай энэ хавиар архи уугаад яваад байдаг зүс таних Эрдэнэбат гэх залуу халамцуу нэг залуугийн хамт орж исэн. Надтай мэндлээд хоол, 0.5 литрийн архи захиалаад жаахан сууж байгаад, гар баръя гээд байхаар нь би төвөгшөөгөөд босоод явсан. Эрдэнэбат өөрийгөөө атман гэж яриад, нөгөө ширээнд сууж байсан залуугийн хажууд нь суугаад, тохойгоороо ёвроод юм яриад байсан. Тэр үед зодуулсан гэх залуу Эрдэнэбатыг очиж босгоод өөрийнхөө ширээн дээр суулгахад цаана сууж байсан Атарсайхан гэх залуу Эрдэнэбатыг “чи юу гээд байгаа юм бэ” гээд босож ирэхэд гаднаас Ж гэх залуу нэг залуугийн хамт орж ирээд найз Атарсайханыг өмөөрөөд гомдол гаргасан залуугийн цамцнаас нь заамдаад, нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиж байсан. Би тэр үед явж очоод тэдгээр залуусыг салгасан. Тэр гомдол гаргасан залуу “би зодуулчихлаа, цагдаа дуудна” гээд хоол, архи захиалсан мөнгөө аваад Эрдэнэбат гэх залуугийн хамт гараад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
5. Шүүгдэгч Ө.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...... нэртэй паб руу орох гэж яваад үүдэн дээр нь зүс таних залуутай таараад бид хоёр хамт паб руу ороход Атарсайхан хоёр залуутай муудалцаад, хоорондоо зууралдаад зогсож байсан. Би очоод салгах гэхэд М гэж цагаан фудволктой залуу миний өөдөөс түлхээд дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулаад боль гэж хэлээд түлхэх үед хойшоо хөл алдаад сандал дээр суусан. М босож ирээд хэрүүл хийгээд, тэнд байсан хүмүүс рүү дайраад байхаар би нүүр рүү нь гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон. Удалгүй М хамт явсан залуутайгаа гараад явсан. Би Атарсайханы хамт жаахан сууж байгаад гэр рүүгээ явсан. Би Мы биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Мөнхсайхнаас уучлалт гуйсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 213 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун хацарт 1.0х0.2 см, зүүн хацарт 4х0.3 см, хүзүүний зүүн хэсэгт 1.0х1.0 см хүрэн өнгийн зулгаралттай.
Дүгнэлт: “...-Ц.Мы биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч эмч Б.Даваасүрэн/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
7. Хохирогч Ц.Мы биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 3 дугаар тал), хохирогчийн ажилладаг гэх “Гурван ундрах констракшн” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар тал),
8. Шүүгдэгч Ө.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 47 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ө.Жт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ө.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “...” төвд байрлах “...” пабад иргэн Ц.Мтай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ө.Ж нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Жийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ө.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “...” төвд байрлах “...” пабад иргэн Ц.Мтай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:
-хохирогч Ц.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Ж гэх залуу гаднаас нэг залуугийн хамт орж ирээд Ж миний нүд рүү нэг удаа цохихоор нь би “яаж байгаа юм бэ” гэж хэлээд өөрөөсөө холдуулаад түлхэх үед намайг сандал руу түлхэж унагаасан. ...Атарсайхан гэх залуу надаас уучлалт гуйхад Ж цаанаас ирээд миний нүүр рүү 1-2 удаа цохисон. ...Миний биед учирсан гэмтлүүдийг Ж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),
-гэрч Г.Атарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...... нэртэй пабад ганцаараа орж хоол захиалаад сууж байсан. Тэр үед гаднаас хоёр согтуу залуу орж ирээд ...саарал малгайтай залуу босож ирээд “хаанаас ирсэн нинжа вэ” гэж хэлээд миний шилэн хүзүүнээс гараараа базсан. ...Тэр үед Жамбаа, зүс таних залуугийн хамт орж ирээд намайг өмөөрөөд тэр хоёр залуу руу дайрсан. ...Жамбаа миний хажуугаар орж ирээд М гэх залууг хоёр удаа нүүр рүү нь цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),
-гэрч Г.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М бид хоёр ...... гэдэг нэртэй газар 23 цаг өнгөрч байхад хоол идэхээр ороод ...сууж байхад зүүн талын ширээний залуу босож ирээд бид хоёртой юм ярьж байгаад ширээн дээрээ сууж байхад нь гаднаас хоёр залуу орж ирсэн. Удалгүй бид хоёр дээр ирсэн өндөр залуу босож ирээд миний хоолойг нэг гараараа боогоод, нөгөө гараараа цохих гээд далайхад М голоор ороход нэг залуу нь Мыг сандал руу түлхэж унагаагаад, босоход нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
-гэрч С.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Атарсайхан гэх залуу Эрдэнэбатыг “чи юу гээд байгаа юм бэ” гээд босож ирэхэд гаднаас Ж гэх залуу нэг залуугийн хамт орж ирээд найз Атарсайханыг өмөөрөөд гомдол гаргасан залуугийн цамцнаас нь заамдаад, нүүр рүү нь гараа атгаж байгаад цохиж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
-шүүгдэгч Ө.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Атарсайхан хоёр залуутай муудалцаад,зууралдаад зогсож байсан. Би очоод салгах гэхэд ...М босож ирээд хэрүүл хийгээд, тэнд байсан хүмүүс рүү дайраад байхаар би нүүр рүү нь гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон. ...Би Мы биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 213 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ө.Ж нь хохирогч Ц.Мы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.Жийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ө.Ж нь хохирогч Ц.Мы бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Ц.М нь шүүх эмнэлэгт үзлэг хийлгэсэн төлбөр 8.000 төгрөг, 2 өдрийн цалин 140.000 төгрөг, такси үйлчилгээний 23.500 төгрөг, нийт 171.500 төгрөг нэхэмжилж, сарын цалин 2.100.000 төгрөг гэсэн тодорхойлолт ирүүлсэн байх бөгөөд цалингийн тодорхойлолт нь он сар өдөргүй байна. Мөн бусад нэхэмжлэлтэй хамааралтай холбогдох баримтыг ирүүлээгүй тул энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Ц.М нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ө.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ө.Ж нь өмгөөлөлдөө “торгох ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Ө.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Ө.Жт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Ө.Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүгдэгч торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэх боловч тэрээр эрхэлсэн ажилгүй, мөн санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлсон баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.
3.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ч овогт Өын Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Жийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.Мд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар хохирогч Ц.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ө.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА