Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 0139

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сонинсүрэн,

иргэний хариуцагч “С” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0243/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

О овогт Дгийн Мг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт Дгийн М нь Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “С” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт  зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрээр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Их нарангийн хуучин эцсийн автобусны буудлын замд “С” ХХК-ний эзэмшлийн “...” маркийн ... УБЯ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно”,

-мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч 41 настай, эрэгтэй Ц.Сг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нарын  өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч Д.М: Мэдүүлэг гаргахгүй гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сонинсүрэн мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед хохирогч болох манай ах С над руу залгаад “автобусанд дайруулчихлаа” гэж хэлсэн. Ах над руу утсаар ярихдаа хуучин эцсийн буудлаас Ногоон дэлгүүр лүү мөлхөж ирээд утсаар ярьсан юм байна лээ. Тэгээд ах хэлэхдээ “автобусны жолооч нь бууж ирээд, буцаад автобусандаа суугаад явсан, гэрчлэх хүн байгаа” гэж хэлсэн. Хэрэг гарсан орой ахыг аваад Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “нэг хөлийг нь томографикийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна, шаардлагатай бол хөлийн тавхайг нь тайрч магадгүй” гэж хэлсэн. Шүүгдэгч Д.М хохиролд 100.000 төгрөг, дараа нь 360.000 төгрөг, одоогийн байдлаар нийт 631.000 төгрөг өгсөн. Гэхдээ Д.М нь бид нараар дамжуулж ахын биеийн байдлыг асуудаг. Түүнээс  ахтай уулзаж, өөрөөс нь биеийн байдлыг нь асуусан зүйл байхгүй. Манай ах ээжтэй хамт амьдарч, ар гэрээ ганцаараа авч явдаг байсан. Гэмтээд 2 сар гаруй ажилгүй, хэвтэрт байх хугацаанд ах Сандуйсүрэнг манай том ах асарсан. 3 сарын хугацаанд хоёр хүн ажилгүй байсан. Одоо ахад учирсан сэтгэл санаа, биеийн хохирол барагдуулах мөнгө, ажилгүй байсан хугацааны цалин зэргийг нэхэмжилнэ. Энэ зардалд 2019 оны 10 дугаар сарын 25-наас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 3.410.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, нийт 5.410.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Иргэний хариуцагч “С” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З мэдүүлэхдээ:

Хохирогч Ц.Стэй холбогдуулан хохирлын талаарх тодорхой мэдээлэл манай байгууллагад ирээгүй. Хэргийг шийдтэл шүүгдэгч Д.Мг ажлын байраар хангасан хэвээрээ байна. Хэргийг шийдэхэд ч Д.Мг ажлын байраар хангаж, хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулах боломжоор хангана гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хохирогч Ц.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:

            “... Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байдаг найз Мөнхбатын гэрт очиход миний төрсөн өдөр гээд надад архи худалдан авч өгөхөөр нь ганцаараа уусан. Орой 18 цаг өнгөрөөгөөд Улаанчулуутын эцсийн автобусны буудал дээр найз намайг машинаараа хүргэж өгсөн. Би эцсээс автобусанд суугаад Их нарангийн хуучин эцэс дээр буухаар хойд хаалгаар гарч байтал автобус хөдлөөд намайг унагаасан. Би босож амжаагүй байтал миний хоёр хөл дээгүүр автобусны хойд дугуй гарсан. Жолооч нь автобусаа зогсоож, автобуснаас бууж харчихаад яваад өгсөн. Тэр газар жаахан хэвтэж байгаад босох гэтэл босч чадахгүй, мөлхөж байгаад дэлгүүр ороод хүний утсаар гэрийнхэндээ мэдэгдсэн. Миний баруун хөлний тавхай, шилбэ, шагай хэсэг, зүүн хөлийн тавхай яс хугарч, хуруу хэсэгтээ яс цуурсан, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Одоо хоёр гипс тавиулсан, явж чадахгүй байна. Мөн зүүн хөлийн хуруу хэсгээр язарсан, тавхай хэсэгт 5 оёдол тавиулсан. ...Би дээгүүрээ ноосон цамц, цэнхэр өнгийн өмдтэй, хөх түрийтэй гуталтай явж байсан. Өмсөж явсан цамц болон өмдөнд ямар нэгэн урагдал гэмтэл байхгүй. Хоёр гутал бага зэрэг ханзарсан байсан. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, зам ямар нэгэн хальтиргаа гулгаа байхгүй, замын гэрэлтүүлэгтэй байсан. Би гомдолтой байна. Эрүүл мэндэд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

 

            2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сонинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

            “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчим ах С Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн хуучин эцсийн автобусны буудал дээр “...” маркийн ... УБЯ улсын дугаартай автобуснаас буух үед автобусны жолооч хөл дээгүүр нь дайрч хөлийг нь хугалсан байсан. Тухайн үед манай ахыг унаад хөл дээгүүр нь гарсны дараа автобуснаас нэг залуу бууж ирж харчихаад буцаад автобусандаа суугаад явсан байсан. Ах газар хэвтэж байгаад босч чадахгүй мөлхөж явж байгаад дэлгүүр рүү утсыг нь гуйж над руу ярьсан байсан. Тухайн үед ах маань бага зэрэг архи уусан байсан. Манай нөхөр ахыг очиж аваад Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хоёр хөл нь хугарсан байсан. Эмч нь эхлээд 1 хөлийг нь тайрна гэж байгаад сүүлдээ хөлийг нь гипсдсэн. Тэр өдрөө цагдаад хэлсэн. 2 хоногийн дараа ахыг шүүх эмнэлэгт үзүүлэх гээд явж байхад автобусны жолоочийг олчихсон, хэргийн газрын нөхөн үзлэг хийнэ, ахыг дайруулсан газраа зааж өг гээд цагдаа ярьсан. Автобусны буудал дээр очиход автобусны жолооч нь мөн хэргийн газар очсон байсан. Тэр жолооч залуу нь манай ахыг дайруулаад хэвтэж байхад автобуснаас бууж ирж харчихаад буцаад суугаад явсан залуу мөн байна гэж ах надад хэлсэн. Ахын хоёр хөл хугарсан, баруун хөл нь 3 хугарсан, зүүн хөл нь тавхай хэсгээрээ хугарсан, одоо хэвтэрт байгаа. Жолооч 100.000 төгрөг шилжүүлсэн байсан. Өөрөө огт ирж уулзаагүй. Би гомдолтой байна. Ахыг хөл дээр нь босгомоор байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Мөн ах маань “Батдэлгэрэх” ХХК-д гэрийн мод хийдэг, ажил хийж ээжийг тэжээдэг байсан. Ослоос болж цалингүй, мөнгөгүй болж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

 

            3. Иргэний хариуцагч “Сутайн” буянт ХХК-ний төлөөлөгч Э.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

            “... Би “С” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар ажилладаг юм. Д.М нь манай компанид 2017 оны 9 дүгээр сараас жолоочоор ажилласан. Мгийн жолоодож яваад зам тээврийн осол гаргасан ... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2008 онд Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн, 2016 онд Монгол Улсад орж ирээд манай компанийн нэр дээр нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг юм. Манай компани автобусанд тухай бүр нь засвар үйлчилгээ хийж шугаманд гаргадаг. Тухайн зам тээврийн ослын улмаас манай компанийн ... УБЯ улсын дугаартай автобусанд эвдрэл гэмтэл учраагүй. Манай жолоочийн буруутай үйлдэл учраас хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зардлыг төлөхөд тодорхой хэмжээнд туслана. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

            4. Гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:

            “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад 3 дугаар эмнэлгийн автобусны буудлаас автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусын буудал дээр буугаад явган хүний гарц руу алхаж байтал хүмүүс ард орилолдоод, миний сууж ирсэн автобусны урд талд хүмүүс овоорчихсон наад жолооч чинь буруугүй, наад хүн чинь өөрөө согтуу урдуур нь орчихсон гэж яриад байсан. Тэгэхэд автобусны урд талаас нэг согтуу хүнийг татаж гаргаж байсан. Тэр хүн нь нилээн согтуу, юу ч ярихгүй байсан. Тэр үед автобусанд ойролцоогоор 20 гаран л хүн байсан байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

 

            5. Гэрч Т.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

            “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 05 цаг 30 минутын үед “С” ХХК-ний гражид бүх автобусаа шалгаад гаргахад зөрчилтэй автобус байгаагүй. Тэгээд жолооч нартаа хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгч гарын үсэг зуруулсан. Тухайн үед одоо зам тээврийн осолд холбогдоод байгаа “...” маркийн ... УБЯ улсын дугаартай автобус мөн адил зөрчил заагдаагүй шалгагдсан. Шалгах механикууд өглөө бүр автобуснуудаа гаргахдаа гэрэл дохио, хийн систем, тоормос, тосол, масло, түлш гоожиж байгаа эсэх, сандлуудын хөдөлгөөн, хагас гол шипилкнүүдийн боолт бүрэн бүтэн эсэх зэргийг нь шалгаж гаргадаг. “...” маркийн ... УБЯ улсын дугаартай автобус 2019 оны 9 дүгээр сарын 28-нд 3000 км явж техникийн стандартын дагуу масло болон шүүр, наклад, луглором буюу тоормосны тохируулагч зэргийг сольсон. 2019 онд нийтдээ 49 удаа ашиглалтын засвар хийгдэж, 3 удаа моторын эд анги солигдсон байна. Ашиглалтын засвар гэдэг нь ойр зуурын эд анги нь эвдрэхэд сольж зассан засварыг хэлдэг юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

            6. Гэрч С.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

            “... Манайх Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 3-1 тоотод “Бүрдэн цохиот” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Сүүлд манайхаар байнга үйлчлүүлдэг Батболд гэх залуу манай ах автобусанд хөлөө дайруулаад танай дэлгүүрт мөлхөж орж ирсэн байна, камерыг чинь шүүнэ гэж орж ирсэн. Тэгээд хяналтын камер шүүхэд зүүн талаас нэг хүн хөлөө чирчихсэн алхаж яваа харагдсан. Батболд ярихдаа мөлхөж орж ирсэн гэж ярьж байсан. Батболдын ярьснаар ах нь мөлхөж орж ирээд манай дэлгүүрийн коридорт зогсож байгаад хүний утсаар Батболд руу яриад, Батболд өөрөө орж ирээд авсан гэж ярьсан. Тэр үед Батболд орж ирж коридороос ахыгаа авсныг нь би хараагүй. Манай коридор үүдэндээ АТМ-тэй, касснаас тусгаарлагдсан ханатай, хүн орж байгаа нь харагддаггүй юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

 

            7. Шүүгдэгч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Их нарангийн хуучин эцсийн автобусны буудлын замд ... загварын ... УБЯ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа буюу Улаан чулуутын эцсээс уруудан Вокзалын чиглэлтэй явж байх үед Их нарангийн хуучин эцсийн автобусны буудал дээр хүмүүсээ буулгах гээд автобусны хойд хаалгаа онгойлгоод зогстол эхлээд хоёр эмэгтэй хүн буусан, дараа нь хохирогч С гэх залуу буух үедээ унаж замын хашлага дагаад унасан. Тэр үед би автобусаа урагш хөдөлгөж таарсан. Толинд харахад тэр залуу унаж байсан. Тэгэхээр нь би зогсоод автобуснаас буугаад хохирогч С дээр очоод нүүр рүү нь харсан чинь нүүр нь зүгээр байсан. Тэгэхээр нь би татаж босгоод өндийлгөж газар суулгаад зүгээр үү гэсэн чинь С гэх залуу урдаас зүгээр, зүгээр гэхээр нь би эргэж автобусандаа суугаад хөдлөөд явсан. Тэр С гэх залуу тухайн үед автобуснаас буух гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байснаа автобуснаас буусан. Миний харснаар бол тэр залуу автобуснаас буух үедээ унасан гэж бодсон. Би бас тэр залууг бууж амжаагүй байхад нь автобусаа хөдөлгөчихсөн юм шиг байна лээ. Тухайн үед сайн анзаараагүй юм. Урагшаа хөдлөөд унах үед нь толинд харсан. Тэр үед би хохирогч С дээр очоод хөлийг нь анзаарч хараагүй. Нүүрээрээ унах шиг болохоор нь гүйж очоод харахад нүүр нь зүгээр байсан юм. Хохирогч С гэх залуу тухайн үед автобусанд орж ирэхдээ нилээн согтуу гуйваад байсан. Улаан чулуутын эцсээс суугаад дөрвөн буудал яваад Их нарангийн хуучин эцэс дээр буусан. Тухайн үед хохирогч Сг би буулгаад урагшаа жаахан хөдөлсөн. Тэр үед л хөл дээгүүр нь гарсан юм шиг байна лээ. Би түүнийг огт мэдээгүй зүгээр буух үедээ унасан л гэж бодсон. Уг зам тээврийн осол гарах үед үзэгдэх орчин чөлөөтэй. Зам хальтиргаа, гулгаа байхгүй байсан. Миний бие хэвийн байсан. Зам тээврийн осол гарахад ямар нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй, миний санамсар болгоомжгүй байдлаас болж гарсан. Зам тээврийн осол гаргахдаа унаж явсан “...” загварын ... УБЯ улсын дугаартай автобус нь “С” ХХК-ний өмч юм. Би хөл дээгүүр нь гарч явснаа  мэдээгүй. Хохиролд нь 100.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113 дугаар тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13069 тоот дүгнэлтэд:

            Хэсэг газрын үзлэгт: Баруун хөлийн тавхайнаас шилбэний дээд хэсэг хүртэл гөлтгөнөн боолттой, зүүн хөлийн 2, 3-р хурууны завсарт мэс заслын оёдлууд бүхий шархтай, хуруунууд болон тавхай хаван хавдартай, хөх ягаан цус хуралттай.

            2019.10.26-ны өдрийн 2 тавхайн КТГ-д: баруун тахилзуур ясны доод 1/3 хэсэгт хөндлөн зөрөөгүй сэлтэрсэн хугаралтай, зүүн тавхайн завь хэлбэрийн ясанд ташуу зөрөөгүй хугаралтай, ...2 тавхайн зөөлөн эдэд хаван хавдартай /шинжээч эмч, дүрс оношлогооны эмч С.Чулуунсүх/ гэжээ.

            Дүгнэлт:

“...-1.Цэгмэдийн Сгийн биед баруун тахилзуур ясны хөндлөн зөрөөгүй сэлтэрсэн хугарал, зүүн тавхайн завь хэлбэрийн ясны зөрөөгүй хугарал, зүүн хөлийн 2, 3-р хурууны шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

            3. Дээрх баруун тахилзуур ясны хөндлөн зөрөөгүй сэлтэрсэн хугарал, зүүн тавхайн завь хэлбэрийн ясны зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /шинжээч Б.Ундармаа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

 

            9. Шинжээч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

            “... Дүгнэлтэд тусгагдсан хөлний гэмтэл нь машин хөл дээгүүр нь гарах үед үүсэх боломжтой. Харин унах үед уг гэмтэл үүсэх боломжгүй. Сгийн хөлд үүссэн гэмтэл нь нэг үйлчлэлээр нэг дор үүссэн учраас нэг цаг хугацаанд үүссэн гэж үзнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар тал),

 

           

            10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5223 тоот дүгнэлтэд:

            Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Гутал-1 хос.

            Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн гутланд уранхай гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн гутланд гарсан 7.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. /шинжээч Ж.Баттулга/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),

           

            11. Шинжээч Ж.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

            “... 2019 орны 10 дугаар сарын 29-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын эрүүгийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн мөрдөгч, цагдаагийн а/д Ө.Батбуянгийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн мөр судлалын шинжилгээ хийсэн. Шинжилгээнд 1 хос гутал ирүүлсэн. Уг гутал нь ...Зүүн өмсгөлийн дээд ирмэгээс эгц доош 9 см, арын оёдлын даруулганы ирмэгээс урагш 6.5 см зайд түрийний залгаас оёдлоороо 7.5 см ханзарсан уранхай үүссэн байсан. Уг уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ уранхай байсан. Уг гутланд үүссэн 7.5 см хэмжээтэй шинэ уранхай нь оёдлоороо халзарсан, ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй, шинээр үүссэн байх ба автомашины дугуйны эргэлдэх маажих хөдөлгөөний үед татагдаж урагдах боломжтой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар тал),

 

            12. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхайн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 77385 тоот дүгнэлтэд:

 

            Хариулт 1: “...” маркийн ... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн байдал нь стандартын шаардлага хангахгүй байна.

            Хариулт 2: Уг тээврийн хэрэгслийн нэг ба хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч, зүүн урд дохионы гэрэл, ухрах арааны гэрэл, улсын дугаарын гэрэл асахгүй, хурд хэмжүүр ажиллагаагүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

            Хариулт 3: Уг тээврийн хэрэгслийн нэг ба хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч стандартын шаардлага хангахгүй, энэ эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Хэрэв нөлөөлөх бол тоормосны зам уртсах, шарвалт үүсэх байдлаар нөлөөлж болно. Уг тээврийн хэрэгслийн нэг ба хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч, зүүн урд дохионы гэрэл, ухрах арааны гэрэл, улсын дугаарын гэрэл асахгүй, хурд хэмжүүр ажиллагаагүй зэрэг гэмтэл нь ашиглалтын явцад буюу зам тээврийн ослоос өмнө үүссэн байх магадлалтай.

            Хариулт 4: Уг автомашины тоормосны систем нь хийн дамжуулгатай. Нэг ба хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч стандартын шаардлага хангахгүй байна.

            Хариулт 5: Тоормосны систем нь хийн дамжуулгатай. Замын нөхцөл байдал, тоормосны дөрөөн дээр дарах хүч зэргээс хамаарч тоормосны мөр зам дээр үүснэ.

            Хариулт 6: Уг тээврийн хэрэгслийн хурд хэмжүүр ажиллагаагүй байгаа ба тухайн жолооч хурдаа хянах боломжгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлж болзошгүй. ...” гэсэн дүгнэлт, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас (хавтаст хэргийн 51-53 дугаар тал),

 

            13. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 597 тоот дүгнэлтэд:

            1. “...” маркийн ... УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

-23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно”. Мөн дүрмийн 4 дүгээр хавсралт /Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. Зургаа: Бусад эд анги, нэмэлт хэрэгсэл 6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон;

-мөн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:

            а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

            г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2. Зорчигч Ц.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            4. “...” маркийн ... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарах үед хэдэн км цагийн хурдтай явж байсан эсэхийг тогтоох боломжгүй. /цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дугаар тал),

 

14. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг 28 минутад Зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дүгээр тал),

            15. “Hyundai AeroCity” загварын ... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн  эзэмшигчээр “С ХХК” бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн хэрэгслийн техник ашиглалтын хувийн хэргийн хуулбар (хавтаст хэргийн 13, 91-93 дугаар тал),

 

            16. “...” ... УБЯ улсын дугаартай автобусны хяналтын камерын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 05 минутаас 19 цаг 10 минутын хоорондох бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“... 5-123 гэсэн бичиглэлтэй СД-г тоглуулахад “2019.10.25 5-123 1, 2019.10.25 5-123 2, 2019.10.25 5-123 3, 2019.10.25 5-123 4” гэсэн бичиглэлтэй дөрвөн файл байв.

            “...2019.10.25 5-123 3” файлыг тоглуулахад 5-123 граж дугаартай ... УБЯ улсын дугаартай автобусны урд талаас заал руу буюу зорчигч нар суух хэсгийг харуулсан бичлэг байв. ...Бичлэгийн 00 минут 25 секундэд зорчигч автобусны урд хаалгаар орж ирээд жолоочид мөнгө өгөөд автобусны хойшоо ороод дэлгэцний баруун талын эгнээний урдаас 3 дахь суудал дээр сууж яваад, 3 дахь буудал дээр зогсох үед зорчигч хойд хаалгаар нэг хүн буусны дараа буух үед автобус бага зэрэг хөдлөөд буцаж зогсоод жолооч автобуснаас буух үед автобусанд зорчиж явсан зорчигч нар тухайн ослыг хараад 20 секундын дараа жолооч орж ирээд хөдлөж байгаа бичлэг.

“2019.10.25 5-123 4” файлыг тоглуулахад 5-123 граж дугаартай ... УБЯ улсын дугаартай автобусны дотор талын хойд талаас нь харуулсан бичлэг байв. ...Бичлэгийн 00 минут 25 секундэд зорчигч автобусны урд хаалгаар орж ирээд суудалдаа сууж байв. ...Бичлэгийн 04 минут 32 секундэд хохирогч хойд хаалга дээр ирж зогсоод хаалга онгойх үед буух гэж байснаа буцаж арагш болоод буух үед автобус хөдлөөд буцаж зогсоод 20 секундын дараа хөдлөөд явж байгаа бичлэг бичигдсэн байв. ...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

            17. “Дамно” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19-213 дугаартай “... эсгий түрийтэй, шинэвтэр 1 сар өмссөн 1 хос гутлыг 81.000 төгрөгөөр үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 99-100 дугаар тал) болон хохирлын баримтууд (хавтаст хэргийн 103-104 дүгээр тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

18. Шүүгдэгч Д.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86-87 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 76 дугаар тал), Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 79 дүгээр тал), шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр тал), 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 84, 89 дүгээр тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 85, 88 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Их нарангийн хуучин эцсийн автобусны буудлын замд “С” ХХК-ний эзэмшлийн “...” маркийн ... УБЯ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно”, мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч 41 настай, эрэгтэй Ц.Сг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Гэмт хэрэг гарах шалтгаан нь жолооч өөрт хамаарах дүрмийн заалтыг биелүүлээгүй, хэм хэмжээний актуудыг зөрчсөн. Шүүгдэгч Д.М нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2 талын толиндоо зорчигчийг суусан, буусан эсэхийг харсныхаа дараа хаалгаа хаах байтал камерын бичлэгийг харахад хажууд байгаа хүнтэйгээ харилцаа үүсгэж ажилдаа хайнга хандсан нь харагддаг. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч, тэр тусмаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад үйлчлүүлэгчийг буусных нь дараа хаалга хаана гэх санаа шүүгдэгч Д.Мд төрөөгүй. Согтуу хүн автобуснаас шалтгаалж, эсхүл өөрөө унасан ч бай буугаад биеийн байдлыг нь лавлаад цагдаа дуудах боломжтой байтал жолоочийн үүргээ гүйцэтгээгүй. Хохирогчийн эрүүл мэндтэй холбогдуулан гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, мөн  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг,

 

Өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс “шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цалин нэхэмжилж байгаа боловч холбогдох баримтыг бүрдүүлээд, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Их нарангийн хуучин эцсийн автобусны буудлын замд “С” ХХК-ний эзэмшлийн “...” маркийн ... УБЯ улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож  явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

-23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно”,

-мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас:

-зорчигч 41 настай Ц.Сг автобуснаас бууж дуусаагүй байхад тээврийн хэрэгслийг хөдөлгөж, түүнийг хаалгаар унаган, улмаар босож амжаагүй байхад нь хөл дээгүүр нь автобусаараа гарч, түүний эрүүл мэндэд нь “баруун тахилзуур ясны хөндлөн зөрөөгүй сэлтэрсэн хугарал, зүүн тавхайн завь хэлбэрийн ясны зөрөөгүй хугарал, зүүн хөлийн 2, 3-р хурууны шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хүндэвтэр хохирол учруулсан, улмаар дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

            -хохирогч Ц.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...автобусанд суугаад Их нарангийн хуучин эцэс дээр буухаар хойд хаалгаар гарч байтал автобус хөдлөөд намайг унагаасан. Би босож амжаагүй байтал миний хоёр хөл дээгүүр автобусны хойд дугуй гарсан, жолооч нь автобусаа шууд зогсоож, автобуснаас бууж харчихаад яваад өгсөн. Миний баруун хөлний тавхай, шилбэ, шагай хэсэг, зүүн хөлийн тавхай яс хугарч, хуруу хэсэгтээ яс цуурсан, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. ...Хоёр гутал бага зэрэг ханзарсан. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, зам ямар нэгэн хальтиргаа гулгаа байхгүй, замын гэрэлтүүлэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

            -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сонинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчим ах С Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн хуучин эцсийн автобусны буудал дээр “...”  маркийн ... УБЯ улсын дугаартай автобуснаас буух үед автобус хөл дээгүүр нь дайрч хөлийг нь хугалсан байсан. ...автобуснаас нэг залуу бууж ирж харчихаад буцаад автобусандаа суугаад явсан байсан. ...2 хоногийн дараа ...автобусны жолоочийг олсон, хэргийн газрын нөхөн үзлэг хийнэ, ахыг дайруулсан газраа зааж өг гээд цагдаа ярьсан. Автобусны буудал дээр очиход автобусны жолооч нь мөн хэргийн газар очсон байсан. Тэр жолооч залуу нь манай ахыг дайруулаад хэвтэж байхад автобуснаас бууж ирж харчихаад буцаад суугаад явсан залуу мөн байна гэж ах хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

            -гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ...автобусын буудал дээр буугаад явган хүний гарц руу алхаж байтал хүмүүс ард орилолдоод ...автобусны урд талаас нэг согтуу хүнийг татаж гаргаж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

            -гэрч С.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 3-1 тоотод “Бүрдэн цохиот” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Батболд гэх залуу манай ах автобусанд хөлөө дайруулаад танай дэлгүүрт мөлхөж орж ирсэн байна, камерыг чинь шүүнэ гэсэн. ...хяналтын камерыг шүүхэд зүүн талаас нэг хүн хөлөө чирчихсэн алхаж яваа харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

-шүүгдэгч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим ...”...” загварын ... УБЯ улсын дугаартай автобусыг жолоодон ...Их нарангийн хуучин эцсийн автобусны буудал дээр хүмүүсээ буулгах гээд автобусны хойд хаалгаа онгойлгоод зогстол хоёр эмэгтэй хүн буусан, дараа нь хохирогч С гэх залуу. ...толинд харахад ...унаж байсан. ...би автобуснаас буугаад С дээр очоод ... татаж босгоод өндийлгөж газар суулгаад ...эргэж автобусандаа суугаад хөдлөөд явсан. ...хохирогч Сг би буулгаад урагшаа жаахан хөдөлсөн. Тэр үед хөл дээгүүр нь гарсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113 дугаар тал),

-2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг 28 минутад Зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11 дүгээр тал),

-... УБЯ улсын дугаартай автобусны хяналтын камерын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 05 минутаас 19 цаг 10 минутын хоорондох бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13069 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал), шинжээч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5223 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 45-46 дугаар тал), шинжээч Ж.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар тал),

тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 597 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дугаар тал) болон бусад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.С нь өөрөө согтуу байсан, автобуснаас өөрөө буух үедээ унасан гэж маргаж байсан боловч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй.

Шинжээч Б.Ундармаа нь  хохирогчид учирсан хөлний гэмтэл нь машин хөл дээгүүр нь гарах үед үүсэх боломжтой. Харин унах үед уг гэмтэл үүсэх боломжгүй” гэж мэдүүлснээр (хавтаст хэргийн 67-68 дугаар тал) хохирогч өөрөө өөрийгөө гэмтээсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нь зорчигчийг буулгахдаа тээврийн хэрэгслийг бүрэн зогсоох, зорчигч буусаны дараа хаалгаа хаах, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх, улмаар аюулгүй байдлыг хангасаны дараа тээврийн хэрэгслийг хөдөлгөх зэрэг нь жолоочийн үүрэг бөгөөд энэхүү үүргээ зөрчсөн, мөн тээврийн хэрэгслийн хяналтын камерын бичлэгээс үзэхэд шүүгдэгч Д.М нь замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хохирогч автобусны хаалгаар унаж буй тухайн агшинд бусадтай ярилцаж байгаа үйлдэл харагдах бөгөөд энэхүү анхааралгүй, хайхрамжгүй байдал нь, мөн хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад тус тус нөлөөлжээ.

Түүнчлэн шүүгдэгч Д.М нь өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслээс  зорчигч унаж гэмтсэнийг мэдсэн, улмаар жолоодон явсан автобусыг зогсоож хохирогч дээр очиж уулзсан боловч түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөн үргэлжлүүлэн замын хөдөлгөөнд оролцсон, харин хохирогч цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргаснаар тээврийн хэрэгслийн жолоочийг эрж олж хэргийн газрын үзлэгийн нөхөн хийсэн зэрэг үйл баримт тогтоогдсон.

Харин Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхайн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 77385 тоот дүгнэлтэд

“......” маркийн ... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд хэмжүүр ажиллагаагүй байх ба тухайн жолооч хурдаа хянах боломжгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлж болзошгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-53 дугаар тал)-ийг гаргасан, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 597 тоот дүгнэлтээр “...” маркийн ... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарах үед хэдэн км цагийн хурдтай явж байсан эсэхийг тогтоох боломжгүй. /цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дугаар тал) гаргасан ба, дээрх баримтаас үзвэл шүүгдэгч Д.Мгийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн хурд хэмжүүр нь ажиллагаагүй байсан нөхцөл байдал байх боловч тухайн зам тээврийн осол гарахад тэрээр хурд хэмжүүр ажиллагаагүй байсан нь нөлөөлсөн эсэх, хурд хэтрүүлсэн эсэх нь тогтоогдоогүй тул үүгээр шүүгдэгчийг  буруутгах боломжгүй, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Мг  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба, хохирогчин хөл гэмтсэний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох боломжгүй эрүүл мэндийн байдал тогтоогдож, түүний дүү Ц.Сонинсүрэнг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэгт 630.979 төгрөгийн баримт ирүүлсэн байх ба, шүүгдэгч Д.М нь баримтын хүрээнд 631.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.410.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2.000.000 төгрөг нийт 5.410.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ц.С нь “Батдэлгэрэх өргөө” ХХК-нд мужаанаар сарын 1.200.000-1.400.000 төгрөгийн цалинтай ажилладаг гэх тухай  байгууллагын тодорхойлолт байх боловч энэхүү тодорхойлолт нь он сар өдөр байхгүй, улмаар хохирогч нь сар бүр авч байсан гэх цалин хөлсний санхүүгийн баримт, дээрх компанид ажилд томилогдсон тушаал шийдвэр гэх зэрэг холбогдох бусад баримтыг ирүүлээгүй тул цалин хөлс 3.410.000 төгрөгийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна. 

Харин сэтгэл санааны хохирлыг тооцон гаргах хууль эрх зүйн зохицуулалтгүй тул 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ тогтоолоор шүүгдэгч Д.М, иргэний хариуцагч “С” ХХК нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Мгийн  жолоодон явсан ... УБЯ дугаартай тээврийн хэрэгсэл нь “С” ХХК-ны эзэмшилд бүртгэлтэй, тэрээр шүүгдэгч Д.М нь тус компанид жолоочоор ажилладаг, улмаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол гаргасан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар ажил олгогч буюу “С” ХХК нь хуульд зааснаар  гэм хорыг арилгах үүрэгтэй юм.

Иймд хохирогч, түүний төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гэм хорын зардал зэргийг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.М, иргэний хариуцагч “С” ХХК-иас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх, уг ялуудын нэмж нэгтгэн нийт 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс “Шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй, шүүгдэгч Д.М хохирогчийн хохирлыг барагдуулсан, анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд түүнд торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2004 онд ял шийтгүүлж байсан байх ба, түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид баримтын хүрээнд учирсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Мг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1.000.000 төгрөгийн торгох ял  дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно гэж заасан ба шүүгдэгч Д.М нь нийтийн тээврийн үйлчилгээнд жолоочоор ажилладаг, зорчигчдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж явах,  тээвэрлэх үүргээ зөрчиж хохирогчийн хөл дээгүүр автобусаараа гарснаас хохирогчид учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв. 

 

4.Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... УБЯ автобусны хяналтын камерийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 05 минутаас 19 цаг 10 минутын хоорондох дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт ирүүлсэн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 478689 дугаарын үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Дгийн Мг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан;

-авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял,  

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох  ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1700 (нэг мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 478689 дугаарын үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

 

            6. Эрүүгийн ... дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Д.М, иргэний хариуцагч “С” ХХК нь энэ тогтоолоор хохирогч Ц.Сд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хяналтын камерийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 05 минутаас 19 цаг 10 минутын хоорондох дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг  хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар хохирогч Ц.С, түүний төлөөлөгч нь цалин хөлс 3.410.000 төгрөг болон гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.М, иргэний хариуцагч “Сутайн  буянт” ХХК-иас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА