| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0056/Э |
| Дугаар | 0248 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 0248
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Б.С, өмгөөлөгч Б.Баттулга /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2814/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Ж овогт Бын Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай, эрүүгийн нэг хавтаст хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж овогт Бын С, Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ... суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 04-16 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.С нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” дэн буудлын гадна 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ч.Нгийн өмчлөлийн “...” загварын гар утас, бэлэн 100.000 төгрөг, түүний эзэмшлийн “...” банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар иргэн Ч.Нгийн эзэмшлийн банкны данснаас 220.000 төгрөгийг “...” банкны АТМ-ээс авч, бусдад нийт 670.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сээс: Мөрдөн байцаалтад бүх асуудлаа ярьсан. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
1.Хохирогч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд
2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй буудалд байрласан. Орой 20 цагийн орчим “С” нэртэй дэн буудлын баруун талд байрлах караоке бааранд орж шар айраг уусан. Тус газар үл таних эмэгтэйтэй танилцсан. Тэгээд хамт гараад миний байрлаж байсан “С” нэртэй зочид буудалд хамт орж ундаа уучихаад бид хоёр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Саппоро” үйлчилгээний төвийн хажууд байрлах “Шөлөндөө” хоолны газар орж хоол идсэн. Буцаад хамт “С” дэн буудал руу явсан. Буудлын гадаа таксинаас буусан. ...Нөгөө эмэгтэй цааш замын эсрэг тал руу явахаар нь би “чи хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухад “чи наанаа байж байгаарай” гэсэн. ...Би араас нь гүйж очтол цагаан өнгийн “Приус-20” загварын тээврийн хэрэгсэлд суугаад зугтсан. Тэр эмэгтэй таксинаас буухдаа миний гар утсыг аваад буусан. Миний гар утасны гэрэнд бэлэн 100.000 төгрөг, “...” банкны виза карт байсан. ...Миний гар утас улаан өнгөтэй,“...” загварын, гадуураа хар өнгийн гэртэй. 2019 оны 10 дугаар сард “Хар хорин” захын гар утас худалдан борлуулдаг хэсгээс 370.000 төгрөгөөр авч байсан. Өөрийгөө Энхжаргал гэж танилцуулсан эмэгтэй 25-30 орчим настай, 160-165 см орчим өндөр, бордуу царайтай, урт хар үстэй байсан. Бид хамт “Шөлөндөө” хоолны газар хоол идэж, тооцоогоо хийхдээ нууц дугаараа үйлчлэгчид хэлсэн. Тэр үед “...” банкны виза картын нууц дугаарыг цээжилсэн байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),
-2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Шөлөндөө” хоолны газарт хоолонд ороод буцаад зочид буудлын гадаа такси бариад ирсэн. Тэр үед би таксинд мөнгө өгөх гээд гартаа барьж байсан “...” гар утсаа тэр эмэгтэйд өгсөн, нөгөө эмэгтэй миний гар утсыг бариад таксинаас буусан. Тэр үед би таксины мөнгө өгчихөөд буугаад ирсэн чинь тэр эмэгтэй зам гараад нэг машинд суугаад яваад өгсөн. Тэр үед би араас нь дагаад гүйсэн боловч тэр машин зогсоогүй, машиных нь дугаарыг харж чадаагүй. Камер шүүхэд машины дугаар харагдахгүй байсан. Миний гар утасны хавтсанд бэлэн 100.000 төгрөг, виза карт байсан. Тэр эмэгтэй миний виза картын нууц дугаарыг хоолны газар ороход мэдсэн байсан. Сүүлд миний данснаас 200.000 төгрөг, 20.000 төгрөг, нийт 320.000 төгрөг авсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дүгээр тал),
2. Шүүгдэгч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар
2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ажлаа тараад нэг найзтайгаа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “Вест” бааранд суусан. Бид хоёрыг ...сууж байхад үл таних нэг залуу манай найзтай ирж танилцаж хамт суусан. Тэгээд бид гурав “...” банкны АТМ орсон. Тэр үед найз маань салаад явсан. Тэр залуу өөрийнхөө “...” банкны виза картыг надад өгөөд нууц үгийг нь хэлээд 100.000 төгрөг авсан юм. Тэр залуу надад хэлэхдээ “би буудалд өрөө авсан, оруулаад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч “Вест” баарны хойно байрлах “С” гэх нэртэй зочид буудалд оруулж өгсөн. Тэр залуу бид хоёр Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо “Саппоро” үйлчилгээний төвийн хажууд байх “Шөлөндөө” хоолны газар орсон. Хоол идээд буцаад таксинд суугаад зочид буудал руу ирсэн. Тэр үед манай хүүхэд гэртээ ганцаараа байсан учир гэр рүүгээ явах гэсэн чинь тэр залуу надтай хамт хононо гээд байсан. ....Би зам гараад такси бариад Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” банкны АТМ-ээс 200.000 төгрөг аваад гэр рүүгээ явсан. ...Надад тэр залуугийн виза карт байсан, картнаас нь 200.000 төгрөг авсан. Таксинаас буухад нь тэр залуугийн гар утсыг авсан. ...Гар утсыг нь Хархорин дээр явуулын үл таних хүнд 300.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),
-2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ажлаа тараад нэг найзтайгаа бааранд орсон. Бааранд сууж байхад нэг үл таних залуу ирээд манай найзтай танилцаад, бид хоёртой хамт суусан. Бид гурав юм ярьж сууж байгаад манай найз, нөгөө залуу бид гурав баарнаас гарсан. Нөгөө залуу надаар АТМ-с өөрийнхөө виза картыг өгөөд 100.000 төгрөг авахуулсан. Мөн тэр залуу зочид буудалд өрөө авсан гээд бид хоёр тэр зочид буудал руу орчихоод эргэж гараад Шөлөндөө рүү яваад хоол идсэн. Буцаад ...такси бариад зочид буудлын хажууд ирсэн. Тэр залуу надад гар утсаа өгөөд намайг бууж бай, таксинд мөнгө өгье гэж хэлсэн. Би тэр залуугийн гар утсыг аваад такси бариад явсан. Тэгээд 32 дугаар байрны хажууд байдаг “...” банкны АТМ-ээс 220.000 төгрөг авсан. Гар утасных нь хавтсанд 100.000 төгрөг байсан. ...тэр залуу согтуу байхаар нь гар утсыг нь аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дугаар тал),
-мөн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дугаар тал),
3. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй дэн буудлын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “камерын бичлэг нь ...ресепшин байрладаг хэсгийн урдаас чиглүүлэн харах бөгөөд 30-35 орчим настай, хар бараан өнгийн өвлийн хүрэм, дотуураа цэнхэр өнгийн урт ноосон цамцтай эмэгтэй хүн, 25-30 орчим настай, 160-170 см орчим өндөр, бараан өнгийн цамц, хар бараан өнгийн гуталтай, эрэгтэй хүний хамт 03:15:35 цагт тус буудлын ресепшен хэсэг рүү харсан хяналтын камерын дүрснээс гарч, 03.22.26 цагт тус буудлын гадна талын үүдний хэсэг рүү харуулсан хяналтын камерт хамт зогсож байгаагаар бичигдсэн, ертөнцийн зүгээр зүүн зүгт камерын дүрснээс гарч явснаар камерын бичлэгт үзлэг хийх ажиллагааг дуусгав. ...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
4. “Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн СХД3-19-912 дугаартай “...Samsung S8 маркийн ...гар утсыг 350.000 төгрөгөөр үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
5. Хохирогч Ч.Нгийн “... банк”-нд эзэмшдэг данснаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 цаг 39 минутад 200.000, 20.000 төгрөгөөр тус тус зарлага гарсан тухай депозит дансны хуулга (хавтаст хэргийн 36 дугаар тал), 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр огноолсон хохирогч Ч.Нгийн бичгээр гаргасан тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
6. Шүүгдэгч Б.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дугаар тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал), “...” банкинд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 23-27 дугаар тал), Б.Сийн хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 29-30 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ст холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.С Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” дэн буудлын гадна 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ч.Нгийн өмчлөлийн “Samsung S8” загварын гар утас, бэлэн 100.000 төгрөг, “...” банкны виза карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан, улмаар иргэн Ч.Нгийн эзэмшлийн банкны данснаас 220.000 төгрөгийг авч, бусдад нийт 670.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, шүүгдэгч Б.С нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Сийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.С хохирогч Ч.Нтай Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вест” бааранд 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө танилцаж, “Шөлөндөө” хоолны газарт хамт орсон, хоолны газраас “С” дэн буудалд таксигаар хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” дэн буудлын гадна шүүгдэгч Б.С нь таксигаар үйлчлүүлсэн машинаас иргэн Ч.Нг буух үед түүний өмчлөлийн “Samsung S8” загварын гар утас, гар утасны хавтсанд байсан 100.000 төгрөг, “...” банкны эзэмшлийн карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-хохирогч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ...“С” дэн буудлын баруун талд байрлах караоке бааранд орж шар айраг ууж, ...үл таних эмэгтэйтэй танилцсан. Тэгээд хамт гараад ...“Шөлөндөө” хоолны газар орж хоол идээд буцаад хамт “С” дэн буудал руу явсан. Буудлын гадаа таксинаас буусан. ...нөгөө эмэгтэй цааш замын эсрэг тал руу явахаар нь би “чи хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухад “чи наанаа байж байгаарай” гэсэн. ...би араас нь гүйж очтол цагаан өнгийн “Приус-20” загварын тээврийн хэрэгсэлд суугаад зугтсан. Тэр эмэгтэй таксинаас буухдаа миний гар утсыг аваад буусан. ...гар утасны гэрэнд 100.000 төгрөг, ... банкны виза карт байсан. ...“ Samsung S8” загварын улаан өнгөтэй утас гадуураа хар өнгийн гэртэй. ...өөрийгөө Энхжаргал гэж танилцуулсан эмэгтэй 25-30 орчим настай, 160-165 см орчим өндөр, бордуу царайтай, урт хар үстэй байсан. Бид хамт “Шөлөндөө” нэртэй хоолны газар хоол идэж тооцоогоо хийхдээ нууц дугаараа үйлчлэгчид хэлсэн. Тэр үед миний ... банкны виза картын нууц дугаарыг цээжилсэн байх. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),
-хохирогчийн дахин өгсөн “...би таксины мөнгө өгөх гээд гартаа барьж байсан “...” гар утсаа тэр эмэгтэйд өгсөн, ...нөгөө эмэгтэй миний гар утсыг бариад таксинаас буусан. Тэр үед би таксины мөнгө өгөөд буугаад ирсэн чинь тэр эмэгтэй нэг машинд суугаад явсан. ...би араас нь дагаж гүйсэн боловч тэр машин зогсоогүй. ...Тэр эмэгтэй миний виза картын нууц дугаарыг хоолны газар ороход мэдсэн байсан. Сүүлд миний данснаас 200.000 төгрөг, 20.000 төгрөг, нийт 320.000 төгрөг надаас авсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дүгээр тал),
-шүүгдэгч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Бид ...хоол идээд буцаад зочид буудал руу таксинд суугаад ирсэн. ...таксинаас буухад тэр залуугийн гар утсыг авсан....би зам гараад такси бариад Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... банкны АТМ-ээс 200.000 төгрөг авсан. ...Надад тэр залуугийн виза карт байсан. ...Гар утсыг нь ...үл таних хүнд 300.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар тал),
-мөн яллагдагчаар дахин өгсөн “...нөгөө залуу надаар АТМ-с өөрийнхөө виза картыг өгөөд 100.000 төгрөг авахуулсан. ...Шөлөндөө рүү яваад хоол идээд буцаад зочид буудал руу такси бариад ирсэн. Тэр залуу надад гар утсаа өгөөд намайг бууж бай, таксинд мөнгө өгье гэж хэлсэн. Би тэр залуугийн гар утсыг аваад такси бариад явсан. ...32 дугаар байрны хажууд байдаг “...” банкны АТМ-ээс 220.000 төгрөг авсан. Гар утасных нь хавтсанд 100.000 төгрөг байсан. ...тэр залуу согтуу байхаар нь гар утсыг нь аваад явсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дугаар тал) болон 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дугаар тал),
-хохирогч Ч.Нгийн “... банк”-нд эзэмшдэг данснаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 04 цаг 39 минутад 220.000 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны хуулга (хавтаст хэргийн 36 дугаар тал),
-“Дамно” ХХК-иас эд хөрөнгийн үнийг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 14-15 дугаар тал), хохирогч, шүүгдэгч нарыг хамт явж байсан үйл баримтыг харуулсан “С” дэн буудлын хяналтын камерын бичлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.
Тухайн хэргийн үйл баримт, нотлох баримтаас нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.С нь хохирогч Ч.Нд бие махбодь, сэтгэл зүйн хүч хэрэглээгүй, мөн хүч хэрэглэхээр заналхийлээгүй, харин хохирогчийг такси үйлчилгээгээр үйлчлүүлсэн төлбөрөө төлөх гэж шүүгдэгч Б.Сээс анхаарал сарнисан хоромхон хугацаанд Б.С нь Ч.Нгийн гар утсыг нь авч зугтсан, мөн хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг ашиглан эд хөрөнгийг нь илээр салган авч өөртөө шилжүүлэн авсны дараа таксинд сууж зугтаасан шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин прокурор шүүгдэгч Б.Сийн холбогдсон хэргийн яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт гэмт хэргийн шинжийг бичихдээ бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх зэргээр дээрэмдэх гэмт хэргийн зүйл, хэсэгт байхгүй үг хэллэгээр бичсэн зөрчил байгааг дурдав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй, довтолгооноор төгсдөг гэмт хэрэг болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Шүүгдэгч Б.С нь хохирогч Ч.Нгийн гар утас, бэлэн 100.000 төгрөг, банкны виза карт зэргийг дээрэмдэн авсан, улмаар хохирогчийн “...” банкинд эзэмшдэг дансны виза картын нууц дугаарыг хохирогчтой хамт явах хугацаанд мэдснээр түүний данснаас 200.000, 20.000 төгрөг, нийт 220.000 төгрөгийг бэлэн мөнгөний автомат машинд хохирогчийн картыг уншуулж авсан байдаг. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утсыг 350.000 төгрөгөөр үнийг тогтоосон. Иймд тус хэргийн улмаас хохирогч Ч.Нд нийт 670.000 төгрөгийн хохирол учирсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Саранцнцэг нь хохирогч Ч.Нд 700.000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч нь 700.000 төгрөг авсан, гомдол саналгүй гэх хүсэлтийг хэрэгт ирүүлсэн /хх-31/ байх тул шүүгдэгч Б.Сийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, бага насны хүүхдүүдтэй гэж байгаа боловч шүүгдэгчийн нөхөр нь байгаа, хүүхдүүдийг эцгийнх нь асрамжид үлдээх боломжтой гэсэн дүгнэлтийг;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шаардлагатай гэж үзвэл үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэсэн “ дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Дээрэмдэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй ба, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба, түүний бага насны хүүхдүүдтэй хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” дэн буудлын 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Бын Сийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Сийг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч.Нд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй дэн буудлын 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА