Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2021/0542

 

Б.Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А-Э, хариуцагч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Ц.Э нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор Б.Мын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 45 дугаар зүйлийн 45.1.1, 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Мт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 9201491 төгрөгийг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй бөгөөд нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан, эргэлзээ бүхий нотлох баримтыг үнэлэхдээ хэрхэн үнэлсэн талаар дурдалгүй хариуцагчийн эрх, ашгийг хохироосон шийдвэр гаргасан.

Хэрэгт авагдсан бичгийн болоод талуудаас гаргасан тайлбараас зарим нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, ямар үндэслэлээр үнэлж байгаа, үнэлээгүй нотлох баримтыг яагаад үнэлээгүй талаар дурдалгүй зөвхөн тогтоогдохгүй байна гэдэг агуулгаар үнэлсэн нь хуульд нийцээгүй байна. Энэ нь улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт туссан нь хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлээгүй, учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Улмаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “хүчингүй болгуулах” шаардлагыг нэмсэн бөгөөд шүүхээс тодруулсан гэдэг байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн зэргийг тусгадаг.

Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгохоор хандсан байдаг. Хууль бус болохыг тогтоох агуулга нь хуульд зааснаар маргаан бүхий акт илт хууль бус болохыг тогтоох эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох агуулгаар шаардлага гаргадаг. Тэгэхээр энэ тохиолдолд буюу “хууль бус болохыг тогтоох” тухайд нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн гаргах байсан талаар тодруулах шаардлагатай байжээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тухайд хууль бус болохыг тогтоолгох шаардлага дээр нэмж “хүчингүй болгуулах” шаардлага нэмэгдэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодруулах бус өөрчлөгдсөн, нэмэгдсэн агуулгатай байна. Түүнийг тодруулсан байдлаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагчийн хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эдлэх эрхүүдийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Маас “Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... захирамжид дурдсан шиг ёс зүйн болоод төсвийн зөрчил, ажлын алдаа дутагдал гаргаагүй ... энэ хууль бус шийдвэрийн талаарх гомдлоо Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд ... тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон боловч одоо болтол шийдвэрийг биелүүлээгүй” хэмээн тайлбарлаж, улмаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргасан байна.

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар “хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг зөрчин, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа биелүүлээгүй, төсвийн сахилга бат, ажлын хариуцлага алдсан” хэмээн тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мыг албан тушаал бууруулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолоор маргаан бүхий Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоон, хүчингүй болгож, Б.Мыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргад үүрэг болгосон байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосон, энэхүү тогтоол нь хүчин төгөлдөр байна.

Гэтэл анхан шатны шүүхээс нэгэнт хүчингүй болсон буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд маргаан бүхий захирамжийг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосноор тухайн акт үйлчлэлгүй, эрх зүйн үр дагаваргүй болсон, энэ тохиолдолд шүүхээс Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Б/13 дугаар захирамжийг дахин хүчингүй болгох боломжгүй, үүний үр дүнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд тухайн актын эрх зүйн үйлчлэл дуусаагүй буюу үргэлжилж байхыг шаардах бөгөөд эрх зүйн үйлчлэлтэй актыг л хүчингүй болгохоос биш үйлчлэлгүй болсон актыг хүчингүй болгох ойлголт байхгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Маас эрх зүйн үр дагаваргүй болсон актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байх боловч шүүхээр эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж буйгаа нэхэмжлэлийн үндэслэлдээ “...энэ хууль бус шийдвэрийн талаарх гомдлоо Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон боловч одоо болтол шийдвэрийг биелүүлээгүй...” хэмээн тайлбарлан маргасан байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Гэхдээ дээр дурдсанчлан эрх зүйн үйлчлэлгүй болсон актыг хүчингүй болгуулахаар маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж үзэх бөгөөд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулах үүргээ биелүүлэлгүй, хариуцагчийн ямар үйл ажиллагаа, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа болохыг тодруулалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасныг зөрчжээ.

Учир нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх сэргэх эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэл хангагдсан ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан зорилго биелэгдэх боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байх нөхцөл байдалд хүргэхээр байна.

Хэрэг маргааныг хянан шийдвэрлэж буй шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт өгч хэргийг нэр мөр шийдвэрлэх учиртай.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН