| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2016/00178/И/ |
| Дугаар | 0019 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 0019
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут 2-р баг 27-р байр 01 тоотод оршин суух Өндөр овогт Энхбаатарын Цэнд-Аюушийн /РД:ГП91042922/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р багт оршин суух Хотгойд овогт Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнэ/РД:РХ 89050813/ холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Цэнд-Аюуш түүний өмгөөлөгч Д.Даваахүү, хариуцагч Э.Бат-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Цэнд-Аюуш нэхэмжлэл, болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай хүүхэд 2010 оны 07 сарын 27 нд төрсөн. Бид хоёр 2009 оноос 2014 он хүртэл хамт амьдарч байгаад хамтран амьдарч болохооргүй болоод салсан. Одоо хүүхэд маань 1 дүгээр ангид сурдаг. Хүүхэд маань эрүүл саруул өсөж байгаа учраас хүүхдийнхээ эцэг Э.Бат-Эрдэнээс тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бат-Эрдэнэ хүүхдээ хүлээн зөвшөөрсөн болохоор шинжилгээ хийлгэхээс татгалзаж, хүү Энхмэндэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Э.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хүүхдээ би хүлээн зөвшөөрч байгаа. Өнгөрсөн хугацаанд өөрийн сайн дураар хүүхэддээ хадгаламж нээлгэж тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж хэрэгтэй зүйлийг авч ирсэн. Эцэг хүний хувьд хүүхдээ эрүүл саруул байх, сурч боловсрох эрхээр хангуулах, сэтгэл санааны хувьд хангалуун байх тал дээр эцэг хүний хувьд харж хамгаалах хүсэлтэй байгаа. Хүүхдээ 2011 онд анх үзүүлээд ойрын хараа муутай гэж мэдсэн. Түүнээс хойш удаа дараа эмнэлэгт үзүүлж ирсэн. Насанд хүрээгүй жаахан хүүхдийг хувийн эмнэлэгүүд дур мэдэн хамаагүй үздэггүй юм байна лээ. Эх нялхасын мэргэжлийн эмч үздэг юм байна лээ. Хүүхэд юм харахгүй байгаагаа том хүн шиг илэрхийлж чадахгүй, дүрсээ зөв танихгүй байх гэх мэтээс өөрийнхөө харааг зөв тогтоолгож чаддаггүй. Миний хувьд нотлох зүйл бол нилээн хэдэн хувийн эмнэлэгүүдээр энэ хугацаанд явж үзүүлсэн, мөн гадаадын нүдний мэргэжилтэн Солонго гэдэг хүн ирсэн байхад нь очиж үзүүлсэн. Нүдний эмч хүүхдийн хараа өндөр ойрын хараа 10 мм өндөр байгаа учраас хүүхдийн харааг сайжруулахын тулд нүдний дасгал тогтмол сайн хийлгэж байх, компьютер, гар утас, телевизороос хол байлгах шаардлага тавьсан. Одоогоор эмээ, өвөө дээр эрүүл саруул өсөж байгаа. Булган аймгийн Гэр бүл хөгжлийн төвөөс дүгнэлт гаргасан байсан. Эцэг хүний хувьд эрэгтэй хүүхдийн хувьд хооллолт муутай байгаа учраас үе тэнгийнхээ хүүхдүүдийн дотроос сул байгаа болов уу гэсэн дүгнэлттэй байгаа. Миний хувьд энэ хугацаанд хүүхдээ яагаад эмээ, өвөө дээр нь байлгасан бэ гэхээр миний хүү ээжийнхээ мээмийг хөхдөг байсан. Ээж нь сурахаар яваад эмээ өвөө дээрээ байсан. Эмээ өвөө нь залуу учраас эмээ өвөө дээр нь байлгасан. Тэтгэмж өгөхөөр бол шударгаар эмээ өвөөд нь өгөх болов уу гэж би бодож байна. Хүүхдийнхээ ирээдүйд зориулж мөнгөн хадгаламж нээлгэж энэ хугацаанд 4 000 000 төгрөг цуглуулж чадсан. Мөнгөний ханш унаснаас болоод 400 доллар нь ийм болсон. Миний хувьд хүүхдээ өөр дээрээ авбал хүүхдийнхээ төлөө хичээж ажиллах болно гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Энхмэндийн төрсний гэрчилгээ, Булган аймгийн Рашаант сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт, хариуцагчаас ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, шүүхээс хийсэн ажиллагаа шинжилгээ хийх явцад хийсэн бичлэг, зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож, шинжлэн хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Э.Цэнд-Аюуш нь хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.Бат-Эрдэнэ нь 2010 оны 07-р сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Энхмэндийг өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хүүгээ өөрийн асрамжид авна гэж хүүхдийн асрамжийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Э.Цэнд-Аюуш Э.Бат-Эрдэнэ нар нь 2009 онд танилцаж дотносон улмаар тэдний дундаас 2010 оны 07-р сарын 27-нд хүү Б.Энхмэнд төрсөн нь хүүхэд төрсний 58 тоот гэрчилгээ /х.х-ийн 4-рт/, Булган аймгийн Рашаант сумын Эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байгаа талаархи тодорхойлолт,/х.х-ийн 5-рт/ зэргээр нотлогдож байна.
Э.Бат-Эрдэнэ, Э.Цэнд-Аюуш нар 2014 оноос хойш өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа ба хүү Б.Энхмэнд одоо ээжийнхээ болон ээжийнхээ аав ээжийн асрамжид байгаа нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Хүү Б.Энхмэндийн асрамжийн асуудлаар эцэг Э.Бат-Эрдэнэ, эх Э.Цэнд-Аюуш нар тохиролцоогүй, маргаантай байгаа учраас шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 09-р сарын 01-ны өдөр 716 тоот захирамжаар шинжээч томилсноор Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Сумын нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилнуудаас бүрдсэн шинжээчийн баг хүү Б.Энхмэндийн асрамжийн талаар дүгнэлт гарган шүүхэд ирүүлжээ./х.х-ийн 24,27-рт/
Шинжээчдийн “Бид шинжээчийн дүгнэлтийг үнэн бодитой гаргахын тулд хүүхдийн сургуулийн багш, цэцэрлэгийн багш, хариуцагч нартай биечлэн уулзаж судалгаа шинжилгээ, асуулт хариулт зэрэг ажлуудыг хийж нэгдсэн дүгнэлтэд хүрлээ.Сэтгэлзүйн үүднээс гэр бүл салснаар хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн эцэг эх хоёрын асуудлаас илүүтэйгээр хүүхдийн эрх ашиг хөндөгддөг. Иймээс шинжээч бид санал нэгтэй Б.Энхмэндийг ээжийнх нь асрамжид өгч хүмүүжүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлт, шинжилгээ хийх явцдаа баримтжуулсан CD бичлэг, мөн хүү Б.Энхмэндийн ээж болон ээжийнхээ аав ээжид ээнэгшин дассан байдлыг харгалзан түүний одоо амьдарч байгаа ахуй нөхцлийг өөрчлөн эцэг Э. Бат-Эрдэнийн асрамжид өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 07-р сарын 27-нд төрсөн хүү Б.Энхмэндийг эх Э.Цэнд-Аюушийн асрамжинд үлдээж , Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар эцэг Э.Бат-Эрдэнээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Э.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан Э.Цэнд-Аюушид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Э.Цэнд-Аюуш нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Э.Бат-Эрдэнээс нэг жилийн хугацаанд Б.Энхмэндэд төлөх тэтгэлэг 898.200 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 26.106 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д заасныг баримтлан 2010 оны 10-р сарын 27-нд төрсөн хүү Б.Энхмэндийн эцгээр Хотгойд овогт Эрдэнэбилэгийн Бат-Эрдэнийг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 10-р сарын 27-нд төрсөн хүү Б.Энхмэндийг эх Өндөр овогт Энхбаатарын Цэнд-Аюушийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан эцэг Э.Бат-Эрдэнээс 2010 оны 10-р сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Энхмэндийг сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн 50%-иар тэтгэлэг гаргуулан 11 нас хүртэл, тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан 16 нас /суралцаж байгаа18 нас / хүртэл тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Цэнд-Аюушид даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Э.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан Э.Цэнд-Аюушид олгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс Э.Цэнд-Аюуш чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Э.Бат-Эрдэнээс нэг жилийн хугацаанд Б.Энхмэндэд төлөх тэтгэлэг 898.200 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 26.106 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай
8. Шинжилгээ хийх явцад бичлэг хийсэн CD-г хэрэгт хавсаргасугай.
9.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
11.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА