| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2017/0084/З |
| Дугаар | 027 |
| Огноо | 2018-03-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 027
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С сумын 5 дугаар багийн оршин суугч Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн С сумын Засаг даргад холбогдох,
“С сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/137, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/09, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/26, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/19, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/26 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан С сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч С сумын Засаг дарга Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хожагийн Нина миний бие Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот тогтоолоор нэр дэвшигдсэний дагуу Баян-Өлгий аймгийн С сумын Засаг даргын 2015 оны Б/03 тоот захирамжаар С сумын санхүүгийн албаны даргаар томилогдон ажиллаж байхад ажил олгогч С сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б/19 тоот захирамж гаргаж үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас минь халчихлаа.
Тухайн маргаан бүхий акт нь эрх зүйн баримт бичиг болохын хувьд хуульд нийцсэн байх ёстой юм. Гэтэл С сумын Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй төдийгүй Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Тухайлбал, би төрийн захиргааны албан хаагч болохын хувьд миний эрх зүйн байдал Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах учиртай. Гэтэл ажил олгогч өөр хуулийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг хэрэглэж сахилгын шийтгэл ногдуулсан үйлдэл нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн явдал болсон байна.
Түүнчлэн, ажил олгогч уул шийдвэрийг гаргахдаа 2015 оны 12 дугаар сарын 04–ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хуулийг заалтыг баримталж буюу Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.3 гэсэн байхгүй хуулийн заалтыг баримталж сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн холбогдох хуулийг буруу хэрэглэсэн явдал болсон. Гэхдээ би ажиллаж байх хугацаанд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан төсөв санхүү захиран зарцуулах болон тендертэй холбоотой аливаа зөрчлийг гаргаагүй, гаргаж байгаагүй.
Хэрэв ажил олгогч намайг зөрчил гаргасан гэж үзсэн бол Захиргааны ерөнхий хуульд зааснаар энэ талаар сонсгох ажиллагаа явуулах гэх мэт процессын үйл ажиллагааг явуулах ёстой байсан. Гэвч тэгээгүй. Ингэснээр С сумын Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн.
Мөн С сумын Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа намайг үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байсан гэжээ. Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд урьд өмнө ямар нэгэн захиргааны болон эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй, мөн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч С сумын Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа ямар ч баримт нотолгоогүй зүйлийг үндэслэл болгож намайг гүтгэж ажлаас минь халсан байна.
Миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулахаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд 2017 оны 10 дугаар сарын 18-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 72 тоот хариу бичгээр шүүхэд хандахыг зөвлөсөн юм. Тийм учраас хуульд заасан үндэслэлээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.
Иймд Баян-Өлгий аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нг ажлаас халах тухай” Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан С сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн нэмэлт тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тухай хүсэлтдээ:
Хариуцагч намайг 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаа хожимдуулж явуулсан, материаллаг дүнтэй алдаа зөрчил гаргасан хэмээн Үндэсний аудитын газрын харьяа Баян-Өлгий аймгийн Аудитын газрын аудитор Б.Үүрийнтуяагийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн хүснэгт бүхий баримтыг хавсаргажээ.
Хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь, тухайн асуудал нь надад биш нягтлан бодогч С.Хабылминап, Б.Ханат нарт хамаатай асуудал болно.
Түүнчлэн хариуцагч намайг ажиллаж байсан хугацаанд 1. 100. 000 төгрөгийн зөрчил гаргасан гэжээ. Энэхүү тайлбар нь бас үндэслэлгүй байна. Учир нь, энэхүү 1.100.000 төгрөг нь шууд орон нутгийн орлогын дансанд ороогүй ч гэсэн эхлээд байгаль хамгаалах санд орсон бөгөөд дараа нь орон нутгийн дансанд орсон болно. Өөрөөр хэлбэл, энэ хоёр данс хоёулаа төсвийн данс болно. Хариуцагч намайг ажиллаж байсан хугацаанд Ахлах сургуулийн хагас жилийн тайланд 29 сая гаруй төгрөгийг тусгалгүй орхиж зөрчил гаргасан гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.
Миний бие санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төсвийн бүх байгууллагын нягтлан бодогч нарт хандаж санхүүгийн хагас жилийн тайланг хуулийн хугацаанд үнэн зөв, алдаагүй гаргаж, тухайн сарын 18-ны өдөр хүртэл е- тайлан програмд шивж оруулахыг мэдэгдэж байсан.
Манай сумд 7 төсөвт байгууллага байдаг бөгөөд ахлах сургуулиас бусад нь хуулийн дээрх шаардлагыг хангуулж тайлангаа ирүүлсэн. Зөвхөн ахлах сургуулийн нягтлан бодогч л алдаатай бөгөөд дутуу тайлан ирүүлсэн болно. Тодруулбал, төсөвт байгууллагын нягтлан бодогчид тухайн санхүүгийн жилд санхүүгийн чиглэлээр нийт 5 төрлийн тайлан гаргах ёстой. Ахлах сургуулийн нягтлан бодогч 4 төрлийн тайланг ирүүлсэн боловч тодруулгын тайлангаа ирүүлээгүй юм. Миний бие тодруулгын тайланг тухайн нягтлан бодогчоос авахаар шаардсан боловч ирүүлээгүй. Би энэ талаар сургуулийн захиралд мэдэгдэж танилцуулах гэсэн боловч тэрээр амралтаа аваад Даян руу явсан байсан.
Мөн утсаар хэлэх гэсэн боловч холбогдох боломжгүй байсан. Тийм учраас би энэ талаар Засаг даргын орлогчид танилцуулсан болно. Засаг дарга үүнийг сургуулийн нягтлан бодогчид хэлж хариу авч өгье гэж үлдсэн. Маргааш нь Засаг даргын орлогч надтай уулзаж сургуулийн нягтлан бодогч байхгүй, холбогдож чадсангүй, учир нь Даян руу явсан байна, өнөө маргааш ирэх юм шиг байна ирэхээр нь болъё гэж хэлсэн. Би өдөр болгон Ханат руу залгадаг байсан, мөн мессеж бичдэг байсан. Тэгж байтал Ханат надад мессеж бичиж аймгийн төвд явж байгаагаа хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн төрийн сангийн Ерөнхий нягтлан бодогч Маргуланд энэ талаар мэдэгдсэн. Ингэснээр Ханат миний гар утас руу “тайлангийн тодруулгыг зөвтгөж орууллаа” гэсэн мессежийг илгээсэн. Тэгээд би шалгаж үзээд баталгаажуулалт хийсэн болно. Тайлангийн үнэн зөв байдлыг нягтлан бодогч Ханат өөрөө хариуцах ёстой. Гэтэл хариуцагч дээрх байдлаар намайг буруутгаж байгаад нь гомдолтой байна.
Миний бие ажлаас халагдсаны дараа аймгийн аудитын газраас манай сумын ахлах сургуульд санхүүгийн хяналт шалгалт хийж нийт 5 багшид 3,2 сая гаруй төгрөгийн акт тавьсан байна. Хариуцагч энэхүү зөрчлийг би гаргасан мэтээр шүүхэд тайлбарласан нь огт үндэслэлгүй байна. Учир нь, энэхүү асуудал нь надад хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл, энэхүү асуудлыг тухайн сургуулийн нягтлан бодогч болон төсвийн шууд захирагч сургуулийн захирал нар хариуцдаг болно. /Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 7.8 дахь хэсэг/ Мөн энэ талаар сумын төрийн сангийн мэргэжилтнээс тодруулна уу.
Багш нар 5 жил ажиллаад нэг удаа тэтгэмж авдаг бөгөөд 2018 онд 2 багш энэхүү тэтгэмжийг авах ёстой байжээ. Гэтэл хариуцагч 2 багшийн тэтгэмжийг 2018 оны төсөвт суугаагүй асуудалд намайг буруутгажээ.
Сангийн сайдын 2015 оны 90 дүгээр тушаалаар батлагдсан “Заавар”-ын 2.1.3-т зааснаар санхүүгийн албаны дарга нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, тодотголын төслийн боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэн тайлагнах зэрэг чир үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, багш нарын тэтгэмжийн асуудал нь тухай төсөвт байгууллагын нягтлан бодогч болон дарга нарын чиг үүрэгт хамаардаг юм. Иймд энэ тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.
Түүнчлэн хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн...” гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилсан.
Миний бие 1966 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн бөгөөд одоо 51 настай болно. Иймээс ажил олгогчийн намайг өндөр насны тэтгэвэрт гараарай гэсэн агуулгатай шаардлагыг хууль бус гэж бодож байна.
Миний бие 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халагдаж, ажлаа хүлээлгэж өгч байхад сумын ЗДТГ-ын нарийн бичгийн ажилтан К.Сунхар надад: “Засаг дарга танд 2017 оны 6 дугаар сард ажлаас халах гэж байгаа тухай мэдэгдэх хуудас гаргаж байсан. Та харах уу” гэж хэлсэн. Тэгэхээр би танилцъя гэж танилцаад гар утсандаа зургийг нь татаж авсан болно.
Миний бие Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах С сумын сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Ингэснээр хариуцагч Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг маш ноцтой зөрчсөн болох нь харагдаж байна.
Миний бие хариуцагч Засаг даргатай 1 байшинд ажил хийдэг боловч тэрээр Засаг дарга 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 05 тоот мэдэгдэх хуудас гаргаж маш нууцаар шууданд хийсэн байжээ. Шуудангийн ажилтан надад үүнийг 3-4 хоногийн дараа авчирч өгсөн. Надад удаа дараа үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан асуудал огт байхгүй тул үүнийг учрыг мэдэхээр Засаг дарга очиж лавласан. Тухайн үед Засаг дарга надад: “Дээрээс чамайг заавал ажлаас гарга гэж байна. Би таныг ажлаас гаргахгүй бол болохгүй байна, намайг уучлаарай. Та ажлаас халагдаж байснаас тэтгэвэртээ гараад явчхаач. Тэгвэл аль алиндаа сайн байна” гэж хэлсэн. Тэгэхээр би Засаг даргад: “1-рт би зөрчил гаргаагүй, ямар үндэслэлээр намайг ажлаас халах гэж байгаа юм бэ? 2рт: тэтгэвэрт гарах нас болоогүй, яаж тэтгэвэрт явуулах гэж байгаа юм бэ? та хууль бус зүйл битгий хийж үзээрэй” гэж хэлээд явсан. Тэгтэл хариуцагч Засаг дарга нь маргаан бүхий актаар намайг ажлаас гаргасан байна.
2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ээлжийн амралтаа аваад гэртээ амарч байхад хариуцагч Засаг дарга миний гар утас руу: “...6 сард арга хэмжээ авах гэж байхад тэтгэвэрт явна гэж хэлсэн. Захиалгаа өгөөгүй байна ш дээ. Одоо ч гэсэн надад аудитын газраас ирсэн баримтаар арга хэмжээ авах боломжтой, гэхдээ оройтоогүй байна. Та бид хоёр муудалцахыг хүсэхгүй байна, хурдхан шиг тэтгэвэртээ явж үз” гэсэн агуулгатай мессеж ирүүлсэн.
Хэрэв ажил олгогч намайг зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол хариуцагч энэхүү зөрчлийг 2017 оны 6 дугаар сарын үед илрүүлсэн гэж үзнэ. Гэвч тухайн зөрчилд 2017 оны 10 дугаар сард хариуцлага оногдуулсан нь холбогдох хуулийг ноцтой зөрчил явдал болсон.
Шилэн дансны тухай хуульд зааснаар төсөвт байгууллагын анхан шатны нэгжийн нягтлан бодогч нар холбогдох мэдээллийг веб сайт болон мэдээллийн санд байршуулах үүрэгтэй. Гэвч хариуцагч үүнд намайг буруутгасан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч намайг Санхүүгийн албаны даргаар ажиллаж байхад зарим багш нарын цалинг илүү олгосон байхад үүнийг хянаагүй зөрчил гаргасан гэжээ.
Санхүүгийн албаны дарга нь товчхондоо системийн алдаа байгаа эсэхийг шалгах ёстой үндсэн чиг үүрэгтэй субъект юм. Жишээлбэл, Төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийн хүрээнд тухайн ажилтанд илүү эсхүл дутуу цалин олгох эрх хэмжээтэй байдаг. Санхүүгийн албаны дарга нь аливаа төсөвт байгууллагын нягтлан бодогч нарын үйлдсэн төлбөрийн хүсэлт болон хяналтын хуудас зэрэг баримтууд дахь мэдээлэл хоорондоо яг тохирч байгаа эсэхийг, түүнчлэн эдгээр баримтууд дахь мэдээлэл нь эдийн засгийн ангиллаар мэдээллийн санд үнэн зөв шивэгдэж орсон эсэхийг л шалган баталгаажуулдаг.
Түүнээс биш Санхүүгийн албаны дарга нь аливаа төсөвт байгууллагын төсвийн шууд захирагчийн эрхэд халдаж, тэдгээрийн дотоод ажилд нь шууд хөндлөнгөөс оролцох эрхгүй болно. Нэг үгээр хэлбэл, Санхүүгийн албаны дарга нь нь тухайн төсөвт байгууллагын төсөв нь тухайн эдийн засгийн ангилал буюу зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэхэд л хяналт тавина гэсэн үг. /Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоол болон бусад нягтлан бодогч, төрийн сангийн мэргэжилтэн нараас тодруулах боломжтой/. Иймээс хариуцагчийн хариу тайлбар нь үндэслэлгүй байна.
Хариуцагч намайг урьд өмнө хэд хэдэн удаа сахилгын хариуцлага хүлээж байсан гэж тайлбарлаж, ЗДТГ-ын нягтлан бодогч А.Маханбетийн тодорхойлолтыг хавсаргажээ. Миний бие үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь,
Хэрэв нягтлан бодогч А.Маханбет надаас цалин хассан тухай мэдээллийг мэдээллийн санд шивж оруулаад би баталгаажуулахаас татгалзсан гэвэл энэхүү мэдээлэл нь мэдээллийн санд байж байх ёстой. Хэрэв шивж оруулсан мэдээллийг хасах эсхүл устгах тухай асуудал гарвал үүнийг зөвхөн төрийн сангийн мэргэжилтэн хийж гүйцэтгэдэг. Хэрэв дээрх байдлаар мэдээлэл оруулж дараа нь зассан эсхүл устгасан тохиолдолд үүнийг хэн устгасан тухай лог файл мэдээллийн санд хадгалагдаж үлддэг юм.
ЗДТГ-ын нягтлан бодогч А.Маханбет нь улс төрийн албан тушаалтан /сумын ИТХ-ын төлөөлөгч/ бөгөөд хариуцагч Засаг дарга Хийн маш ойрын төрөл садангийн хүн болно. Тийм учраас дээрх тодорхойлолтыг бичүүлж авсан байх гэж бодож байна.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч маргаан бүхий актад нэмэлт өөрчлөлт оруулах тухай шинээр акт гаргажээ. Миний бие уг шинэ актыг хүлээн зөвшөөрөхгүй тул мөн хүчингүй болох ёстой. Энэ талаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргаж байна.
Түүнчлэн миний бие урьд өмнө хэзээ ч сахилгын шийтгэл хүлээж байгаагүй тул хариуцагчаас гаргаж өгсөн надад арга хэмжээ авсан тухай актуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ талаар ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1. Хариуцагч С сумын Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б/26 дугаар захирамж гаргаж маргаан бүхий актад өөрчлөлт оруулсан байна. Миний бие нэгэнт маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас С сумын Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б/26 дугаар захирамжийг ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болох ёстой. Маргаан бүхий акт гарсны дараа ийм маягаар өөрчлөлт оруулсан явдлыг би бодохдоо хариуцагч алдаагаа ойлгож, энэхүү алдаагаа эвтэйхэн засаж зөвтгөх оролдлого хийсэн байна гэж ойлгож байна. Гэхдээ би ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй.
2. Хариуцагч С сумын Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/137 дугаар захирамжаар миний үндсэн цалинг 1 сараар 20%-аар, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б/09 дүгээр захирамжаар үндсэн цалинг 1 сараар 10%-аар тус тус буруулсан сахилгын арга хэмжээ авсан мэт баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргажээ. Миний бие цалин хөлс хасуулж сахилгын зөрчил хүлээж байсан асуудал байхгүй. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримт болох цалингийн цэс болон бусад миний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Миний бие дээрх хоёр захирамжтай урьд өмнө танилцаж байгаагүй, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн материалтай танилцах үед эдгээр захирамжуудтай танилцсан болно. Хэрэгт цугларсан баримт болох дотоод товъёогийн 137 дугаар болон 9 дүгээр мөрт зурагдсан гарын үсгүүд миний гарын үсгүүд биш болно.
С сумын Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/137 дугаар захирамжийн 1 дэх заалтад “...дотуур байрны хүмүүжүүлэгч багш нарт илүү мөнгө шилжүүлсэн” гэжээ. Хууль журамд зааснаар Санхүүгийн албаны даргад төсөвт байгууллагад аливаа мөнгө шилжүүлэх буюу гүйлгээ хийх эрх хэмжээ байхгүй. Энэ тухай тайлбараа шүүхэд хүргүүлсэн, хэргийн материалд байгаа болно. Тэгэхээр С сумын Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/137 дугаар захирамж үндэслэлгүй.
Шилэн дансны тухай хуульд зааснаар Санхүүгийн албаны дарга аливаа төсөвт байгууллагын санхүүтэй холбоотой мэдээллийг вэб сайт болон аливаа мэдээллийн самбарт тавих үүрэг хүлээдэг субъект биш юм. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар зөвхөн тухайн төсөвт байгууллагын эрх бүхий нягтлан бодогчид дээрх үүргийг хэрэгжүүлдэг юм.
Иймд С сумын Засаг даргын2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/137 дугаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б/09 дүгээр, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б/26 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сумын Засаг дарга 2017 он гарснаас хойш надад дарамт шахалт үзүүлж одоо таны тэтгэвэрт гаргах нас болсон тэтгэвэрт гараарай, 2018 оны төвийн төсөлд захиалга өгөөрэй гэж хэлж байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын эхээр намайг өрөөнд дуудаж, та тэтгэвэрт гаргахаар болсон уу гэж асуухад би танд урьд өмнө хэлсэн миний тэтгэвэрт гаргах нас хүрээгүй, 1966 онд төрсөн, 51 настай та Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгаа гэж хэлэхэд, та өргөдлөө бичиж өг гэхэд, би өргөдөл бичиж өгөхөөс татгалзсан. Тэгээд Засаг дарга албан тоот гаргаж ирээд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Төрийн аудитын газраас танд хариуцлага тооцох талаар албан тоот ирсэн гэж энэ албан тоотын дагуу таныг ажлаас гарах боломжтой шүү гэдгийг хэлсэн.
Миний бие 2016 оны тайланд зөрчилгүй санал, дүгнэлт авсан таны ярьж байгаа асуудал 13 сумд нийтлэг байдлаар гарсан зөрчил байгаа, “Е” тайлан 2017 онд хэрэгжиж байгаа болохоор бид нар сум хөгжүүлэх сан болон орон нутаг хөгжүүлэх сангийн тайланг шивээгүй байх гэж бодсон ба энэ асуудлыг аймгийн Төрийн аудитын газрын дарга М.Хуанган болон аудитор н.Женисбек нарт танилцуулахад, цаашид анхаарч дараагийн тайланг хугацаанд ирүүлээрэй гэсэн агуулгатай албан тоот явуулсан байгаа гэж хэлсэн. 2017 оны 7 дугаар сарын дундуур Засаг дарга Казахстан улсад явсны дараа сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.Шепен намайг дуудаж аваад, Засаг дарга танд тэтгэвэрт гарах тэтгэмжийн мөнгийг 2018 оны төсвийн төсөлд захиалаарай гэж хэлсэн, би нар ирэх жилийн төсвийн төслийг боловсруулж байгаа гэж хэлсэн.
Тэгээд би тэтгэвэрт гарах болоогүй энэ талаар Засаг даргын өөрт нь удаа дараа хэлж байсан гэдгийг Засаг даргын Тамгын газрын даргад хэлсэн ба тэр хүн надад юу ч хэлээгүй. 2017 оны 08 дугаар сард би ээлжийн амралттай байх үеэр Засаг даргад надад мессеж явуулаад “... та 2018 оны төсвийн төсөлд захиалга өгөөгүй юм байна. Гэхдээ одоо ч өгч болно, хэрэв өгөөгүй байвал Төрийн аудитын газраас ирсэн албан бичгийн дагуу танаас арга хэмжээ авах боломжтой ...” гэсэн агуулгатай зүйл бичсэн байсан ба уг мессеж нь одоо хүртэл миний гар утаст хадгалагдаж байгаа. Дараа нь миний ээлжийн амралтын хугацаа дуусч 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа эргэж орсон бөгөөд 09 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчид болон байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарын шуурхай зөвлөгөөнд Засаг дарга надад 2018 оны төсвийн төсөлд захиалга өгөөгүй, халаалтын зардлыг тайланд тусгаагүй, Төрийн аудитын газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирсэн албан бичгээр танаас арга хэмжээ авах талаар тусгасан зэрэг үндэслэлүүдээр танаас арга хэмжээ авах мэдэгдэх хуудас өгнө гэж хэлсэн. Тэгээд би уг мэдэгдэх хуудсыг авахаас татгалзсан ба хэсэг хугацааны дараа шуурхай тарсан.
Тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн даргаа шуудангаар надад мэдэгдэх хуудас явуулсан байсан ба учраас уг асуудлыг тодруулах гэж сумын Засаг даргад очсон. Засаг даргаас “... та захиалга өгсөн бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх боломжтой байсан, одоо таныг ажлаас халахаас өөр арга байхгүй ...” хэлсэн. Тэгээд миний бие Засаг даргад хандаж, миний бие улсад 30 жил ажилласан ба энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй байхад намайг ажлаас гаргах гэж байгаа нь ямар учиртай вэ гэж хэлэхэд, Засаг дарга “... Дээрээс таныг ажлаас чөлөөл ...” гэж байгаа гэсэн хариу өгсөн. Манай гэр бүлд ганцхан би ажилтай, нөхөр маань ажилгүй, 2 оюутан сурдаг, цалингийн зээлтэй гэж хувийн байдлыг хэлж намайг харж үзнэ үү гэж гараад явсан ба хэд хоногийн дараа дахиад Засаг даргад орж ирээд та намайг харж үзэхгүй юу гэж учир байдлыг дахин танилцуулахад, Засаг дарга “... Таныг сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллуулъя, та тэр орон тоонд очиж ажиллаарай ...” гэж хэлсэн. Тэгээд би Засаг даргад 2014 оны Засгийн 326 дугаар тогтоолд 8000-аас доош хүн амтай сумдад 2 нягтлан бодогч ажиллуулахаар тусгасан одоо манай сумд 3 нягтлан бодогч ажиллаж байгаа ба 1 нягтлан бодогч илүү гэсэн үг юм. Орон тоо нь батлагдаагүй, төсөв нь хуваарилагдаагүй байгууллагад би ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн. Мөн би сумын Эрүүл мэндийн төвийг шалгаж үзье, та надад удирдамж гаргаж өгөөрэй гэсэн боловч удирдамж өгөхгүй боломжгүй гэж хэлсэн байсан ба тэр өдрийн маргааш нь намайг ажлаас халсан шийдвэрийг бичиг хэргийн ажилтан Сунхар гэдэг хүн авч ирж өгөөд гарын үсэг зуруулсан. Дээрээс нь 2017 оны 06 дугаар сард танд бас мэдэгдэх хуудас өгсөн байгаа гэж бичиг хэрэг надад хэлж, уг мэдэгдэх хуудсыг зэрэгцүүлэн өгөхөд, надад тухайн үед ийм мэдэгдэх хуудас өгөөгүй гэж зургийг татаж авсан байгаа.
Ингээд миний бие Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд хариу өгсөн боловч захиргааны хэргийн шүүхэд хандаарай гэсэн хариу өгсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. С сумын Засаг дарга буюу хариуцагч миний шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдуулан хариу тайлбар ирүүлэхдээ 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, мөн 12 дугаар сарын 16-ны өдөр хоёр удаа надаас сахилгын шийтгэл авсан тухайн захирамжуудыг хавсарган ирүүлсэн байх ба би тийм захирамж гарсан эсэхийг урьд нь огт мэдээгүй, тухайн үед захирамжийг танилцуулж надад гарын үсэг зуруулах ёстой байсан. Гэтэл тухайн үед надад танилцуулаагүй, гардуулж өгөөгүй учраас тухайн захирамжуудыг нөхөж гаргасан гэж үзэж байна. Ямар ч байсан би тухайн үед зөрчил гаргаж байгаагүй гэдгийг хэлмээр байна.
С сумын бүрэн дунд сургуулийн халаалт, түлшний зардлыг тайланд тусгаагүй гэж Засаг дарга намайг буруутгасан ба тухайн байгууллагын захирал, нягтлан бодогч тайланд гарын үсэг зурснаар тухайн тайлан баталгаажих ёстой бөгөөд тайланг шалгаж хүлээн аваад гарын үсэг зурсан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Ямар байсан тухайн тайланг хуулийн хугацаанд үнэн зөв байдлаар нь надад хүргэж өгсөн гээд би баталгаажуулалт хийсэн. Тодруулгын тайлангаас нийт дүнгээр нь бичсэн учраас зөрүү гаргаад байсан ба тодруулгын тайлан гэдэгт авлага, өглөг, үндсэн хөрөнгө, бараа материалын бүх тайлангууд хамаарагддаг. Тэгээд би уг өглөгийн тайланг зөвтгөж дахин явуулаарай гэсэн мессеж явуулсан ба тухайн үед Ханат нь Даянгийн чиглэлд явж байгаад ирсний дараа зөвтгөж хуулийн хугацаанд ирүүлсэн. Би уг тайланг баталгаажуулсан ба тэрийг нотлох н.Ханатын тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан байгаа. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн төлөөлөгч Маргулан бас энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. С сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Багила, тусах багш Холганат нарын 5 жилд нэг удаа авах тэтгэмжийн мөнгийг тухайн жилийн төсвийн төсөлд тусгаагүй гэж намайг буруутгасан байна.
Сумуудад Санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан 2015 оны 04 дүгээр сард төрийн сангийн ажилтнуудын ажлын чиг үүргийг тогтоосон тушаал гарсан. Уг тушаалд төсвийн байгууллагын нягтлан бодогч төсвийн төслийг төвлөрүүлэн боловсруулах үүрэгтэй гэж заасан байгаа. Санхүүгийн албаны дарга нь төсвийн төслийг боловсруулан хэлэлцүүлнэ гэж тодорхой заасан байгаа. Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газраас баталсан тэр жилийн төсвийн хязгаар болон төсвийн удирдамжийг төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлэх ёстой бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчид тийм удирдамж ирээгүй гэж би зүгээр харж суугаагүй, бүх төсөвд байгууллагуудын нягтлан бодогч болон дарга, эрхлэгч нарт тухайн үед 2018 оны төвийн төслийг үнэн, зөв төлөвлөн боловсруулан гаргаж, төсвийн ерөнхийлөн захирагчаар хянуулан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн аймгийн Төрийн санд хүргүүлэх үүрэгтэй.
Гэхдээ манайд тийм ажиллагаа явагдаагүй гэж ба С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Гүлгайымд би байгууллагын 2018 оны төсвийн төслийг боловсруулан хянуулаарай гэж хэлж байсан. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч Ө.Гүлгайым нь би төсвийн төслийн сумын Засаг даргаар хянуулаад өөрийн нягтлан бодогчид өгч аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн соёл, боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Айгүлд хүргүүлсэн гэдгээ хэлсэн. Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн соёл, боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Айгүл гэрчийн мэдүүлэг, С сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч Төлеубайн тодорхойлолт зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Дээрээс нь миний бие ажлаас халагдсаны дараа С сумын бүрэн дунд сургуулийн 6 багшид 6 сарын тэтгэмжийн мөнгийг илүү олгосон гэж аудитын газраас акт бичүүлэн явуулсан байна лээ. Гэвч анхан шатны баримтыг тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч бүрдүүлэх үүрэгтэй болохоос миний чиг үүрэг бол зохих байгууллагаас авч ирсэн төлбөрийн хүснэгт болон хяналтын хуудсыг тулган шалгаж, мэдээллийн системд хяналт тавих ёстой. Эдийн засгийн ангилал нь буруу байна уу, зөв байна уу гэдгийг төрийн сангийн мэргэжилтэн шалгаж үзээд зөв байсан тохиолдолд тэмдэг дарж, баримтыг нягтлан бодогчийн гарт өгдөг ба надад зөвхөн хяналтын хуудас болон төлбөрийн хүснэгтийг өгдөг.
Энэ талаар Төрийн аудитын газрын аудитор Б.Үүрийнтуяа гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байгаа. Мөн 2016 онд дотуур байрны багш нарын цалинг илүү баталгаажуулсан гэж намайг бас буруутгасан байсан ба 2016 онд тухайн байгууллагын нягтлан бодогч Хабылминап нь сангийн яамнаас зөвшөөрөгдсөн программаар цалин бодох ёстой байсан боловч тийм программаар хангаж өгөөгүй байсан. Тухайн үед Хабылминап нь миний компьютерээр цалин бодож бусад хүмүүсийн компьютерээр гаргадаг байсан. Excel программд цалин бодохдоо алдаа гарч буруу бодогдсон ба үүнийг би 2017 оны 08 дугаар сард гэрт амьдарч байхад өөрөө мэдээд илүү цалин хөлс авсан 6 багшийг дуудаад тооцоо нийлж илүү авсан цалинг буцаан төлүүлж, тухайн байгууллагыг хохиролгүй болгосон. Энэ тухай төрийн санд ажилладаг Тауке мэдүүлэг өгсөн байна. Хариуцагчаас гаргаж өгсөн баримт нь “КАДЕ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх үйл ажиллагааны тооцоо нийлсэн акт юм байна. Намайг уг асуудлыг хагас жилийн тайланд тусгаагүй гэж буруутгаж байгаа бөгөөд хагас жилийн тайлан 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр дуустал тасалбар болгоод тайлан гаргах ёстой. Тэгээд тухайн байгууллагын нягтлан бодогч гаргасан тайлангаа 07 дугаар сарын 20-ны дотор “Е” тайланд шивж оруулах ёстой. Тийм учраас уг баримт энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна гэв
Хариуцагч С сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэгч Н нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сумын Санхүүгийн албаны даргаар томилогдсон ба энэхүү ажилласан 2 жилийн хугацаанд үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, үүргээ биелүүлдэггүй удирдлагаас хуулийн хүрээнд тавьсан шаардлагыг үл хүндэтгэн удаа дараа ажлын хариуцлага алдаж хоёр удаа сануулах, хоёр удаа албан тушаалын цалинг 10-20 хувиар бууруулан сахилгын шийтгэл хүлээж байсан. Нд дээрх хариуцлагуудыг хүлээлгэхдээ аймгийн Аудитын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, аудитын алба, Санхүү төрийн сангийн хэлтэс зэрэг холбогдох дээд шатны хяналтын байгууллагуудаас шалган тогтоож, хариуцлага хүлээлгэх талаарх ирүүлсэн албан тоот, албан шаардлагуудын дагуу холбогдох хуулиудыг үндэслэн хариуцлага хүлээлгэж байсан.
Санхүүгийн албаны дарга нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн нэгжийг удирдаж, төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган төрийн сангийн гүйлгээнд өдөр бүр баталгаажуулалт хийж, хяналт тавих албан тушаалтны хувьд эрх, үүргээ ухамсарлан ажиллахын оронд удаа дараа ажлын хариуцлага алдаж санхүүгийн албаны ажлыг доош нь татаж байнга хэл ам дагуулан дээрээс бичиг ирүүлдэг.
Тухайлбал: Тус сумын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аймгийн Аудитын газраас 2017 онд хийсэн аудитаар сум хөгжүүлэх сангийн төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгдсэн тайланд тусгаагүй, төсвийн гүйцэтгэлийн тайланг Засгийн газрын е-тайлан цахим програмд шивж оруулаагүй тул аймгийн Аудитын газраас Санхүүгийн албаны дарга Нд хариуцлага хүлээлгэх хариу ирүүлэх тухай 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг ирүүлсэн. Н нь өмнө нь шат дараалсан сахилгын шийтгэлтэй байсан тул 6 дугаар сарын 04-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар өөрт нь мэдэгдэж, саналаа 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт бичгээр эсвэл цахим хаягаар ирүүлэхийг заасан боловч мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан тул маргааш нь буюу 6 дугаар сарын 08-ны өдөр уг мэдэгдлийг Нгийн [email protected] цахим хаягаар явуулсан. Н энэ өдөр өөрөө ирж мэдэгдэх хуудасны зургийг татаж авсан байна.
Санхүүгийн албаны дарга Н нь харьяа төсөвт байгууллагуудын санхүүгийн тайланг хянаж баталгаажуулаагүйгээс болж 2017 оны хагас жилийн санхүүгийн тайланд сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн халаалтын өглөг болох 29,446,000 төгрөг, түлээ нүүрсний өглөг 6,200,000 төгрөгийн өрийг тус тус тайланд тусгаагүй орхигдуулсан. Хүүхдийн цэцэрлэгийн багш Т.Багила, К.Холганат нарын орон нутагт тогтвор суурьшилтай ажилласныхаа төлөө 5 жилд нэг удаа авдаг тэтгэмжийн мөнгө нь 2018 оны төсвийн захиалгад өгөлгүй орхигдуулсан. Түүнчлэн багш нарт дээрх тэтгэмжийн мөнгийг олгохдоо сургууль, цэцэрлэгийн зарим багш нарт 2016, 2017 онуудад өмнөх тэтгэмжийн мөнгийг авснаас хойш 3-4 жил буюу хугацаа нь болоогүй байхад 3,296,201 төгрөг илүү олгосон нь аудитын шалгалтаар тогтоогдсон.
Энэ бүгд Санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн зорилт болох ...зардлыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих, гол ажиллагаа болох .. сум орон нутгийн орлого, зарлагын төсвийг хянан, хүлээн авч нэгтгэн боловсруулж, аймагт хуулийн хугацаанд хүргүүлэх, аймгаас баталгаажуулан ирүүлсэн улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын батлагдсан төсвийг хуваарийн дагуу зарцуулалтын эрхийг байгууллага нэг бүрээр эдийн засгийн ангиллаар зориулалтаар нь шилжүүлэх, төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ тайланг төсөвт байгууллагуудаас авч, Засгийн газрын санхүүгийн мэдээллийн сантай тулган хянаж, нэгтгэн аймгийн Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэст явуулах, сумын санхүүгийн ажилтан төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарыг мэргэжлийн арга зүйн удирдлагаар ханган зөвлөгөө өгч ажиллах... зэрэг өөрийнхөө танилцан зөвшөөрч гарын үсэг зурсан ажлын байрны гол чиг үүргийг хэрэгжүүлж чадаагүйг харуулж байна. Эдгээр үйлдэл нь Төсвийн тухай, Төрийн албаны тухай хуулиудын дараах зүйл заалтыг зөрчиж байна.
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т ...төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, зр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна.., 14.4-т ...төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй..., 14.5-т ...төсвийн ерөнхийлөн захирагч нь түүнд хамаарах төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн нэгж, нягтлан бодогч, ажилтан байна.., 20.1-т ...бүх шатны төсөв боловсруулах, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, тайланг төсвийн мэдээллийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан хэрэгжүүлнэ..., 20.2-т ...санхүүгийн мэдээллийн нэгдсэн тогтолцоон дахь мэдээлэл нь холбогдох шийдвэр, эрх зүйн акт, нягтлан бодох бүртгэлийн баримтаар баталгаажсан байна..., 20.3-т ...Холбогдох байгууллага, албан тушаалтан төсвийн мэдээллийн тогтолцоонд үнэн зөв мэдээллийг цаг хугацаанд нь оруулах, мэдээллийн үндсэн баримтыг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, хамгаалах үүрэгтэй.., 36.2-т ...төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг нийслэл, сум дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна..., 37.1.1-т ... төрийн сан нь төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих.., 37.1.7-т...төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу холбогдох дансанд бүртгэх тайлагнах...” гэж сумын төсвийн ерөнхийлөн захирагч түүний ажлын алба болох Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүү, төрийн сангийн үүргийг тодорхой заасан байхад Санхүүгийн албаны дарга нь хуулийн дээрх зүйл заалтыг үл ойшоон удаа дараа зөрчсөн. Төсвийн тухай хууль зөрчигчдөд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан ...Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх..., 13.1.2-д ...өргөсөн тангарагтаа үнэнч байх..., 13.1.6-д ...албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцсэн мэргэшлээ дээшлүүлэх..., 13.1.9-д ...албан тушаалтны шударга бус явдалтай эвлэршгүй байх..., гэсэн зүйл заалтуудыг тус тус зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3-т заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан юм.
Засаг даргын Нг ажлаас нь халсан тухай захирамжид Төрийн албаны тухай хуулиас гадна Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэн шалтгаан нь бүгд нэг нэгэндээ салшгүй холбоотой, санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод ... ажлын эцсийн үр дүнгийн талаар ажил эрхлэгчийн хүлээх хариуцлага... гэдэг дээр Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг үндэслэнэ.. .гэж заасан байсан тул дээрх хуулиудын холбогдох заалтуудыг оруулсан. Харин Төсвийн тухай хуулийн 70.2, 70.3 дахь заалтууд нь хүчингүй болсныг анзааралгүй оруулсан боловч захирамж нь голцуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэсэн нь ил харагдаж байгаа ба Төсвийн тухай хуулийн 70.1-д зааснаар ялгаагүй Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Ингээд түүний гаргасан алдаа зөрчлүүд нь сар бүр давтагдан удаа дараа ажлын хариуцлага алдсан тул Нг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Засаг даргын аппаратын хурал хийж, Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан тул 9 дүгээр сарын 26-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Ажил олгогчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27.1, 27.2, 27.4.2, 27.5-д заасны дагуу мэдэгдлийг хүргүүлж, сонсох ажиллагаа явуулах хугацаа нь оролцогчийн тайлбар, санал гаргах, боломжийг хангасан өөрөөр хэлбэл 10 хоногийн хугацаа өгсөн боловч Н нь ямар ч санал, тайлбар ирүүлээгүй. Дуудахад хуралд ч оролцдоггүй. Иймд түүнийг Төрийн албаны тухай хуулиар үүрэгт ажлаас нь халсан юм.
Нэхэмжлэгч сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохыг шаарджээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т ...засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно... гэж заасан байдаг. Анх Нг ажлаас халсан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэсэн билээ. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагж мөрдөхөөр заасан Төсвийн тухай хуулийн 70.1 дэх хэсгийг анзааралгүй 70.2, 70.3 гэж бичсэн тул захирамжийн уг хэсэгт нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар өөрчлөлт оруулсан. Нг ажлаас халсан захирамж нь голцуу Төрийн албаны тухай хуулийг үндэслэсэн учир Төсвийн тухай хуулийн уг заалт зөрчигдсөнөөр уг захирамж бүхэлдээ хүчингүй болох үндэслэл байхгүй.
Нэхэмжлэгч Н нь өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/137 дугаар захирамж мөн сахилгын шийтгэл ногдуулсан Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дугаартай захирамжуудыг ... би огт үзээгүй, мэдээгүй, цалин хасуулж, арга хэмжээ хүлээн байгаагүй тул эдгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү ... гэж мэдсээр байж мэдэн будилж жүжиглэсэнд нь гайхаж байна. Аливаа захирамж нь ганц Засаг даргын гараар гардаггүй бөгөөд хэд хэдэн хүний гарыг дамждаг, албан ёсны бүртгэлтэй, дэс дугаартай байж нэг хувь нь архивд хадгалагддаг орон нутаг дахь хамгийн том захирамжлалын баримт бичгийн нэг нь юм. Үүнийг улирал болгон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс хянаж, хуулийн үндэслэлтэй эсэх талаар зөвлөмж дүгнэлт ирүүлж байдаг. Үүнийг Засаг дарга нөхөж гаргах ямар ч боломжгүй байдаг.
Н нь ажлын хариуцлага алдсан тул миний бие тухайн үед захирамж гаргаад арга хэмжээ тооцсон ба захирамжийн биелэлтийг ханган ажиллахыг Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон. Гэтэл Нд сахилгын шийтгэл хүлээлгэсэн дээрх захирамжууд нь одоо хүртэл биеллээ олоогүй байгааг Нгийн нэхэмжлэлээсээ уншин мэдлээ. Үүнийг учир байдлыг тухайн үед Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан одоо сумын төв буюу 5 дугаар багт амьд сэрүүн өндөр насны тэтгэвэрт байгаа О.Женисхан гуай болон Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч А.Маханбет, бичээч К.Сунхар нараас тодруулахад тэд ...санхүүгийн албаны дарга Н нь Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/137 дугаар захирамжаар дотуур байрны багш нарт илүү мөнгө шилжүүлсэн гэсэн шалтгаанаар Засаг дарга надад хариуцлага тооцох эрх байхгүй. Би хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурж хүлээж авахгүй, цалингаа битгий хасаарай гэж хэл ам гаргаад Засаг даргын Тамгын газрын гүйлгээнд баталгаажуулалт хийгээгүй болохоор нь бид танд матаас хийхээс ичиж танд хэлэлгүй орхисон нь үнэн.
Харин Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар хариуцлага тооцохдоо Н нь мөн гарын үсэг зурж хүлээж авахаас татгалзсан ба би өөрөө удахгүй тэтгэвэрт гарна, та нар цалин хасаад яах гэсэн юм бэ, Засаг даргад мэдэгдэлгүй орхиорой эсвэл дараа сараас суутгаарай энэ сард жилийн эцэс болж байгаа тул цалин маань хүрэлцэхгүй байна гэсэн тул бид дараа нь хасахаар тохирсон байсан. Тэгээд Засаг даргын Тамгын газрын дарга О.Женисхан 2018 оны эхэнд буюу 1 дүгээр сард тэтгэвэрт гараад явсан, тэгээд дараа сар гэсээр байгаад Н өөрөө ажлаас гарсан болохоор цалин нь хасагдаагүй байгаа нь үнэн гэж байна.Үүнээс үзэхэд Н нь өөрөө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11, 12 дугаар зүйлүүдийг зөрчиж өөрийнхөө албан тушаалаа урвуулан ашиглан бусдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн нь нотлогдож байгаа.
Төсвийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлдэг субъект нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга байдаг. Мөн хуулийн 14.4-т ...төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.., 14.5-т ...төсвийн ерөнхийлөн захирагч нь түүнд хамаарах төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн нэгж, нягтлан бодогч, ажилтан байна... гэж тус тус заасан. Тэгвэл Санхүүгийн албаны дарга нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн нэгжийг удирдаж, төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, төрийн сангийн гүйлгээнд өдөр бүр баталгаажуулалт хийж, хяналт тавих албан тушаалтан юм.
Энэ нь Санхүүгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод тодорхой зааж Н өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх ёстой гол ажил нь юм. Сангийн яамны Шилэн дансны цахим мэдээллийн системд сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдээллийг оруулдаг бөгөөд үүнийг оруулдаг субъект нь сумын Санхүүгийн албаны дарга байхаар зааж, албан тушаал нэрсээр нь оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн С сумын Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн мэдээллийг шилэн дансанд байршуулдаг субъект нь Санхүүгийн албаны дарга бөгөөд түүнд Сангийн яамнаас нэвтрэх эрх олгож, нууц код өгдөг. Тэрүүгээрээ нэвтэрч мэдээллээ хугацаанд нь байршуулах үүрэгтэй. Үүний зэрэгцээ бусад байгууллагын нягтлан бодогч нарын хариуцсан байгууллагуудын санхүүгийн мэдээллийг цахим хуудсанд оруулсан эсэхийг хянаж, үүрэг чиглэл өгдөг үүрэгтэй. Энэ талаар мөн ажлын байрны тодорхойлолтод заасан мөртлөө одоо хүртэл хийх ажлаа мэдэхгүй байгаа нь ажилдаа хайхрамжгүй ханддаг байдлыг харуулж байна. 2016 оны 4 дүгээр улирлын Шилэн дансны тайлангаас харахад Н нь бүгд 67 мэдээлэл байршуулахаас 17 мэдээллийг хугацаандаа байршуулсан, 35 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн, 15 мэдээллийг огт байршуулаагүй нь харагдаж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие С сумын Засаг даргаар 2 удаа томилогдож, 6 дахь жилдээ ажиллаж байна. 2015 онд Засгийн газрын 2014 оны 326 дугаартай тогтоолын дагуу Санхүүгийн албыг манай сум бусад сумуудаас түрүүлэн анх удаа байгуулж байсан бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Н тус сумын Санхүүгийн албаны даргаар томилсон. Гэхдээ Н нь Санхүүгийн албаны даргаар ажилласан 2 жилийн хугацаанд миний итгэлийг дааж чадаагүй. Яагаад гэвэл ажилласан хугацаанд 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байсан. Тодруулбал, 2016 оны 02 дугаар сард нэг удаа сахилгын арга хэмжээ авсан ба түүний дараа 2067 оны 04 дүгээр сард тус аймаг дахь Төрийн аудитын газраас Нгаас арга хэмжээ аваарай гэсэн албан бичиг ирсэн учраас 05 дугаар сард түүнийг цалин хөлсийг бууруулах арга хэмжээ авсан.
2016 оны 08 дугаар сард Н нь ээлжийн амралттай байсан бөгөөд 09 дүгээр сард ажилд ирэхэд тус сумын бүрэн дунд сургуулийн захирал байсан Мурат өөрчлөгдөж, түүний оронд Мерейбек захирлаар томилогдсон байсан. Тэгээд захирал Мерейбек нь орж ирээд манай сургуулийн хүмүүжүүлэгч багш нарт амралтын мөнгө олгох үедээ илүү мөнгө шилжүүлсэн гэж баримтыг авч ирсэн. Тодруулж үзэхэд нэлээн их мөнгө шилжүүлсэн юм чиг харагдаж байсан ба нягтлан шалгаад дахиад оруулаад ир гэж явуулсан ба дахин нягтлан оруулаад ирэхэд 6 багшид 5,550,359 төгрөг илүү шилжүүлсэн нь тогтоогдсон. Энэ асуудлыг Нгагаас тодруулахад анх би ээлжийн амралттай байсан учраас Махамбетэд хэлсэн ба тэр хүн буруу тооцож олгосон байна гэсэн тайлбар өгсөн ба дараа нь би Махамбетэд программд нэвтрэх нууц үгээ өгөөд явуулсан байсан ба Махамбет буруу тооцож олгосон байна гэсэн тайлбар өгсөн.
Тэгээд би Н зөрчил гаргаснаас хойш нэг сарын дотор буюу 10 дугаар сард түүний цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, захирамжийн биелэлтийг хангуулахыг сумын Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон бөгөөд захирамжийг 2 хувь үйлдэж 1 хувь нь архивд хадгалан, 1 хувийг үүрэг болгосон албан тушаалтанд хүлээлгэж өгөх журамтай. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/137 тоот захирамж хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэхдээ уг захирамжийн дагуу нэхэмжлэгч Нгийн цалин хөлсийг хасуулаагүй байсан болохыг Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг унших явцад мэдсэн байгаа. Үүнийг би тухайн үед мэдсэн болон холбогдох албан тушаалтан болон Нгаас аль хэдийд арга хэмжээ авах ёстой байсан.
Мөн энэ асуудлыг Женисхан дарга болон Махамбет нараас тодруулахад Н нь би он гараад тэтгэвэрт явна, миний эрүүл мэндийн байдал таарахгүй байна, цахимаар ажиллаж чадахгүй байна, би бүх тайлангаа Махамбетээр гаргуулж байгааг сайн мэдэж байгаа. Тийм учраас намайг харж үзээд аргалаад явуулаарай гэж хэлсэн. Энэ асуудлыг надад мэдэгдэхгүйгээр албан тушаалыг урвуулан ашигласан, нягтлан бодогчтой маргаж хэрвээ миний цалин хөлсийг хассан тохиолдолд Засаг даргын Тамгын газрын цалингийн гүйлгээнд баталгаажуулалт хийхгүй гэж дарамталсан байна. Тэгээд түүнийг эмэгтэй хүн байна гэж үзэж өөрсдөө хоорондоо ярилцаад цалин хөлсийг хасаагүй орхисон байна. 2016 оны 12 дугаар сард тус аймаг дахь Төрийн аудитын газраас “Зөрчил арилгуулах тухай” гэсэн зөвлөмж ирүүлсэн ба үүнийг судалж үзэхэд Н нь нийтдээ 67 төрлийн мэдээлэл оруулах ёстой байсан 17 мэдээллийг хугацаандаа, 35 мэдээллийг хугацаа хожимдуулж мэдээлсэн ба 15 мэдээллийг огт байршуулаагүй юм байна. Нэхэмжлэгч Н нь би шилэн дансанд мэдээлэл оруулах үүрэг хүлээдэг албан тушаалтан биш үүнийг байгууллагын дарга, нягтлан бодогчид оруулах ёстой гэж өөрийн үүргээ одоо хүртэл ойлгоогүй явж байна.
Гаргасан тайлангаа шилэн дансны тухай программд өөрийн нууц кодоор нэвтэрч бичиж оруулах ёстой, мөн түүний ажлын байрны тодорхойлолтод Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих гэж чиг үүрэг нь тусгагдсан байгаа. Санхүүгийн албаны дараг бөгөөд ерөнхий нягтлан бодогч орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөний гүйцэтгэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх тоон болон чанарын үзүүлэлт, дараа жилийн төсвийн төсөл зэрэг нийт 67 төлийн мэдээллийг шилэн дансны программд оруулах үүрэгтэй бөгөөд үүнээс 35 мэдээллийг хугацаа хожимдуулж мэдээлсэн ба 15 мэдээллийг огт байршуулаагүй учраас түүнд хариуцлага тооцохоос өөр аргагүй юм. Харин би энэ талаар нэхэмжлэгчийн Нгаас тодруулахад, би цахим мэдээлэл дээр ерөөсөө ажиллаж чадахгүй байна, үнэнээ хэлэхэд Махамбетээр программын ажлыг хийлгэж байгаа гэж буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шилэн дансны тухай хуульд энэ хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн дагуу арга хэмжээ авна гэж тодорхой заасны дагуу би эрх хэмжээний хүрээнд Төрийн албаны тухай хуулийн дагуу Нгаас арга хэмжээ авсан.
Өөрөөр хэлбэл, Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д заасныг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б/09 тоот захирамжаар Нгийн цалин хөлсийг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл нэхэмжлэгч энэ асуудлыг мэдээгүй, үзээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэдгийг хэлье. Мөн захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон бөгөөд Нгийн цалин хөлсийг суутгах гэхээр би цалингийн зээлтэй, би он гараад тэтгэвэрт явна Женисхан дарга та гэсэн тэтгэвэрт гарна та нар тэр үед суутгаж аваарай гэж бүр гуйсан байна лээ. Энэ асуудлын талаар Женисхан, Махамбет нар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан албан үүргээ хэтрүүлэн ашиглахыг хориглоно гэж тодорхой заасан байхад Н дээрх хуулийг зөрчиж эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай байвал өргөдлөө бичиж ирээд болохгүй байгаа асуудлыг надад танилцуулах эсхүл шүүх нэхэмжлэл гаргах замаар захирамжийг хүчингүй болгох боломжтой байсан. Мөн миний бие төсвийн захирагчийн хувьд 2017 он гарсны дараа 2016 оны ажилтан Нгийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн ба тухайн үед би Нд таныг би томилсон хүн, томилсон хүн арга хэмжээ авч чадна, та бие дайчилж, мэргэжлээ албан тушаалд тохируулан дээшлүүлээрэй, шилэн дансны программ дээр ажиллаж чадахгүй байна гэж анхааруулж байсан.
Тухайлбал, 2017 оны төсвийн төсөлд санал өгөхөд сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн шинээр баригдсан дотуур байрны халаалтын зардал тусгагдаагүй, заасан хугацаанд аймгийн төрийн санд хүргүүлээгүй байгаа гэж түүний үр дүнгийн гэрээнд нь бичиж өгсөн. Тэгээд 30 оноо тавих ёстой байтал 20 оноо тавьж энэ асуудлыг анхааралдаа аваарай гэж хэлсэн. Мөн шилэн дансны мэдээллийг та дутуу оруулж байгаа асуудалд бас анхаар, өөр хийж чадахгүй байвал нягтлан бодогчид хэлж оруулаарай гэж бичээд өгсөн. Тэгээд нэхэмжлэгч Нгийн гаргасан бүх зөрчлийг би хэлж өгөөд танд би сүүлийн удаа итгэл хүлээлгэнэ, 2016 оны үр дүнгийн гэрээгээр манай сум аймгийн хэмжээнд нэгдүгээр байрт орсон. Гэхдээ манай сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтнуудаас хамгийн доогуур оноогоор Н үр дүнгийн гэрээг дүгнүүлж байсан. Дээрээс нь манай сум санхүүгийн ажлаараа 13 сумаас хамгийн сүүлд нь орсон байсан ба тэрнийг Н өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл миний бие нэхэмжлэгчийг эх хүн гэж үзээд үр дүнгийн гэрээг нь дүгнэж өгөөд явуулсан бөгөөд Н ч гэсэн баярлаад явсан байсан.
Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Төрийн аудитын газраас Нд арга хэмжээ тооцох тухай албан тоот ирсэн тул Санхүүгийн албаны дарга байсан Нг дуудан ирүүлж, энэ талаар өөрт нь танилцуулахад, би 12 дугаар сард тэтгэвэрт гарна та энэ албан тоотоор надад арга хэмжээ тооцох хэрэггүй гэхээр нь би уг албан тоотыг болилоо гэж, албан тоотын хариуг өгөөгүй нуусан байсан. Ингэж явж байтал нэг өдөр аудитын газраас утсаар холбогдож, албан бичгийн хариуг шаардсан тул би энэ талаар Нд хэлж танаас дахиад цалин бууруулах арга хэмжээ авах уу гэхэд, би тэтгэвэрт гаргах гэж байгаа гэж гуйхаар нь та тэгвэл тайлбар бичээд ирээрэй, таны бичсэн тайлбарыг үндэслэн аудитын газарт тайлбар өгнө гэхэд, Н нь “... би танд тайлбар өгөх албан тушаалтан биш, төрийн жинхэнэ албан тушаалтан байгаа, чамайг бодоход би төрийн байгууллагад 30 жил ажилласан, намайг хэн ч намайг хэн ч хөдөлгөж чадахгүй ...” гэж олон нийтийн өмнө надад салаавчаа гаргасан учраас би өөрөө ичээд явсан. Тэгээд Н нь хэд хоногийн дараа би ээлжийн амралт авна гэж надаас амралтын хуудас ч аваагүй шууд яваад өгсөн байна.
Тэр үед Үндэсний их баяр наадам болсон ба наадмын дараа би өөрөө ээлжийн амралт аваад хувийн ажлаас Казахстан улс руу явсан. Гэхдээ явахаас өмнө бүх төсвийн төслүүдийг нэгтгэж, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө аймагт хүргүүлээрэй гэж Нд үүрэг болгосон байсан. Тэгээд миний бие 2017 оны 08 дугаар сард ажилдаа эргэж ороход Н тэр чигээрээ байхгүй байсан, тайлангаас алдаа гараад дахиад албан бичиг ирсэн байсан. Хүүхдийн цэцэрлэгийн 2 багшийн тэтгэмжийн мөнгийг төсвийн төсөлд оруулаагүй учраас уг багш нар маргаан үүсгэж аймгийн Засаг даргад хүртэл өргөдөл оруулсан, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст очоод маргаж байсан талаар сонссон. Би ажилдаа ороход нөгөө хоёр багш нөхрөө дагуулан надад орж ирээд асуудлыг шийдвэрлэж өгөх санал тавьсан ба үүнийг би судалж үзэхэд, төсвийн төслийг байгууллагуудын нягтлан бодогч, дарга нар нь боловсруулан авч ирээд Санхүүгийн албаны дарга нарт танилцуулан хянуулах ёстой.
Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь байгууллагуудаас ирүүлсэн төсвийн төслийг нэгтгэн хянаад аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэх ёстой. Энэ талаар Нгийн ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгаж өгсөн ба үүнийг Н өөрөө сайн мэдэж байгаа. Тухайлбал, Нгийн ажлын байрны тодорхойлолтод орон нутгийн болон улсын төсвийн харьяа, байгууллагуудын тухайн жилийн төсвийг батлагдсан төсвийн дагуу зохистой зарцуулах, төсвийн гүйцэтгэлийн болон өр, авлагын тайланг цаг хугацаанд бүрэн нийтэлж гаргаад шинээр үүссэн нэмэлт орлого, зардал, төлбөр, авлагын талаар нэмэлт тайлбар, тодруулгыг гаргаж, дүн шинжилгээ хийх сумын санхүү, эдийн засаг төсвийн бодлогыг тодорхойлж, зардлыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих, сум, орон нутгийн төслийн төсвийн төлөвлөгөөг хянан хүлээн авч нэгтгэн боловсруулж, аймагт хуулийн хугацаанд хүргүүлнэ гэж тодорхой заасан байгаа.
Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Н тухайн үед өөрийн чиг үүргийг мэдсээр байж би ээлжийн амралттай байгаа төсвийн төслийн тайланг та нар өөрсдөө аймагт хүргүүлж өгөөрэй гэж хүнд суртал гаргасан байна. Дээрээс нь төсвийн төслийн талаарх анхан шатны баримт бичгийг аймагт нэгтгэн Сангийн яам руу хүргүүлэх ёстой бөгөөд С сумын санхүүгийн баримтуудыг хянах явцад тэтгэмж авах ёстой 2 багшийн төлбөрийн баримт болон тушаал нь байхгүй байсан учраас энэ тухайн Нгаас асуухад, би үүнийг мэдэхгүй, тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Табысханаас асуугаарай гэсэн байна. Н нь өөрийн хариуцаж буй санхүүгийн баримтуудыг зөв үдэж хавсаргаагүйн улмаас хоёр багш маань хохирч байна. Өнөөдөр энэ асуудлыг хэлэхэд амархан болохоос тэр хүмүүсийн эдийн засаг, нийгмийн асуудал байж байгаа. 2019 он хүртэл хүмүүс амьд явна гэдэгт хэн ч баталгаа өгч чадахгүй. Мөн нэхэмжлэгч Н нь 37 сая төгрөгийг 5 сая гэж тайлан өгч зөрчил гаргасан асуудал байгаа. Нэхэмжлэгч “КАДЕ” ХХК холбогдох тооцоо нийлсэн акт 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаатай, миний хувьд 06 дугаар сарын 31-нийг хүртэл тайлан гаргах ёстой гэж тайлбарлаж байна.
Тэгвэл тухайн жилийн 2 дугаар сард 8,100,000. 3 сард 8,600,000. 4 сард 9,700,000. 5 дугаар сард 1,600,000 төгрөг нийт дүн 27,300,000 төгрөг гарч байгаа ба энэ дүнг яагаад тайланд тусгаагүй юм вэ гэдэг асуудал гарч ирж байна. 2017 оны 09 дүгээр сард би шуурхай хурал хийхэд ажилтан, албан хаагчид бүгд орж ирээд суусан байсан. Тухайн өдөр зөвхөн Нгийн асуудлыг яриагүй бүх ажилтнуудыг алдаа дутагдлыг танилцуулж үүрэг даалгавар өгч байсан ба Нгийн асуудлыг ярьж мэдэгдэх хуудас өгөх гэтэл шууд над руу дайрч чи намайг ажлаас халж чадахгүй, хэрэв намайг ажлаас гарвал чи өөрөө явах болно. Чиний сууж байгаа сандал дээр би суух болно гэж шууд салаавчаа гаргаад мэдэгдэх хуудсыг урж хаяад явсан. Энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэх үү, тухайн өдөр тэмдэглэл хөтөлж байсан хүн ичсэндээ Нгийн ёс зүйгүй асуудлыг тэмдэглэлд тусгаагүй юм байна. Үүнийг тухайн хуралд суусан Засаг даргын Тамгын газрын аппаратын хүмүүс бүгд мэдэж байгаа. Тэгээд миний бие мэдэгдэх хуудсыг дараа нь шуудангаар явуулсан ба нэхэмжлэгч Н ямар нэгэн тайлбар өгөөгүй.
Миний бие захирамж гаргасны дараа Н надад орж ирсэн нь үнэн, би тэгээд Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллуулахыг санал олгосон боловч тэгвэл надад тухайн байгууллагыг шалгах эрх өгөөрэй гэсэн. Тэгээд би та нэгэнт ажлаас халагдсан учраас тийм зөвшөөрөл өгөх боломжгүй гэж учир байдлыг ойлгуулж хэлсэн. Н нь дээрх байдлаар удаа дараа зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авагдаж байсан учраас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу ажлаас нь халсан байсан. Мөн С сумын бүрэн дунд сургуулийн дотор байрны багш нар амралтын мөнгийг илүү тооцож олгосон, зарим багш нар 5 жилд олгох ёстой тэтгэмжийн мөнгийг 4 жил авсан байсныг аудитын байгууллага илрүүлээд акт тавьсан байгаа. Харин тэтгэмжийн мөнгө авахад бүрдүүлэх материалыг хянан баталгаажуулах үүргийг Санхүүгийн албаны дарга хүлээж байгаа бөгөөд Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч нь сумын Засаг дарга байдаг.
Засаг даргын ажлын алба нь түүний Тамгын газар байдаг. Тамгын газрын санхүүгийн асуудлыг хариуцан авч явах ажилтан бол төрийн сангийн төлөөлөгч болон Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч байдаг. Харин Санхүүгийн албаны даргыг сумын Засаг дарга томилдог. Миний бие эрх хэмжээний хүрээнд Санхүүгийн албаны даргад хууль ёсны шаардлага тавьж, үүрэг даалгавар өгөхөд хүлээж авдаггүй, урьдаас нь тайлбар ярьдаг, олон нийтийн өмнө зүй бусаар харьцдаг. Чамайг би Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулна гэх зэрэг тайлбар хэлж, танил тал, найз нөхөд болон нутгийн иргэдэд буруу ойлголт төрүүлэх хэмжээний зүйл ярьдаг. Тийм учраас Нгийн дээрх байдлаар гаргасан зөрчил, ёс зүйгүй үйлдэл сахилгын шийтгэл ногдуулсан болно гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хандаж С сумын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нг ажлаас халах тухай” Б/19 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбогдуулан хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байгаа. Уг тайлбараас үзэхэд хариуцагч татгалзлын үндэслэлээ 3 үндэслэлээр тайлбарладаг. Нэгдүгээрт, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж чиг үүргээ биелүүлээгүй, удирдлагаас хуулийн хүрээнд тавьсан шаардлагыг үл хүндэтгэдэг, удаа дараа зөрчил гаргасан зэрэг байдлаар тайлбарлаж тус аймаг дахь Төрийн аудитын газраас 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн албан шаардлагын дагуу Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэсэн үндэслэлээр түүнд хариуцлага тооцсон гэж ярьж байгаа.
Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн ба 06-ны өдөр мэдэгдэх хуудас явуулж байсан. Үүнээс үзэхэд хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргаж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хугацаанд ногдуулж чадаагүй, хууль зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “... Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй ...” гэснийг хариуцагч зөрчсөн байгаа. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “... төсвийн ерөнхийлөн захирагч нь түүнтэй хамаарах төсвийн асуудлыг гүйцэтгэх санхүүгийн нэгж, нягтлан бодогчтой байна ...” гэж заасан байх бөгөөд хуулийн энэ заалтыг захирамжид баримталсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн 2017 онд санхүүгийн тайланд мөнгөн дүнг буруу тусгасан гэх тайлбарт холбогдуулан хоёр төрлийн нотлох баримтыг шүүхэд санал болгож байгаа. Тухайн үед энэхүү зөрчлийг гаргасан хүн нягтлан бодогч н.Ханат гэдэг хүн байсан ба тэр хүн хуулийн хугацаанд тайлангаа илгээсэн нь н.Ханатын тодорхойлолт, гэрч н.Маргуланы мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Мөн хариуцагчаас Багила, Холганат нарын 5 жилд нэг удаа авах тэтгэмжийн мөнгөний асуудлыг хөндөж байгаа. Энэ асуудалд нэхэмжлэгчийн буруу байхгүй болох нь гэрч Ж.Айгүлийн мэдүүлэг, С сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нарын Ж.Айгүлд илгээж байсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дараагийн асуудал бол сургуулийн нэр бүхий багш нарт хугацаанаас өмнө тэтгэмж олгосон гэх асуудал нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь хариуцагч шүүхэд нэмэлт тайлбар гаргаж нэхэмжлэгч Н нь урьд өмнө удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан гэж холбогдох захирамжуудыг хавсаргаж өгсөн. Энэ нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/137 тоот захирамж болон мөн оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дугаартай захирамж болон маргаан бүхий захирамжийг өөрчилсөн захирамжууд байсан. Уг захирамжуудын үндэслэлийг Шилэн дансны тухай хуульд холбон тайлбарласан боловч үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж байна.
Нэгдүгээрт, хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтыг н.Женисхан гэдэг хүн авч байсан байна. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй Нд арга хэмжээ тооцсон гэх С сумын Засаг даргын 2 захирамжийг хэрэгжүүлээгүй учраас хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Дараагийн үндэслэл бол 2016 оны 10, 11 дүгээр сард нэхэмжлэгчид цалин хөлс олгосон байх бөгөөд цалингийн цэс дээр ажил олгогч гарын үсэг зурж баталгаажуулах журам байдаг. Тэгэхээр Нгийн цалинг бүтэн олгож байснаас үзэж миний захирамжийн дагуу түүний цалингийн 20 хувь нь яагаад хасагдаагүй юм вэ гэдгийг 2016 оны 11 дүгээр сарын байдлаар мэдэх бүрэн боломжтой байсан боловч мэдээгүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “...Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна ...” гэжээ. 2016 онд нэхэмжлэгчид хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан акт гарч байсан бол уг актыг гаргасан байгууллага, албан тушаалтан хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед тийм захирамж гарч байсныг би хариуцагчийн тайлбараас үзсэн хэрэв миний цалин хөлс хасагдсан бол би нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтээс харах бүрэн боломжтой байсан гэсэн тайлбар хэлж байна.
Ер нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “... Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно ...” гэж заасан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч гаргасан гэх зөрчлийг тогтоож чадаагүй байдаг. Гэтэл энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харагдсан ба Засаг дарга захирамж гаргахаас өмнө албан шаардлага явуулсан аймаг дахь Төрийн аудитын газрын дарга болон холбогдох бусад албан тушаалтнуудаас энэ талаар тодруулж, Нг ажлаас халах эсэхийг тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүй нь улмаас ийм асуудал гарсан гэж үзэхээр байгаа. Тийм учраас маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох ёстой гэж бодож байна. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 2016 оноос хойш миний ажлыг байнга шалгуулж, тэтгэвэрт гаргах эсхүл ажлаас халах талаас хандаж ирсэн болох нь тодорхой харагдаж байгаа юм. Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг шүүх онцгойлон анхаарч үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд тавьж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н нь тус шүүхэд анх С сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дүгээр “Нг ажлаас халах тухай” захирамжийг /хх 5 дахь тал/ хүчингүй болгож, С сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс С сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24 ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/137 дугаар захирамжийг /хх 58 дэх тал/, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/09 дүгээр захирамжийг /хх 60 дахь тал/, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг /хх 74 дэх тал/ тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн болно.
Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/137, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр захирамжуудын нэхэмжлэгч хавтаст хэрэгтэй танилцах явцад мэдсэн гэж тайлбарлан ихэсгэсэн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэгчийг энэ талаар анхнаасаа мэдэж байсан, биелэгдээгүй явдал нь холбогдох албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа гэж тайлбарласан.
Маргаан бүхий эдгээр захирамжууд биелэгдээгүй болох нь, уг захирамжуудыг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан О.Женисханд гардуулсан нь хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтэр /хх 64, 65 дахь тал/, 2016 оны 10, 12 дугаар саруудын цалингийн цэс / хх 105, 106 дахь тал/, мөн сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч К.Сунхарын гэрчийн мэдүүлэг /хх 98 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчаас болон гэрч О.Женисхан, А.Маханбет нараас шүүхэд “... нэхэмжлэгч өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдэж байсан” гэж тайлбарласан /хх 90, 102 дах тал/ боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна хариуцагч сахилгын шийтгэл ногдуулах үед нэхэмжлэгч Нд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлүүдэд заасан “оролцогчийг сонсох”, “сонсох ажиллагаа явуулах”, “захиргааны актыг мэдэгдэх” зэрэг хуульд заасан үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдохгүй байгаа тул маргаан бүхий захиргааны актуудын талаар нэхэмжлэгчийг мэдэж байсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг, хэргийн оролцогчдын тайлбар бүрийг шинжлэн судалж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. С сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б/09 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Нд Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар шилэн дансны хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр үндсэн цалинг нэг сараар 10 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Энэхүү ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэлээ шүүхэд ” ... Сангийн яамны шилэн дансны цахим мэдээллийн системд сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдээллийг санхүүгийн албаны дарга оруулдаг ба шилэн дансны тайлангаас бүгд 67 мэдээлэл байршуулах ёстойгоос 17 мэдээллийг хугацаанда байршуулсан, 35 мэдээлийг хугацаа хоцроож мэдээлсэн, 15 мэдээллийг огт байршуулаагүй” гэж тайлбарласан.
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь түүнд хамаарах төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн нэгж, нягтлан бодогч, ажилтантай байна”, Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Санхүүгийн алба байгуулах тухай” 326 дугаар тогтоолын хавсралтад санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативт “Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч байна” , Шилэн дансны тухай хуулийн 1-т “Энэ хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршино”, 3.1.1-т “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд” түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан Шилэн дансны үйлчлэлд хамаарахаар тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд сумын Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Шилэн дансны хуульд хамаарах албан тушаалтан мөн бөгөөд түүний төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэрийн талаарх мэдээллийг шилэн дансанд байршуулах үүргийг төсвийн асуудал хариуцсан албан тушаалтан болох санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч хэрэгжүүлэх ёстой ба уг албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод мөн “Шилэн дансны хэрэгжилтэнд хяналт тавих, хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангах” гэж тусгажээ.
Нэхэмжлэгч Н нь шилэн дансны нэгдсэн санд цэс нээлгэн бүргэгдэж, сумын Засаг даргын төсвийн талаарх мэдээллийг байршуулж байсан нь шилэн дансны мэдээллээр /хх 140 дэх тал/, мөн 2016 онд сумын Засаг даргын шилэн дансанд байршуулбал зохих мэдээллүүдийг цаг тухайд нь байршуулаагүй зөрчлийг гаргасан нь 2016 оны “тайлан илгээх” мэдээллээр /хх 135-136 дахь тал/, аймгийн Аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/71 дугаартай “Зөрчлийг арилгуулах тухай” албан бичиг, түүний хавсралтын 24-т заасан хэсгээр /хх 173-175 тал/ тус тус тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх”, 4.1.3-т заасан “тогтоосон хугацаанд тогтмол шуурхай мэдээлдэг байх” гэснийг зөрчиж, албан үүргээ зохих ёсоор хэрэжүүлээгүй тул түүнд Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн гэж үзэн эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй ба ногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинж байдал, хэр хэмжээнд тохирсон гэж дүгнэж, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. С сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/137 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Хариуцагч маргаан бүхий энэхүү захиргааны актаар нэхэмжлэгч Нг “Үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандан дотуур байрны хүмүүжүүлэгч нарт илүү мөнгө шилжүүлсэн” үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримтлан нэг сарын цалинг 20 хувиар бууруулжээ.
Сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн нэр бүхий 6 ажилчны 2016 оны 7 сарын цалинг сургуулийн нягтлан бодогч илүү тооцон гаргаснаас болж сумын төрийн сангаас гүйлгээ хийгдэн, улмаар уг гүйлгээг баталгаажуулсан үйл баримтад хариуцагч Нг буруутгажээ.
Төрийн сангийн нийтлэг чиг үүргийг зохицуулсан Төсвийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “...төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх”, мөн Засгийн газрын 2015 оны 24 дүгээр “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 1.2.10-т “...”Хяналтын хуудас” гэж төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийн үндэслэх баримтын нэгдсэн товчоо буюу жагсаалт байх бөгөөд Төрийн сан тухайн байгууллагын гүйлгээг хийхдээ ямар баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг нотлох баримт болно”, 7.8-т “..Тухайн байгууллага журмын 7.5-д заасан төлбөрийн болон мөнгөний хүсэлтийг үндэслэх баримтын эх хувь, хяналтын хуудасны хамт ирүүлэх үүргийг хүлээнэ. Үндэслэх баримтад ... баталгаажуулсан цалингийн жагсаалт... болон бусад баримт бичиг хамаарна. Үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухай байгууллага хариуцана” гэж тус тус заажээ.
Хууль, журамд зааснаар ажилчдын цалинг үнэн зөв тооцож, үндэслэх баримтыг үйлдэн хяналтын хуудас болон төлбөрийн хүсэлтийг төрийн санд хүргүүлэх нь байгууллагын нягтлан бодогчийн үүрэг, үнэн зөв тооцогдсон эсэхийг анхан шатны баримттай тулгаж гүйлгээ хийх нь сумын төрийн сангийн мэргэжилтний үүрэг мөн тул илүү мөнгө шилжүүлсэн зөрчилд нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн үйлдэл буруу болжээ.
Мөн энэхүү зөрчил нь 2016 оны 7 дугаар сард гарсан, уг зөрчлийг нягтлан бодогч өөрөө илрүүлэн 2016 оны 8 дугаар сараас эхлэн илүү цалин авсан ажилтнуудаас буцаан төлүүлсэн нь хэрэгт авагдсан сургуулийн нягтлан бодогч С.Хавылминапын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтоор / хх 171 дэх тал/ тогтоогдож байх тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсныг илрүүлснээс хойш 1 сар, гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй байх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчсөн гэж үзлээ.
Түүнчлэн, Захиргааны албан тушаалтан нь нэхэмжлэгчид энэхүү сахилгын шийтгэлийг ногдуулахдаа гарсан зөрчилд нэхэмжлэгчийн эсхүл өөр бусад албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалган тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “нөхцөл байдлыг тогтоох” ажиллагааг хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгчийг шууд буруутган шийдвэр гаргасан түүний үйлдэлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
3. Маргаан бүхий 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Хариуцагч маргаан бүхий энэхүү захиргааны актаар “үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж удаа дараа сахилгын зөрчил гаргасан” үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийг төрийн албад 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан шийдвэрийг гаргажээ.
Мөн хариуцагчаас 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар дээрх Б/19 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, Төсвийн тухай хуулийн 70.2, 70.3 дахь гэснийг 70.1 болгож өөрчлөн найруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг төрийн албанаас халах болсон үндэслэлээ “...урьд нь удаа дараа сахилгын шийтгэл ногдуулж байсан, сум хөгжүүлэх сангийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг Засгийн газрын “e” цахим тайланд шивж оруулаагүй тул арга хэмжээ авах тухай аймгийн Аудитын газраас 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Нд хариуцлага тооцох тухай албан бичиг ирсэн, сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн хагас жилийн тайланд халаалтын өглөг 29.446.000 төгрөг, түлээ, нүүрсний өглөг 6.200.000 төгрөгийн өрийг тус тус тусгаагүй, хүүхдийн цэцэрлэгийн 2 багшийн 5 жил тутамд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийн захиалгыг өгөөгүй, мөн ажиллаад 5 жил болоогүй багш нарт нэг удаагийн тэтгэмжийг илүү олгосон “ гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил бүрт нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, хэрэв байгаа бол уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэх, мөн зөрчлийн хэр хэмжээ, шинж байдалд ногдуулсан сахилгын шийтгэл тохирсон эсэхэд тус тус дараах байдлаар дүгнэлт хийлээ.
3.1.Нэхэмжлэгч Нд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/30 дугаар захирамжаар сануулах арга хэмжээ, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар захирамжаар мөн сануулах арга хэмжээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/137 дугаар захирамжаар нэг сарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар нэг сарын цалинг 10 хувиар бууруулах арга хэмжээг тус тус авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /хх 54, 57, 58,60 дахь тал/ тогтоогджээ.
2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жил өнгөрсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар дээрх 2 захирамжаар ногдуулсан сахилгын шийтгэлийг сахилгын шийтгэлгүйд тооцох, мөн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн сахилгын шийтгэлийг шүүх хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийг албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулах хүртэл хугацаанд удаа дараа арга хэмжээ авагдсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
3.2. Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “... Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд улс, орон нутгийн төсвийн санхүүгийн тайлан, төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан хамаарна”, 54.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн гүйцэтгэл болон жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргана”гэж тус тус заажээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчаас гаргах хуульд заасан тайланг төсвийн асуудал хариуцсан санхүүгийн нэгж гүйцэтгэх ба санхүүгийн албаны даргын хувьд нэхэмжлэгч Н нь орон нутгийн сум хөгжүүлэх сангийн 2016 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг тус тус Засгийн газрын “e” тайлан цахим программд хугацаанд оруулаагүй нь Аймгийн Аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 123 дугаар албан бичгээр /хх 50 дахь тал/ тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийг хуульд заасан үүргээ хугацаанд нь хэрэгжүүлээгүй гэж үзэн сумын Засаг даргад хариуцлага тооцох саналыг эрх бүхий байгууллага болох аймгийн Аудитын газраас хүргүүлсэн нь үндэслэлтэй байжээ.
Гэхдээ 2017 оны 5 дугаар сард илэрсэн энэхүү зөрчлийг үндэслэл болгож, 2017 оны 10 дугаард сахилгын шийтгэл ногдуулсан сумын Засаг даргын шийдвэр нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулахгүй байх хугацааг зөрчсөн гэж үзлээ.
3.3. Сумын ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны хагас жилийн тайланд халаалтын өглөг 29.446.000 төгрөг, түлээ, нүүрсний өглөг 6.200.000 төгрөгийн өрийг тус тус тусгаагүй гэж хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгажээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “...Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгий тайланд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна “ гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд сургуулийн удирдлага нь санхүүгийн хагас жилийн тайлангийн үнэн зөвийг өөрөө хариуцах учиртай бөгөөд харин Санхүүгийн албаны дарга нь Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын хавсралтын “Санхүүгийн албаны чиг үүргийн жишиг”-т зааснаар “... санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн боловсруулах” үүрэгтэй тул төсвийн байгууллагын өр, авлагыг тайланд тусгаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
3.4. Боловсролын тухай хуулийн 43.1.7-д “... Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”, 43.1.7.-гийн “а”-д “.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч;”, 43.1.7-гийн “б”-д .сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш” гэж тус тус зохицуулжээ.
Багш нарт 5 жил тутамд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг байгууллагаар нь дамжуулан олгох заалтын дагуу тухайн багш нар нь 5 жил бүрэн ажилласан эсэх, болон бусад шаардагдах анхан шатны бичиг бичиг баримтуудыг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд өөрсөө бүрдүүлж, дараа жилийн төсвийн төсөлд санал оруулж батлуулах ёстой болох нь хэрэгт авагдсан гэрч Ж.Айгүл, Б.Үүрийнтуяа нарын мэдүүлгээр /хх 165, 209 дэх талууд/ тус тус батлагдаж ба байгаа нэхэмжлэгчийг төсвийн төслийг анхан шатны баримттай тулгаж батлаагүй, мөн баримт бичиг дутуу байхад баталж аймгийн төрийн сан руу хүргүүлсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод “... анхан шатны баримттай тулгаж гүйлгээг баталгаажуулах”-аар заасан гэж маргаж байгаа хэдий ч Засгийн газраас тогтоосон Санхүүгийн албаны даргын чиг үүрэгт энэ талаар заагаагүй, мөн анхан шатны баримттай тулгаж гүйлгээ хийх нь төрийн сангийн төлөөлөгчийн хэрэгжүүлэх асуудалд хамаарч байгаа тул ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийг буруутгаж хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Санхүүгийн албаны даргын албан тушаал нь ТЗ-5 зэрэглэлтэй төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын зөрчил гаргасан асуудлыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтаар нарийвчлан зохицуулсан, гэтэл хариуцагч маргаан бүхий актад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг баримталсан нь буруу болжээ.
Маргаан бүхий хууль бус захирамжид өөрчлөлт оруулсан сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг мөн хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс дээрх үндэслэлүүдээр хариуцагч нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж албан тушаалаас нь халсан захирамжид Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “... хууль дээдлэх...” нь үндсэн зарчмыг баримтлаагүй тул хууль бус гэж үзэн үүний улмаас нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “... төрийн жинхэнэ алба хаах эрх”, 27 дугаар зүйлийн 27. 2.1-д заасан “... энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаа зөрчигдсөн тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийг С сумын Санхүү албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 5 сар 7 хоногийн нөхөн олговорыг сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч А.Маханбетийн тодорхойлолт, НДД №А 0014061 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн тооцож нийт 4.684.818 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,106.3.7,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/19, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/26, 2016 оны 10 дугаар сарын 24 ний өдрийн А/137 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, , Нг С сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.684.818 /дөрвөн сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун арван найман/ төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, үлдсэн хэсэг болох С сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША