Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00018

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шүүгч А.Нарантуяа, шүүгч Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Архангай аймгийн Их тамир суманд 1964 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг 8-18 тоотод оршин суух, Мэргэн овгийн Шаравын Балдандорж /РД: ТГ64091712/-ийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн  ажиллагааны улмаас учирсан хохирол 92.462.436  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Балдандорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, прокурор Т.Дэлгэрсайхан, иргэдийн төлөөлөгч Н.Баттогтох, нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Балдандорж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би ОХУ-д сургууль төгсөөд барилгын яамны томилолтоор Цемент шохой ХК-д ирж ажилласан. 1988 оноос уулын цехэд механик инженерээр ажиллаж байгаад 2004 оноос Худалдаа хангамж борлуулалт эрхэлсэн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж үйлдвэрийн удирдлагуудтай хамт баривчлан авч явсан. Ингээд хэрэг үүсгээд намайг Дарханы мөрдөнд 2 хоног хорьж байгаад Улаанбаатар хотод ганц худаг буюу 0461 дүгээр ангид сар хорьсон. Тэгээд намайг 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс   бусдын батлан даалтанд гаргасан. Намайг бүтэн жил Авлигатай тэмцэх газар шалгасан байгаа. 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн үүнээс хойш Авлигатай тэмцэх газрын ажлаас түдгэлзүүлэх тогтоолоор ажиллах боломжгүй болж байсан. Мөн хэрэгсэхгүй болгосон тогтоолоо хавсаргаад хуулийн дагуу ажилдаа орох талаар тухайн үед ажиллаж байсан Цемент шохой ХХК-ийн захирал Батдоржид хандан ажилдаа орох талаар хүсэлтийг гаргаж байсан боловч  намайг хойшлуулсаар байгаад ажилдаа орж чадаагүй. Мөн Шоовдор даргын үед мөн ажилд орох хүсэлтийг өгсөн байгаа. Мөн өмчийн харилцаа өөрчлөгдөж ТУЗ-ийн шийдвэр гараагүй гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл ажилгүй байна. Ийм  шалтгаанаар сэтгэл санаа, эд материалаар хэлмэгдэж байгаадаа гомдолтой байна. Ингээд би ажилгүй байсан хугацааны цалин 53.925.780 төгрөг, нийгмийн даатгалыг нөхөн төлөх 6.453.711 төгрөгийн бичилт хийлгэх, сэтгэл санааны хохирол 16.083.800 төгрөг, цагдан хоригдсон 32 хоногийн 6.144.000 төгрөг, хууль зүйн туслалцаанд өгсөн 10.000.000 төгрөг нийт 92.462.436 төгрөгний хохирлыг тус тус нэхэмжилж байна гэв.       

 

Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Г.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага бол Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль зөрчсөний улмаас учирсан хохирол 92.462.436 төгрөгийг төрөөс гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага бол хууль бусаар цагдан хорьсон, ажил албан тушаалыг түдгэлзүүлсэн түүнтэй холбогдсон хохирлыг нөхөн төлүүлэх ийм нэхэмжлэл байгаа. 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчаас эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Шоовдор нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байгаа. 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнээр тооцон холбогдох хүмүүсийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  хэргийг шалгасан байна. ...Дараах тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсдэг. Мөн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт зааснаар иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн баривчилсан, цагдан хоригдсон, албан үүргийг эрхлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлэгийн байгууллагад байлгасан, албадан эмчлах арга хэмжээ хэрэглэсний  улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан байдаг. Иргэнийг илтэд хууль бусаар баривчилсан, цагдан хорьсон хамаардаг. Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, түүнийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авна гэж заасан байна.  2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 05/29 дугаартай тогтоолоор зарим сэжигтэн яллагдагчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан. Хяналтын прокурор Долгионы зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тогтоол нь үндэслэл нь бол хэдийгээр Ш.Балдандоржийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон Хөтөлийн Цемент шохой ХК-ны тендерийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа  хувь оруулж бусадтай хамтран байгуулсан Хөтөл Занар ХХК-ыг тендерт шалгаруулж  Хөтөл Цемент шохой ХХК-нд шатаасан занар нийлүүлсэн болох нь тогтоогдож байгаа боловч тухайн занар нь хохиролд тооцогдохооргүй, түүнчлэн шатаасан гэх занарыг гаргаж авахдаа  ашигласан гэх хөрс хуулалтаас гаргасан овоолгыг Хөтөл цемент шохой ХК нь түүхий эд болгон ашигладаггүй, өөрөөр хэлбэр түүхий эд биш болох нь тогтоогдсон байгаа. Мэдээж байцаан шийтгэх ажиллагаагаар Хөтөл цемент шохой ХК нь түүхий эд болгон ашигладаггүй, өөрөөр хэлбэр түүхий эд биш байсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа. Тэгсэн хэдий ч хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хэргийн бодит үнэнийг тогтоохын хувьд шаардлагатай арга хэмжээг авсан нь тогтоогдож байгаа.  Энэ хугацаанд иргэний нэхэмжлэгчийг 32 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг нь тогтоогдож байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4 дэх хэсэгт хууль бус ажиллагаатай холбоодож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй гэж заасан байдаг. Өнөөдөр уг хэргийг  сэжиглэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ажиллагаа нь бол хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардалагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байна. Мөн шууд бус хохирлыг төр хариуцахгүй гэсэн байдаг учраас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ биз гэсэн саналыг гаргаж байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн гаргаснаар  мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагааны улмаас    цагдан хоригдож, сэтгэл санааны хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэж үзэж байгаа гэв. 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, прокурорын санал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Балдандорж нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 92.462.436 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ш.Балдандоржийг Хөтөлийн Цемент шохой ХХК-ийн худалдаа хангамж борлуулалт эрхэлсэн хэлтсийн даргаар ажиллаж байхад нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэсээс 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3, 1661 дүгээр зүйлийн 1661.3-т зааснаар 201318010123 тоот эрүүгийн хэрэг хэрэг үүсгэн шалгажээ.

2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар Ш.Балдандоржийг сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, улмаар батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж нийт 32 хоног цагдан хоригдсон байна.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Н.Тамирын Ш.Балдандоржийг албан үүргээ биелүүлэхийг 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлэх тогтоолыг үндэслэж Хөтөлийн Цемент шохой хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ажил, албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлэх тухай тушаал гарч ажил эрхлээгүй байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгион, Д.Цолмон нарын 2014 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 5/29 тоот “зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын тогтоолоор Ш.Балдандоржид холбогдох үйлдэл холбогдолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ш.Балдандоржид холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар Ш.Балдандорж хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүссэн байна.  

Нэхэмжлэгч Ш.Балдандорж нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа нийт 32 хоног цагдан хоригдсон, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Н.Тамирын Ш.Балдандоржийг албан үүргээ биелүүлэхийг 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлэх тогтоолыг үндэслэж Хөтөлийн Цемент шохой хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ажил, албан тушаал эрхлэхийг түр түдгэлзүүлэх тухай тушаал гарч 2013 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажил эрхэлж, цалин хөлс аваагүй, гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өмгөөлөгч Ц.Цэрэнжээд хууль зүйн туслалцаа авсаны  төлбөр 10.000.000 төгрөг төлсөн болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчид хөлс төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын баримт, Хөтөлийн Цемент шохой ХХК-ийн цагийн бүртгэл, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай “сэжигтнийг цагдан хорих” тухай шүүгчийн захирамж, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12/а дугаартай “сэжигтнийг шилжүүлэн цагдан хорих” тухай шүүгчийн захирамж 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 278/ө дугаартай “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” тухай шүүгчийн захирамж, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Н.Тамирын 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” тогтоол, Хөтөлийн “Цемент шохой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 571 тоот тушаал, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч Ш.Балдандорж нь ажилгүй байсан хугацаа буюу 2013 оны 08 сарын 19-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 825 хоногийн 53.780.925 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөр 6.453.711 төгрөгийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх, сэтгэл санааны хохирол 16.083.800 төгрөг, цагдан хоригдсон 32 хоногийн 6.144.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардал 10.000.000 төгрөг нийт 92.462.436 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаас зарим хэсгийг нь хангах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Балдандорж нь ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлснээс хойш аваагүй дундаж цалин хөлсөө нэхэмжлэхдээ 2013 оны 6,7,8 сарын цалингийн нийлбэр дүн буюу 2.672.702 төгрөгийг сүүлийн 3 сарын ажлын 41 хоногт хуваан нэг хоногийн дундаж цалин 65.189 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацаа буюу  2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх 825 хоногийн 53.780.925 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 15.704.000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлсийг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д зааснаар тооцоход нэхэмжлэгч Ш.Балдандоржийн сарын дундаж цалин хөлс нь 889.901 төгрөг болж байх ба нэг сарын дундаж цалин хөлсийг нэг сард ноогдох ажлын 21.5 хоногт хуваан тооцоход нэг өдрийн дундаж цалин хөлс нь 41.437 төгрөг байна. /2013 оны 6 дугаар сарын цалин 1.217.105+2013 оны 07 дугаар сарын цалин +   901.491+2013 оны 08 дугаар сарын  цалин + 554.105 =2.672.702:3=889. 901:21.5= 41.437 төгрөг/

Нэхэмжлэгч Ш.Балдандорж нь 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байх боловч 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар тогтоогдож байх тул албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс Хөтөлийн “Цемент шохой” ХК-аас хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл буюу 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажлын /нийтээр амрах, баяр ёслолын 18 өдрийг хасч тооцон/ 379 хоногийн дундаж цалин хөлс болох 15.704.000 төгрөгийг олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. /379x41.437=15.704.623/

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь нөхөн төлөгдөх хохиролд хамаарч байх тул Ш.Балдандоржийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 10.000.000 төгрөгийг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Балдандорж нь хууль бусаар цагдан хоригдсон 32 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгөөр тооцож нийт 6.144.000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт 6.453.711 төгрөгийн бичилт хийлгэх, сэтгэл санааны хохиролд 16.083.800 төгрөг тус тус нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-т зааснаар эд хөрөнгийн бус хохирлыг иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан боловч цагдан хоригдсон хоног тутам нөхөн төлбөр гаргуулах,  сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт 6.453.711 төгрөгийн бичилт хийлгүүлэх шаардлага нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-т заасан нөхөн төлөх хохиролд хамаарахгүй байх тул хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хууль бус ажиллагааны улмаас аваагүй дундаж цалин хөлсний хохиролд 15.704.623 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 10.000.000 төгрөг, нийт 25.704.623 төгрөгийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Ш.Балдандоржид олгож, үлдсэн 66.757.813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар ...иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлэгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана... гэж заасан байх тул нэхэмжлэгч Ш.Балдандоржид олговол зохих 25.704.623 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ш.Балдандорж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

          1.Иргэний   хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Засгийн гарзрын нөөц сангаас 25.704.623 /хорин таван сая долоон зуун дөрвөн мянга, зургаан зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Балдандоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66.757.813 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч Ш.Балдандорж нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Г.ДЭЛГЭРСАЙХАН                                

 ШҮҮГЧИД                               А.НАРАНТУЯА

                                                 Б.МӨНХБАЯР