Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2017/00017

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

   Нэхэмжлэгч: 1980 онд Багануур дүүрэгт төрсөн,  37 настай, эмэгтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт  Багануур дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт оршин суух албан ёсны бүртгэлтэй, Боржигон овогт Сундуйн Эрдэнэцэцэгийн, Алтангэрэлийн Баяраатай хамтын амьдралтай байснаа  тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын  05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Шинэхүү  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэг  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оноос 2016 он хүртэл А.Баяраатай хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд 2010 онд Э.Баяр-Эрдэнэ, 2014 онд Э.Соёлцэцэг  гэх хоёр хүүхэдтэй болсон. А.Баяраа нь 2016 оны 12 сарын 21-нд тавин хувийн түлэгдэлттэй байж  байгаад өвчнөө дийлэхгүй гэнэт  нас барсан.  Иймд хоёр хүүхдэд  нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас олгогдоогүй. А.Баяраа бид хоёр хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй  /хэлгүй, дүлий/ тул гэрлэлтээ батлуулдаг гэж мэдээгүй. Иймд биднийг хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний  эгч Эрдэнэцэцэг нь  2009 оноос эхлэн нас барах хүртлээ А.Баяраатай хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд 2010 онд Э.Баяр-Эрдэнэ, 2014 онд Э.Соёлцэцэг гэх хоёр хүүхэдтэй болсон. А.Баяраа нь 2016 оны 12 сарын 21-нд  толгой шийр хуйхлах гэж байгаад газанд түлэгдэж өвчнөө дийлэхгүй нас барсан. Эгч Эрдэнэцэцэг нь  хэлгүй, дүлий учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир миний бие итгэмжлэлээр оролцож байна. Иймд миний эгч Эрдэнэцэцэгийг хүргэн ах Баяраатай хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

           Хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар, гэр бүлийн хамт авахуулсан фото зураг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч С.Эрдэнэцэцэг нь талийгаач нөхөр А.Баяраатай 2009 оноос 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа “Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм” гэжээ.

          С.Эрдэнэцэцэгийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

         Нэхэмжлэгч  С.Эрдэнэцэцэг нь Алтангэрэлийн Баяраатай 2009 оноос 2016 оны 12 сарын 21-ний өдрийг  хүртэл хугацаанд хамтран амьдарч  байсан ба  А.Баяраа  нь 2016 оны  12 дугаар  сарын 21-ний өдөр  нас барсан болох нь:

           Монгол Уул овогт Алтангэрэлийн Баяраагийн  № 0000195752 дугаартай нас барсны гэрчилгээний  хуулбар,

          Эрдэнэцэцэгийн Баяр-Эрдэнэ, Эрдэнэцэцэгийн Соёлцэцэг  нарын төрсний гэрчилгээний хуулбар,

Нэхэмжлэгч  С.Эрдэнэцэцэгийн  гэр бүлийнхээ  хамт авахуулсан гэрэл зурагууд,

Гэрч А.Эрдэнэбилэгийн шүүхэд өгсөн “Эрдэнэцэцэгийн талийгаач нөхөр  Баяраа  нь миний төрсөн дүү юм. Эрдэнэцэцэг нь 2009 онд манайд бэр болж ирсэн. Тэр цагаас эхэлж танина. 2010 онд том хүү Баяр-Эрдэнэ, 2014 онд охин Соёлцэцэг нарыг төрүүлсэн. 2016.12.22 ны өдөр  манай дүү толгой шийр хуйхлах гэж байгаад газанд түлэгдэж гэмтэл авснаасаа болж  шархаа дийлэхгүй нас барсан ”   гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Эрдэнэжаргалын шүүхэд өгсөн “Манай дүү Эрдэнэцэцэг нь Баяраатай 2009 онд гэр бүл болж хамт амьдарч дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн. 2010 онд хүү Баяр-Эрдэнэ, 2014 онд охин Соёлцэцэг нарыг төрүүлсэн. Миний дүү Эрдэнэцэцэг, Баяраа нар нь хөгжлийн бэрхшээлтэй буюу хэлгүй байсан. Хүргэн дүү Баяраа нь 2016 оны 12 сарын 22-ны өдөр нас барсан ”  гэсэн  мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах цуглуулах шаардлагыг хангасан, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, хэргийг бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв  баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

   115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигон овогт Сундуйн Эрдэнэцэцэгийг Монгол Уул овогт Алтангэрэлийн Баяраатай 2009 оноос 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  хүртэл  хамтын амьдралтай байсныг тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар  зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                   

                                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              П.ЦЭЦЭГДУЛАМ