Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2017/00031

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 18 тоотод оршин суух, Боржигон овогт Аваанайн Отгонсүрэнгийн талийгаач нөхөр Хөгжимчин овогт Болдын Хонгорзултай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч А.Отгонсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Б.Хонгорзултай 2009 оны 7 дугаар сараас танилцаж, 2010 оны 1 дүгээр сараас гэр бүл болсон. Улмаар 2012.03.23-нд охин Нандин-Эрдэнэ, 2014.11.12-ны өдөр хүү Оч-Эрдэнэ нар төрсөн. Хүүгийнхээ гэрчилгээг авах үед нөхөр маань хөдөө ажилтай ирэх боломжгүй байсан, гэрчилгээ авах хугацаа өнгөрч торгуульд орох гээд байсан болохоор өөрийнхөө нэрээр овоглож хүүгийнхээ гэрчилгээг авсан. Б.Хонгорзул нь 2016.12.21-ний өдөр гэнэт нас барсан учраас биднийг 2010 оны 1 дүгээр сараас, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

        Шүүхээс хэрэгт авагдсан, нэхэмжлэгч А.Отгонсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, охин Х.Нандин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.Хонгорзулын нас барсны гэрчилгээний хуулбар, хүү О.Оч-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар,  Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтууд, 2014 онд болон 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэр бүлийн  хамт авахуулсан гэрэл зураг, гэрч Б.Батбилэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч А.Отгонсүрэн нь Б.Хонгорзултай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага гаргах болсон үндэслэлээ заахдаа “Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм” гэжээ.

          А.Отгонсүрэнгийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч А.Отгонсүрэн нь талийгаач нөхөр Хөгжимчин овогт Болдын Хонгорзултай 2010 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байж 2012.03.23-нд охин Нандин-Эрдэнэ, 2014.11.12-ны өдөр хүү Оч-Эрдэнэ нарыг төрүүлсэн, Б.Хонгорзул нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Болд овогтой Хонгорзулын 0000192790 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хамтран амьдарч байх хугацаандаа 2014 онд болон 2015 онд гэр бүлээрээ авахуулсан гэрэл зургууд, Б.Батбилэгийн шүүхэд  гэрчээр өгсөн “Б.Хонгорзул нь миний 10 жилийн найз байгаа юм. А.Отгонсүрэн нь миний найзтай 2009 онд танилцаад үерхэж байгаад 2010 оны сүүлээс 2016.12.21-ний өдөр  буюу нас барах хүртлээ хамт амьдарч байсан” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн, гэрчид хууль сануулан мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв, хуульд заасан нотлох баримт цуглуулах, гаргах шаардлагыг хангасан нотлох баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Аваанайн Отгонсүрэн талийгаач  нөхөр Хөгжимчин овогт Болдын Хонгорзултай 2010 оны 01 дүгээр сараас  2016 оны  12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл  хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар  зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

                                                      ДАРГАЛАГЧ                               П.ТУЯА