Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2017/00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

           Хүсэлт гаргагч: 1967 оны 01 сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, Улаанбаатар хот, Багануур дүүргийн 5 дугаар  хороо, Бага гүний 06 дугаар гудамжны 03 тоотод  оршин суух, Лэгдүүд хөвдүүд  овогт Цэдэнжавын Баярмаагийн  улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны  12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү  нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч Ц.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баярмаа миний бие  Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийг төгсөөд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад  эвлэлийн илгээлтээр 1985 оны 08 сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж  байсан.  Одоо миний бие 5 хүүхэдтэй, 2017.01.22 нд 50 нас хүрнэ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл  тухайн үед ажиллаж байсан жилүүд зөрчилтэй, 1991 онд ажиллаагүй байна гээд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн юм. Би 1991 онд хүүхэд төрүүлсэн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан Хэнтий аймгийн  Архивын тасгийн 2169 дугаартай цалингийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн 1985 оны 08 сарын 28-ны 66 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1987 оны 12 сарын 06-ны 112 дугаартай ээлжийн амралт олгох тушаал, 1990 оны 01 сарын 26-ны өдрийн 06 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 1990 оны 10 сарын 10-ны өдрийн 125 дугаартай ээлжийн амралт олгох тушаал, 1993 оны 12 сарын 27-ны өдрийн 47 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал, хамт олонтойгоо авахуулсан фото зурагууд, гэрч нарын шүүхэд өгсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                         ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Ц.Баярмаа нь 1985 оны 08 сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад  саальчнаар ажиллаж байснаа тогтоолгохыг  шаардаж байна.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Хүсэлт гаргагч Ц.Баярмаагийн Хэнтий аймгийн Архивын тасгаас олгосон цалингийн тодорхойлолтод зарим он, сарууд дутуу бөглөгдсөн, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

Ц.Баярмаа  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа  “Олон хүүхэд төрүүлсэн үндэслэлээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм“ гэжээ.

Ц.Баярмаа нь Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад  1985 оны 08 сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл саальчнаар  ажиллаж байсан  болох нь:

Цэдэнжавын Баярмааг Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 08 сарын 28-ны өдрийн 66 дугаартай   тушаалаар саальчнаар томилсон нэгдлийн даргын тушаалын хуулбар,

1987 оны 12 сарын 06-ны 112 дугаартай  малчдад ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дугаарт Ц.Баярмаа гэж бичигдсэн,

1990 оны 01 сарын 26-ны өдрийн 06 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай нэгдлийн даргын тушаалаар Цэдэнжавын Баярмаад нярай хүүхдээ асрахад нь зориулж хүүхдээ 6 сартай болтол хугацаанд тэтгэмжтэй чөлөө олгосон,,

           1990 оны 10 сарын 10-ны өдрийн 125 дугаартай  ээлжийн амралт олгох тухай тушаалын малчдын нэрсийн жагсаалтын 25 дугаарт Баярмаа гэж бичигдсэн ,

            Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 12 сарын 27-ны өдрийн 47 дугаартай тушаалаар Агац, Балж, Онон багийн малчин гишүүдийг 12 сарын 25 ны өдрөөс эхлэн чөлөөлсөн,

           Ц.Баярмаагийн 1985-1993 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн талаарх Хэнтий аймгийн Архивын тасгийн 2169 дугаартай цалингийн тодорхойлолт,

Гэрч Ш.Борчулууны шүүхэд өгсөн “Миний бие Хэнтий аймгийн Дадал сумын Мал эмнэлгийн тасагт 1982-1995 он хүртэл саниторч, аж ахуйгаар ажиллаж байсан. Тухайн үед сумын мал эмнэлгийн эмч нартай мал эрүүлжүүлэх, био тарилга, туулгалт, бурцёлозын шинжилгээ авахаар  багийн малчдынхаар очдог байсан. Тэгэхэд Баярмаа нь Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадын Угалзрын саалийн фермьд  саальчнаар 1985-1993 он хүртэл ажиллаж байсныг сайн мэдэж байна. Баярмаагийн ээжийг Аюушийн Цэрэнханд гэдэг байсан. Баярмаагийн ээж нь Сүхбаатарын одонт сайн саальчин байсан  учир тухайн үед  Ерөнхий боловсролын сургууль төгссөн хэдэн хүүхдүүдийг илгээлтээр авч гаргаж ажиллуулж байсан.  Түүний нэг нь Баярмаа  юм” гэсэн мэдүүлэг,

  Гэрч Д.Оюуны шүүхэд өгсөн:” Миний бие 1986 онд Хэнтий аймгийн Дадал сумын Балж  бригадад илгээлтээр   саальчнаар ажиллаж  байсан. 1989 онд нөхөр Ганбаатарын хамт Онон бригадад төлчнөөр ажиллахаар шилжсэн. 1993 он буюу нэгдэл тартал ажиллаж байсан. Баярмаа нь 1985-1993 он хүртэл Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадын Угалзрын саалийн фермьд  саальчнаар ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж Лэгдүүд хөвдүүд  овогт Цэдэнжавын Баярмааг Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн Балж бригадад  1985 оны 08 сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл саальчнаар  ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ЦЭЦЭГДУЛАМ.