Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2017/00029

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 58 тоотод оршин суух, Бодонгууд овогт Мягмаржавын Бүжинлхамын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 84 дүгээр байрны 3 тоотод оршин суух, Азар овогт Дамдинсүрэнгийн Нэргүй

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 58 тоотод оршин суух, Дархан бөх лам овогт Батбямбын Батгэрэл нарт холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 58 тоот 1 өрөө орон сууцнаас албадан гаргуулах, орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр  сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч М.Бүжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 58 тоот 1 өрөө орон сууцаа Д.Нэргүйд 2016.03.12-ны өдрөөс 1 сарын 200.000 төгрөгийн хөлстэйгээр 1 жилийн хугацаатай хөлслүүлсэн. Байр хөлслүүлсний төлбөрийг 2.400.000 төгрөгөөр тохирч  900.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө бэлнээр төлсөн. Үлдэх 1.500.000 төгрөгийг 2016.04.25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс 1.000.000 төгрөгийг 6 дугаар сард өгсөн. Үлдэгдэл 500.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Би өөрийн амьдарч байсан байраа мөнгөний хэрэг болоод хөлслүүлсэн боловч түрээслэгч хөлсөө төлөхгүй болохоор нь байр чөлөөлж өгөх тухай мэдэгдэл удаа дараа өгсөн. Гэвч байрыг маань чөлөөлж өгөхгүй, хөлсөө ч төлөхгүй, утсаар ярихаар өөр хүнээр утсаа авахуулаад, гэрт нь очихоор хаалгаа  тайлахгүй байна. Д.Нэргүй нь өөрийн хүү Б.Батгэрэлийг гэр бүлийн хамт амьдруулж байгаа учир хүүг нь хамтран хариуцагчаар оролцуулах нь зөв гэж бодож байна. Иймд шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны байрны хөлс 400.000 төгрөг болон байртай холбогдох ус, дулаан, кабель, гэрэл гэх мэт 2 сарын төлбөр 150.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Нэргүй, Батгэрэл нарыг Багануур дүүргийн 3 дугаар хорооны 37 дугаар байрны 58 тоот 1 өрөө орон сууцнаас албадан гаргуулж, уг орон сууцыг чөлөөлүүлж Д.Нэргүйгээс байрны хөлс 400.000 төгрөг, бусад төлбөр 150.000 төгрөг нийт 550.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Бүжинлхам шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Батгэрэл, Д.Нэргүй нартай харилцан тохиролцож 37 дугаар байрны 58 тоот байрыг 2017.01.14-ний өдөр суллуулж түлхүүрээ авсан, тог, ус, байр гэх мэтчилэн хэрэглэсэн ахуйн хэрэглээгээ төлж барагдуулсан байна. Хариуцагч нар нь тоолуур тавьсан зардал 134.600 төгрөг нэхэмжилнэ гэсэн хэдий ч 100.000 төгрөгийг нь  2017.01.12-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрт, үлдсэн 34.600 төгрөгнөөс улсын тэмдэгтийн хураамжинд  21.875 төгрөг, үлдэх 12.725 төгрөгийг байрыг 01.12-ны өдөр суллах байснаас 01.14-ний өдөр суллаж өгсөн 2 хоногийн хөлс болох 19.134 төгрөгт тооцож суутгасан. Одоо ямар нэгэн өр авлага байхгүй болно. Миний зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 550.000 төгрөг нэхэмжилсэн боловч  хариуцагч нартай төлбөр тооцоо дууссан,  Б.Батгэрэл, Д.Нэргүй нараас нэхэмжлэх зүйлгүй  гэжээ.

Хариуцагч Д.Нэргүй, Б.Батгэрэл нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2016.03.12-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 58 тоот 1 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан хөлсөлсөн. Улмаар  2017.01.12-ны өдөр байрыг чөлөөлж нэхэмжлэгч М.Бүжинлхамд хүлээлгэн өгсөн, бидний хооронд өр авлага дууссан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч  М.Бүжинлхам нь хариуцагч Д.Нэргүй, Б.Батгэрэл нарт холбогдуулан Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 58 тоот 1 өрөө орон сууцнаас албадан гаргуулах, орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 550.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нэргүй, Б.Батгэрэл нар байрыг чөлөөлж, нэхэмжлэгч М.Бүжинлхам нь 550.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зарим төлбөр тооцооны талаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.   

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 43.675 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.Нэргүй, Б.Батгэрэл нараас 43.675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Бодонгууд овогт Мягмаржавын Бүжинлхамын нэхэмжлэлтэй, Азар овогт Дамдинсүрэнгийн Нэргүй, Дархан бөх лам овогт Батбямбын Батгэрэл нарт холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 58 тоот 1 өрөө орон сууцнаас албадан гаргуулах, орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 550.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Бүжинлхам нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 550.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Нэргүй, Б.Батгэрэл нар Багануур дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар байрны 58 тоот 1 өрөө орон сууцыг 2017.01.14-ний өдөр нэхэмжлэгч М.Бүжинлхамд хүлээлгэн өгч төлбөр тооцооны талаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 43.675 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.Нэргүй, Б.Батгэрэл нараас улсын тэмдэгтийн хураамжинд 43.675 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                                           ШҮҮГЧ                                      П.ТУЯА